Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 256

 

 

Д.Дарханбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Дарханбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголбанкинд холбогдох

 

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оршихийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Дарханбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б84 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлаар томилогдож, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 03/014 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь илт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон. Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг гол үндэслэлээ болгосон бөгөөд ажлаас халах тушаалын 1 дэх заалтад ...хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, Монголбанкны эд хөрөнгийг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоолуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн. Гэтэл миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт нь огт үндэслэлгүй учраас уг актыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, Төв банкны тухай хуульд заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргаагүй учраас сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажлаа сайн хийж байсан бөгөөд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулж байсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн зүгээс миний ажлыг өөрчилж, ажил хүлээлцэх хүний талаар саналаа бэлдэж танилцуулахыг даалгасан байсан.

Ийм учраас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даалтгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус аймаг дахь Монголбанкны хэлтэст хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтын зорилго, хамрах хүрээ нь мэдээлэл ирүүлсэн этгээдтэй болон хэлтсийн нийт ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, мэдээлэлд дурдагдсан асуудлууд үнэн эсэхийг тогтоож баримтжуулах, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн хяналтын камерын бичлэгт иж бүрэн шалгалт хийх, (нуусан, эвдэрсэн, устгагдсан файл байгаа эсэхийг шалгаж тогтоох, шаардлагатай тохиолдолд сэргээн шалгах), Хяналтын камерын техникт иж бүрэн үзлэг, үйлчилгээ хийх, уг шалгалтаар гарсан зөрчил нь Хэлтсийн захирал Д.Дарханбаяртай уулзахаар ирсэн хүмүүс нь бичиг баримтаа шалгуулалгүй хэлтсийн захирлын өрөөнд ордог байсан нь Монголбанкны байранд нэвтрүүлэх журмыг зөрчиж, гэрээт харуул, цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байсан, ажлын цагаар гадны хүн хүлээн авч, албаны бус уулзалттай байхдаа зузаатгал авах, мөнгө тушаахаар ирсэн банкны ажилтнуудыг удаан хугацаагаар хүлээлгэж чирэгдүүлсэн тохиолдол гаргасан, Монголбанкны хэлтсийн 00-97 ДАР улсын дугаартай албаны автомашиныг захирал Д.Дарханбаяр нь гадны хүнээр жолоодуулан ашигласан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед нягтлан бодогчийг орлон ажиллаж байсан хянан шалгагч Ж.Баасансүрэнг ажил дээр дуудаж 50 000 төгрөгийн бензиний талон гаргуулан авч, гадны хүнээр бариулан гарч явсан нь холбогдох баримт, камерийн бичлэгээр нотлогдож байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэлтсийн автомашиныг гадны хүнээр жолоодуулж явсан нь камерийн бичлэгт хадгалагдсан байна.

Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас тус хэлтэс дээр хэсэгчилсэн шалгалтыг гүйцэтгэхдээ Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн үйл ажиллагааны талаар Монголбанкны Ерөнхийлөгчид ирсэн мэдээлэлд тусгагдсан асуудлууд үнэн бодитой эсэхийг шалгах, баримтжуулах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгийг шалгасан. Мөн шалгалтын хэсэг нь хэлтсийн ажилтнуудтай шалгалтын хамрах хугацаанд уулзалт хийж уулзалтыг протоколоор баталгаажуулсан. Ийнхүү цугларсан мэдээлэл, нотлох баримтыг судлан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Д.Дарханбаярт сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон болно. Иймд Монголбанкны зүгээс нэхэмжлэгч Д.Дарханбаярыг ажлаас халахдаа хууль, журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дарханбаярыг урьд эрхэлж байсан ажил буюу Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 065 738 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дарханбаярт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дарханбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголбанкинд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Дарханбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Монголбанкнаас 128 001 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хууль, журмын заалтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Монголбанк нэхэмжлэгч Д.Дарханбаярыг "ажлаас халсан тушаалын үндэслэл болсон Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 29 дүгээр зүйлд" гэж дэлгэрэнгүй тайлбарласан нь буруу юм. Монгол банк нь нэхэмжлэгч Д.Дарханбаярт сахилгын шийтгэл ногдуулсан Б-462 дугаар тушаал дээр Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг үндэслэсэн ба уг хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулан удирдах эрхтэй байдаг тул Монголбанкны хэлтэс, салбарын захирлыг томилох, өөрчлөх, халах эрх нь үүнд багтаж байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх хэсэгт зааснаар уг журмын 3.3 дахь хэсэгт заасан ажилтанд хориглох зүйлийг зөрчсөн нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан. Д.Дарханбаярын гаргасан зөрчил нь энэүү журмын 3.3.1 "з"-д шууд хамаарах тул үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 131 дүгээр зүйлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 10.2 дахь хэсэгт зааснаар Монголбанкны Ерөнхийлөгч нь орон нутаг дахь хэлтэс, салбарын захиралд сахилгын шийтгэл ногдуулах, орон нутаг дахь хэлтэс, салбарын захирал нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж өөрт нь мэдэгдэх харилцааг зохицуулсан байдаг ба Д.Дарханбаярт сахилгын шийтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ногдуулсан болно. Д.Дарханбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гуравдугаар бүлэгт "Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл"-ийг зохицуулсан байдаг ба уг гэрээний 3.2.1-т "Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т заасныг тус тус зөрчсөн" тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох харилцааг зохицуулсан байдаг тул Монголбанк нэхэмжлэгч Д.Дарханбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Төв банк (Монгол банкны)-ны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан заалтын дагуу хуулийг зөв хэрэглэсэн.

Д.Дарханбаярын гаргасан зөрчлийг Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус аймаг дахь хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийсний үндсэн дээр холбогдох шалгалтын акт, материалаар хангалттай тогтоосон. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15.5-д зааснаар Монголбанк нь нэхэмжлэгч Д.Дарханбаярт сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халахдаа Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын шалгалтын акт, дүгнэлтийг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай бүрэн нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Дарханбаяр хариуцагч Монголбанкинд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Дарханбаяр Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар тушаалаар хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, Монголбанкны эд хөрөнгийг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоодуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.                                                          /хэргийн 14 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага Б462 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Дарханбаярыг ажлаас чөлөөлөхдөө Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хийсэн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг тус тус баримталсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

Ажилтныг ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заагаагүй байх тул ажилтан Д.Дарханбаярыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан баримтаар нотлогдоогүй. Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 065 738 төгрөгийг хариуцагч Монголбанкнаас гаргуулж нэхэмжлэгч Д.Дарханбаярт олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголбанкинд даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал Д.Дарханбаяртай уулзахаар ирсэн хүмүүс нь бичиг баримтаа шалгуулалгүй хэлтсийн захирлын өрөөнд ордог, ажлын цагаар гадны хүн хүлээн авч албаны бус уулзалттай байхдаа зузаатгал авах, мөнгө тушаахаар ирсэн банкны ажилтнуудыг удаан хугацаагаа хүлээлгэдэг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, Монголбанкны албаны автомашиныг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоодуулсан, бүрэн хариуцсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Д.Дарханбаярыг Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн Монголбанкны Ерөнхийлөгчийн Б462 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй зөв байв.

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ