Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 537

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Ичинноровт холбогдох “Зээл 1.949.420 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сангидорж овогтой Ичинноровоос 1.949.420 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Сангидорж овогтой Ичинноров нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Вишнфанд ББСБ-н Сэлэнгэ салбараас 10703155 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.9%-н хүүтэй зээлж авсан. Зээлдэгч С.Ичинноров нь үндсэн зээл 1.390.600, хүү нь 506.820, торгууль 41.000 нотариатын төлбөр 11000, нийт 1.949.420 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг бүргэдэй 2-27 тоотод оршин суух Боржигон овогт Сангидоржийн Ичинноров /МА-71041849/ нь  шүүхэд гаргасан тайлбартаа:

            Сангидорж овогтой Ичинноров миний бие нь “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжилж байгаа 1.949.420 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч С.Ичинноровт  холбогдуулан “1.949.420 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Сангидорж овогтой Ичинноров миний бие нь “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжилж байгаа 1.949.420 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна....”  гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.075 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 23.075 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Ичинноровт холбогдох “1.949.420 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.075 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 23.075  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН