| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0203/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 234
2020 03 26 2020/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Г.Анармөнх,
Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Нд холбогдох эрүүгийн 1911015871070 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт О.Н, Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 50 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .......................................................................................
/яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Мөнхзулыг эгч “О.Бүжидмааг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн П.Мөнхзулын газар унасан байсан Самсунг А-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…ухаан орохдоо би Мөнхзултай үсдэлцээд унасан байх шиг байсан, босож ирээд харсан чинь Мөнхзулын хацарнаас цус гарч байсан ба Мөнхзул над руу уурлаад чи намайг ийм болгочихлоо гэж байсан ... утсаар нь яриулахгүй гэж булааж авч байсан ... ” гэх мэдүүлэг /хх-36-38х/,
Шүүгдэгч О.Нгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч П.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нинжмаа эгчийгээ та хэвтвэл хэвтээч, нэг бол ингэж амьд явж байхаар үхвэл үхээч гэхээр нь Нинжмаад хандаж чи эгчийгээ ингэж болохгүй, муу ч гэсэн чиний эгч юм байгаа биз дээ гэтэл шууд ирээд миний үснээс зулгаагаад чамд ямар хамаатай юм бэ гээд орон дээр дарж унагаад шалан дээр үснээс зулгааж чирээд нүүр ам маажиж толгой руу цохиж байгаад гэрээсээ зугтаад гүйчихээр нь ...араас нь гүйж очоод автобусны буудал дээр бариад авахад миний үснээс дахиад зулгаагаад газар унагасан. Газар унахдаа өмдний баруун талын халаасанд байсан Самсунг А-7 маркийн бор шаргал өнгийн 2 симтэй гар утас маань халааснаас уначихсан. Тэгтэл утсыг маань шүүрч аваад зугтаачихсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,
Гэрч О.Бүжидмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...дүү О.Н нь намайг хэл амаар доромжилж байгаад та наадах гар, хөдөө хөдөлгөөч. Нэг бол хэвтрийн бай, эсвэл үхэж далд орооч гээд загнаад харааж, зүхээд байсан ... хажуунаас нь хамт орж ирсэн Зулаа гэгч нь чи яаж байгаа юм бэ, болиоч ээ, өвчтэй хүнийг болохгүй ш дээ гэтэл Зулааг шууд зодоод эхэлсэн. Нүүр, ам руу нь гараараа цохиж авсан ...“ гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №6572 тоот дүгнэлтэнд:
“1. П.Мөнхзулын биед дух, шанаа, бугалга, хамар, эрүү, шанаанд, тохой, шуунд цус хуралт, уруулд шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-30х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-53х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Н нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Мөнхзулыг эгч “О.Бүжидмааг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн П.Мөнхзулын газар унасан байсан Самсунг А-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирогч П.Мөнхзулын Самсунг А-7 маркийн бор шаргал өнгийн гар утасны үнэ болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч О.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно “ гэсэн байх тул энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.