Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2017/0041/З |
Дугаар | 65 |
Огноо | 2017-11-23 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 65
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, шүүхийн танхимд шүүх хуралдаанаар Ж.Б-ны нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох Б.Ц-д 358 м.кв газрыг давхардуулан эзэмшүүлэхээр газрын гэрчилгээ олгосон газрын даамлын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Б.Ц-д 750 м.кв газрыг эзэмшүүлэхээр газрын даамлаас 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, сумын Засаг даргаар баталгаажуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б- хариуцагч ******* сумын газрын даамал Р., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 6 дугаар сард иргэн гээс ******* багийн худалдааны гудамжинд байрлах 288 м2 талбай бүхий газрыг 6х8 м2 дэлгүүрийн хамт худалдаж авсан улмаар газар эзэмших гэрчилгээ солигдож, 2007 оны 3 дугаар сарын 22-ны ******* дугаартай газар эзэмших гэрчилгээ, худалдаа үйлчилгээний зориулалтаар 288 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар өөрийн нэр дээр авсан юм. Дараа нь тус сумын Засаг даргын захирамж гарч худалдааны гудамжинд байгаа дэлгүүрүүдийн ар талын газраа сунгаж авах зөвшөөрөл өгсөн юм. Ингээд газраа кадастрын зураг хийлгүүлээд 442 м2 болсон юм...Тухайн үед газраа авахад дундуураа хашаатай байсан юм. Ингээд манайх байшин барих санаатай хундаам цутгаад байж байтал Ц гуай дундах хамар хашаагаа авчихаач тэгвэл арай цэлгэр байхаар байна гэж хэлсэн. Тэгээд хундаам цутгасныхаа дараа хамар хашааг буулгасан ч яахав дээ гэж гуайд хэлсэн юм. Тэгсэн чинь нэг л өдөр гуай хамар хашааг буулгасан байсан. Тухайн жил нь хундаамаа цутгаад л орхисон. Дараа жил нь барилгаа барьж эхэлсэн чинь арай л жижиг болоод байсан. Тэгээд хойш нь 2,3 метр сунгадаг юм уу? гэсэн чинь л маргаан үүсэж эхэлсэн. Ц гуай хэлэхдээ байшингийнхаа суурин дээр л барилгаа барих ёстой. Түүнээс биш хойш нь сунгах боломжгүй ард талын газар бол минийх гэж хэлсэн. Үүнээс хойш барилга барих гээд очсон хүмүүсийг зодчих гээд хэрүүл, маргаан үүсгэсэн... тул иргэний хэргийн шүүхэд эхлээд хандсан чинь газрын албаны , нар нэг газрыг хоёр хүнд давхардуулж олгосон байна гээд Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн юм...Би хундаам дээрээ нэг давхар дэлгүүрийг палкаар барьсан юм. Тэгсэн чинь Ц гуай манай цонхыг таглаад дэлгүүр барьчихлаа, манай цонхыг онгойлго, эсхүл дэлгүүрээ буулга, эсхүл хашаагаа тасалж барь, миний коридорын цонх харанхуй татаад болохгүй байна гэж хэлсэн тул цонх тус газар нь палкаа зүсэж цонх гаргасан байгаа. Энэ талаар хүмүүс мэднэ. Гэхдээ би дэлгүүрийн үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн. Яагаад гэвэл шаардлага хангахгүй дэлгүүр байсан учраас буулгасан байгаа. Одоо бол түрээсийн байрандаа дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ард талын газраа сунгаад эзэмшиж болно гэсэн сумын Засаг даргын захирамж гарсан юм. Үүний дагуу төв гудамжинд байгаа бүх айлууд ард талын газраа эзэмшсэн байдаг. Ганцхан миний газарт Ц гуай шунахайраад маргаан үүсгэсэн. Ийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ өгье гээд явж байтал миний дүү хүнд өвчтэй байсан болохоороо битгий газрын маргаан хийгээд байгаач гэж гуйсан. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргахаа больсон байсан. Тэгээд миний дүү өнгөрсөн жил хүнд өвчнөөр өвдсөөр байгаад нас барсан. Иймд энэ жил захиргааны хэргийн шүүхэд материалаа бүрдүүлж өгч, нэхэмжлэлээ гаргасан юм. Алтай Хайрхан гэдэг дэлгүүр одоо хүртэл байгаа. Би дэлгүүрээ барьж чадахгүй болохоор түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. гуайгаас болоод дэлгүүрээ барьж чадахгүй, сарын 400-500 мянган төгрөгний түрээс төлж дэлгүүрээ өөр газар ажиллуулж байгаа. Алтай Хайрхан дэлгүүрийг хувиараа ажиллуулж байгаа, түүнээс хуулийн этгээд биш юм... Яг бодит байдал дээр газрын даамал миний газрыг хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед худалдаж авахдаа хойшоо хашаатай, хашааныхаа хойд талд хаалгатай, дөрвөн тал хашаатай байсан юм. Б.Ц нь хүчээр манай эзэмшлийн газрыг булааж авсан боловч надад нэг ч удаа Засаг даргын захирамж үзүүлж байгаагүй бөгөөд харин 2013 онд шүүхэд хандахад шүүх хуралдаан дээр 2000 оны 95 дугаартай 16м2 газар эзэмших гэрчилгээг үзүүлсэн бөгөөд харин тус гэрчилгээний ар тал дээр 734 м2 газрыг эзэмшүүлэв газрын даамал гэсэн гарын үсэг зурсан байсан. Ингээд би өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус асуудлын учрыг олохоор олон газарт хандсан боловч иргэн Б.Ц-д миний газрыг нэмж эзэмшүүлсэн талаар ямар нэгэн захирамж олддоггүй бөгөөд зөвхөн тухайн үеийн газрын даамал нь дур мэдэн, эрх мэдлээ хэтрүүлэн газар эзэмших гэрчилгээнийх нь ар тал дээр 734 м2 газрыг нэмж эзэмшүүлэв гэж гараар бичсэнээс шалтгаалан Б.Ц нь дураараа аашлан, миний газарт халдаж байгаа юм байна гэдгийг мэдсэн юм. Мөн газрын даамал асан Б.Ц нар нь энэхүү хууль бус ажиллагаагаа баталгаажуулахаар 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.д 750 м2 газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, ******* сумын Засаг дарга баталсан байна. Газрын даамал нь Б.Ц-д ийнхүү бичиж өгөхдөө 734 м2 газарт нь манай газрыг оруулсан байх бөгөөд Б.Ц нь уг 734 м2 газар дээрээ кадастрын зураг гаргуулаагүй байдаг. Харин би 442 м2 газар дээрээ кадастрын зургаа гаргуулсан байна. Хуульд зааснаар Засаг даргын захирамж шийдвэргүйгээр газрын даамал нь иргэнд газар эзэмшүүлэх эрхгүй байх бөгөөд нэмж газар эзэмшүүлэх тохиолдолд мөн тусдаа газар эзэмшүүлэх гэрчилгээ гарах учиртай юм байна. Ингээд газрын даамал байсан нь миний 442м2 газраас 7*12 м2 харьцаатай байшингийн суурь тавьсан газраас бусад газар буюу 358 м2 квадрат газрыг маань Б.Ц-д хууль бусаар давхардуулан олгож, тухайн үеийн Засаг дарга хууль бус гэрээг нь баталгаажуулсан байна гэв.
Хариуцагч ******* сумын Засаг дарга, газрын даамал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ж.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 17-нд сумын Засаг даргад тус маргааны талаар хүсэлт ирүүлсний дагуу газрын даамалд хүсэлтийг хянан газрыг давхардуулахгүй шийдвэрлэхээр чиглэл өгсөн. Мөн иргэн Б.Ц нь одоогийн амьдарч байгаа хашааны газар буюу ******* багийн тоотод хашааны газраа өмчлөхөөр хүсэлт ирүүлсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/87 дугаар захирамжаар 382 м2 газрыг өмчлүүлж өмнөх 2 удаагийн газар эзэмшүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгосон. Уг маргаантай газар нь нэг хашаан дотор байдаг, Б.Ц нь өмчилсөн, Ж.Б нь эзэмшсэн, эдгээр газруудыг давхардуулж олгоогүй болно. Ц гуай л газар давхардуулсан гэж ярьдаг. Гэтэл энэ талаар ямар нэгэн баримт бичиг байхгүй. Иргэн Ж.Б нь Алтай Хайрхан хүнс барааны дэлгүүрийн нэрээр худалдаа үйлчилгээний зориулалтаар иргэн Б.Ц-тэй нэг хашаанд 288 м2 газрыг 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших ******* тоот эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн баримттай бөгөөд уг газар нь одоо иргэн Б.Ц-гийн хашаанд дундаа тасалгаагүй цуг байгаа болно. Иргэн Б.Ц нь 2008 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр худалдаа үйлчилгээний зориулалттай 330 м2 газрыг газар эзэмших 0124241 тоот гэрчилгээгээр эзэмшсэн. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар шийдвэрээр 750 м2 газар болгон давхардуулан ******* тоот гэрчилгээгээр газар эзэмшсэн энэ миний хашаанд дэлгүүрийн хундаам цутгасан иргэн Ж.*******д газар эзэмшүүлсэн засаг даргын захирамж шийдвэргүй хуурамч гэрчилгээтэй гэсэн тайлбар хийсэн уг асуудалтай холбогдуулан Ж.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 17-нд сумын засаг дарга, газрын албанд хүсэлт гаргасан. Хүсэлтэндээ 288 м2 газрыг иргэний миний өмчлөлд байлгаж өгнө үү гэсэн уг асуудлыг хянан үзэж мөн иргэн Б.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 382 м2 газрыг өмчлөхөөр хүсэлт гаргасан зэрэг байдлыг үндэслэн ******* багийн тоот буюу иргэн Б.гийн эзэмшиж байгаа хашааны 382м2 газрыг 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр А/87 дугаар шийдвэрээр өмчлүүлэн өмнө эзэмшиж байсан эрх олгосон 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 38 тоот, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 тоот шийдвэрүүдийг уг захирамжаар хүчингүй болгосон болно.
Иргэн Ж.Б-д газар эзэмшүүлсэн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугааргүй захирамж олдохгүй. Б.Ц-д газар эзэмшүүлсэн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны 38 дугаар захирамж нь хавсралтгүй хавсралтанд Б.Ц байгаа үгүй нь мэдэгдэхгүй зэрэг шалтгаантай байдаг. Одоогийн байдлаар иргэн Ж.Б Б.Ц нарын газар давхардаагүй нэг хашаанд байдаг боловч хоорондоо маргалддаг зөрчилтэй байдаг юм. Нэхэмжлэгч 288 м2 газар эзэмшдэг. Гэхдээ хойшоо сунгасан газар нь байдаг. Энэ газрыг нь нэмэхээр 442 м2 газар болж харагддаг. Бодит байдал дээр бүх дэлгүүрүүд хойшоо газраа сунгасан байгаа. Гэхдээ хойшоо сунгасан газар нь Б.Ц гуайн газарт ч ороогүй, нэхэмжлэгчийн газарт ч ороогүй. Тэр сул газар нь Б.Ц гуайн тойруулж барьсан хашаан дотор байгаа учраас эзэмшээд байгаа, уг газрыг өөрийн газар гэж үзэж байгаа гэв.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* багийн иргэн өндөр настан Б-ийн Ц миний бие 1999 онд худалдааны гудманд задгай газар анх хашаа, дэлгүүр барьж эзэмшиж эхэлсэн билээ. 1 жилийн дараа манай хажууд ******* гэдэг айл 3х3 харьцаатай банзаар барьсан жижиг байранд шинэ хуучин ном зарж эхэлсэн юм. 2001 онд ******* гэдэг хүн худалдаж аваад гурил зарж байсан. Удаагүй уг байрыг хөдөө амьдардаг ******* гэдэг хөдөөний айлд зарсан. Уг хүн нь 2 жил ашиглаагүй байж байгаад ******* гэдэг айлд зарсан. Энэ ******* нь мөн л 2 жил ашиглахгүй байж байгаад 2005 оны 8 сард одоогийн нэхэмжлэгч Ж.Б худалдаж аваад банзан амбаарыг буулгаж буурин дээр нь хундаам цутгаж орхисон. Түүнээс хойш одоог хүртэл ашиглахгүй 12 жил бараг 13 жил болж байна. Энэ хугацаанд уг хундаам дээр ямар ч барилгын үйл ажиллагаа явагдаагүй одоог хүртэл хундаамаараа байгаа. Нэхэмжлэгч Ж.Б нь энэ хугацаанд төв замын урд талд хуучин Хас банк байсан байрны зүүн талын 4-ын айлын хойд хэсэгт Алтай хайрхан нэртэй дэлгүүрийг ажиллуулж байсан, уг дэлгүүрээ яг тэр байрандаа 2014 он хүртэл ажиллуулж байгаад больсон. Ингэж ажиллуулж байсныг манай хажууд ажиллуулж байсан гэж бичсэн байна лээ. Манай дэлгүүрийн зүүн талд Алтай хайрхан гэдэг дэлгүүр хэзээ ч ажиллаж байгаагүйг Тосонгийн ард түмэн мэднэ. Хариуцлагагүй газрын албаныханы үйл ажиллагааг далимдуулж давхар гэрчилгээ буюу хуурамч гэрчилгээ гаргуулж авсан байсан. Би энэ талаар Улсын Их Хурлын гишүүнд захидал өргөсөн байгаа. Манайх 2000 оноос хойш эзэмшсэн гэрчилгээ татвар төлсөн баримт тэрнээс хойш шинэчлэгдсэн гэрчилгээнүүд байгаа зохих хуулийн дагуу авсан... Энэ олон давхардуулсан гэрчилгээний учрыг олж энэ их зардал чирэгдэлийг арилгаж өгөөч гэж өөрийн нутгаас гарсан Улсын Их Хурлын гишүүнд өргөдөл гаргасан байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Б нь ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 442 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг гэх бөгөөд дээрх газраас 358 м2 газрыг давхардуулан Б.Ц-д эзэмшүүлэх эрх олгосон газрын даамлын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ц-д 750 м2 газрыг эзэмшүүлэх талаар сумын Засаг даргаас 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталгаажуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. ******* сумын Засаг даргаас 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталгаажуулсан буюу Б.Ц-д 750 м2 газрыг эзэмшүүлэх тухай гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэлийн энэ шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Завхан аймгийн ******* сумын газрын даамлаас иргэн Б.Ц-д 750 м2 газрыг эзэмшүүлэхээр гэрээ[1] байгуулсан байх ба уг гэрээг сумын Засаг даргаас 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталгаажуулжээ.
Тухайн гэрээг байгуулах үед 1994 онд батлагдаж, 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасны дагуу иргэнд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар байна.
******* сумын Засаг даргаас маргаан бүхий газар эзэмших гэрээний үндэслэл болсон захиргааны актыг гаргасан эсэх нь тодорхойгүй, холбогдох захиргааны акт байхгүй болох нь тус сумын Засаг даргаас 2002 онд гаргасан захирамжийн эх баримтуудад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[2] нотлогдож байна.
Гэвч газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох ******* сумын Засаг дарга нь маргаан бүхий газар эзэмшүүлэх гэрээг баталгаажуулсан нь гуравдагч этгээд Б.Ц-гийн 750 м2 газар эзэмших эрхийг захиргааны байгууллага тухайн үед хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.
Маргаан бүхий уг гэрээний агуулгаас харахад 750 м2 газрыг нэхэмжлэгч Б.Ц-д 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн /1994 оны/ 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 60 жил хүртэл хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно., 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно. 1/газар эзэмших гэрээний хугацаа дууссан гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харвал гуравдагч этгээд Б.Ц-д 750 м2 газрыг эзэмшүүлэх тухай уг гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Тодруулбал уг гэрээний үйлчлэл 2007 онд дуусгавар болсон байна.
Иймд нэгэнт үйлчлэл нь зогсож, үр дагаваргүй болсон гэрээг хууль зөрчсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан маргаан бүхий дээрх газар эзэмшүүлэх гэрээ нь маш бүдэг байх ба уг гэрээний эх хувь ******* сумын Засаг даргын Тамгын газар болон газрын даамал дээр хадгалагдаагүй болох нь холбогдох баримтуудад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[3] тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн маргаан бүхий газар эзэмшүүлэх гэрээ болон бусад баримтуудыг ******* сум дахь Сум дундын 13 дугаар шүүх /тухайн үеийн нэршлээр/-ээс хуулбарлан баталгаажуулж тэмдэг дарсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Б нь анх Б.Ц-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ******* сум дахь Сум дундын 13 дугаар шүүхэд гарган шийдвэрлүүлж байсан нь түүний нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн уг баримтуудаар[4] тогтоогдож байна.
Маргаан бүхий газар эзэмшүүлэх гэрээг тодруулж үзэх шаардлагатай байсан боловч ******* сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 02/220 дугаар албан бичгээс[5] харахад Б.Ц-д холбогдуулан гаргасан Ж.Б-ны нэхэмжлэлээр үүсгэн хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн хавтаст материал нь дээрх шүүхийн архивт байхгүй, хэрхсэн нь тодорхойгүй бөгөөд уг хэргийн шилжилт хөдөлгөөнийг бүртгээгүй байна.
Иймд маргаан бүхий захиргааны гэрээг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүрээнд шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
2. Гуравдагч этгээд Б.Ц-д 358м2 газрыг давхардуулан эзэмшүүлэх эрх олгосон газрын даамлын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Хариуцагч газрын даамлаас гуравдагч этгээд Б.Ц-д 734 м2, 750 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосноор миний эзэмшлийн 442 м2 газрын 358 м2 хэмжээтэй хэсэг давхцсан гэж нэхэмжлэгч маргаж байна.
Газрын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж зааснаар бусдын эзэмшил газартай давхардуулан газар эзэмшүүлэхийг хоригложээ.
******* сумын ******* багийн нутаг дэвсгэр дэх худалдааны гудамжинд 288 м2 газрыг анх эзэмшиж байгаад сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар захирамжаар уг газраа хойш сунгаж, нийт 442 м2 газрыг эзэмших эрхтэй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар дараах дүгнэлтүүдээр үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 288 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээний[6] агуулгаас харахад ******* сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн /дугаар тодорхойгүй/ захирамжийг үндэслэн уг газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд 1205-161 дугаарын нэгж талбар бүхий 288 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр Алтай Хайрхан хүнс барааны дэлгүүрийн нэрээр олгожээ.
******* сумын Засаг даргын 2007 онд гаргасан нийт захирамжуудад шүүж үзэхэд[7] дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэс болсон 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн захирамж байхгүй бөгөөд дээрх захирамжийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн уг гэрчилгээн дээр нэхэмжлэгч Ж.Б-ны нэр тусгагдаагүй байгаа боловч энэ талаар хариуцагч тал маргахгүй байх ба уг гэрчилгээг үндэслэн түүнийг 288 м2 газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийг 288 м2 газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Харин нэхэмжлэгчийн эзэмшиж буй уг 288 м2 газрын хэмжээг нэмэгдүүлэн 442 м2 газрыг түүнд эзэмшүүлэх болсон эсэх талаар хариуцагч тал маргаж байгаа тул энэ үйл баримтын талаар шүүх дүгнэхээр байна.
******* сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Б-д өмнө эзэмшиж байсан 288 м2 газрын хэмжээг нэмэгдүүлэн хойш сунгаж нийт 442 м2 газрыг эзэмших эрхтэй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
******* сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар захирамжаар[8]газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэх ажлыг 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэж, эзэмших газрын байршил, зориулалт, хэмжээ, заагийг өрх бүрээр тодорхойлон хавсралтаар баталж, шинээр гэрчилгээ олгож, хяналт тавьж ажиллахыг газрын даамалд үүрэг болгожээ.
Дээрх захирамжаас харахад газар эзэмшигч нарт газраа сунгаж хэмжээг нь нэмэгдүүлэх агуулга байхгүй, харин газар эзэмшигчдийн гэрчилгээг шинэчилж, гэрчилгээ шинэчилсэнтэй холбогдуулж газар эзэмшигчдийн газрын хэмжээ заагийг өрх бүрээр тодорхойлж хавсралтаар батлахаар шийдвэрлэсэн боловч уг хавсралт байхгүй нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[9] нотлогдож байна.
Мөн дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгч Ж.Б-д 442 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмшүүлэх талаар гэрээ байгуулагдаагүй байгаа тул түүнийг Тоснцэнгэл сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар захирамжаар 442 м2 газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй тул шинжээчийн дүгнэлтэнд[10] дурдсанаар нэхэмжлэгч Ж.Б-ны эзэмшил газрыг гуравдагч этгээд Б.Ц-ийн өмчлөлийн газартай 61 м2 хэмжээгээр давхцсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд 442 м2 газрыг нэхэмжлэгч Ж.Б-д эзэмшүүлэх асуудлаар гарсан захиргааны акт, гэрээ, гэрчилгээ байхгүй тул Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн Ж.Б-ны эзэмшил гэх 442 м2 газрын кадастрын зургийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөвхөн уг кадастрын зургийг үндэслэн нэхэмжлэгчийг 442 м2 газрыг эзэмшдэг гэж үзэх боломжгүй юм.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2.1, 13.1-д зааснаас үзвэл газар эзэмшүүлэх шийдвэр гарч, түүнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон тохиолдолд газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд холбогдох мэдээллийг оруулахаар байгаа тул дээр дурдсан кадастрын зургийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна.
******* сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар[11] гуравдагч этгээд Б.Ц-д тус сумын 1 дүгээр баг /*******/-ийн тоот байршилд 382 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, түүнд урьд 330 м2, 750 м2 газрыг тус тус эзэмшүүлэх талаар гарсан 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар захирамжуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заажээ.
Тодруулбал, дээрх зохицуулалтын дагуу захиргааны байгууллага хуульд нийцээгүй шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрхтэй ба хариуцагч ******* сумын Засаг даргаас гуравдагч этгээд Б.Ц-д газар эзэмших эрх олгосон урьд гарсан захирамжуудаа тийнхүү хүчингүй болгосон байх тул гуравдагч этгээд Б.Ц-г хуулийн дагуу 750 м2 газрыг эзэмшиж, өмчилж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэгэнт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны актыг хүчингүй болгосон тул уг захиргааны актыг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй салшгүй холбоотой байх ба тэдгээр нь цогцоороо тухайн иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулахаар байна.
Иймд гуравдагч этгээд Б.Ц-д 750 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[12] хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, харин ******* сумын Засаг даргын 2017 оны А/87 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон 382 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[13] хүчин төгөлдөр байх тул уг эрхийн гэрчилгээг үндэслэн гуравдагч этгээдийг зөвхөн 382 м2 газрыг өмчлөх эрхтэй байна гэж үзэхээр байна.
Анх гуравдагч этгээд Б.Ц-д ******* сумын ******* багт 16 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаартай гэрчилгээгээр[14]олгож байжээ.
Уг гэрчилгээний ар талын нүүрэнд 734 м2 газрыг нэмж эзэмшүүлэв гэж газрын даамал бичсэн байсан гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч уг гэрчилгээний эх хувь авагдсан иргэний хэрэг хаана хадгалагдаж байгаа нь тодорхойгүйгээс дээрх үйл баримтыг тогтоох боломжгүй байна.
Гэхдээ газрын даамлаас Б.Ц-д 734 м2 газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, зөвхөн дээрх 16 м2 газрыг эзэмшүүлэх тухай эрхийн гэрчилгээн дээрх тэмдэглэлээс өөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гуравдагч этгээдэд олгогдоогүй тул газрын даамлын үйлдэл хууль бус болох нь тогтоогдохгүй байна.
Нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ж.Б-д 442 м2 газрыг эзэмших, гуравдагч этгээд Б.Ц-д 750 м2 болон 734 м2 газрыг эзэмших, өмчлөх эрх Газрын тухай хуульд зааснаар үүсээгүй бөгөөд тэдний эзэмшил, өмчлөлийн газар давхцсан гэж үзэх үндэслэлгүй байх тул газрын даамлаас Б.Ц-д 750 м2 газрыг эзэмшүүлэх эрх олгох тухай газрын даамлын бичсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзэв.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Б-д эзэмшүүлсэн гэх 288 м2, гуравдагч этгээд Б.Ц-д өмчлүүлсэн 382 м2 газруудыг захиргааны байгууллагаас хүлээлгэж өгөхдөө цэг тэмдэгтийг зааж өгөөгүй, энэ талаар тэмдэглэл хөтлөж баримтжуулаагүй учраас тэдний хуулийн дагуу эзэмшиж, өмчилж буй дээрх газрууд ямар хэмжээгээр давхцсан болох, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн 288 м2 газрын чанх ард талын ямар хэмжээний газрыг гуравдагч этгээд Б.Ц-д өмчлүүлсэн болох зэргийг тогтоох боломжгүй нь шинжээчийн дүгнэлтээр[15] нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эзэмшил газраас 358 м2 хэмжээтэй газрыг гуравдагч этгээд Б.Ц-д давхардуулан өмчлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ийнхүү шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2-д Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. 1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана. гэж заажээ.
Иймд өөрийн эзэмшил, өмчлөлийн газрынхаа хил заагийг тогтоолгох, эзэмшил газрынхаа хил залгаа байх бусдад эзэмшүүлж, өмчлүүлээгүй газрыг тухайн жилийн сумын газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд уг газрыг эзэмших талаарх хүсэлтээ дээрх хуульд заасны дагуу гаргах эрх нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Газрын тухай хуулийн /1994 оны/ 29 дүгээр зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан ******* сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан гаргасан Б.Ц-д 358 м.кв газрыг давхардуулан эзэмшүүлэхээр газрын гэрчилгээ олгосон газрын даамлын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Б.Ц-д 750 м.кв газрыг эзэмшүүлэхээр газрын даамлаас 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, сумын Засаг даргаар баталгаажуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ж.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд
[2] Хавтаст хэргийн 116 дүгээр хуудсанд
[3] Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд
[4] Хавтаст хэргийн 11-28 дугаар хуудсанд
[5] Хавтаст хэргийн 154 дүгээр хуудсанд
[6] Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд
[7] Хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд
[8] Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд
[9] Хавтаст хэргийн 116-117 дугаар хуудсанд
[10] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд
[11] Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд
[12] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд
[13] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд
[14] Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд
[15] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд