| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0060/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 67
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005980024 дугаартай, 163/2020/0060/Э индекстэй Б.П т холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт О аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б-ын П,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6.5032 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 390192 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915005980024 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ч.Б-ий өгсөн: “...Би Булган аймгийн ...ийн байгаль хамгаалагч хийдэг. ...ийн нутаг “Ц” гэдэг газар нь ойн ашиглалтын бүсчлэлд орно. 2019 онд “Ц” гэх газарт ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 44-45 хуудас/,
Гэрч Н.Б-ны өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Бугат сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд **-** ОРО улсын дугаартай хөх өнгийн ачааны Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр түлээний мод аччихсан явж байхад нь шалгасан. Шалгахад Б.П гэдэг хүн ямар нэг зөвшөөрлийн бичиггүй мод тээвэрлэж явсан. Ийм учир цагдаагийн хэсэг дээр авч ирж саатуулсан. Зогсоож шалгахад Б.П нь өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. **-** ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь “Х” ХХК-ны нэр дээр байдаг машин байсан. ...” гэх мэдүүлэг /хх 47 тал/,
Гэрч Ш.Э-гийн өгсөн: 2019 онд ...ийн нутаг “Ц”-ын урд ам “Нарстай” гэх газарт мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт 2019 онд хийгдээгүй болно. Ногоон бүсийн ойд ордог газар байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 48 хуудас/,
Гэрч Ж.Э-ийн өгсөн: “...Надад өмнө нь ...-... ОРО улсын дугаартай бага оврын ачааны хөх өнгийн ачааны тээврийн хэрэгсэл байсан. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Х банк бус санхүүгийн байгууллагад нэг сая төгрөгний барьцаанд тавиад ...-... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унах нөхцөлтэйгээр Хын нэр дээр шилжүүлсэн байгаа. Зээл аваад 3 сар зээлээ төлж байна. Зээлийн үлдэгдэл 700 гаран мянган төгрөг үлдэгдэлтэй байгаа. ...Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр унадаг. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Бугат суманд аавындаа мод буулгана гэж хэлээд явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 50 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Х-ын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ...-... ОРО улсын дугаартай Портер маркийн машиныг унах нөхцөлтэйгээр 1 сая төгрөгийн барьцаанд Ж.Э гэх хүн тавьж Орхон аймаг лахь “Х” ББСБ-аас зээл авсан. Тухайн үед Ж.Э нь нөхөр П ын хамт ирээд зээл авсан. ...Зээлийн үлдэгдлээ төлчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 36 хуудас/,
Шүүгдэгч Б.П яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 12 дугаар сарын 11-ны өглөө 11 цагийн үед Булган аймгийн Ц ын урд ам “Нарстай” гэх газар луу түлээний модонд явж түлээний модоо хийчихээд Булган аймгийн Бугат суманд оршин суудаг аавындаа буулгах гээд Цагдаа намайг зогсоон шалгаж тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 хуудас/,
2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр 97 ширхэг хуурай, нойтон түлээний модны үнэлгээ 390192 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 78 тал/,
2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгдэгч Б.П ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд сум дундын ойн инженер Б. Ж гийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 390192 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Э Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 1170192 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-82 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 01-0/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 06/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 07-13/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 14-16, 27-29/, мод, хөрөө, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-26/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 58-60, 66-67, 74-75, 79-80, 83-84/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд /хх 88-91/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 92/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6.5032 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 390192 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар шүүгдэгч Б.П ын гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгч Б.П ын мэдүүлэг, хохирогч Ч.Э , гэрч Н.Б, Ш.Э, Ж.Э нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тээврийн хэрэгсэл, хөрөө, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоолууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 57/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.П ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 390192 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1 -т заасныг үндэслэн улсын байцаагчийн тогтоосон “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 1170192 төгрөгийг нэхэмжилсэн байх шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирол бодит байдлаар төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч Б.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...-... ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь “Х” ХХК-ий өмчлөл, эзэмшилд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул “Х” ХХК-ны өмчлөл, эзэмшилд хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “Х” ХХК нь Ж.Э иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр ...-... ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 1000000 төгрөгийн зээл өгч зээлийн гэрэээний эргэн төлөлт гэрээний дагуу зээл төлөгдөж байгаа нь иргэний нэхэмжлэгчийн тайлбар, зээлдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул иргэний нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хэлцээгүй орхисон болно.
Шүүгдэгч Б.П оос “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан /хх-53-55 тал/ үнэлгээний дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 6.5032м3 мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 70000 төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б.П оос гаргуулах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...-... ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгнөөс байгаль экологид учирсан хохирол 1170192 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах санд олгож, хохирлоос үлдэх 1829808 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э харуул овогт Б-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Тохижилт үйлчилгээний анги”-д эдлүүлж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5-т заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Б.П-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...-... ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг “Х” ХХК-ны өмчлөл, эзэмшилд хэвээр үлдээж, түүний үнэ 3000000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.П оос гаргуулж Улсын төсөвт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн /моторт/ цахилгаан хөрөө, ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн 6.5032м3 шинэс төрлийн модыг хурааж, үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-т заасныг баримтлан шүүгдэгч Б.П оос гаргуулах тээврийн хэрэгслийн үнэ 3000000 /гурван сая/ төгрөгнөөс байгаль экологид учруулсан хохирол 1170192 /нэг сая нэг зуун далан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах санд олгож, хохирлоос үлдэх 1829808 /нэг сая найман зуун хорин есөн мянга найман зуун найман мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.П т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ