| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00382/и |
| Дугаар | 405 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 405
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 4 дүгээр гудамж 15 тоотод оршин суух, Бадрахын Ерөөлт, Ядмаагийн Нарантуул нарт холбогдох
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41.548.101,14 төгрөг, хүү 3.416.853,98 төгрөг нийт 44.964.955,12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955,12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, хариуцагч Б.Ерөөлт, хариуцагч Я.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бадрах овогтой Ерөөлт, Ядмаа овогтой Нарантуул нар нь 12 дугаар сарын 09-ний өдөр Хасбанкны Говь-Алтай салбартай 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу 41.559.911,70 төгрөгийн зээлийг 46 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын жаргалант багт байршилтай, 000529987 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 060709010 дугаартай, 288м.кв талбай бүхий авто засвар худалдаа үйлчилгээний зориулалттай 13 жилийн хугацаанд эзэмших эрхийн газар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын жаргалант баг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүүн талд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн 000241656 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0518002320 дугаартай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй төлөхөөс зайлсхийж байгаа болно. Банкны зүгээс зээлдэгч Бадрах овогтой Ерөөлт болон түүний эхнэр Ядмаа овогтой Нарантуул нартай удаа дараа уулзаж зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 112 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлдэгч нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11,810.56 төгрөг хүү 4,988,189.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,04 төгрөг нийт 5,000,000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 44.964.955,12 төгрөг байгаа болно. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэг болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.6 дахь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41548.101,14 төгрөг, хүү 3.416.853,98 төгрөг нийт 44.964.955,12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955,12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкнаас зээлийн гэрээний дагуу нийт хүү, үндсэн хүүгээ төлөх график байгаа. Графикийн дагуу зээлээ төлөхгүй байсан тул удаа дараа гэрт нь очиж зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч графикийн дагуу зээлээ бүрэн төлж чадахгүй байгаа. Гэрт нь очиход манайх дампуураагүй бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн. Манай банкнаас анх зээл авахдаа үйлчилгээний барилгыг барьж үйлчилгээгээ 100 хувь явуулна гэж байсан ч банкны зүгээс тус барьсан барилгадаа бүрэн хэвийн үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн цайны газрын үйл ажиллагааг явуулж байсан учраас 100 хувь хүрэхгүй дутуу үйл ажиллагаа явагдаж байгаа тул банк энэ хүмүүсийг зээлийн өр төлбөрөө төлж чадахгүй байна гэж үзсэн. Тийм учраас шүүхэд хандаж барьцаа хөрөнгөнөөс зээлийг гаргуулахаар шүүхэд хандсан байгаа. Зээлийг өнөөдрийн байдлаар 17.192.000 төгрөг төлөх байсан ч 2016 оны 01 дүгээр сарын 14-ний 280.000, 01 дүгээр сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 01 дүгээр сарын 18-ны өдөр 350.000 төгрөг, 04 дүгээр сарын 28-ны өдөр 330.000 төгрөг, 04 дүгээр сарын 29-ний өдөр 230.000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 05 дугаар сарын 09-ний өдөр 130.000 төгрөг, 05 дугаар сарын 10-ны өдөр 180.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 220.000 төгрөг, 06 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр 350.000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 350.000 төгрөг, 08 дугаар сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 09 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөг, 09 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000, 10 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Тийм учраас өнөөдрийн байдлаар 46 хоногийн хугацаа хэтрэлттэй харагдаж байгаа. Зээлийн гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй учраас цаашид үйл ажиллагаа явуулах хэцүү байна гэдэг үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүнгээр зээлийн үүргийг нэхэмжилж байна. Нийт графикийн дагуу 7.900.000 төгрөгийг банкинд төлсөн байна. Одоо 9.992.000 төгрөг төлөгдөөгүй байна. Хугацаа хэтэрсэн зээлдээ ороод явж байгаа. Зээлийн төлөлт хэвийн болоогүй байна гэв.
Хариуцагч Я.Нарантууул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 40.000.000 төгрөгийг зээлийн 2,1 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгөөр зээл авсан. Банктай байгуулсан 12000388 тоот гэрээний дагуу эргэн төлөлтийг хийж байсан. Зээл төлөхдөө 1-3 өдөр хойшилж төлөлт хийгдэж байсан нь үнэн. Банкны зүгээс 112 хоногийн хугацаа хэтэрсэн гэж шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 1-2 хоногийн хугацаа хэтрэлттэй төлж байсан нь үнэн. Мөн бид хоёрыг дуудсан үед нь очихгүй зугтаж байсан тохиолдол гаргаж байгаагүй, шүүхэд өгөх талаар бид хоёрт ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Хас банкны нэхэмжлэлд заасан зарим заалтуудыг бид хоёр эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж байна. Бид нар зээлийн төлөлт хийх хугацааг зарим үед хэтрүүлж байсан ч төлөлтөө боломжоороо төлж байсан. 5.1.4-т “Зээлдэгчийн бизнес үйл ажиллагаа зогссон” гэж байна. Манайх 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн Ховд болон Ховдын булганы зорчигч нарыг хооллохоор гэрээ хийсэн. 7 хоногт дунджаар 3 автобус ирдэг, мөн Алтайн Хүдэр, Цээл сумын ажилчид манайхтай гэрээ хийж хамтран ажиллаж байгаа. 5.1.6-д “Зээлдэгч төлбөр төлөх чадвар буурсан, дампуурсан, татан буугдсан” гэж байна. Манай төлбөрийн чадвар буураагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж, жигдэрч байгаа. Манай гэр бүлийн хүн машин засварын хөлс, буудлын хөлс олж байгаа. Мөн шүүхэд өгсөн өдрөөс хойшхи хугацаа хэтрэлтийн мөнгийг төлчихсөн одоо сүүлийн 11, 12 сарын мөнгийг төлөөгүй байгаа. Тэр мөнгийг энэ сарын 15-ны өдрөөс өмнө төлчихнө. Сарын дотор 3.062.000 төгрөгийг л олсон гэв.
Хариуцагч Б.Ерөөлт шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Алтайн хүдэр, Цээлийн уурхайд том шланз тэргээ хөлслөөд дуусчихсан. Одоо тээврийн хөлс нь орж ирнэ. Тэр мөнгө нь ороод ирчихвэл зээлийн өр төлбөрөө хаачихна. Сард 10-15 рейс явахад 10-15 сая төгрөг олдог. Дараа жилийн 6 сар гэхэд бүх зээлээ дуусгана гэсэн зорилготой байна. Хас банкнаас авсан 40.000.000 төгрөгийг аваад хоёр давхраа дуусгасан. Би өөрөө нэг давхраа дуусгасан. Одоо 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх хугацаа хэтрэлтээсээ гарна гэсэн бодолтой байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь Б.Ерөөлт, Я.Нарантуул нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41548.101,14 төгрөг, хүү 3.416.853,98 төгрөг нийт 44.964.955,12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955,12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжилжээ. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэдэг. Гэрээнээс татгалзах нь нэг биелүүлсэн үүргээ нөгөө талын биелэгдээгүй үүргийн хэмжээнд буцаан шаарддагаараа гэрээг цуцлахаас /гэрээг цуцлахад талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгдөггүй/ ялгаатай тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзах шаардлага гэж тодорхойллоо.
Б.Ерөөлт, Я.Нарантуул нар нь Хас банкны Говь-Алтай салбараас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 41.559.911,70 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 46 сарын хугацаатайгаар авсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №1200019388 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь зээлийн гэрээний “...5.1.1. зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 5.1.4 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон. 5.1.6 зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээсээ татгалзжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байх тул уг шаардлагыг гаргах эрхтэй байна.
Гэвч гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан байхыг хуульчилжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно... гэсэн зэргээр тогтоосон журмыг баримтлахаар байна. Нэхэмжлэгч Хас банкны хувьд энэ журмыг баримталсан болох нь хэрэгт баримтаар тогтоогдохгүй байна. Хас банкнаас хэрэгт баримтаар гаргасан мэдэгдэл, шаардлага зэрэг нь зээл болон хүүг төлөхийг буюу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдсэн агуулгатай байгаагаас гэрээнээс татгалзах саналын агуулга байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлйин 204.1-д заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 4 дүгээр гудамж 15 тоотод оршин суух, Бадрахын Ерөөлт, Ядмаагийн Нарантуул нарт холбогдох 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200019388 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 41548.101,14 төгрөг, хүү 3.416.853,98 төгрөг нийт 44.964.955,12 төгрөг болон зээлийн гэрээ хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 108.000 төгрөг нийт 45.072.955,12 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай Хас банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН