Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 534

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйгийн нэхэмжлэлтэй Б.Мөнхгэрэлд холбогдох “Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Б.Мөнхгэрэл нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон.

             Зээлдэгч нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр нь сумыг хохиролгүй болгох нэхэмжлэх гаргав. Бид удаа дараа шаардсан болно.

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр эрхлэлт нийгмийн бодлогын мэргэжилтэн Базаррагчаа овогтой Мөнхзул. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт оршин суух хаягтай Баасандалай овогтой Мөнхгэрэлээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 8,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Эвлэрлийн гэрээнд:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул миний бие хариуцагч

Б.Мөнхгэрэлтэй дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.

              Үүнд: Б.Мөнхзул би нэхэмжлэлд дурьдсан Мөнхгэрэлээс нэхэмжилсэн 10 сая төгрөгнөөс зээлийн хугацаанд төлсөн 2 сая төгрөгийг хасаж нийт 8 сая төгрөгийг нэхэмжлэхээр зөвшөөрч байна.

            2.Мөн нэхэмжлэлийн шаардлага болох дээрх зээлийн үлдэгдэл болох 8 сая төгрөгийг барьцаалсан барьцаа хөрөнгөөр хохиролыг барагдуулах шаардлагаасаа татгалзаж байна.

  1. Дээрх үлдэгдэл 8 сая төгрөгийг харилцан тохиролцсон хугацаандаа төлөхийг хүлээн зөвшөөрч байна. /2017.02.15/-ны дотор төлөх болно.

       Хариуцагч Б.Мөнхгэрэл би дараахь гэрээг байгууллаа.

       

            Үүнд:   1. нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд дурьдсан 10 сая төгрөгнөөс

зээлийн эргэн төлөлтийн хугацаанд төлсөн 2 сая төгрөгийг хасуулж үлдэгдэл 8 сая төгрөгийг төлөхөөр харилцан тохирч зөвшөөрсөн болно.

                        2. Дээрх 8 сая төгрөгийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулна. /2017.02.15-ны дотор төлж дуусгана/.

                        3. Зээл авахад барьцаалсан Улсын бүртгэлийн V-1301000175 дугаартай бүртгэгдсэн 2 хүний өмч болон хувийн орон сууц 0307842 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3-р баг Хондод байрлах 1028 га газраар хохиролыг барагдуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 8 сая төгрөгийг тогтоосон хугацаанд төлөхийг зөвшөөрч байна.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч \.........................\  Б.Мөнхзул                                  Хариуцагч \................................\ Б.Мөнхгэрэл гэж гарын үсгээ зуржээ.

           

            Хэрэгт цугларсан бигийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ  нь:

            Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 8,000,000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн тал хувь болох 71,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйгийн нэхэмжлэлтэй Б.Мөнхгэрэлд холбогдох “8,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийн зохигч нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 8,000,000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийн тал хувь болох 71,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭНХТАЙВАН