Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 535

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Х.Дэлэрцэцэгт холбогдох “5,193,990 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                       Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        ...Иргэн Х.Дэлгэрцэцэг нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон.

          Зээлдэгч нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр нь сумыг хохиролгүй болгох нэхэмжлэх гаргав. Бид удаа дараа шаардсан болно.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр эрхлэлт нийгмийн бодлогын мэргэжилтэн Базаррагчаа овогтой Мөнхзул. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Халзан овогтой Дэлгэрцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 5,193,990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2-р баг булгийн 1-7 тоотод оршин суух хаягтай Халзан овогтой Дэлгэрцэцэг /РД: МА-58122608/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тус сумын 2-р багийн иргэн Дэлгэрцэцэг би сум хөгжүүлэх сангаас зээл 10 саяыг авсан зээлийн үлдэгдэл 5,193,990 төгрөгийг 2017 оны 02-р сарын 15-ны дотор төлж барагдуулана. Төлж барагуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Х.Дэлэрцэцэгт холбогдох “5,193,990 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...би сум хөгжүүлэх сангаас зээл 10 саяыг авсан зээлийн үлдэгдэл 5,193,990 төгрөгийг 2017 оны 02-р сарын 15-ны дотор төлж барагдуулана. Төлж барагуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зөвшөөрч байна” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 5,193,990 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 98,054 төгрөгний тал хувь 49,027 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Х.Дэлэрцэцэгт холбогдох “5,193,990 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 5,193,990 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 98,054 төгрөгний тал хувь 49,027 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ЭНХТАЙВАН