Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/114

 

                                   

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт  Л-т холбогдох эрүүгийн 1921007780082 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4, 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар нийт 2 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 3 жилийн ялааар шийтгүүлж байсан гэх, овогт  Л. /РД: ЖЙ /

 

Шүүгдэгч Л нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг сумын төвийн хойд талд бэлчээрээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А-ын эзэмшлийн 18 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч  Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би Халх гол сумаас мод морин тэргээр ачиж, зардаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд мод авахаар очиход голын ойролцоо хэдэн адуу байсан. Намайг анзаарч харахад тэдгээр адуу манай малчдынх биш байсан. Тэгээд би тэдгээр 17 тооны адууг голын бургасны баруун талд гаргаад орхисон. Маргааш өглөө очиход тэндээ байж л байсан. Тэр 17 тооны адуу их ядарч, туйлдсан байхыг нь хараад нэлээд удаан туугдсан байна гэж бодсон. Хэн нэгэн хүн ирж авахгүй болохоор нь Б-ны гэрт туугаад очсон. Намайг туух үед нэг унага огт явж өгөхгүй болохоор нь үлдээгээд явсан. Тэр адуун дунд азарга байгаагүй. Би Б-д 17 тооны адууг 10 гаруй хонуулсан. Тэр хугацаанд хэн нэгэн сураглаж ирээгүй болохоор алдуул адуу байна гэж бодоод тамгалсан. Тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа тагнуулын газраас хил давж орж ирсэн адуу хайж байна гээд ирсэн. Миний авчирсан морьд хилээс орж ирсэн гэх морьдтой өнгө, зүс нь таараагүй учраас намайг сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн...гэв.

 

            Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын төвд эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. ... 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ... адуунууд маань худаг дээр бүрэн бүтэн байсан. Харин 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр адуундаа яваад олоогүй. Тэрнээс хойш Хэрлэн, Сэргэлэн, Цагаан-Овоо ... сумын нутгаар 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хайгаад олоогүй. ... манай найз Б-л над руу залгаад Халхгол сумын хэсгийн цагдаа фэйс бүүк дээрээ чиний алдагдсан адуунуудтай ижилхэн адуунуудыг зураг тавиад эзнийг нь хайж байгаа тухай хэлсэн. Улмаар би тухайн ... хаягаар орж хартал миний 6 тооны адуу зүсээрээ байсан. ... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Халхгол сумын хэсгийн төлөөлөгч Б-ийн хамт 3 дугаар баг ******* гэх газарт  нутаглах иргэн Б-ны гэрт нь очиж нийт 18 тооны адуунаас 16 тооны адууг хүлээж авсан. Тухайн адуунуудыг Б-н хэлэхдээ Л манай 16 тооны адуу авчирч үлдээсэн гэж хэлсэн. ... надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 40-43 тал/

 

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны орчим Халхгол сумын 3 дугаар баг, Хонхор гэх газарт гэртээ байж байхад 14 цагийн орчим Л нь баруун хойноос 16 тооны хул ухаа халзан азаргатай адуу ганцаараа тууж манайд ирсэн...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 тал/

-  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32-35 тал/

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 37-38 тал/

            - Л-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-50, 79-80 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  овогт  Л нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, сумын төвийн хойд талын бэлчээрээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч А-ын эзэмшлийн 18 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 12000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч А, гэрч Б-н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор  “...шүүгдэгч Л нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, харин алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү”   гэсэн саналыг гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад хохирогч А “...Халхгол сумын хэсгийн төлөөлөгч Б-ийн хамт 3 дугаар баг ******* гэх газарт нутаглах иргэн Б-ны гэрт нь очиж нийт 18 тооны адуунаас 16 тооны адууг хүлээж авсан. ... миний 12 адууны “Д” үсгэн тамган дээрээс нь хүрээтэй 3 нүдэн чандмань тамгаар тамгалсан байсан. ... мөн хонгор халзан азаргийг хөнгөлж засаад морь болгосон байсан...” /хх-ийн 41-42, 43  тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б-ны “...Л баруун хойноос 16 толгой хул халзан азаргатай адууг ганцаараа тууж манайд ирсэн. ... Юун адуу юм бэ? гэхэд “Матад” сумаас авч ирсэн гэж хэлсэн. ... хүнээс авах ёстой адуу юмаа гэж хэлж байсан. ... цагдаа ирэхэд хулгайн адуу гэж мэдсэн...” /хх-ийн 60-61 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б-ийн “...А-ын адуунууд байнга бэлчээртээ байдаг, сумын нийтийн худагнаас өдөр болгон усалж байдаг. 2019 оны 09 дүгээр сарын эхээр А бид хоёр Баянхонгор аймаг явах гэж байхад А нь адуугаа алдсан гээд явахаа больсон...” /хх-ийн 70 тал/ гэх  мэдүүлэг зэргээр шүүгдэгч Л нь бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Л нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

            Шүүгдэгч  Л-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Л-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хөндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хүрээтэй Гурван нүдний чандмань тамга” 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Л-ийн ЖЙ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт  Л-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч  Л-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хүрээтэй Гурван нүдний чандмань тамга” 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Л-ийн ЖЙ  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ