| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0039/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 68
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б д холбогдох 163/2020/0039/Э индекстэй, эрүүгийн 2015000900042 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох алтны баяжмалтай шороо хууль бусаар авч, харуулын байранд гар аргаар угааж 3.1 грамм алт гарган авч завшсаны улмаас 433.873 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000900042 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ж.М ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний 13 цагийн үед камерийн хяналтын ажилтан У гаас компанийн алт угаах хэсэгт нинжа орчихлоо гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд очоод шалгахад нинжаа нь байхгүй байсан. Тэгээд тухайн цэг дээр гач байгаа хамгаалагч Б гөөс асуухад нинжааг алдчихлаа гэсэн мэдээ өгсөн. Тэгээд буцаж очоод камерийн хяналтын ажилтнаар шүүлгэтэл Б гэх манай ажилтан тухайн нинжааг өөрийн биеэр дагуулж ороод гаргаж байгаа бичлэг байсан. Тэгээд Б г постноос нь буулгаад үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өөр постон дээр тавьсан. Тэгээд маргааш өглөө нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн хэргийн талаар нь асуутал өөрийн биеэр оруулсан гэж хүлээсэн. Тэгээд тухайн хүний утсыг аваад шалгаж үзэхэд утсан дээр нь шар өнгийн металны зураг байсан. Энэ юун зураг болох талаар асуухад анх ажилд ороод 2-3 хоногийн дараа үйлдвэрийн металл угаалтын тоног төхөөрөмжийн суурийн доод хэсгээс шороо аваад өөрийн гардаг постон дотроо угаасан тэгтэл алт гарч ирсэн гэж хэлсэн. Тэгээд тэр металл хаана байгаа талаар асуухад гэртээ нуусан байгаа гэж хэлсэн. Тэгээд Б гийн гэр лүү манай “С” ХХК-ний албаны дарга О ын хамт яваад гэр лүү очиход гэрийнхээ унинд хавчуулсан байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Л.У гийн өгсөн: “...13-14 цагийн үед 33 дугаар постонд үүрэг гүйцэтгэж байсан Б гэх алба хаагч хар хувцастай нинжаад хар ууттай зүйл өгөөд явуулж байгаа харагдсан..., тус өдрийн оройн 19 цаг 47 минутад Б гэх алба хаагч эргүүлд гарсан, эргүүлд гарч байх хугацаандаа нинжаа дуудаж бас л ууттай зүйл өгч явуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Д.О ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ... Б нинжа дагуулж ороод гаргаж байгаа талаар бичлэг байсан. Тэгээд Б г тухайн постон дээрээс буулгаад өөр хүн оронд нь тавиад тухайн өдөр Б г шалган нэвтрүүлэх байран дээр хонуулсан. Манай алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа утсаа хураалгадаг. Тухайн үед Б гийн утсыг авч шалгаж үзэхэд дотор нь алттай холбоотой зураг болон дансанд нь мөнгө орсон талаар мессеж зэрэг мэдээлэл байсан. Тэгээд түүнийг “С” ХХК-ийн хэлтсийн захирал Ж.М д мэдэгдээд бид хоёр 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болсон зүйлийн талаар нь Б гөөс асуухад 3 удаа нинжа оруулсан. Тэд нараас мөнгө төгрөг авдаг байсан. Тэгээд постон дээр үүрэг гүйцэтгэж байхдаа үйлдвэрийн шлүзний доороос шороо аваад постон дотроо угааж үзээд гарсан металлыг цаасанд боогоод байрладаг гэртээ унины завсар хавчуулсан байгаа гэж хэлсний дагуу би очиж үзэхэд Б гийн ... тоот гэр дотор зүүн талын унинд цагаан өнгийн 2 давхар цаасанд боосон байсан зүйлийг би аваад Ж.М захиралд аваачиж өгсөн, түүнийг бид нар онгойлгож харахад шар металл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Э.О гийн өгсөн: “...тэр металлийг хэмжихэд 3.12 грамм жинтэй байсан тэгээд тэр зүйлийг цаасанд боогоод сефинд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.Б яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 15 цагийн үед уурхайн 1 дүгээр буу гэх алт угаах зориулалт бүхий буу гэх алт угаах төхөөрөмжний хажууд хамгаалагчаар ажиллаж байхдаа сонирхоод уг төхөөрөмжний хажуу талаар нь асгарсан шорооноос 2 ширхэг ажпын бээлийнд шороо хийж аваад харуулын байрандаа аваачиж байгаад хоолны халуун савны таган дээр хар цайгаар угааж үзтэл шаргал өнгийн алт мэт зүйл гарч ирсэн. Тэгээд тухайн зүйлийг цаасанд боогоод халаасандаа хийж байгаад амралтынхаа гэрт авчирч ирээд гэрийн унинд хавчуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн’ 200041 тоот дүгнэлтэд “алт 3.1 грамм, зах зээлийн үнэлгээ 433.873 төгрөг” гэх дүгнэлт, /хх-ийн 41-45 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 59-62 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 67 дугаар хуудас/, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Б” ХХК-д аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уурхайн бүсээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох алтны баяжмалтай шороо хууль бусаар авч, харуулын байранд гар аргаар угааж 3.1 грамм алт гарган авч завшсаны улмаас 433.873 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ж.М , гэрч Л.У , Д.О , Э.О нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 200041 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.Б гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.Б гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ж.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Б нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Б г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийэ 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН