Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 356

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 7-6 тоотод оршин суух Жадамбын Ариунаа, Мижидийн Жавхлан нарт холбогдох

Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 30.981.504,78 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос уг зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Жадамба овогтой Ариунаа /РД:ДЭ67111102/, хамтран үүрэг гүйцэтгэгч Мижид овогтой Жавхлан /РД: ДЭ65012217/ нар нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хас Банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200012476 тоот зээлийн гэрээний дагуу 22.000.000 төгрөгийн зээлийг 29 сарын хугацаатай,  жилийн 26.4 %-ийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар, мөн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хасбанкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200008720 тоот зээлийн гэрээний дагуу 23.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 25.2%-ийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч зээл хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаж 2015.10.15-ны өдөр 1200018897 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Зээлдэгч нь 1200008720 болон 1200012476 тоот зээлийн гэрээнүүдийн 3.2,  3.4.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Ж.Ариунаа, М.Жавхлан нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцлийг өөрчилж, зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь 1200018897 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 153 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Сутай хороо 7-6 тоотод байршилтай улсын бүртгэлийн Ү-0518002127, Ү0518001582, Г-0518000651 дугаартай 66м.кв хувийн орон сууц, 40 м.кв талбайтай граж, 1811.7 мкв газар, 2/ 2001 он арал LZZE19L111AG07681, ГАҮ17-20, steyr маркийн автомашин, 3/ Hyundai Ston маркын ГАА 95-80 улсын дугаартай, арал KMCLK19RPWC001595 автомашин, гуравдагч этгээд Галсандорж овогтой Ууганбаатарын өмчлөлийн Toyota Hilux маркын ГАА65-89 улсын дугаартай, арал RZN185-9018119 автомашин зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1/ 2016 оны 08 дугаар сарын сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200018897 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 27.488.678,78 төгрөг,  хүү 3.468.967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23859 төгрөг, нийт 30.981.504,78 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, тэмдэгтийн хураамж 312.857,5 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ариунаа, М.Жавхлан нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Жадамба овогтой Ариунаа, Мижид овогтой Жавхлан бид Хас банкны нэхэмжилсэн 30.981.504,78 төгрөгийн зээл авсан нь үнэн. Хүүхдийн тээврийн хөлс орж ирээгүйн улмаас төлж барагдуулаагүй нь үнэн. Уг зээлийг төлж барагдуулна. Нэхэмэлжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Сутай хороо 7-6 тоотод оршин суух Жадамбын Ариунаа, Мижидийн Жавхлан нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 30.981.504,78 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Ариунаа, М.Жавхлан нар нэхэмжлэлийн шаардлага 30.981.504,78 төгрөгийг төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр  зүйлийн  74.5-д  заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.857,5 төгрөгний тал хувь болох 156.428,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ариунаа, М.Жавхлан нараас 156.428,75 төгрөгийг, улсын орлогоос 156.428,75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,  30.981.504,78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Сутай хорооны 7-6 тоотод оршин суух Жадамбын Ариунаа, Мижидийн Жавхлан нар нь нэхэмжлэлийн шаардлага 30.981.504,78 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.857,5 төгрөгний тал хувь болох 156.428,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 156.428,75 төгрөгийг,  хариуцагч Ж.Ариунаа, М.Жавхлан нараас 156.428,75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                     

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН