| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00427/и |
| Дугаар | 412 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 412
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын 1 дүгээр баг, Бадралд оршин суух Даргынхан Музын Эрдэнэбилэгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Музын Эрдэнэбилэг нь 1961 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд төрсөн. Би 1979 оны 01 дүгээр сараас эхлэн 1990 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Алтай сумын Хөгжил нэгдлийн Бадрал бригадад мал маллаж байсан. Иймд тус нэгдлийн Бадрал бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хөгжил нэгдлийн Бадрал бригадад малчнаар ажиллаж байсан гэсэн нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Алтай сумын Хөгжил нэгдлийн Бадрал бригадад малчин байсан Муз овогтой Эрдэнэбилэг нь 1981 оны 3-12 сард 3947, 1982 оны 1-12 сард 3796 төгрөг, 1983 оны 1-12 сард 5309 төгрөг, 1984 оны 1-8 сард 3364 төгрөг, 1985 оны 1-12 сард 3474 төгрөг, 1986 оны 1-12 сард 2929 төгрөг, 1987 оны 1-8, 10-12 сард 2677 төгрөг, 1988 оны 1-12 сард 3737 төгрөг, 1989 оны 1-12 сард 4942 төгрөг, 1990 оны 1-12 сард 5559 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн болон Музын Эрдэнэбилэгт хөдөлмөрийн дэвтрийг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон гэсэн байгаа боловч 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлс нь бичилттэй, Хөгжил нэгдэл гэсэн тамга дарагдсан байгаа, 1980 оны Алтай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Аваргын гэрчилгээ” зэргээр нотлогдон тогтоогдож байна. Баримтаар гаргасан хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилтэй зэргээр нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлгүй байна.
2
Иймд Даргынхан Музын Эрдэнэбилэгийг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хөгжил нэгдлийн Бадрал бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантулга нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Даргынхан Музын Эрдэнэбилэгийг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хөгжил нэгдлийн Бадрал бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН