| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0133/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/129 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/129
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Д-д холбогдох эрүүгийн 2021000000073 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ... суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Д. /РД: ЖЛ/
Шүүгдэгч Д нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын******* тоотоос иргэн Д-ийн өмчлөлийн Хуавей Y-7 маркийн гар утсыг түүний охин М-аас зураг даруулчихаад буцаагаад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газарт тавьж хохирогчид 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхрийн найзын авгай болох Д гэх эмэгтэй манайд ирж уулзаад ... түрээсийн байрны хугацаа дуусчихлаа, хөөгөөд байна гэж хэлсэн. Улмаар Д-г өрөвдөөд чи очих айлгүй бол манайд хэд хонохгүй юу даа гээд ... 6 өдөр гэртээ хонуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ байхгүй хойгуур ... миний 15 настай охин болох М-аас эгч нь ээжийн чинь утсан дээр зураг дараад ирье гэж хэлээд аваад явсан байсан. ...Түүнээс хойш Д-гийн утас нь холбогдохгүй, сураггүй алга болчихсон. Охин маань Д-гийн үгэнд итгээд утсыг маань өгөөд явуулсан байсан. Миний гар утас Хуавей Y-7 маркийн цэнхэр өнгийн гадаргуутай ухаалаг гар утас байсан. ... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/
Иргэний нэхэмжлэгч О-г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... “Оюу Их Ундарга” барьцаалан зээлдүүлэх газарт Д нь Хуавей Y-7 маркийн цэнхэр өнгийн гар утсыг 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ... Д-гийн барьцаанд тавьсан гар утсыг цагдаа ирээд түр хурааж авсан. ... Хуавей Y-7 маркийн цэнхэр өнгийн гар утасны барьцаанд тавьсан үнэ болох 200.000 төгрөгийг Дгаас авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэжээ /хх-ийн 16 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/
- Эд зүйл хураан авах тухай тэмдэглэл, гэрэл үзүүлэлт /хх-ийн 5-6 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10 тал/
- Д-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 23-24 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт Д нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалатын******* тоотоос хохирогч Д-ийн өмчлөлийн “Huawei” Y-7 маркийн гар утсыг түүний охин М-аас зураг даруулчихаад буцаагаад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газарт тавьж хохирогчид 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Д-м, иргэний нэхэмжлэгч О-г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авах тухай тэмдэглэл, гэрэл үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилаж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хохирогч Д-м, иргэний нэхэмжлэгч О-г нар нь шүүгдэгчид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-гийн ЖЛ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д-д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-гийн ЖЛ ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ