Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 06500

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 07 өдөр           Дугаар 101/ШШ2016/06500              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * хороо, * * мянгат, * байр, * тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, О овогт Г Л /************/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, ****** тоотод оршин суух,  28 настай, эрэгтэй, З овогт Сийн О /*******/ холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч С.О, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр * аймагт болсон зам тээврийн осолд Сийн О буруутай болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Г.Лгийн эзэмшил болох мөргүүлсэн машин 11 000 000 төгрөгийн үнэтэй. Осол болсон өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С миний бие унаж явсан. Машинд учруулсан хохирол нь үнэлгээний компанийн дүгнэлтээр 4 400 000 төгрөг болсон. Зам тээврийн ослоос үүдэн гарсан зардал нь 500 000 төгрөг, нийт 4 900 000 төгрөгийг иргэн С.Оас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.О шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

  1. Миний бие нэхэмжлэгч талыг зориуд өөртөө ашигтай зохиомол оношлогоо, хохирлын үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Ю Б ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланд дурьдсанаар нэхэмжлэгч тал намайг автомашинаа оношлуулж, үнэлгээ хийлгэхдээ байлцуулаагүй. “Г” ХХК гэх автомашин оношлох эрхгүй компаниар 2015 оны 10 дугаарс арын 30-ны өдөр автомашинаа оношлуулсан байгаа нь хавтаст хэрэгт хавсаргасан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа тул тухайн оношлогоо болон “Х” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 4 440 000 төгрөгийн хохирлын үнэлгээг нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж, эдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байхыг хүсч байна. Нэхэмжлэгч тал Приус-20 автомашинд засвар хийлгэхдээ надад огт мэдэгдээгүйгээс миний дахин оношлогоо, үнэлгээ хийлгэх хүсэлт бүрэн хангагдах боломжгүй болсон байна. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтооход хүндрэлтэй болгосон байна.
  2. Замын цагдаагийн газраас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осол тогтоосон актаас үзэхэд нэхэмжлэгч талын автомашинд зүүн талын хоёр хаалга, урд гупер, карлан, толь, зүүн урд дугуй тэнхлэг, дотор дэр гарсан буюу нийт 6 ширхэг эд ангид эвдрэл гарсан байна. Тэдгээрийг Г.Л буюу нэхэмжлэгч талаас өөрсдөөс нь авсан нэхэмжлэх баримтан дээрх үнээр тооцоход 1 405 000 төгрөг болж байна. үүнийг нэхэмжлэлийн үнийн дүн 4 900 000 төгрөгөөс хасч тооцож, мөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа, эс үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзвэл гэм хорын хэмжээ нь нэлээд буурахаар харагдаж байна. Тухайн нэхэмжлэх болон үнийн харьцуулалт бүхий хүснэгтийг хавсаргасан болно.
  3. Нэхэмжлэгч тал нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Суурин газрын гадна замд цагт 80 км хэтрүүлэхгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын зайд шилжүүлнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд тэдгээр нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад дан ганц намайг буруутгаж байгааг эсэргүүцэж байна. Учир нь миний машин замын аль хэсэгт явж байснаас бус нэхэмжлэгч талын машин маш хурдтай явж байснаас шалтгаалж хоёр машин илүү хүчтэй мөргөлдөж, эвдрэл их гарч, хохирлын хэмжээ нэмэгдсэн. Энэ шалтгаанаар нэхэмжлэгч талыг давхар буруутгах үндэслэлтэй төдийгүй хавтаст хэрэгт хавсаргасан осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээрээс харахад хоёр машин хоорондоо шүргэлцсэн, мөргөлтийн А цэгээс замын зах хүртэл 2,6 метр зай байсан бөгөөд prius 20 автомашины өргөн 1,7 метр тул ослоос зайлсхийхэд хангалттай 90 см зай сул орон зайг нэхэмжлэгч тал ашиглаж ослоос урьдчилан сэргийлээгүй эс үйлдэл гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 51* зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэх заалтын дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
  4. Осол гарах үед 2 см битүү цастай, 6,3 м/сек хурдтай хүчтэй салхитай, тас харанхуй буюу цаг агаарын хувьд автомашин жолоодоход хүнд нөхцөл байсан нь цаг уур, орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны 6/506 тоот цаг агаарын тодорхойлолтоор нотлогдож байна. Зам хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэ ослын үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөлөө байсан гэдгийг шүүх харгалзан үзнэ гэж найдаж байна. мөн Иргнэий хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ”  гэж заасны дагуу гэм хорын хэмжээг бууруулан тооцохыг хүсч байна.
  5. Хавтаст хэрэгт хавсаргасан * аймгийн Замын цагдаагаас гаргасан осол гарсан замын байдал актыг надад танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр орхигдуулсан, мөн * аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 996  дугаар тогтоолын 5 дугаарт шийдвэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч уг тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулахгүйгээр шууд шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн хавтаст хэрэгт хавсаргасан байна. Энэ тогтоолыг надад танилцуулаагүйгээс гадна надад эрүүгийн болон захиргааны ямар нэг хариуцлага тооцоогүй тул уул тогтоолд гомдол гаргаагүй болно. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг дан ганц энэ тогтоолыг үндэслэхгүйгээр, энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харгалзан үзэж, шийдвэрлэхийг хүсч байна.
  6. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Г ХХК-ний үнэлгээний тайланд дурьдсанаар энэ ослын улмаас миний унаж явсан Toyota Prado маркийн машинд 3 005 000 төгрөгийн хохирол учирсан. Тус автомашиний эзэн нь миний хүргэн ах бөгөөд миний бие түүний автомашиныг гуйж унаж явсан тул уг машины засварыг бүрэн хариуцаж төлсөн. Мөн шүүгчийн захирамжаар үнэлгээ хийлгэсэн шинжээчийн зардлыг нэхэмжлэгч тал хариуцна гэсэн байхад одоо болтол төлөөгүй бөгөөд би тухайн зардлыг төлсөн. Энэ мэтчилэн уг ослын улмаас миний төлсөн төлбөр багагүй болоод байгаа болно. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.         

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч С.Од холбогдуулан тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 4 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Тус хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд,

 

  1. Тус хэрэгт цугларсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэхдээ дараах зарчим, хуулийн үндэслэлийг баримталсан болно.
    1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Прокурорын тогтоол /х.х-ийн 4 дэх талд/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /х.х-ийн 5-10 дахь талд/, Г ХХК-ний оношлогоо хийсэн дүгнэлт /х.х-ийн 11 дэх талд/, Х ХХК-ний тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ, үнэлгээний тайлан /х.х-ийн 12 дахь талд/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /х.х-ийн 14 дэх талд/, * аймгийн Замын цагдаагийн хэлтэст Цукуба ХХК-иас гаргасан гомдол /х.х-ийн 15 дахь талд/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Дурдсан баримтуудын талаар эсрэг талаас буюу хариуцагчаас тус нотлох баримтуудыг хуурамч, хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэн шүүхээр шалгуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй байх тул бүгд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэв.

Прокурорын тогтоол /х.х-ийн 4 дэх талд/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /х.х-ийн 5-10 дахь талд/ зэрэг нотлох баримтуудын тухайд, Хариуцагчийн тайлбарт дурдсанаар Прокурорын тогтоолыг танилцуулаагүй, ослын газар дээр хийсэн актад гарын үсэг зуруулаагүй гэсэн нь дурдсан нотлох баримтад байх мэдээлэлд эргэлзээ төрүүлж байх хэдий ч осол болсон баримтат мэдээллийн хувьд хариуцагч тал маргаагүй тул осол болсон талаарх дүгнэлт хэсэг нь зохигчдын тайлбарын хамтаар осол болсон үйл баримтыг нотлоно гэж үзэв.

Харин хохирлын хэмжээ болон хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээний хувьд нэхэмжлэгч нэг талын талын гаргаж буй баримтаар бус зохигч талуудын гаргасан баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, “тал бүрээс нь” харьцуулан дүгнэлт хийсэн болно.

Г ХХК-ний оношлогоо хийсэн дүгнэлт /х.х-ийн 11 дэх талд/-ийн тухайд, Хариуцагч тал тус баримтыг хууль бус гэж үзжээ. Учир нь Г ХХК нь оношлогоо хийх эрхгүй гэсэн нь Шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 28680 дугаар бүхий захирамжаар ирүүлсэн тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх чиглэлийн талаарх мэдээллээр /х.х-ийн 50, 51 дэх талд/ тогтоогдож байна. Энэ үндэслэлээр тус нотлох баримтыг шүүхийн шийдвэрт үндэслэл болгоогүй болно.

Х ХХК-ний тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ, үнэлгээний тайлангийн хувьд /х.х-ийн 12 дахь талд/, Дурдсан нотлох баримтын талаар хариуцагч тал тайлбар хийхдээ, “Г” ХХК-ний оношлогоонд тулгуурлаж дүгнэлт гаргасан тул үндэслэлгүй, мөн Ю Б ХХК-ний дүгнэлтэд тусгагдсан үнэлгээнээс зөрүүтэй, үнийн дүнг өндөр гаргасан гэж тайлбарлаж байна. Х ХХК нь үнэлгээ гаргах эрхтэй болох нь үнэлгээний тайлангийн 10-д, “тусгай зөвшөөрлийн дугаар 233/15” гэснээр нотлогдоно гэж үзэв. Эрхтэй эсэх талаар маргаагүй байна. Хохирлын дүнг тооцоолохдоо  Г ХХК-ний оношилгооноос өөр, дэлгэрэнгүй байдлаар зардлын мэдээллийг гаргаж, үнэлгээ тогтоосон байх тул тус оношлогоод тулгуурласан гэсэн нь үндэслэлгүй, нөгөө талаар Ю Б ХХК-ний дүгнэлт нь Хос сатандарт ХХК-ний үнэлгээ, тайлангийн бичиг баримтад үндэслэсэн, харин Х ХХК нь бодит автомашиний хувьд дүгнэлт хийсэн  болох нь тухайн тайлангийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоогдож байх тул дурдсан хохирлын үнэлгээний тайлангуудыг харьцуулан үзэж, Х ХХК-ний хохирлын үнэлгээг бодит байдалд илүү нийцнэ гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Үнийн дүнгийн зөрүүтэй байдал нь засварлах, солих сэлбэг, хэрэгсэл, ажлын хөлсний хувьд тухайн үеийн нөхцөл байдлаар зөрүүтэйгээр тогтоогдох боломжтой байх тул энэ нь тус үнэлгээг бодитой биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /х.х-ийн 14 дэх талд/, Тус баримтыг хариуцагч тал няцаагаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед тус тээврийн хэрэгслийн эзэмшигч байсан гэдгээ энэ баримтаар нотолж байна, нэхэмжлэгч буюу Г.Л нь тус баримтад дурдсанаар эзэмших эрхтэй гэдэг нь тогтоогдоно гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.     

* аймгийн Замын цагдаагийн хэлтэс Цукуба ХХК-иас гаргасан гомдол /х.х-ийн 15 дахь талд/, энэ баримтад байх мэдээлэл нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд маргаж байгаа буюу хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ болон хохирлын хэмжээг тодорхойлоход хамааралгүй нотлох баримт гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

  1. Хариуцагч хариу тайлбараа нотлох зорилгоор Г ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа /шүүгчийн захирамжаар ирсэн, х.х-ийн 50, 51 дэх талд/, Гэрч Л.Баянзулын мэдүүлэг /Шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн, х.х-ийн 56 дахь талд/, мөнгөний нэхэмжлэх /х.х-ийн 66 дахь талд/, Ослын актад бүртгэгдсэн сэлбэгүүдийн үнийн харьцуулалт /х.х-ийн 67 дахь талд/, Ю Б ХХК-ний “Приус-20” автомашины хохирлын үнэлгээний тайлан /х.х-ийн 68-72 дахь талд/, Г ХХК-ний автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан /73-75 дахь талд/, Цаг агаарын тодорхойлолт /х.х-ийн 76-77 дахь талд/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Г ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа /шүүгчийн захирамжаар ирсэн, х.х-ийн 50, 51 дэх талд/, Хэдийгээр тус нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулан авснаар оношлогоо хийх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон боловч энэ нь Х ХХК-ний үнэлгээг үгүйсгэх нотлох баримт биш гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 Гэрч Л.Баянзулын мэдүүлэг /Шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн, х.х-ийн 56 дахь талд/, Гэрчийн мэдүүлгийг шүүгчийн даалгаснаар шүүхийн туслах С.Мөнхнаран авсан байна. Гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг    Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар, “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн болно. Гэрчийн мэдүүлгийн хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэж, осол болсон үйл баримтыг нотлох, хариуцагчийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх тайлбарыг нотлох үндэслэл болно, харин маргаж байгаа хохирлын хэмжээг тогтоох үндэслэл болохгүй гэж үнэлэв.

Мөнгөний нэхэмжлэх /х.х-ийн 66 дахь талд/, Ослын актад бүртгэгдсэн сэлбэгүүдийн үнийн харьцуулалт /х.х-ийн 67 дахь талд/ гэсэн баримтуудын тухайд, Хариуцагч мөнгөний нэхэмжлэхийн баримтаар сэлбэгийн үнэ зөрүүтэй тогтоогдсон гэснийг нотлоно гэжээ. Сэлбэгийн үнийн харьцуулалт зөрүүтэй байдал нь юутай холбоотой, юунд тулгуурласан, хэзээ үнийг тодорхойлсон хугацаа зэргээс шалтгаалж яг ижил тогтоогдох боломжгүй. Үнэ тодорхойлсон аргын хувьд Х ХХК нь тайлангийн 7 дахь хэсэгт, “...олон улсын үнэлгээний стандартын дагуу...” тогтоосон гэсэн нь бодит байдалд илүү нийцэж байх тул нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дээр дурдсан баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв. 

Ю Б ХХК-ний “Приус-20” автомашины хохирлын үнэлгээний тайлан /х.х-ийн 68-72 дахь талд/. Тус дүгнэлтийг шүүгчийн 2016 оны 0* сарын 31-ний өдрийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шинжээчийн зардал төлөгдөөгүй үндэслэл, зохигч нэг талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамжид зохигч талууд гомдол гаргаагүй, гомдол гаргах эрхийг шүүхээс хязгаарлаагүйг дурдах нь зүйтэй. Хожим шинжээчийн зардлыг төлсөн тул дүгнэлт, тайланг хариуцагч талд шинжилгээний байгууллагаас өгсөн байна. Хариуцагч тус дүгнэлтийг нотлох баримт гэж үзэн шүүхэд гаргаж өгч байгаа нь хууль зөрчсөн хэрэг биш юм. Шинжээчийн дүгнэлт нь тус хэргийн талаар цорын ганц нотлох баримт биш байх тул бусад бүх нотлох баримтуудтай харьцуулан үнэлсэн болно. Энэ агуулгаар, хохирол тогтоосон 2 дүгнэлт буюу Х ХХК болон Ю Б ХХК-ний дүгнэлтүүд хэрэгт авагдсан тул тэдгээрийг харьцуулан үзэж дараах дүгнэлтэд хүрэв.

  • Оношилгоо тогтоосон Г ХХК-ний дүгнэлт хуульд нийцэхгүй байх тул шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Харин Х ХХК нь үнэлгээг энэхүү оношлогооноос шууд хамааралтайгаар тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, автомашинд бодит үнэлгээ хийсэн бол Ю Б ХХК нь автомашинд үнэлгээ тогтох боломжгүй тул зөвхөн Г ХХК-ний оношлогооны дүгнэлтэд тулгуурлан дүгнэлт гаргасан талаар тайландаа дурджээ.

Энэ үндэслэлээр хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт, тайлангуудыг харьцуулан үзэж, Х ХХК-ний дүгнэлт илүү бодит байдалд тулгуурласан гэж үзэн, Ю Б ХХК-ний дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Г ХХК-ний автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан /73-75 дахь талд/. Хариуцагч тус нотлох баримтыг шүүхэд гаргахдаа, өөртөө хохирол учирсан болохыг нотлоно гэжээ. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул хариуцагчид учирсан хохирлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна. Өөрийн эрх зөрчигдсөн байх нь бусдын эрх зөрчсөнөөс үүдсэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх тул тус нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гэж үнэлэв.

Цаг агаарын тодорхойлолт /х.х-ийн 76-77 дахь талд/. Хариуцагч энэ нотлох баримтаар осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг тодорхойлж гэм буруугийн хэр хэмжээг тогтооно гэжээ. Цаг агаарын нөхцөл байдлын дүгнэлтээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны оройн 22 цаг 49 минутаас 23 цаг 55 минут хүртэл явган цасан шуурга ажиглагдаж, салхины хурд 15 м/сек хүрч байсан гэсэн байна. Хавсралтаар буюу хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан баримтаар “битүү цастай” гэжээ. Хариуцагч осол болсон нөхцөл байдалд гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх ёстой гээд тайлбартаа “Зам хальтиргаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл энэ ослын үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөлөө байсан” гэжээ. Тус нотлох баримтыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тайлбар, дүгнэлт хийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар шийдвэрт тусгасан болно. 

  1. Хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан баримт нь хүсэлт хянан шийдвэрлэхтэй холбоотой баримт бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй. 
  1. Тус хэргийн шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутанд товлон явуулсан байна. Хуралдаанд нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч хариуцагч шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгсөн байх тул тэдгээрийг нэхэмжлэгч талд танилцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тус өдрөө нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж, хэргийн материалтай танилцсан тул шүүх хурлыг тус өдрөө ахин товлож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй гэж үзэв. Зохигч талууд хэргийн материалтай бүрэн танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтгүй гэсэн тул хэргийг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Тус хэргийг хянан шийдвэрлэсэн материаллаг хуулийн үндэслэлийн хувьд,

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг 2015 оны 10 дугаар сарын 28-нд * аймгийн нутаг дэвсгэрт болсон зам тээврийн ослын улмаас Г.Лгийн хууль ёсны эзэмшлийн Pruis-20 маркийн тээврийн хэрэгсэлд 4 400 000 төгрөгийн хохирол учирч, 500 000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч тус зам тээврийн осол болсон үйл баримтын талаар маргаагүй, осол гаргасан гэм буруугийн талаар болон учирсан хохирлын хэмжээний хувьд маргаж байна.

            2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шөнийн 00.50 минутын үед * аймгийн Баян сумаас Улаанбаатар орох замын 66 дахь километрт С.О нь Тоёота Прадо маркийн 24-55 * улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалд орсны улмаас эсрэг урсгалаас ирж явсан Тоёота Приус маркийн улсын дугааргүй автомашиныг шүргэн хохирол учруулсан үйл баримт нь зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, 2015 оны 11 дүгээр сарын  19-ний өдрийн №996 тоот Прокурорын тогтоол /х.х-ийн 4 дэх талд/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /х.х-ийн 5-7 дахь талд/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Осол болсон үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүйг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ослын улмаас автомашинд учирсан хохирлыг төлүүлнэ гэж тодорхойлжээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т, “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

            Хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэлийг буюу шаардах эрхийг  нэхэмжлэгч Г.Л хэрэгжүүлж байна.

            Хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан баримтаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт, Тоёота Приус автомашиний хүлээн авагчаар Гүндашийн Л гэсэн байна. Тус баримтаар осол болох өдөр нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэн авсан байна.

            Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах өмчлөгчийн эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах тул тус тээврийн хэрэгсэлд учирсан үр дагаврын хувьд нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор арилгуулах шаардах эрхийн ерөнхий зохицуулалтыг гэм хорыг хэн, юунаас учруулсан онцлогоос хамаарч гэм хорыг арилгах тусгай зохицуулалтаар зохицуулж өгсөн байна.

            Дурдан буй хэргийн хувьд, тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан үйл баримт бүхий байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар, “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” журмаар зохицуулна.

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг болон 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг нь тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигчид хамааралтай байна.

            Хариуцагч С.О нь осол гаргасан ***** улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш бөгөөд шүүх хуралдааны үед тайлбарлахдаа түүний хүргэн ахын автомашин гэжээ. Харин тус тээврийн хэрэгслийн эзэмшигч байх асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай.

            Нэхэмжлэгч тал хариуцагчийг тухайн үед осол гаргасан, жолоодож явсан гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсан гэж тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт, “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт, “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.” гэж тус тус зохицуулжээ.

            Хэдийгээр хариуцагч С.О нь тус тээврийн хэрэгслийн өмчлөгч биш боловч зэмэшигчийн хувиар бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ агуулгаар өмчлөгөөс бус эзэмшиж байсан этгээдээс гаргуулна гэсэн шаардлагыг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

Тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж, жолоодож байсан С.О болон тус тээврийн хэрэгслийн өмчлөгч нарын хооронд болсон үйл баримт тодорхой бус байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 болон 499.4 дэх хэсгийн тусгай зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй байна. Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар, “эзэмшигчийн” хувиар хариуцлага хүлээх этгээд мөн гэж үзэв.

Нэхэмжлэгч гэм хорын хэмжээг 4 900 000 гэж тодорхойлон шаардаж, хариуцагч энэ дүнгийн хувьд маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг тогтоосон Х ХХК болон Ю Б ХХК-ийн дүгнэлт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн сэлбэгийн үнийн харьцуулалт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, Х ХХК-ийн үнэлгээний тайлан, дүгнэлтээр тогтоосон 4  440 000 төгрөгийг хохирлын бодит үнэлгээ гэж үзэв. /Нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн хэсэгт дэлгэрэнгүй дурдсан болно./

Хохирлын үнэлгээгээр 4 440 000 төгрөг гэсэн байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 400 000 төгрөг гэж тодорхойлон шаардсан байх тул нэхэмжлэгчийн шаардлагад тодорхойлсноор 4 400 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.   Нэхэмжлэгч зардалд 500 000 төгрөг гарсан гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч хохирлын үнэлгээ өндөр тогтоогдсоноос гадна осол болоход байгаль цаг уурын хүчин зүйлс нөлөөлсөн гэжээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т, “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт, “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэсэн зохицуулалт байх боловч хариуцагчийн тайлбарын дагуу “цаг агаарын нөхцөл байдлаас болж осол гарсан” гэж үзэх боломжгүй байна.

Яагаад осол гарсан талаарх үйл баримтын хувьд, хариуцагч хоёр эгнээтэй зам дээр зорчиж байсан, эсрэг урсгалд орж, урсгал сөрсөн болох нь зохигч талуудын тайлбар, ослын талаарх баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч эсрэг урсгалд ороогүй, урсгал сөрөөгүй гэсэн хариу тайлбар гаргаагүй, урсгал сөрж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т, “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж зохицуулжээ.

Хариуцагчийн цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэсэн тайлбараар урсгал сөрөх зайлшгүй нөхцөл байгаа талаар тайлбарлаагүй байна. Цас ихтэй, гадаа харанхуй байх, шуурга шуурч байсан цаг агаарын нөхцөл байдал нь замын тус эгнээнд саад үүсгэсэн, тойрон гарах үйлдэл хийх шаардлагатай болсон гэсэн нөхцөлд хамаарахгүй байна.

Урсгал сөрөх үйлдэл хийсэн шалтгааныг тодруулахад, халтиргаа үүсэхээс болгоомжилсон буюу өөрт учирах эрсдлийг багасгах зорилготой байсан гэж үзэхээр байна.

Өөрийн эрх, ашиг сонирхлыг хангахын тулд хууль тогтоомж зөрчих, үүрэг зөрчих тохиолдол байж болох хэдий ч энэ нь бусдын өмнө хүлээсэн хариуцлагаас чөлөөлөх, хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.

Өөрийн болон бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гарцаагүй байдлын улмаас үйлдэл хийж, зөрчил гаргасан гэж үзэх Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын арга, хэлбэрт хамаарахгүй байгаа дурдах нь зүйтэй.  

Хариуцагчийн бусдад гэм хор учруулсан үйлдэл нь энэ агуулгаар “эсрэг урсгал сөрсөн” идэвхитэй үйлдэл байх цаг агаарын нөхцөл байдал нь урсгал сөрөх үйлдэл хийх зайлшгүй шалтгаан биш байна. Цаг агаарын нөхцөл байдал, харанхуй байх орчны нөхцөл байдал нь урсгал сөрж, гэм хор учруулсан үйлдлийн гэм буруугийн шалтгаант холбоо болохгүй байх тул хариуцагчийг гэм буруутай гэж үзэв.      

  Хариуцагч тухайн осол гарч, хохирол учирхад хохирогчийн хурд хэтрүүлэн явсан буруутай үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 51* зүйлийн 514.1 дэх хэсэгт, “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж зохицуулжээ.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчим болон 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудын агуулга, зорилго нь “зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх” зорилготой юм. Энэ агуулгаар хохирогчийн болгоомжгүй үйлдэл бүрийн хэмжээгээр гэм буруутай этгээдийг хариуцлагаас чөлөөлөх “зарчмаасаа гажсан” зохицуулалт биш гэдгийг дурдая.

Хуулийн дээрх зохицуулалтын “хэтэрхий болгоомжгүй” гэсэн хязгаарлалт нь “нийтээр хүлээн зөвшөөрч үл болох” онцгойлсон тухайн тохиолдолд гэж тайлбарлагдана. Харин “хохирлын хэмжээ нэмэгдэхэд” гэсэн ойлголт нь “хохирсон хэмжээ”, “нэмэгдсэн хэмжээ” гэж ялгаж тодорхойлохуйц байхыг шаардана. Хуулийн хэрэглээний дурдсан тайлбарын дагуу нэхэмжлэгч хурдыг 10 км/ц-аар /90 км.цаг хурдтай явсан/ хэтрүүлсэн үйлдлийг хэтэрхий бологоомжгүй үйлдэлд хамаархгүй, хохирлын хэмжээг “учруулсан хохирол”, “нэмэгдсэн хохирол” гэж ялгаж тодорхойлох боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 51* зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөгийг хангаж, үлдэх 500 000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Огаас 4 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Огаас 85 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН

                               ШҮҮГЧИД                                   З.БАЯРМАА

  Б.МАНДАЛБАЯР