Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 287

 

 

Ц.Ононгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ононгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Онон,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Багануур-Ус" ОНӨААТҮГ-т 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/44 дугаар тушаалаар ажлаас халагдсан болно. Миний бие уг тушаалд дурдсанаар ямар нэг тушаал шийдвэр мэдээллийг дур мэдэн тараасан, буруу мэдээлэл өгсөн ноцтой зөрчил гаргасан үйлдэл хийгээгүй учир хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаалыг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө ажилдаа ирэхэд даргын зөвлөл хуралдаагүй хэрнээ намайг ажлаас халсан байсан. Би ямар учраас халагдаж байгаагаа асуухад дээд газрын тушаал шийдвэрийг дур мэдэн харилцагч банкинд тараасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэж М.Буддорж дарга хэлсэн бөгөөд тэр өдөртөө миний ажлыг хүлээлцэж авсан. Банкин дээр болсон асуудлыг ярихад 9 дүгээр сарын 30-ны өглөө тооцооны нягтлан бодогч Ж.Майннэгэн "Хас" банкин дээр очиж ажилчдын цалингийн хүснэгтийг өгөхөд нь танай байгууллагын дарга солигдсон гэсэн тиймээс одоо байгаа даргаараа гарын үсэг зуруулж ир гээд буцаасан байсан. Тухайн үед уг асуудлыг үйлдвэр эрхэлсэн дэд дарга Ж.Мөнхцэцэгт танилцуулсан гэтэл Ж.Мөнхцэцэг дарга би даргыг түр орлон гүйцэтгэж байгаа гээд хотын захирагч Б.Тавинбэхийн захирамжийг надад өгсөн. Ж.Мөнхцэцэг инженерээр гарын үсэг зуруулаад хотын захирагчийн захирамжийн хамт банкинд хүргүүлж ажилчдын цалинг тавьсан. Ажлаас халах тушаал дээр банк санхүүгийн байгууллагад үл ойлголцол үүсгэсэн гэсэн байсан. Миний хувьд үл ойлголцлыг үүсгээгүй, банкнаас танай дарга солигдсон учраас одоо байгаа даргаараа гарын үсэг зуруул гэж хэлсэн байсан. Мөн дээд байгууллагын шийдвэрийг дур мэдэн харилцагч банкинд тараасан үйлдэл гаргаагүй. Ер нь ажлаас халах тушаал дээр дурдагдсан алдаа зөрчлүүдийг гаргаагүй. Иймд "Багануур-Ус" ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ерөнхий нягтлан бодогч Ц.Онон нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилчдын цалинг бодохдоо байгууллагын даргын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр дур мэдэн үйлдэж, харилцах банкнаас захиран зарцуулсанаас гадна байгууллагуудын дунд үл ойлголцол бий болгож, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл бий болсон. Ц.Ононгийн гаргасан зөрчлийн тухайд Хөдөлмөрийн гэрээний 2 дахь заалтын 2-т үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасныг зөрчсөн. Ажлын байрны тодорхойлолтод заасан "байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх" гэсэн заалтыг зөрчин гүйлгээ хийсэн, Байгууллагын удирдлагаас 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А-44 дугаартай Баримт бичиг батлах тухай тушаалын дагуу баталсан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг "Нягтлан бодох бүртгэлийн горим"-д ...цалин урьдчилгаа, томилолт, мөнгөн урьдчилгааны тайлан, үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус мөнгө, хөрөнгийн зардлыг 2 хувь бичиж нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдаж тамга дарагдсаны дараа кассын няравт өгнө гэж заасныг ноцтой зөрчин байгууллагын даргын буюу нэгдүгээр гарын үсэггүйгээр санхүүгийн баримтыг банкинд хүргүүлсэн, өөрийн олж авсан материалыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн харилцагч байгууллагад тараасан ноцтой зөрчил гаргасан. Түүнчлэн байгууллагын даргын зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар Ц.Ононгийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд Ц.Ононгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар Олонгол овогт Цэрэннадмидын Ононг "Багануур-Ус" ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 298 464 төгрөгийг хариуцагч "Багануур-Ус" ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ононд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ононгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг "Багануур-Ус" ОНӨААТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар "Багануур-Ус" ОНӨААТҮГ-аас 3 298 464 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 67 725 төгрөгийг гаргуулан улсын орлого оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Ц.Онон 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан болох нь ажил олгогч, ажилтан нарын хооронд 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна...гэжээ. Гэтэл Ц.Ононг тус байгууллагад 2014 онд Ерөнхий нягтлан бодогчоор томилон ажиллуулахдаа, Ерөнхий нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээг шинээр хийж. ажиллуулсан бөгөөд дээрх хөдөлмөрийн гэрээ нь хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн дээрх Ц.Ононтой шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг хувь нь Ц.Ононд өөрт нь хадгалагдсан байхад үүнийг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хэрэгт авагдсан Ц.Ононтой байгуулсан 2006 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн "хөдөлмөрийн гэрээ"-ний тухайд Ц.Ононг Тооцооны нягтлан бодогч, албан тушаалаар авч ажиллуулсан хөдөлмөрийн гэрээ бөгөөд энэ гэрээ нь Ц.Ононгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын чиг үүргийг зохицуулах гэрээ, түүнчлэн талуудын хооронд үүсэх хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх гэрээ биш болно. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь Ц.Ононг "Тооцооны нягтлан бодогч"-оор авч ажиллуулахдаа талуудын хооронд байгууллагдсан хөдөлмөрийн гэрээ бөгөөд Ц.Ононг тооцооны нягтлан бодогчийн ажллаасаа чөлөөлсөнөөр дээрх гэрээгээр зохицуулагдаж байгаа талуудын хоорондын харилцаа дуусгавар болсон юм. Иймд шүүхээс дээрх гэрээг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн шүүх хуралд биечлэн оролцох мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагт товлогдсон Ц.Ононгийн шүүх хуралдаанд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек миний бие шүүхээс товлосон цагт ирж, шүүх хуралдаанд биечлэн оролцохоо шүүгчийн туслах н.Энхзаяа-д мэдэгдэж улмаар шүүхийн байранд хүлээн сууж байтал шүүх хуралдаан эрүүгийн шүүхийн байранд байрлах шүүх хуралдааны танхимд орж, шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдээгүй хурал хийсэн болно. Шүүхийн дээрх буруутай үйл ажиллагаанаас болж хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд эдэлвэл зохих эрхүүд зөрчигдсөн болно. Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг зөрчин, хариуцагчийн эрхүүдийг хязгаарлан, хариуцагч талыг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Хэргийн бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн, шийдвэр нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй, хууль ёсны бус шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт...Ц.Ононгийн хөдөлмөрийн гэрээнд ажил, албан тушаалтай холбоотой ноцтой зөрчлийг нэрлэн заагаагүй, дотоод журмыг хөдөлмөрийн гэрээтэй эн тэнцүү хүчин чадалтай гэж үзэх боломжгүй тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж, дүгнэсэн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад дагаж мөрдөхөөс гадна, хөдөлмөрийн гэрээ нь байгууллагын хөдөлмөрийн журамд нийцүүлэн гаргадаг тул байгууллагын хөдөлмөрийн журам илүү хүчин чадалтай болно. Түүнчлэн байгууллагын хөдөлмөрийн журмыг ямар хүчин чадалтайгаар хэрэгжүүлэх нь тус байгууллагын дотоод асуудал юм. Харин шүүх нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхэм зорилгын хүрээнд байгууллагын дотоод чиг үүрэгтэй хамааралтай асуудалд оролцох чиг үүрэггүй болно.

Шүүх ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт...ажилтны ажлаас халсан ноцтой зөрчлийг тус байгууллагын хөдөлмөрийн журам, горим болон бусад актаар зохицуулсан боловч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан нь буруу, байгууллагын хөдөлмөрийн журам, горимд тусгасан ноцтой зөрчлийг ажилтан зөрчсөн ч хөдөлмөрийн гэрээний эн тэнцүү хүчин чадалгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Ц.Онон нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилчдын цалин хөлсийг бодохдоо байгууллагын эд хөрөнгийг /мөнгийг/ тус байгууллагын захирлын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр дур мэдэн үйлдэж, харилцах банкинд уламжлан байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулахаас гадна харилцагч байгууллагуудад үл ойлголцол бий болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажилд хариуцлагагүй хандсан учир хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох нөхцөл бий болсон юм.

Ц.Ононтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дахь заалтын "2-г"-д заасныг зөрчсөн болно. Ц.Онон нь ажлын байрны тодорхойлтод заасан....Санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодологын баримт бичгийг боловсруулан батлуулах гэж заасныг зөрчиж, байгууллагын удирдлагын зөвшөөрөл, гарын үсэг тамгагүй санхүүгийн баримт бичгийн дур мэдэн харилцагч байгууллагад тараасан хууль бус үйлдэл гаргасан. Байгууллагын удирдлагаас 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “А-44” дугаартай "Баримт бичиг батлах тухай" тушаалын дагуу баталж, байгууллагын санхүүгийн ажилдаа мөрдлөгө болгон ажиллаж байгаа “Нягтлан бодох бүртгэлийн бодлого ба горимууд"-д ....Цалин урьдчилгаа, томилолт, мөнгөн урьдчилгааны тайлан, үйл ажиллагааны болон үйл ажпллагааны бус мөнгө хөрөнгийн зардалд нь хоёр хувь бичиж нэг хоёрдугаар гарын үсэг зурагдаж тамга дарагдсаны дараа кассын няравт өгнө гэж заасныг ноцтой зөрчиж, байгууллагын удирдлагын буюу нэгдүгээр гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй санхүүгийн баримт бичгийг харилцагч банк, санхүүгийн байгууллагуудад тараасан ноцтой зөрчил гаргасан тул Ц.Ононгийн хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасны дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.3-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" гэсэн зөвлөмжийн 2.4 дахь заалтаас үзэхэд Ц.Ононгийн байгууллагын хөдөлмөрийн журам, Байгууллагын удирдлагаас 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан "А-44" дугаартай "Баримт бичиг батлах тухай" тушаалын дагуу баталж, байгууллагын санхүүгийн ажилдаа мөрдлөгө болгон ажиллаж байгаа "Нягтлан бодох бүртгэлийн бодлого ба горимууд"-д заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болно.

Иймд шүүхээс хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй, хариуцагч болон түүний төлөөлөгчийг шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Хэргийн бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн, шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй, хууль ёсны бус шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Онон хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т холбогдуулан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Онон “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/44 тоот тушаалаар байгууллагын удирдлагатай холбоотой дээд газрын шийдвэрийг харилцагч байгууллагад дур мэдэн тараасан, удирдах байгууллагын нэрийг барьж шийдвэр гаргах төвшинд буруу мэдээлэл өгсөн ноцтой зөрчил гаргаж, банк санхүүгийн байгууллагатай үл ойлголцол үүсгэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.                                                                                                                   /хэргийн 2 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага уг тушаалаар нэхэмжлэгч Ц.Ононг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5 дахь заалт, Даргын зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус баримталсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар талууд тохиролцоогүй ажилтан Ц.Онон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 298 464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ононд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Шүүх хариуцагч байгууллагад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдөртөө хариуцагчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан бөгөөд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэргийн 74-77 дугаар тал авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан байх тул эрүүгийн шүүхийн байранд байрлах шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааныг явуулснаас хариуцагч болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Ононгийн ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, тооцоо зөв бөгөөд энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 725 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ