Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 524

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Сувданчимэгт холбогдох “Зээл 1.344.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хишигсүрэн овогтой Сувданчимэгээс 1.344.900 төгрөг гаргуулах тухай.

            Иргэн Хишигсүрэн овогтой Сувданчимэг нь  2014 оны 10-р сарын 10-ны  өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10702984 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Х.Сувданчимэгээс үндсэн зээл 1.013.500 төгрөг, хүү 320.000 төгрөг, торгууль 2400  төгрөг, нотариатын төлбөр 9000 төгрөг нийт 1.344.900 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг боргүвээ 1-р хэсэг 094 тоотод оршин суух Суварган хайрхан овогт Хишигсүрэнгийн Сувданчимэг нь /МЮ-89011885/ шүүхэд гаргасан тайлбартаа:

            Хишигсүрэн овогтой Сувданчимэг миний бие нь Сэлэнгэ аймаг дахь “Вишнфанд” ББСБ-аас 2.500.000 төгрөгний зээл 18 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Одоо үлдсэн төлөх мөнгийг /1.344.900/ 201 он дуусахаас өмнө төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч Х.Сувданчимэгт  холбогдуулан “1.344.900 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Хишигсүрэн овогтой Сувданчимэг миний бие нь Сэлэнгэ аймаг дахь “Вишнфанд” ББСБ-аас 2.500.000 төгрөгний зээл 18 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Одоо үлдсэн төлөх мөнгийг /1.344.900/ 2016 он дуусахаас өмнө / төлж барагдуулна...”  гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.470 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18.235 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18.235 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Сувданчимэгт холбогдох “1.344.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.470 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18.235 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 18.235  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН