| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00387/и |
| Дугаар | 407 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 407
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 5 дугаар баг, Гуулинд оршин суух Боржигон Монхоодойн Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойтын 1-12 тоотод оршин суух Олхонууд Сүрэншигийн Баасандуламд холбогдох
Хөргөгчний үнэ 700.000 төгрөг, 2 жаазтай хатгамалын үнэ 200.000 төгрөг жижиг ширээний үнэ 50.000 төгрөг, нийт 950.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, орон сууц хөлслөх гэрээний хөлс 325.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Бадамцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Бадамцэцэг нь 07 дугаар сарын 10-ны өдөр найзын хамт Борисын байранд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн сууна гээд эд хогшлоо тавиад явсан. 08 дугаар сарын 30-ны өдөр ирээд 09 дүгээр сарын 02-ны өдөр хот явах ажил гарлаа 4 хоногийн мөнгөө төлөөд юмаа зөөлөө гэхэд О.Борис гуай танай юм чинь байж байг, манай байруудад хүн ороогүй байна гэсэн. Би нөхрөө байгаа дээр юмаа зөөлгөе, би хий мөнгө төлж чадахгүй гэж хэлсэн. Хоногийг нь ухраагаад байж байя, 100.000 төгрөгөөр түрээслэдэг байраа надад 130.000 төгрөг гэж хэлсэн. 09 дүгээр сарын 17-ны өдөр хотоос ирээд 09 дүгээр сарын 23-ны өдөр айл руу яваад 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө ирэхэд өөр цоож зүүгээд оруулахгүй, өрөө онгойлгож өгөөгүй. Би 2 өдөр гэрийн хувцастай хичээлдээ явсан. Бүтэн сайны орой гэрт нь очиж гуйгаад онгойлгож өгөхгүй болохоор жижиг цонхыг нь цааш түлхэж онгойлгоод 2 хүүхдэдээ боорцог, сүү, тараг, ойр зуурын өмсөх хувцсаа авсан. Би 60.000 төгрөгийн хямдхан байранд юмаа зөөж тавьсан, байсан 10 хоногийн мөнгө 50.000 төгрөг өгөөд гарья гэтэл манай өрөөнөөс 2 хаалгатай хөргөгч 700.000 төгрөг, жижиг ширээ 50.000 төгрөг, тус бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 2 жаазтай хатгамалыг намайг байхгүйд гэрлүүгээ зөөж тавьсан байсан. Энэ хүнд хүний юмыг хулгайлж, барьцаалах эрх байхгүй гэж бодож байна. Иймд 950.000 төгрөгийг гаргуулж авахыг хүсэж байна. Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тохиролцсонгүй гэжээ.
Хариуцагч С.Баасандулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. М.Бадамцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Есөнбулаг сумын 3 дугаар баг Толгойт 1-12 тоотод байрлах О.Борис, С.Баасандулам бидний хувийн өмчлөлийн байрны 1 өрөөг хөлсөлж суухаар тохиролцсон. Сарын хөлс сар бүр 130.000 төгрөг байхаар хэлэлцэж тохиролцоод бид байрны түлхүүрийг өгөхөд М.Бадамцэцэг манай цоожийг сольж өөр цоожоор цоожилсон. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М.Бадамцэцэг хөдөөнөөс ирсэн. Бид 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хоорондох хөлсийг төлөхийг шаардахад би Улаанбаатар хот руу явах ажилтай болчихлоо, Улаанбаатар хотоос ирээд бүх хөлсийг төлөөд цааш үргэлжлүүлэн амьдрах болно. Миний эд хогшлыг байлгаж байгаарай гээд Улаанбаатар хот явсан. 09 дүгээр сарын 17-ны өдөр М.Бадамцэцэг ирсэн. Бид түүнээс байрны түрээсийн мөнгө төлөхийг шаардсан. Хариу хэлээгүй. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө М.Бадамцэцэг нь байрны мөнгө төлөхөөс зайлсхийж эд хогшлоо нууцаар зөөвөрлөн авч явсан. Иймд бид түрээсийн төлбөрийн барьцаанд хөргөгч, ширээ, 2 ширхэг хатгамал зургийг авч үлдсэн. М.Бадамцэцэг биднээс үндэслэлгүйгээр 950.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 130.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 130.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 13 хоногийн 55900 төгрөг /13*4300/ нийт 319.000 төгрөг авч түүний нийт 319.000 төгрөг авч түүний хөргөгч болон ширээ, хатгамал зураг зэргийг өгөх болно. Бид сөрөг нэхэмжлэл гаргана. Иймд М.Бадамцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагч М.Баасандулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Бадамцэцэг бид аман хэлцлээр харилцан тохиролцож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг Толгойтын 1-12 тоотод байрлах хувийн сууцны 1 өрөөг сар бүр 130.000 төгрөгөөр хөлслүүлэхээр 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М.Бадамцэцэгт байраа хүлээлгэж өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 2 сар 15 хоног манай байрыг ашигласан. Бид 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байраа буцааж, хүлээн авсан. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 130.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 130.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 15 хоног ашиглуулсан. Сарын хөлс 130.000 : 30 хоног = 4300 төгрөг, 15 хоног * 4300 төгрөг = 65000 төгрөг, нийт 130.000 + 130.000 + 65000 = 325.000 төгрөг. Иймд М.Бадамцэцэгээс нийт 325.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М.Бадамцэцэг миний бие С.Баасандуламын бичсэн сөрөг нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Миний хөргөгч, ширээ, 2 жаазтай хатгамалыг миний зүүсэн цоожийг аваад, өөрсдийнхөө цоожийг зүүж байгаад, намайг байхгүйд хулгай хийж авсан. Буцаагаад миний цоожийг хийчихсэн байсан. Хичнээн түрээсийн байр ч гэсэн хүний юманд халдах эрх байхгүй. Энэ хариуцлагад нь арга хэмжээ авах ёстой. Эднийх манай хөргөгчинд мах, сүүгээ хөлдөөдөг байсан. Энэ хүн нь миний юманд шунаж хулгайн бузар оруулсанд маш их цээрлэж, харамсаж байна. Эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа цонхыг нь очиж үзээд ганц, нэг хагарсан байна, чи мөнгө нэмээд 60.000 төгрөгийг өгчих гэсэн. Би Ө.Сувдаад надад 50.000 төгрөг байгаа, 11 хоног байранд байсны мөнгө хангалттай хүрнэ, тэгээд эд зүйлээ авья гэсэн. Ө.Сувдаа 11 хоног * 4300 = 47300 төгрөг юм байна. Мөнгө нэмээд 60.000 төгрөг болгоод өгчих, тэгээд эвлэрэхээр болсон. С.Баасандулам маргааш өглөө 60.000 төгрөг авчраад юмаа ав гэсэн. Өглөө нь ярихад тохирохооргүй боллоо, 1300 төгрөг өг гэсэн. Надад мөнгө байхгүй, 60.000 төгрөг дээрээ 1 жаазтай хатгамал аваад тохирьё гэсэн ч бас тохиролцолгүй хэд хоносон. Хөргөгч байхгүйгээс болж мах, сүү муудаж тав тух минь алдагдаж олон хоног чирэгдүүлсэнл үнэхээр гомдолтой байна. Олон хоног С.Баасандуламд өгөх гэж хадгалж явсан мөнгөө 2 хүүхдийнэщхээ идэж, уухад зарцуулсан. О.Борисын байранд би ангийнхаа Д.Эрдэнэтуяатай очиж ярилцаад эд зүйлээ зөөж тавьсан болохоор энэ хүнийг худал нэхэмжлэлийг үнэн зөвөөр гэрчлэх гэрч байна. Д.Эрдэнэтуяа нь эдний байранд түрээслэгч байсан. Миний хөргөгчийг контейнерт хийсэн гэж С.Баасандулам хэлсэн. Хөргөгчний шингэн нь хөлдөөд эвдрэл гэмтэл болж байгаа учраас бүх эд хөрөнгөө үнийн дүнгээр авахыг хүсэж байна. Надад байгаа ганц хөрөнгө маань энэ хөргөгч байсан. Одоо байгаа байранд очоод үзсэн ч болно. Засагт хан дээд сургуульд 4 дэх жилдээ суралцаж байгаа, хичээл эхлэхээр 2 хүүхдээ цэцэрлэгт өгөөд байр түрээслэж амьдардаг. Хичээл тарахаар байрны эзэнтэйгээ яриад эд зүйлээ цоожилчихоод хөдөө явдаг. Энэ бүгдийг манай ангийнхан бүгд мэддэг. О.Борисын бэр Төгсжаргал манай ангийнх, манай хадмынд 100.000 төгрөгийн байр байдаг гэж ярьж байсан болохоор би ангийнхаа Д.Эрдэнэтуяагаас зөрөөд энэ байранд эд зүйлээ тавьсандаа одоо хүртэл амаа барьж байна. Та бүхнийг гүнээ хүндэтгэж байна. Үнэн зөв ялна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 07 дугаар сарын 9-ний өдөр хичээлээ тараад 07 дугаар сарын 10-ны өдөр Мон-Алтайн хажуу талд байр түрээсэлж байгаад тэндээ юмаа үлдээгээд явах гэтэл засвар хийх гэж байгаа гээд тавьж чадаагүй. Тэгээд ангийнхаа хүүхэдтэй явж байгаад биржийн байрыг ярьж өгсөн. Тэр хүн нь манайх байр түрээслэхгүй 9 сар хүртэл юмаа тавь гэсэн. Би нэг мөсөн байр түрээслэх санаатай байсан тул О.Борис гуайн байранд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс амьдарч эхлэхдээ сарын 130.000 төгрөгөө өгч хөлслөхөөр болоод явсан. Би 8 сард 2 хүүхэдтэйгээ хөдөөнөөс орж ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний үед хот явсан. Явах гэтэл тэрнээс өмнө түрээсийн мөнгө яах гэж байгаа юм манай байранд юм чинь байж байг гэж О.Борис гуай хэлсэн. Би 09 дүгээр сарын 17-нд ирэхдээ 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаагаа хойшлуулна гэж хэлсэн. 09 дүгээр сарын 23-ны өдөр манай хадам эгч хямдхан байр оллоо н.Буяндэлгэр гуайн байранд сарын 60.000 төгргөөөр оруулахаар боллоо гээд юмаа зөөхөөр очсон. 09 дүгээр сарын 22-ны 5 дахь өдөр О.Борис гуайд хямдхан байр олчихлоо 1 дэхэд байсан хоногийнхоо мөнгөө өгөөд юмаа авъя гэсэн. Манайх хагас бүтэн сайнд хичээл шахаж ордог. Би тэр орой хоёр хүүхдээ айлд өгөх хүүхдүүдийнхээ тоглоомыг аваад айлд аваачиж өгсөн. Тэндээ хоноод өглөө хувцсаа солихоо гэртээ ирэхэд цоожийг маань солиод оруулахгүй хувцсаа ч сольж чадаагүй хичээлдээ явсан. Бүтэн сайны орой авгай нөхөр хоёртой нь хоёулантай нь маргалдсаар байгаад сүүлдээ цонхоор нь орж хувцас хунараа, идэх уух юмаа авсан. Өөрсдөө ч гэсэн хажууд минь байж байсан. Би хажуу талын өрөөний айлд орж хоёр хүүхэддээ хоол хийж өгчихөөд цонхоороо орж хоёр хүүхэддээ болон өөртөө хувцсаа аваад цонхыг нь хаагаад явсан. Өөр цоож зүүчихсэн байсан болохоор орж чадаагүй. Айлд хүүхдээ хооллоод байж байхад байрны охин маань таныг явсны дараа өрөөнөөс чинь юм аваад байна. Тэгээд би очиход миний цоожийг буцаагаад зүүчихсэн. Өрөөндөө ортол хөргөгч, хоёр жаазтай зураг, ширээ байхгүй байсан. Би үлдсэн юмыг нь такси дуудаж зөөсөн. Маргааш нь Баасандулам гуай надаас цонхны 300.000 төгрөг өг гэсэн. Би 10 гаруй хоногийн мөнгөө өгнө гэхэд надаас 300.000 төгрөг авч байж эд зүйлийг чинь өгнө гээд дотроос нь мах авч өгсөн. Би 1 дэх өдөр нь Цагдаа дээр очоод учир байдлаа хэлэхэд эвлэрүүлэн зуучлал руу яв гэсэн. Миний эд зүйлийг хулгайлж, барьцаалж авсан тул хөргөгчний 700.000 төгрөг, хоёр жаазны 200.000 төгрөг, ширээний 50.000 төгрөгийг гаргуулмаар байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр аман хэлэлцээрээр байраа түрээслүүлэхээр болсон. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М.Бадамцэцэг нь эд зүйлсээ зөөж тавьсан. Сар бүр 130.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс гэнэт эд зүйлээ зөөхөөр нь болоход нь С.Баасандулам түрээсийн мөнгөө нэхэж эдний дунд үл ойлголцол үүссэн. Зохигчдын ярианаас эд зүйлээ тавиад цоожоо зүүсэн нь М.Бадамцэцэгийн өмчлөл мэт, 3 сар айлд эд зүйлээ тавьсан хэрнээ түрээсийн мөнгөө өгөөгүй болохоор С.Баасандуламын өмч ч юм шиг эргэлзээтэй зүйлүүд ажиглагддаг. С.Баасандулам нь эхлээд 130.000 төгрөг нэхсэн. Эвлэрүүлэн зуучлал дээр 60.000 төгрөг өгнө гэхэд тохиролцоогүй. Үүнээс болоод шүүхэд хандахаар болсон. С.Баасандулам нь М.Бадамцэцэгийн 950.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн мөнгөө өгчихвөл эд зүйлсийг нь өгнө гэдэг. Манай гэр агуулах сав биш гэх байдлаар шаардлага тавьдаг. Иймд нэхэмжлэлийн шарадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт эд зүйлийн үнэлгээний талаар ямар нэгэн нотлох баримт бэхжигдээгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 07 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл байр ашигласны төлбөр 325.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо хүртэл энэ хүний эд зүйлийг хадгалж байгаа учраас эргэлзээтэй үл ойлголцсон байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Бадамцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг нь С.Баасандуламаас эд зүйлийн үнэ 950.000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч С.Баасандулам нь нэхэмжлэгч М.Бадамцэцэгээс орон сууц хөлслөх гэрээний хөлс 325.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч М.Бадамцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...М.Бадамцэцэг нь 07 дугаар сарын 10-ны өдөр найзын хамт О.Борисын байранд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн сууна гээд эд хогшлоо тавиад явсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирээд 09 дүгээр сарын 02-ны өдөр хот явах ажил гарлаа 4 хоногийн мөнгөө төлөөд юмаа зөөлөө гэхэд Борис гуай танай юм чинь байж байг манай байруудад хүн ороогүй байна гэсэн. Би нөхрөө байгаа дээрээ юмаа зөөлгөе, би хий мөнгө төлж чадахгүй гэж хэлсэн. ...би нэг мөсөн байр түрээслэх санаатай байсан тул О.Борис гуайн байранд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс амьдарч эхлэхдээ сарын 130.000 төгрөгөө өгч хөлслөхөөр болоод явсан...” гэж, харин хариуцагч С.Баасандулам нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...М.Бадамцэцэг бид аман хэлцлээр харилцан тохиролцож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг Толгойтын 1-12 тоотод байрлах хувийн сууцны 1 өрөөг сар бүр 130.000 төгрөгөөр хөлслүүлэхээр 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М.Бадамцэцэгт байраа хүлээлгэж өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 2 сар 15 хоног манай байрыг ашигласан. Иймд М.Бадамцэцэгээс нийт 325.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, 325.000 төгрөгийг авч түүний хөргөгч болон ширээ, хатгамал зураг зэргийг өгөх болно...” гэж тус тус маргаж байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Баасандулам нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагыг хангуулах зорилгоор тухайн орон сууцанд байгаа эд зүйлийг саатуулан барьсан байна.
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт зааснаар хөлслүүлэгчийн саатуулан барьсан эд зүйлийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч М.Бадамцэцэг нь эд зүйлийг биет байдлаар гаргуулах бус эд зүйлийн үнийг нэхэмжилсэн байна. Хэрвээ тодорхой үндэслэлээр буюу тухайн эд зүйлс нь биет байдлын доголдолтой болсон ашиглах боломжгүй буюу эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд тухай эд хөрөнгийг үнийг гаргуулахаар нэхэмжлэх нь үндэслэлтэй байна.
Гэвч нэхэмжлэгч М.Бадамцэцэг нь уг эд зүйлээс ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхой бус байгаа ба эд зүйлийн үнийг гаргуулах үндэслэлтэй болох талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч эд зүйлээ бус үнийг нэхэмжилж байхад шүүх үнийг биш харин эд зүйлээ авах нь үндэслэлтэй тул хэмээн эд зүйлийг гаргуулахаар шийдвэрлэх нь диспозитив буюу хүсэл зоригийн зарчмыг зөрчих тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд тухайн сөрөг нэхэмжлэл нь агуулгын хувьд үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч харин сөрөг шаардлагыг харилцан тооцуулахаар гаргасан шинжтэй байдаг. Гэлэл энэ хэргийн сөрөг нэхэмжлэлд хариуцагч нь 950.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэмээн үзэх хүлээн зөвшөөрөөгүй нь харилцан тооцогдох шинжгүй болж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал хамтатган шийдвэрлэх, бусад тохиолдолд хамт шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ. Үүний дагуу шүүх сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх боломжтой эсэхийг судлахад нэхэмжлэлд “...Борисын байрыг хөлслөхөөр болсон ..., …орон сууц хөлслөх гэрээг Бористой байгуулсан...” гэсэн байх ба С.Баасандулам нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх, орон сууцны хөлсийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасны дагуу хөлслөгч нь хөлслүүлэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй ба энэ тохиолдолд хуульд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн үнийг шаардах эрхгүй байна. Энэ хэргийн тухайд хуульд заасан буюу хохирол учирсан, гэмтсэн зэрэг үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна бөгөөд зохигчид энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4, 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг тус тус үндэслэн эд зүйлийн үнэ 950.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууц хөлслөх гэрээний хөлс 325.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.350 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баасандуламын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 10.400 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 5 дугаар баг Гуулинд оршин суух Боржигон Монхоодойн Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойтын 1-12 тоотод оршин суух Олхонууд Сүрэншигийн Баасандуламд холбогдох хөргөгчний үнэ 700.000 төгрөг, 2 жаазтай хатгамалын үнэ 200.000 төгрөг жижиг ширээний үнэ 50.000 төгрөг, нийт эд зүйлийн үнэ 950.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, орон сууц хөлслөх гэрээний үүрэг 325.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.350 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баасандуламын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 10.400 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт заасныг баримтлан буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН