Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00009

 

 

             Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Дэрстэй гэдэг газар оршин суух, 1966 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Боржигон овогт Лувсанжамцын Батцэцэгийн хүсэлттэй /РД:МБ66111200/

Баянгол сумын 21 дүгээр яслитай цэцэрлэгт ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Л.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1982 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ясли цэцэрлэгт 1982 оны 09 дүгээр сараас эхлэн асрагчаар ажилд орсон. Нэг жил гаран асрагчаар ажиллаж байгаад хүмүүжүүлэгч багшаар ажиллах болсон. 1986 оныг дуустал тасралтгүй багшаар ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс энэ ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд миний Баянгол сумын ясли цэцэрлэгт ажилласан хугацааг хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, цалингийн лавлагаа зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Лувсанжамцын Батцэцэгийг Сэлэнгэ аймаг Баянгол сумын 21 дүгээр яслитай цэцэрлэгт 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл асрагч, хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 21 дүгээр яслитай цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ¹ 20 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын 1.-д Тус яслитай цэцэрлэгийн яслийн сувилагч хүмүүжүүлэгч Л.Батцэцэгийн 1986 оны ээлжийн амрлатыг 1987 оны 01 дүгээр сарын 02-ноос ажлын 26 хоногоор олгосугай гэснээр болон цалингийн тооцооны хүснэгт, хамт ажиллаж байсан Д.Цэрэндулам, Н.Сувданцэцэг, С.Гантөмөр нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Л.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лувсанжамцын Батцэцэгийг Сэлэнгэ аймаг Баянгол сумын 21 дүгээр яслитай цэцэрлэгт 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл асрагч, хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.