| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00442/и |
| Дугаар | 413 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 413
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын 3 дугаар баг, Дэрстэйд оршин суух Боржигон Галсанжавын Алтанцэцэгийн хүсэлттэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сүрэнхүүгийн Насанбаяртай 1999 оноос хойш хамтран амьдрах болсон ба албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Биднийг хамт амьдрах хугацаанд 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Насанбаярын Цэндбаатар төрсөн. Гэтэл С.Насанбаяр маань 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хүү Цэндбаатарт тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн гэрчилгээгүй гээд тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд хавсаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн талийгаач Сүрэнхүүгийн Насанбаяр, Галсанжавын Алтанцэцэг бид нарыг 1999 оноос хойш хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Г.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Галсанжавын Алтанцэцэг нь Сүрэнхүү овогтой Насанбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Г.Алтанцэцэг С.Насанбаяр нар нь хамтын амьдралтай байсан болох нь Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 29-ний 84 дугаартай тодорхойлолтод “...Сүрэнхүү овогтой Насанбаяр 1999 онд Галсанжав овогтой Алтанцэцэгтэй гэр бүл болж, 2000 онд хүү Цэндбаатарыг төрүүлэн хамт амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн болон Г№195 дугаартай хүү Насанбаярын Цэндбаатарын төрсний гэрчилгээний хуулбар, Насанбаяр, Цэндбаатар, Алтанцэцэг нарын хамт авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Боржигон Галсанжавын Алтанцэцэгийг Тангууд Сүрэнхүүгийн Насанбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
2
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон Галсанжавын Алтанцэцэгийг Тангууд Сүрэнхүүгийн Насанбаяртай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН