Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Э.Э /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Эт холбогдох 201625032071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.................. овогт Э..................н Э.................., 1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................../,

- Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

- Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Э.Э нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байранд хутга хэрэглэн тус байрны галч ажилтай Н.Ныг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай, хамтран амьдрагч Ж.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч .................. овогт Э ..................н Э ..................г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн, түүний биеэр эдлэх нийт ялыг 4 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Эын цагдан хоригдсон нийт 60 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуур, 1 ширхэг хутганы иш, 2 ширхэг даавууны хэсэг зэргийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 30-ны шөнө нийтийн байранд архидан согтуурч иргэн Н.Н, Ж.Ц нарт хутга мэс хэрэглэж биед нь хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Тэр хүмүүсийн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-1-9 тоотод байх Нийтийн байранд архидан согтуурч иргэн Н.Нямбаярыг үл ялих шалтгаанаар хутга мэсийг зэвсгийн чанартай ашиглан хүч хэрэглэн зодож биед нь хүнд, хамтран амьдрагч иргэн Э.Цэнд-Аюушийг ямар ч шалтаг шалтгаангүй хутга мэсийг зэвсгийн чанартай ашиглан хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтлийг тус тус учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн юм. Хохирогч Н.Нямбаяр архи ууж байхдаа “Танай найз охин чинь царайлаг, чамд халамжтай, сайн охин байна шүү” гэж хэлсний төлөө Э.Э нь хэрэгт авагдсан байдлаар дээрх 2 хохирогчид хүч хэрэглэн хохирол учруулсан байдаг. Энэ нөхцөл байдал хохирогч нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр хэрэгт маргаангүй тогтоогдсон. Э.Эын дээрх үйлдлийн сэдэл шалтгааныг хууль эрх зүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн, онолын талаас авч үзвэл цэвэр үл ялих зүйлээр шатгагласан танхай сэдэлттэй танхай гэмт хэрэг болох нь тодорхой байна. Тийм ч учраас Э.Эын гэмт үйлдэлд тэр үед нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж мөн зүйл хэсгээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж шалгасан болно. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шинэ Эрүүгийн хууль мөрдөгдснөөр хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу танхайн гэмт хэрэг гэмт хэрэгт тооцогдохоо больсон, нөгөө талаар шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Э.Эын 2016 оны 10 дугаар сарын 30-31-нд зэвсэг хэрэглэн танхайрч 2 хүнд гэмтэл учруулсан танхай гэмт хэрэг нь гэмт хэргийн шинж чанараа алдсан учраас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх зарчмаар энэ хэрэг хэрэгсэхгүй болж шийдэгдэх ёстой гэж үзэж байна. Ингэж шийдвэрлэх нь хууль дээдлэх, шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хэргийн ял нь 5-с дээш 8 жил хүртэл хорих ял оногдуулах, уг хэрэг нь хүнд хэргийн ангилалд хамаарч мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх зохицуулалттай байгаа болно. Гэтэл энэ хэрэг дээр хяналт тавьсан прокурор нь Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгох, хэрэгсэхгүй болгох, өөрчлөх процесс ажиллагааг огт хийгээгүй атлаа 2016 оны 10 дугаар сард болсон энэ үйлдэл дээр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр гэмт хэрэгт тооцогдох болсон ял нь хүндэрч орж ирж байгаа хууль болох шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан ялыг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр сонгож яллагдагчаар татаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Э.Эыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жил 30 хоногийн хорих ялаар шийтгэсэн болно. Өмгөөлөгч миний бие прокурор ийнхүү яллагдагчаар татсаныг шүүх ийнхүү гэм буруутайд тооцож ял шийтгэснийг үндэслэлгүй болсон хэмээн үзэж байна.

1.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж явагдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д заасан зарчим алдагдсан гэж үзнэ.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл нь бүхэлдээ нийгэм ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн ерөнхий болон төрлийн объект нь нийгмийн дэг журам, ард иргэдийн аюулгүй байдал байсан. Энэ объектод халдаж зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт үйлдэлд хүний биед учирсан хор уршгийг харгалзахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял оноодог шүүхийн практиктай байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ Эрүүгийн хууль мөрдөгдснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр зохицуулагдаж байсан хэрэг бүхэлдээ гэмт хэргийн шинжээ алдаж гэмт үйлдэдд тооцогдохоо больсон. Нөгөө талаар шинэ Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг зохицуулсан бүлэгт тухайлбал 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт хүний биед хүнд гэмтэл учруулах хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулна гэсэн зохицуулалт шинээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч зэвсэг хэрэглэн танхайрч хүний биед хүнд гэмтэл учруулах нийгмийн аюулгүй байлын эсрэг хэргийг шинэ хуулийн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болгож оруулахдаа хуучин хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ялын хэмжээг ихэсгэж 5 жилээс 12 жил байхаар тогтоосон байна. Үүнийг Эрүүгийн эрх зүйд үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцох болсон гэж томъёолон үздэг. Ийнхүү шинээр гэмт хэрэгт тооцогдох болсон хуулийг хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн хэрэгт хэрэглэдэг. Гэтэл шүүх 2016 онд болсон танхай хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж шинээр гэмт хэрэгт тооцогдох болсон. Тэрчлэн хуучин хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ялаас ял нь хүндэрч байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгээр Э.Эыг буруутгаж ял оноосныг шинээр гэмт хэрэгт тооцсон үйлдлийг буцаан хэрэглэхгүй, ялыг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмуудыг зөрчсөн, хүндэрсэн ялтай хуулийг буцаан хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэсэн ажиллагаа боллоо гэж үзэж байна. Мөн шүүх шүүгдэгчийг хохирогч Э.Цэнд-Аюушид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган шинэ хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оноож уг ялыг хорих ялд шилжүүлж нэгтгэсэн нь тэрчлэн шүүгдэгчийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэн ялын бодлогод хандсан нь ч үндэслэлгүй болсон, хууль буруу хэрэглэсэн ажиллагаа гэж үзэж байна.

1. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах хэрэг нь хохирогчийн гомдлоор үүсдэг. Хохирогч өөрийн биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлаар гомдол гаргаагүй.

2. Гэмт үйлдэл эс үйлдэхүйд тухайн үед мөрдөж байсан хууль хэрэглэх, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, ял хариуцлагыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимтай.

2016 оны 10 дугаар сарын 30-31-нд болсон энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд зааснаар дууссан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр уг хуулийг буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй. Шүүх эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй, шүүгдэгчид хууль буруу хэрэглэсэн, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж байна. Ийм учраас шүүх Э.Эын хэргийг шинэ Эрүүгийн хуулийн дээр дурьдсан зүйл хэсгүүдээр зүйлчлэн ял оноосон нь үндэслэлгүй юм. Шинэ хууль мөрдөгдснөөр 181 дүгээр зүйл бүхэлдээ, танхай сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хэрэг тус тус гэмт хэргийн шинжээ алдаж Эрүүгийн хуулиас хасагдсан. Иймд хуучин Эрүүгийн хуулийн эдгээр 2 зүйл хэсгийн алингаар нь ч Э.Эт ял оноох үндэс байхгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, эсвэл үндэслэл бүхий дүгнэлт хийж хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял оноох хувилбар байсан гэж үзэж байна. Ийнхүү шийдвэрлэхэд шүүгдэгч анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хохирол гэм хорыг төлсөн, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг ял хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн зүйл ангид тогтоосон ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ялыг тогтоож хорих ялыг 1 жилээс дээшгүйгээр нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоох боломж байсан гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие уг хэргийг зэвсэг хэрэглэж танхайрсан хүний биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжээ алдсан энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө.” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдолтой танилцсан. Э.Эт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан боловч Э.Эын Нямбатад учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Ингээд түүнд тус зүйл ангиар ял сонсгож амжаагүй байхад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж түүний үйлдэлд тохирсон зүйл ангиудаар хэргийг зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өмгөөлөгчөөс урьд сонсгосон зүйл ангийг хүчингүй болгосон атлаа шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна гэж хэллээ. Нэгэнт Шинэчлэн найруулсан хуулиар урьд ял сонсгож яллагдагчаар татсаныг хүчингүй болгох үндэслэлгүй тул хуулийг буцаан хэрэглэх заалтын дагуу Шинэчлэн найруулсан хуулийг баримтлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байгаа. Иймээс Э.Эын Нямбатад учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан үйлдэл байсан. Энэ нь 7-10 жилийн хугацаагаар хорих ялын төрөлтэй, харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын төрөлтэй ба хорих ялын доод хэмжээ нь багассан учраас түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж хэргийг зүйлчилсэн. Давж заалдах гомдлын тухайд гэвэл хохирогчийн гомдлоор гэмт хэрэг үүснэ гэсэн хуулийн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүн, хуулийн этгээд мэдээлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө илчилж ирсэн үндэслэлээр хэргийг шалган тогтоох ажиллагааг явуулах учиртай. Дээрх үндэслэлүүдээр хохирогч гомдол гаргаагүй байсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй юм. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байранд тус байрны галч ажилтай Н.Нтай хамт архи ууж согтууран, улмаар түүнийг “Найз охиныг маань доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай, мөн тухайн цаг хугацаанд хамтран амьдрагч Ж.Цийг “Чи аав ээжийн гэрт очдоггүй биз дээ” гэх зэргээр агсамнан түүнийг гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодож, зүүн сарвуу, зүүн өвдөг, зүүн шилбэ тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Н.Н ах найз           Ж.Цийг ямар хөөрхөн юм, энэ охиноо хайрлаж яваарай гэж хэлэхээр нь би согтуудаа тэр ахыг цохисон. ...Гэртээ ороход Ж.Ц явлаа гэхээр нь зодсон. ...Хутга барьсан гараараа цохисон. ...Архи ууснаас болж ийм авир гаргасан. ...Би өөрийнхөө бурууг ойлгож байна. Энэ хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх1, х230-236/,

хохирогч Э.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед ... Э.Э тэр хоёр архиа хувааж уусан. ...Э.Э Нямаа ахын шанаа руу нь цохиход Нямаа ах зөрүүлж цохиход нь би дундуур нь орж салгаад Э.Эыг аваад орох гэхэд намайг “орж бай” гэж явуулаад тэр хоёр үлдсэн. Би Нямаа ахын гэрээс гараад гэртээ орчихоод хувцсаа өмсөөд гарах гэж байхад Э.Э орж ирж тааралдаад миний барьчихсан байсан гар утсыг хана руу чулуудаж хагалаад Нямаа ахыг чирээд өрөөнд оруулж ирж хаячихаад над руу дайраад цээж түлхэж орон дээр унагаагаад дайраад байхаар нь “амаръя, яах гэж энэ ахыг оруулж ирсэн юм бэ” гэж асуухад “чи манай гэрт очихоороо яагаад гэрт хонодоггүй юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж байхад Нямаа ах сэргээд ирэхэд намайг зодохоо болиод Нямаа ахыг аваад гарсан. Тэгээд хэсэг байж байгаад ганцаараа гэрт ирээд намайг дахиад зодож хутга авч дайрахаар нь болиулах гэж зууралдаж байгаад зүүн гарын чигчий хуруугаа эсгэчихсэн. Тэгээд дахиж дайраад миний зүүн хөлний өвдөгт 1 удаа, шилбэний урд хэсэгт 1 удаа, баруун хөлний шилбэний урд 1 удаа эсгэхээр нь би орилоход хажууд айлын Энхтуяа хаалга тогшиход Э.Э намайг “одоо унтлаа гэж хэл” гэхээр нь Энхтуяад “унтах гэж байна” гэж хэлээд оруулсан. Тэрнээс хойш Э.Э шөнөжингөө намайг зодож “хамт гаръя” гэж хэлэхээр нь хамт гарахад жорлонгийн хажууд намайг зодохоор нь зугтаах гэж байгаад дахиж зодуулсан. Тэгээд хамт гэртээ ороод унтаж байхад өглөө нийтийн байрны хүн орж ирээд цагдаа, түргэн дуудсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд Э.Эыг аваад явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгсөн ч би үзүүлээгүй. Э.Эын асуудал нь хүндэрчих байх гэж бодсон юмаа. Би тухайн үед Госпиталийн эмнэлэгт түргэний автомашинаар очиж үзүүлээд хөлөндөө 7 оёдол тавиулсан. Тухайн үед миний хоёр нүд хавдаж хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх1, х26/,

“...Тэгсэн чинь л Э.Э “чи муу миний эхнэрийг урд нь юу гээд байлаа” гээд түлхэж зодолдоод эхэлсэн. Нэгнийгээ аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисон зэргийг нь одоо санахгүй байна, хоорондоо л зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь орсон чинь “зүгээр зүгээр гэртээ орж бай” гэж хэлсэн. Би уурлаад гэртээ ороод гар утсаа аваад гарах гэхэд Э.Э галч ахыг цамцнаас нь зуурчихсан гэртээ чирээд ороод ирсэн. Нөгөө ах нь газар уначихсан байлдалтай байсан. Орж ирээд намайг харсанаа “чи хаачих гээд байгаа юм бэ” гээд зодож эхэлсэн. Яасан гэж намайг зодож байгааг би ойлгоогүй “...чи аав, ээжийн гэрт очидоггүй, очихоороо хонодоггүй биздээ” гээд зодоод байсан. Хаа таарсан газраа гар, хөлөөрөө цохиж өшиглөөд байсан, би тэр үед нь өрөөнийхөө шалан дээр хэвтсэн байдалтай байсан. Э.Эыг аргадаж, тайвшруулах гээд “за миний хань боль” гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд агсан тавиад гэр орныхоо эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгэж агсан тавьж байгаад галчийг зодоод, эргэж харж намайг зодоод байсан. Галч тухайн үед манай гэрийн шалан дээр ухаан алдсан байдалтай байгаад байсан. Тэгээд ширээн дээр байсан хутга барьж аваад надруу дайрахаар нь би гараараа хамгаалах гэж байгаад чигчий хуруугаа зүсүүлсэн. Тэгээд орон дээрээ өвдгөө тэврээд суусан чинь хоёр хөлний өвдөгний доод хэсэгт хутгаар зүссэн. Яг тэгэж байтал нь хажуу айлын охин хаалга тогшсон санагдаж байна. Тэгтэл Э.Э “зүгээр байна гэж хэл, тэгэхгүй бол ална шүү” гээд байсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод хажуу айлын охинд “зүгээр байна” гэж хэлсэн. ...Тэгээд намайг “чи цагдаагаа дууд, би хүн алчихсан” гээд байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, юу гэж хүн алдаг юм бэ” гэхэд надад “гар утсаа гаргаж өгөөд одоо залгаад цагдаа дууд” гээд байсан. Тэгэхээр нь би утасын аваад цагдаа дуудах гэсэн чинь “чи муу ийм шүү дээ” гээд намайг дахиж зодож эхэлсэн. Тэр өдөр намайг зодсон болохоор би тэр зүйлийн талаар дахиж ярьмааргүй байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дээрх гэмтэл нь Э.Э тэр өдөр намайг зодох үед үүссэн гэмтэл намайг өвдгөө тэврээд сууж байхад 2 хөл рүү маань ээлжлээд хутгаар зүссэн. Бусад тэр шүдний эмтрэл, зөөлөн эдийн няцрал зэрэг нь гараараа цохих үед үүссэн байх. Надад Э.Эаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх1, х124-125/,

хохирогч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр би орой 17 цагийн үед галаа галлачихаад хашаа дотор ойр зуур ажил хийгээд байж байтал манай нийтийн байрны 02 тоотыг түрээслэж байсан залуу болох Э.Э гэрээсээ гарч ирсэн. ...Гэрт нь орсон чинь Э.Э эхнэртэйгээ хоёулаа байж байсан. Намайг орох үед цэнхэр өнгийн шошготой 0.75 граммын 2, 3 хундага уучихсан юм шиг шилтэй архи байсан. Э.Э намайг ороход уг архиа задлаад 1, 2 хундага татсан байсан юм билээ. Тэгээд би тэдний гэрт ороод Э.Этай авсан байсан архийг нь хувааж уусан юм. ...Өөрийнхөө амьдардаг байсан байранд орж ирэхэд Э.Э ууж байсан шилтэй архиа бариад ороод ирсэн. Э.Э ганцаараа орж ирсэн. Эхнэр нь хамт байгаагүй. Тэгээд надад дахиж хундаганд архи хийж өгөхөөр нь аваад ширээн дээр тавьчихаад юм яриад байж байтал Э.Эын эхнэр нь гаднаас ороод ирсэн. Би тэр үед нь Э.Эт хандаж нийтийн байрны оршин суугчид “2 номерийн өрөөнийхөн хэрэлдэж маргалдаад эсвэл шуугилдаад шөнө унтуулахгүй юм, та хэлээд өгөөч гээд гомдол ирээд байна ийм сайхан залуу улсууд байж яаж нэг нэгнийгээ тэгдэг юм бэ, ёстой тэгэж болохгүй” гээд хэдэн үг хэлээд сууж байтал “за” гэж байснаа гэнэтхэн босож ирээд эхлээд зүүн шанаа, чих хэсэг рүү лав хүчтэи цохиод авсан. Тэр үед миний зүүн талын чих дүнгинээд нүд бүрэлзээд эхэлсэн. Би “яаж байна” гэсэн чинь “яагаад байх юм байхгүй” гээд дахиад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Миний толгойны хаа таарсан газар руугаа л цохиод байсан. Би хүчтэй цохиулсан болохоор хэд хэдэн удаа цохиулаад ухаан балартаад эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө цаашаа юу болсоныг сайн мэдэхгүй байгаа нэг мэдсэн ухаан алдаад унасан юм шиг байсан. Тэгээд яаж шуухан маргааш өглөө нь болсон гэдгийг мэдэхгүй байгаа зодуулаад ухаан алдаад тэр чигээрээ унтчихсан юм шиг санагдаж байгаа. Тэр залуу л түргэний эмч, цагдаа дуудаж намайг эмнэлэгт хүргэсэн юм шиг байсан. Сэрээд ухаан ороод харсан чинь эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан юм. Би тэрийг ерөөсөө ойлгоогүй манай гэрт байхад “эхнэртэй тэгэж хэрүүл маргаан хийж болохгүй, та нар залуу улсууд тэгэж болохгүй шүү” гэсэн утгатай хэдэн үг хэлсэн чинь зодож цохиод эхэлсэн, өөр намайг зодох шалтгаан байхгүй.

...Би ерөнхий согтолт гайгүй гэхдээ л халчихсан байсан харин Э.Э нилээн согтсон байсан. Тэр өдөр Э.Эаас өөр хүн намайг цохиж зодоогүй. Маргааш нь цагдаа нар ирж тайлбар авах үед өвчиндөө халуураад хаа хамаагүй зүйл ярьсан байх би тэр өдөр өөр хүнд цохиулж зодуулсан зүйл байхгүй. Э.Э тэр өдөр юу юугүй босож ирээд нүүр рүү хэд хэдэн удаа гараараа хүчтэй цохиод авсан тэрнээс хойш ухаан санаа балартаад хаана яаж цохиод байгааг анзаарч чадаагүй. Одоо надад тэр хүүхдэд ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х173-174/,

гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2011 оноос хойш Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын А-1-9 тоот хашаанд 2 давхар 8 өрөө бүхий нийтийн байр ажиллуулж байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр зарын дагуу Н.Н гэдэг хүнийг нийтийн байрандаа галчаар ажиллуулж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8 цаг 30 минутын үед манай нийтийн байрны 1 тоотод байдаг эмэгтэй над руу залгаад “танай галч хүнд зодуулчихсан байна” гэхээр нь нийтийн байрандаа ирж галчийн өрөөнд ороход өрөөний шалан дээр болон хивс, ор хөнжлийн даавуу нил цус болсон байдалтай Н.Н орон дээр хөнжлөө нөмөрчихсөн атиралдаад хэвтэж байсан. ...түргэн, цагдаа дуудаж цагдаа нар ирээд байж байхад түргэний машин ирээд эмч үзэж байгаад “авч явах шаардлагатай байна” гэж хэлээд түргэний автомашинаар Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би тухайн үед цагдаа нартай нийтийн байранд үлдэж байж байгаад удаагүй Гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчтэй нь уулзахад Н.Нын хоёр хавирга хугарчихсан байна. Тархины томографийн зураг авахуулах шаардлагатай, ойр төрлийн хүмүүсийг дууд гэхээр нь Н.Нын утаснаас охиных нь утсыг авч, цагдаа нарт өгчихөөд явсан. Намайг ирэхэд Н.Нын нүүр ам нилэнхүүдээ хавдчихсан толгой нь тэр чигээрээ битүү цус болсон байдалтай байсан. “Хэн зодсон юм бэ” гэж асуухад хариулаагүй бараг шоконд орчихсон юм ярих чадваргүй байсан. Миний  сонссоноор 2 тоотод байдаг /Цэнд-Аюуш/ хүүхэн цагдаа нарыг ирэхэд “Э.Э гээд манай найз намайг зодсон” гэж хэлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх1, х31/

гэрч С.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байранд өрөө түрээсэлж амьдарч байгаа. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амралтын өдөр байсан болохоор би гэртээ байсан ба шөнийн 00 цагийн үед манай доод давхрын айлын хүмүүс /2-3 хүн байсан байх/ чанга яриад хөзөр тоглож байгаа юм шиг чимээ гарч байсан. Тэр үед би хичээл хийж байсан болохоор хичээлдээ анхаарч сууж байгаад унтаад өгсөн. Тэрнээс хойш өглөө үүрээр 05 цаг өнгөрч байхад доод айлын хүмүүс дахиад шуугилдаад аяга хагарах чимээ гараад эмэгтэй хүн “болиочээ” гэж орилж 10 минут орчим болоод чимээгүй болчихоор нь унтаад өглөө босоход цагдаа нар ирчихсэн доод айлын хүмүүстэй уулзаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх1, х34/,

гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад /цагийг санахгүй байна/ шөнө манай хажууд 2 тоотод тогоо шанага түжигнээд байхаар нь босоод хажуу айлынхаа хаалгыг тогшоод “хаалгаа нээ” гэж хэлэхэд “зүгээрээ одоо унтлаа” гээд хаалга нээж өгөөгүй. Тэгэхээр нь эхнэр, нөхөр хоёр муудалцаж л байгаа юм байна гэж бодоод гэртээ ороод унтаж байхад дахиад түчигнээд тогоо шанага хангинаж байснаа “хайраа, үгүй, болъё” гэх эмэгтэй хүний дуу гараад бараг үүрээр шахуу чимээгүй болсон байх. Би тэр үед орондоо хэвтэж байсан болохоор хэсэг унтаж байгаад чимээ гарахаар нь сэрээд хэвтсээр үүрээр унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрэхэд манай өрөө сэрүүхэн гал зогсчихсон байхаар нь галч ахтай уулзахаар өрөө рүү нь ороход галчын өрөөний хана, газраар нил цус болчихсон, өрөө нь эмх замбраагүй байдалтай галч ах орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн хөнжил цус болчихсон байдалтай унтаж байхаар нийтийн байрны хариуцдаг ахыг дуудаад байрны эзэн ирээд галчийн өрөө рүү орж галч ахтай уулзаад 2 тоот өрөөнд орж хүмүүстэй уулзчихаад цагдаа дуудсан. Байрны эзэн болон цагдаа нарыг ирээд тэр хүмүүстэй уулзаж байхад би хажууд нь байсан. Тэр үед галч ах “2 тоотод амьдардаг залууд зодуулсан” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х34/,

гэрч Я.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 9 цагийн үед “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-1-9 тоотод байрлах нийтийн байрны галч хүнд зодуулсан, босч чадахгүй байна” гэх дуудлага мэдээллийг шалгахад галч гэх Н.Н нь нүүр ам хэсэгтээ цус болсон байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Болсон явдлын талаар асуухад “нийтийн байранд оршин суух Э.Э намайг зодсон” гэсэн. Тэгээд би түргэн тусламж дуудсан байсан, түргэн тусламж Ж.Ц болон Н.Н хоёрыг
авч явсан. Жижүүрийн бүрэлдэхүүнийг ахлаж ирсэн дэслэгч Ш.Рэнцэнд Э.Эыг хүлээлгэн өгч хэргийн газрыг хамгаалтанд авч ажилласан. Намайг хэргийн газар дээр очиход Н.Нын нүүр ам цус болсон байдалтай өрөөндөө босож чадахгүй хэвтэж байсан. Ж.Ц нь нийтийн байрныхаа өрөөндөө Э.Эын хамт байсан. Ж.Ц зүүн нүд нь хөхөрсөн шанаа нь хавдсан, орон дээрээ хэвтэж хөнжлөөрөө хөлөө ороосон байсан. Э.Эын хувцас нь цус болсон байдалтай баруун гарын долоовор хуруу нь зүсэгдсэн байдалтай байсан. Өрөөний байдал нь шал цус болоод арчсан байдалтай байсан. Мөн аяга таваг зэрэг хагарч эмх замбраагүй байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх1, х35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Цэнд-Аюушийн биед зүүн сарвуу, зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд шарх 2 шүдний эмтрэл, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 15747 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х40/,

“...Н.Нын биед тархины зүүн талын дух чамархай зулай хэсгээр зөөлөн бүрхүүлийн цус харвалт, суурь ясны зүүн талын их далавчны урд ирмэг хэсэгт зөрөөгүй 2 талын хацар ясны нум дунд хэсгээр цөмөрсөн, зүүн гайморын ар хананд зөрөөтэй тус тус хугарал, доод эрүү ясанд баруун талын их биеийн урд хэсэгт дайрсан зөрөөтэй хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт, цээжний зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, аюулхайн хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, нүүр, хацар, шанаа, чихний дэлбэн, сарвуунд зулгаралт, цус хуралт, хацар чих аюулхайд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дугаар заалт, 3.1.3 дугаар заалт, 3.1.11 дүгээр заалтад заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх 15001 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х41/,

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх /хх1, х42-49/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч Э.Эын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг дахин хянуулах” тухай, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмуудыг зөрчиж, хүндэрсэн ялтай хуулийг буцаан хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэсэн ажиллагаа болсон. 2016 оны 10 дугаар сарын 30-31-нд болсон энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр уг хуулийг буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгох, үндэслэл бүхий дүгнэлт хийж хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял оноох” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөв тайлбарлаж хэрэглээгүй зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засаж боломжтой гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан бөгөөд шүүгдэгч Э.Энхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн, мөрдөн байцаалтын шатанд түүнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ял сонсгож, яллагдагчаар татаж шалгах байжээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд хуулийн уг заалтыг журамлан шүүгдэгч Э.Эын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэн дүгнэхэд хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусгасан бөгөөд уг заалтын хүндрүүлэх шинжид “танхайн сэдэлтээр” үйлдсэн байх шинжийг хуульчлаагүй,

мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжид “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” нөхцөл байдал байгаагүй бөгөөд хууль тогтоогчоос шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү нөхцөл байдлыг шинээр гэмт хэрэгт тооцсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Э.Эыг “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” буюу танхайрах үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндсэн шинжид уг үйлдлийг “Бүлэглэн үйлдсэн байх” нөхцлийг хуулиар шаардах болсон тул Э.Эын зэвсэг хэрэглэн танхайрч иргэн Э.Цэнд-Аюушийн биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Харин ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.Эын “Ж.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн тул уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Ш..................д овогт Э..................н Э..................г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Ш..................д овогт Э..................н Э..................н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тус тус гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрдэнэбатын Эрхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

мөн тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэбатын Эрхбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ