| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00445/И |
| Дугаар | 445 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 445
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2-р баг, 2-р хэсэг, 086 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажиллаж байсан, Боржигон овогт Жамъяншаравын Сарнай РД:/ТК78090803/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 12 байр 01 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн дарга ажилтай, Боржигон овогт Бямбацогтын Нарангэрэл /МТ-80060401/ Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв /-д холбогдох
“Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн захиралын 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 тоот тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Сарнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Орогил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сарнай нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие Ж.Сарнай нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015.07.01-ний өдрийн 07 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвд туршилтын хугацаа дуусч хот хоорондын тасалбар түгээгчээр жинхлэн томилогдсон билээ.
Тус хугацаанд авто тээврийн төвийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан албан үүргийг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэж байсан бөгөөд халагдах тушаал гарах хүртлэх хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл авсан зүйл байхгүй ажиллаж байсан. Ажлын байрын чиг үүрэгт заасны дагуу би өдөр бүр кассын орлогыг програмд оруулан орлогоо банкинд тушаан нягтлан бодогчид хянуулдаг байсан.
Гэтэл 1 дүгээр сард орлого дутсан талаар сарын эцэст мэдэгдсэн боловч түүнийг тодруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэнийг буруутай үйл ажиллагаа болохыг тогтоогоогүй ба надад үүнтэй холбоотойгоор буруутган ямар нэг сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин 2 дугаар сард мөн орлого дутахад дээрхийн адил шалтгааныг нь тодруулахгүйгээр намайг дутаасан баримтанд гарын үсэг зурахыг шаардсан, тус баримтанд би гарын үсэг зурахгүй миний буруутай үйл ажиллагаа биш гэсэн тайлбарыг өгсөн боловч, менежер Серикбол “та санаа зоволтгүй таны ажлын байртай ярихгүй сахилгын арга хэмжээ авна, ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй” гэж хэлсэн ингээд 3 дугаар сарын 20-нд намайг хуурч гарын үсэг зуруулсан.
Гэтэл тус орлого хэрхэн дутсан хэний буруутай үйл ажиллагаа болох талаар ямар нэгэн хяналтын байгууллага шалгаж тогтоосон зүйл байхгүй өдөр бүр надад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавих үүрэгтэй нягтлан маань намайг тус орлогыг дутаасан гэж гэрчлээд байгаа юм.
Энэхүү тушаал гардаг өдөр буюу 03 дугаар сарын 29,30 өдрүүдэд Ж.Сарнай миний бие нь графикийн амралттай байсан.
... Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.4 хуульт тогтоомж дүрэм журам зөрчсөн хууль бус үйлдэл хийсэн, 11.7.7 Нягтлан бодох бүртгэлийн баримт данс, санхүүгийн баримт дур мэдэн засварласан, мэдээ тайланг худал гаргасан, будлиантуулах, хугацаанд нь гаргаж ирүүлээгүй, бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй бүртгээгүй зэрэг үндэслэлээр халсан нь тогтоогдохгүй байгаа бөгөөд миний бие албан ажлын програмын дагуу бүртгэлийг тогтмол хугацаанд нь бүртгэж, мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж байсан хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй тул Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, ниигмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Б.Нарангэрэл 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаал нь үндэслэлтэй тул Ж.Сарнайгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Нарангэрэл 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Ж.Сарнайгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ж.Сарнай нь нэхэмжлэлдээ ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан албан үүргийг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч Ж.Сарнай нь
1. 2016 оны 1-р сарын сүүлээр Зэлтэрийн зам ХХК-тай тооцоо нийлж үзэхэд 474.620 төгрөг дутуу, мөн 2-р сарын сүүлээр тооцоо нийлж үзэхэд 242.626 төгрөг дутаасан нь тооцоо бодсон акт болон өөрийн хийсэн эд хариуцагчаас өгөх тайлбараар нотлогдсон.
2. Улс болон хот хоорондын гүйлгээний утгыг 2016 оны 01-р сарын 11, 12, 17 гэх мэтээр удаа дараа буруу бичиж данс будилаантуулж тооцоо нийлэхэд бэрхшээл үүсгэсэн.
3. 2016 оны 01-р сарын 01-ээс 03-р сарын 31-ийг хүртэлх тухайн эд хариуцагчийн кассын программыг шалгаж үзэхэд нийт 346 үлдэгдлээр 3.198.600 төгрөгний тийзийг тодорхой шалтгаангүйгээр устгасан байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 03-р сарын 29-ны №10 тоот тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул 2016 оны 04-р сарын 26-нд гаргасан нэхэмжлэгч Ж.Сарнайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна! гэжээ
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сарнай нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан “ Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 10 дугаартай тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Сарнай нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот “Ж.Сарнайг ажлаас халах тухай” тушаал гарснаар зохигчдын хооронд маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч Ж.Сарнай нь Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвд хот хоорондын тасалбар түгээгчээр ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болгосон нь тус төвийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал, зохигчдын тайлбар, зэргээр тус тус тогтоогдож байна.
Ажил олгогч нь дээрхи тушаалыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГын захирлын А/115 дугаар тушаалаар батлагдсан Аймгийн авто тээврийн төвийн нийтлэг дүрмийн 4.4 дэх заалт, МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1,3.17.2,11.7.1,11.7.4,11.7.7 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргажээ.
Дээрх тушаалд “Ж.Сарнай, Ц.Анхтуяа нарыг 2016 оны 1,2 сард кассын орлогоос дутаасан нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр хот хоорондын таслбар түгээгчийн ажлыг нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгожээ.
Нэхэмжлэгч Ж.Сарнайг дээр дурдсан зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг авч үзвэл түүнийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2016.03.29-ний өдрийн 10 тоот тушаалаар гаргаж Ж.Сарнайг ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь Үндсэн хууль болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм.
Гэтэл ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвд үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. Иймээс ажил олгоч ажилтанг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан учир дутагдалтай.
Мөн ажил олгогч Ж.Сарнайг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасныг нотлох хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн ажилтныг дээрх үйлдэлд буруутай талаарх эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад ажлаас халсан болох нь гэрч Д.Ганчимэгийн шүүх хуралдаан өгсөн... Сэлэнгэ аймгийн авто тээврийн үндэсний төвийн санхүү, бэлэн мөнгөний тооцоо, тээвэр зохицуулалт хамтран ажилладаг байгууллагуудын тооцоог хариуцдаг, ... тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогч бүх тооцоог хянаж шалгах эрхтэй. Мэргэжлийн байгууллага буюу аудитын хяналт шалгалт тодорхой хугацаатай байдаг. 11 сард манайд аудитын шалгалт хийгдсэн. Авто тээврийн төвийн даргын тушаалаар 4 хүн ажлаас халагдсан. байдаг. Тэдгээр хүмүүс 4 сард аймгийн засаг даргад гомдол гаргасан байсан. Тухайн үед аймгийн засаг даргын захирамжаар аудитын шалгалт хийгдсэн. Тэрний хариу гараагүй, Ж.Сарнайгийн эрхээр Анхтуяа ордог байсан... гэх мэдүүлэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын шүүх хуралдаанд гаргасан ... эрх бүхий байгууллагаас 4 сараас хойш удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй байгаа. Тийм учраас нотлох баримтанд үнэлүүлэх боломжгүй тул шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна ... гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн захиралын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Сарнайг тус төвийн тасалбар түгээчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, түүнд зохих бичилтийг хийлгэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Сарнайгийн сүүлийн 2016 оны 1,2,3 дугаар саруудад авсан цалингийн нийлбэр 1.812.700:3 = 604.233 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч байх тул, ажилгүй байсан 2016.04.01-нээс 2016.08.19-ний өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол:
2016 оны 4 сараас 2016 оны 7 дугаар сарын 29 хүртлэх сарын дундаж цалин 604.233 х 4 сар = 2.416.932 / төгрөг,
2016 оны 8 сард ажлын 22 хоног, ажилгүй байсан 15 хоног тул 604.233: 22 хоног= 27465 төгрөг х 19 хоног=521.835 төгрөг,
бүгд 2.416.932+521.385= 2.938.767 төгрөг байна.
Нэхэмжлэгч Э.Сарнайгийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+61970/ нийт 132.170 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Б.Нарангэрэл нь “шүүх хуралд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулана” гэсэн хүсэлтийг утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн захиралын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Сарнайг Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн тасалбар түгээгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвөөс 2.938.767 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарнайд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.Сарнайгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвд үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сарнай тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 132.170 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс 70.200 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ