| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0530/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 810
А.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор М.Эрдэнэзаяа,
ялтан А.М, түүний өмгөөлөгч Б.Нарангарав, Л.Бурмаа
хохирогч Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Мд холбогдох эрүүгийн 201725010884 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овогт А.М, 1995 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянлиг сум Их халбагант 1 дүгээр баг оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,
А.М нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Генерал” баарны гадна Н.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.М-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10 000 нэгж буюу 10 /арав/ сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.М-гээс 3 137 238 төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овгийн Нарангийн Эод олгохоор шийдвэрлэж, хохирогч Н.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр А.М-д зодуулж, маш хүнд гэмтсэн, үүний улмаас миний биеийн байдал одоо ч хүнд хэвээр, ажлын чадваргүй, тахир дутуу, унаж татдаг өвчтэй болсон юм. А.М нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний хохирол төлбөрийг барагдуулна гэсэн боловч гэмтлийн эмнэлэгт хэвтсэн төлбөрөөс өөр ямар ч зардал гаргаж өгөөгүй, надтай холбоо барих, уучлал гуйх битгий хэл нэг ч удаа утсаар яриагүй. Аргагүйн эрхэнд амьжиргаагаа залгуулж байсан машин тэргээ зарж, эмчилгээ хийлгэж, ар гэрийнхэн маань эм тариа, хоол унд зөөж, асарч сувилсан. А.М-гийн өмгөөлөгч гэх Нарангарав нь анх надтай уулзахдаа өөрийгөө Мгийн эгч гэж танилцуулж гомдолгүй гэж хэлүүлэх талаар ятгаж байсан бөгөөд дараа нь манай эхнэртэй уулзахдаа би өмгөөлөгч нь гэж хэлж, 100 сая төгрөг нэхсэн гэж гүтгэсэн төдийгүй гомдолгүй гэж хэлэхгүй бол чи юу ч олж долоохгүй гэж сүрдүүлсэн. Мөн энэ шүүх хурлын үеэр А.М-гийн өмгөөлөгч Бурмаа нь чи буруутай гэж олон удаа над руу дайрч, чамд мөнгө өгөх шаардлагагүй, мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Хурлаас хойш над руу ярьж мөнгө авмаар байвал нотариат дээр ирж гомдолгүй гэдгээ батал, тэгээд шүүхээс төл гэсэн мөнгөө авбал ав гэж загнасан. Би одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа, биеийн байдал муу, унаж татдаг, ярихаар эрүү ам чичирдэг, цаашид ажил хөдөлмөр хийх ямар ч чадваргүй болсон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь миний буруу боловч би А.М-г зодож цохиогүй, намайг ийм болтол нь зодож гэмтээх буруутай үйлдэл хийгээгүй, эрүүний яс хугарснаас болж юм ярьж, хоол унд идэж чадахгүй маш их зовиуртай олон хоног зовж шаналсан, тархины яс бороолж бүрэн эдгээгүй зөвхөн цус хуралт харвалт шимэгдсэн төдий эмчлэгдсэн. Гэтэл ийм хэмжээний гэмтлийг гадаадад эмчлүүлбэл 80-100 сая төгрөг болдог гэсэн, та нар энд эмчлүүлэх зардлыг л гаргаад өгөөч гэж эхнэр ярьсныг ийм хэмжээний мөнгө нэхсэн мэтээр гуйвуулж гүтгэж, өмгөөлөгч нар нь хүртэл хэл үгээр дайрч доромжлон, дарамт шахалт үзүүлж байгаад маш их гомдолтой байна. Би хурлын дараа 9 дүгээр сарын 24-ний өдөр гэнэт татаж унан, гавъяат эмч, мэдрэлийн зөвлөх Должин гэдэг эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж авсан боловч төлбөрийн чадваргүйгээс болж ямар ч эмчилгээ хийлгэж чадаагүй, дахин бие муудаж одоо “Си Жи Эс” мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. А.М хүнийг ийм болтол нь гэмтээж хохироосон атлаа ажилд орсон гэж хуурамч баримт бүрдүүлэн хууль шүүхийн байгууллагыг хуурч, эмнэлэгт байгаа хүнийг нотариат дээр ирж гомдолгүй гэсэн баталгаа өгвөл шүүхийн шийдвэрт заасан хохирлыг өгнө гэж тохуурхаж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх энэ байдлыг харгалзаж үзэлгүйгээр түүнд торгох ял оногдуулсанд маш их гомдолтой байгаа тул энэ хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулж, миний биед учруулсан гэмтлийг эмчлүүлэх хохирлыг энэ хүнээс гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.
Ялтан А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э-од тухай бүрт нь эмчилгээний зардлыг төлж байсан. Уучлал гуйгаагүй гээд байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа уучлал гуйсан шүү дээ. Шүүхээс 3 сая гаран төгрөг төлөхөөр шийтгэх тогтоол гаргасан. Би 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. 2 сая төгрөг өгсөн гэдгээ нотариат дээр баталгаажуулъя гэхэд иргэний цахим үнэмлэх байхгүй гэхээр нь эхнэрийнх нь гадаад пасспортоор өгөх гэхэд шүүх ийм баримт авахгүй гэдэг. Үлдэгдэл 1 сая гаран төгрөгийг нотариат дээр очиж өгье гэхэд авахгүй байна. Одоо ч гэсэн өгөх гээд өөртөө бэлэн аваад явж байна. Би өгөхөд бэлэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Н.Э нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Генерал” баарны гадна А.М гэгчид зодуулж гэмтсэн бөгөөд үүний улмаас Н.Э-ын биед зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт, доод эрүүний хугарал, доод эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг маш хүнд ноцтой гэмтэл учирсан юм. Одоо ч уг гэмтлийн ул мөр арилаагүй, биеийн байдал хэвдээ ороогүй, байнгын эмчилгээ хийлгэж байгаа боловч олигтой засрал авахгүй байгаа юм. Хэрэг болох үед А.М нь Н.Э-ыг 2 удаа цохисон болох нь хохирогчийн өөрийн мэдүүлэг болон гэрч Б.Э нарын мэдүүлгээр батлагддаг бөгөөд түүний биед учирсан гэмтлийн байдлуудаас ч тодорхой харагддаг. Гэтэл А.М нь түүнийг нэг л удаа цохисон гэдэг бөгөөд олуулаа нийлж намайг зодох гэж байна гэж ойлгоод түүнийг цохисон гэж ярьдаг, ял сонсгосон байцаалтаас эхлээд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт төлөөгүй, түүнд учирсан хохирол, гэм хорыг арилгах талаар санаа тавиагүй, уучлал ч гуйгаагүй, эмчилгээ хийлгэх талаар ярихад баримтаа авчир гэдэг, нэхэмжлэл аваад ирэхэд утсаа авдаггүй уулздаггүй зэрэг хэт хүнлэг бус байдал гаргаж байсан байдаг. Н.Э нь тархины хүнд гэмтлийн улмаас унаж татдаг болсон, хэл яриа сааталтай, биеийн өрөөсөн тал мэдээ муутай, нэг нүдний хараа эрс муудсан цаашид ч эрчимтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаас гадна гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажилгүй, өөрөө хувийн портер машинаар ачаа, бараа зөөж амьдралаа залгуулж байсан бөгөөд ажил хөдөлмөр хийх чадваргүй болсноос гэр бүлээ тэжээх, өөрийгөө эмчлүүлэх зорилгоор амьжиргааны гол эх сурвалж болсон машин тэргээ зарж хэрэглэсэн байна. А.Мгийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, гэм хор арилаагүй, хохирогчийн зүгээс энэ хүнд маш их гомдолтой байхад шүүх А.Мд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв гэж дүгнэн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай, А.Мгийн хувьд илт ял хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлын шинэчилсэн байцаалтаар уг хуралд улсын яллагчаар оролцсон прокурор нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г шинжлэн судална гэсэн санал хэлсэн боловч хуралдааны үед уг CD-г үзүүлээгүй, мөн шинжлэн судлаагүй, мөн А.Мгийн өмгөөлөгч Л.Бурмаа, А.Мг “Грейттаур констракшн” ХХК-д хангамжийн менежерээр ажилладаг гэх тус компанийн захирлын тушаал, ажлын газрын тодорхойлолт зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгч, шүүхээс эрхэлсэн ажилтай, төлбөрийн чадвартай гэж үзэх, торгуулийн ял шийтгэл оногдуулах үндэслэл болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 505 тоот шийтгэх тогтоолоор А.Мд оногдуулсан 10 сая төгрөгөөр торгох ялыг өөрчилж, түүний хохирогч Н.Эод учруулсан гэмтэл, гэм хор, хохиролд тохирсон ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье...” гэв.
Ялтан А.Мгийн өмгөөлөгч Б.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар энэ хэрэг нотлогдон тогтоогдсон, гомдол саналгүй байгаа. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье гэж бодож байна. Хохирол болох 6 сая гаран төгрөгийн хохирол төлөгдсөн байгаа. 7 хоног бүр төлж байсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь гэмтлийн эмнэлэгээс гараад “Манал оточ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүртэл төлсөн. Тэгээд хохирол мөнгө төлөх гэхээр авах талаар санаачилга гаргахгүй, арга саам хэрэглээд байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан 3 сая гаран төгрөгийн 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдлийг нь өгөх гэхээр цахим үнэмлэхгүй учир бид баримтгүй болох учраас авахгүй байна. Хохирогч эмнэлэгт хэвтье гэж хэлдэг бид эмнэлэгээ олчих, бид очоод төлбөр төлье гэхэд санаачилга гаргадаггүй. Мөн загнасан, авахгүй гэж ярьж хэлж байна. Ийм асуудал гараагүй. Харин ч төлье барагдуулъя гэдэг. Мөн томогрфикийн зургийн асуудал яригдаж байна. Бид бүхэн томографикийн зургийг авахуулах газраа олчих бид очоод мөнгө төлье гэхээр бас санаачилга гаргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Ялтан А.Мгийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нарангарав өмгөөлөгчтэй санал нэг байна. 1 сая гаран төгрөг дутуу байгаа хохирогчид өгөх гээд утасдахад утас нь холбогдохгүй байсан учир М миний дансанд хийсэн. Би хохирогчтой утсаар яриад иргэний үнэмлэхтэйгээ ирээд авах хэрэгтэй гэхэд авдаггүй. Хохино, өгөхгүй гэж хэлсэн асуудал байхгүй. Хохирогчид учирсан эмчилгээний зардлыг цаашид иргэний журмаар төлөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан учир төлнө. Харин 10 сая төгрөгийн торгуулийн асуудал дээр одоо төлөхөд бэлэн байна...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгохоор заасан. “Грийн тауэр” ХХК-д ажилладаг гэсэн баримтыг ирүүлснийг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд торгох ял мөн хорих ял байдаг. Ажил хөдөлмөр хийж хохирол төлөх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
А.М нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Генерал” баарны гадна Н.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баярболдын гэрт очсон. Бид тэдний гэрт 0.5 литрийн архи ууж байхад Аюуш гэдэг найз нь ирсэн. Тэгээд дахиад 0.75 литрийн архи уугаад байж байхад Баярболдын найзууд гээд хэдэн залуучууд ирсэн. Ингээд 22-23 цагийн орчим “Генерал” нэртэй бааранд орж 0.75 литрийн архи аваад уусан. Тэгээд баарнаас Энхжаргал бид хоёр зэрэгцээ байрлалтай гарч байхад хажуугаар нэг залуу зөрөхдөө шүргэлцээд хэн хэн нь юм яриагүй зөрсөн. Э бид хоёр гадаа зогсож байхад мөрөөрөө шүргэлцсэн залуу ирээд ямар нэгэн хараалын үг хэлсэн. Тэгээд би чи юу гээд байгаан гэхэд тэр залуу намайг цохиход би газар унасан. Намайг унахад Б ирээд чи манай найзыг цохичихлоо гэхэд тэр залуу Баярбатыг нүүр рүү нь цохисон. Б, Э 2 намайг татаж босгоход нөгөө залуу дахиад уулзъя гэхээр нь очтол намайг дахиад цохисон. Би унахдаа баарны гаднах замын хашлагыг мөргөж унаад ухаан алдсан. Тэгээд намайг Ба найз 02 цагт гэрт хүргэж өгч байсныг санаж байна, өөр юу ч санахгүй байна. 2017 оны 03 сарын 15-ны өдөр эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчлэгдээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-н 17-18 дугаар хуудас/,
Ялтан А.Мгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2017 оны 03 сарын 14-ний өдөр “Генерал” баар руу орох гээд явж байгаад 3-4 залуугийн хажуугаар зөрөх үед нэгтэй мөргөлдсөн. Эргэж хараад над руу уурлаж дайрахад цуг явсан нэг залуу нь дундуур ороод манай найз согтчиж уучлаарай гээд салгасан. Тэгээд тэр залуутай ярилцаж байхад нэг залуу ирээд намайг цохиход, найзууд нь намайг салгасан. Эргээд явж байтал нэг хүн мөрнөөс татахаар нь би эргэж хараад нэг удаа саваад цохисон. Надад цохиулсан залуу арагшаагаа савж унасан, тэгээд найзууд нь ирээд бид нарын буруу гээд гар барилцаад салцгаасан. Би архи согтууруулах ундаа уугаагүй байсан, ер нь огт уудаггүй...” гэх мэдүүлэг. /хх-н 57-62 дугаар хуудас/,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эын эхнэр О залгаад цаадах чинь айлд архи ууж байна гэнээ очоод аваад ирээч гэсэн. Би Б гэрээс очиж авсан бид 3 явж байгаад Цайзад “Молор” гэх бааранд ороод 12 шил пиво уусан. Ингээд 23 цагийн орчимд “Генерал” бааранд орж суусан. Этой хамт гадна гарч тамхилахаар гартал хар цамц, хар футболкатай залуу Этой мөрлөлцсөн. Нөгөө залуу ирэхээр нь наад хүн чинь согтуу байгаа юмаа орхичих гэсэн, гэтэл Э чи намайг Цайз дээр хэн гэдгийг мэдэх үү, би атаман байна гэхэд нөгөө залуу Эыг цохисон. Тэгээд унаад босоод ирэхэд нь дахиад цохисон. Тэгээд тэр залуу арагшаа хараад явж байхад Э татсан үгүйг нь мэдэхгүй байна. Нөгөө залуу эргэж хараад дахиад цохисон. Э арагшаагаа хашлага мөргөөд ухаан алдсан. Баар руу оруулж сэргээх гэхэд сэрэхгүй бөөлжөөд байсан. Маргааш өдрөөс нь Э гэмтлийн эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Гэрч Г.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нөхөр болох Э найз Б архи ууж байна гэхээр нь найз нь болох Э аваад ир гэсэн. Тэгээд 17 цагийн орчим Энхжаргалыг очиж авчихаад тэр хэд намайг гэрт буулгаад доошоо уруудаад явсан. Ингээд байж байтал 02:50 цагийн үед Б дүү гэх хоёр залуутай Э ахыг гудамжинд тасарсан байхаар нь аваад ирлээ гэсэн. Э нүүрээ дараад суучихаад юм ярихгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цус, цэртэй зүйлээр бөөлжөөд шөнөжингөө тэгж байсан. Тэгээд өглөө цагдаа түргэн тусламж дуудсан, эмнэлэгт тэгээд 19 хоног хэвтээд гарч ирээд 3 хоног гэртээ байж байгаад “Манал оточ” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо манай нөхрийн биеийн байдал саажилттай хүн шиг ухаан санаа орж гараад юм ярьж хэлэхгүй, шингэн зүйлээр хооллож байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹3905 дүгнэлтэд “Н.Э-ын биед зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт, тархины эрс хаван, доод эрүүний хугарал, доод эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны цус хуралт, баруун тохойны зулгаралт, цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа ба эд дэх няцралууд, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн хажуу ховдлын цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, доод эрүүний хугарал гэмтэл нь дээрх журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод эрүү орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочны цус хуралт гэмтэл нь дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна, баруун тохойны зулгаралт, цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэжээ /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 86-97, 121-136 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 111 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, А.Мд оногдуулсан ял нь ялтны хувийн байдал, түүний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээнд тохирсон, хохирлыг зөв тооцжээ.
Хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар “ял шийтгэлийг хүндрүүлж, хохирлыг бүрэн гаргуулж өгөх”-ийг хүсч гомдол гаргажээ.
Хэрэг гарснаас хойшхи хугацаанд ялтан А.М хохирогчид 2 720 000 төгрөгийн хохирлын мөнгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 80-83 дугаар хуудсанд буй бэлэн мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогджээ.
Гэвч Н.Э нь гавал, тархиндаа хүнд гэмтэл авч байнгын эмчилгээ шаардлагатай байгаа нь /хх-ийн 46 тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3905 шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс хохиролд нэмж 3 137 238 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эртэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол ялтанд хорих ял оногдуулснаар бүрэн барагдахгүй, ялтан А.М ажил хийж, хохирлыг төлж барагдуулах нь хохирогчийн эрх зүйн байдалд илүү ач холбогдолтой, мөн шүүх ялтан А.Мд хуульд заасан торгох ялыг оногдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогч Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Э, хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ