Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 67

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг

хүлээн авахаас татгалзах тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар  Д.Н-гийн нэхэмжлэлтэй тус аймгийн *******ын газрын даргад холбогдох 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Д.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., гуравдагч этгээд М.Д-, гэрч М., Д.,шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн *******ын газарт газар тариалан, ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сард жирэмсэний амралт авсан болно. Ажиллаж байсан хугацаандаа төрийн албаны шалгалт өгч тэнцэн, төрийн албаны тангараг өргөж, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч болсон. Улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж байсан бөгөөд, жил бүр үр дүнгийн гэрээний биелэлтийг хангаж ажиллаж байсан. Хүүхэд асрах хүнгүй учир холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2 жилийн чөлөө авч хүүхдээ асарсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох гэтэл чиний оронд хүн авсан П. даргын төрөл одоо хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн орон тоо байна гээд уг албан тушаалд томилж, *******ын ерөнхий газарт улсын байцаагчийн эрх олгуулахаар материалыг хүргүүлэхэд байцаагчийн эрх олгох боломжгүй, мэргэжлийн мэргэшсэн хүн байх ёстой гэсэн хариуг ирүүлсэн болно. *******ын ерөнхий газраас ирүүлсэн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3/896 дугаар албан бичгийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлсөн. П. даргатай 5-6 удаа уулзахад удахгүй дотоод хяналт шалгалтын хүмүүс ирнэ. Тэгэхээр хэлж ярьж байгаад чамайг ажилд авнаа чи түр хүлээж бай чамайг ажлаас чинь халчаагүй байна. Ямар ч байсан ажилд чинь буцааж авна гэж хууран мэхэлсээр тэтгэвэрт гарсан. Мөн тэр үед аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлд намайг өргөдөл гаргах үед би чамайг ямар ч байсан ажилд авна гээд байхаар нь Төрийн албаны зөвлөлд өгсөн өргөдлөө шийдвэрлүүлэхгүйгээр буцаан авсан. Ийнхүү П. дарга намайг хохироосонд би туйлын гомдолтой байна. *******ын ерөнхий газарт ажилд буцаан томилох талаар 3 удаа өргөдөл хүргүүлсэн бөгөөд өргөдлийн хариуг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 29, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 03/2243, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 33 тоот албан бичгээр хариу ирүүлснийг үндэслэн аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуучин эрхэлж байсан ажилд минь томилж, ажилгүй байсан үеийн нөхөн олговорыг гаргуулж өгч надад гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн *******ын газар 2006 оны 3 дугаар сарын 01-нээс Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд 6 жил гаруй хугацаанд ажиллаад 2012 оны 12 дугаар сарын 11-нд жирэмсний амралтаа аваад 2 жил хүүхдээ харж байгаад 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орох өргөдлөө өгөхөд П. дарга чиний ажил дээр мэргэжлийн хүн авсан байгаа, одоо байгаа орон тоо нь хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгаалалын улсын байцаагчийн орон тоо байна. Түүн дээр ажиллах боломжтой, өөр орон тоо байхгүй гэсэн. Тэгээд тэр орон тоон дээр зөвшилцөөд томилсон. Улмаар мэргэжлийн хяналтын ерөнхий газар миний материалыг хүргүүлэхэд энэ хүн хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагчийн орон тоо дээр ажиллах боломжгүй, мэргэжлийн шаардлага хангахгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Энэ хариу ирсэний дараа 2015 оны 5 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхөд миний аав болох н.******* нь эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч хийж байсан. Тэгээд аав охин 2 нэг газарт ажиллаж болохгүй. Тиймээс та 2-ын аль нэг нь ажлаас гар гээд аав маань ажлаасаа гарсан. Намайг 5 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлсөн. Гэхдээ чи түр байж байгаарай, ажил гарна, чамайг буцааж авна гэсэн. *******ын газраас мониторингийн шалгалт ирнэ. Тэгэхэд би хэлж яриад чамайг таарч тохирох ажил дээр авна гэж хэлсэн байгаа. Түүний дараагаар *******ын газраас хүмүүс ирээгүй байна гэсэн. Тэгээд 8 сард мониторингийн шалгалт ирэхэд ээжтэйгээ би хамт орж уулзсан. Тэгэхэд мониторингийн шалгалтын хэсэг анх жирэмсний амралтаа авахдаа хүсэлтээ гаргаагүй байна гэсэн шаардлага тавиад чи ямар ч байсан байж бай гэсэн. Ахлах байцаагч н.******* гэж хүн болохоор чи ямар ч байсан сургуулиа төгсөөд буцаад ороход асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд гарч явах хооронд н. даргатай тааралдаад сургалтын өрөөнд орж уулзахад М.Д- ар гэрт нь ажил гарсан, одоо Нөмрөг суманд байгаа, чамайг ямар ч байсан авна, чи дуугүй л байж бай гэсэн. Тэгээд ээжтэй гарч уулзаад дарга тэгж хэлж байна. Угаасаа дарга аавыг ажлаас нь гаргасан учраас намайг авах байх гээд ярилцаж байгаад Төрийн албаны салбар зөвлөлөөс өргөдлөө шийдвэрлүүлээгүй буцаан авсан. Үүнээс хойш 2016 оны 8 дугаар сард н.******* байцаагчаар дамжуулан намайг ярь гэхээр нь П. даргатай ярьсан чинь хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн орон тоо байна тэрэн дээр орох уу? гэсэн. Тэгэхэд нь мэргэжил таарах юм уу?, хэрвээ таарч байна гээд орж болж байвал болно гэж хэлсэн. Тэгээд дарга утасаа тасалсан. Ямар ч байсан тэгж байгаад ярих байлгүй гэж байтал 2016 оны сүүл, 2017 оны эхээр тэтгэвэртээ гарчихлаа гэхээр нь шинэ дарга болох А.*******той уулзаж хуучин ажилдаа орох боломж байна уу? гэхэд М.Д- жирэмсний амралтаа авч байгаа юм байна. Надад хамааралгүй учраас М.Д-ийн жирэмсний амралттай байх хугацаанд түр авч болж байна. Түүнээс бүрмөсөн авах боломж байхгүй гэсэн. П. дарга ажилд авна гэж дахин дахин хууран мэхэлсээр байгаад тэтгэвэртээ гарсан. Дахин ажилдаа орох ямар ч боломжгүй болсон учраас *******ын ерөнхий газарт 3 удаа өргөдөл бичээд өргөдлийн хариугаа авч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн *******ын *******гийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.  Д.Н- нь биологийн багш мэргэжилтэй анх 2006 онд *******ын газрын даргын 10 дугаар тушаалаар газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдсон, ажлын байрны тодорхойлолтод Ургамал хамгаалалын агрономич, агрохимич мэргэжлээр суралцах шаардлага тавьж, цалинтай чөлөөг удаа дараа олгосон боловч энэ хугацаанд заагдсан мэргэжлийг эзэмшээгүй 2012 онд жирэмсэний амралтаа авсан.  Д.Н-г жирэмсэний амралттай байх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангасан М.Д-ийг томилон ажиллуулсан.  Д.Н- нь 2015 онд хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад ажилдаа ороход Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын байраар хангаж, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар томилон ажиллуулсан. Тухайн үед өмнө нь ажиллаж байсан Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилох гэхэд мөн ялгаагүй мэргэжлийн шаардлага хангаагүй байсан боловч мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэргэжлийн шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр улсын байцаагчийн эрхийг олгоогүй тул 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн юм. 2015 онд *******ын ерөнхий газрын дотоод мониторингийн шалгалт ирэхэд хууль бусаар халагдсан хэмээн гомдол гарган гомдлын дагуу нягтлан шалгаж, хууль зөрчөөгүй тухай тайлбар өгч, жирэмсэний амралтаа авахдаа албан ёсоор хүсэлт гаргаагүй амралтаа авсан зөрчил илэрсэн. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн Б/24 дүгээр тушаалыг тухайн үед дотоод ажил түр хариуцан ажиллаж байсан Г.******* нь албан хэрэг хөтлөлтийн ажлын өрөөнд 5 дугаар сарын 01-ний өдөр бичиг хэргийн ажилтан М.г байлцуулан өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. 2016 онд М.Д- нь жирэмсэний амралт авч  Д.Н-г ажлын байранд заагдсан мэргэжлийн шаардлагыг хангасан байсан тул 2017 онд Ургамал хамгааллын чиглэлээр мэргэжил эзэмшсэн түр томилон ажиллуулж 2017 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлсөн. *******ын байгууллагын зүгээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэж уг тайлбарыг хүргүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Д.Н- нь 2006 онд Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажилд орсон. Тэгээд 6 жил тасралтгүй ажиллаж байгаад, 2012 онд жирэмсний амралтаа авсан. Тухайн үед ажлын байрны тодорхойлолт Агрономич мэргэжилтэй хүн байхаар шаардлага тавьсан байсан.  Д.Н- нь биологийн багш мэргэжилтэй байсан. Тийм учраас өөрийн ажлын байранд тавигдсан шаардлагын дагуу сурах хэрэгтэй болсон. Манай зүгээс шаардлагыг тавьсан.  Д.Н- нь шаардлагын дагуу Хөдөө аж ахуйн сургуульд эчнээгээр суралцаж байсан. Тэгээд *******ын газраас удаа дараалан цалинтай чөлөө авч сурч байсан. 2012 онд жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтаа аваад 2015 онд эргээд ажилдаа орсон.  Д.Н-г эргээд ажилдаа ороход нь мэргэжлийн шаардлага хангасан агрономич мэргэжилтэй М.Д-ийг ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаагчаар авч ажиллуулж байсан. Тухайн үед  Д.Н- нь мэргэжлийн дипломоо аваагүй, сургуулиа төгсөөгүй ирсэн. Сургуулиа төгсч амжаагүй эргээд ажилдаа оръё гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын байраар хангах ёстой байсан гэвч хуучин ажлын байран дээр мэргэжлийн хүн авсан байдаг хуучин ажлын байран дээр орлоо ч гэсэн мэргэжлийн шаардлага хангахгүй байсан. Тухай нь үед хүнсний улсын байцаагч, хүүхдийн эрүүл ахуйн улсын байцаагч гэсэн сул орон тоо байсан. Энэ ажлын байрны аль нь дээрээ орох уу? гэхэд хүнсний байцаагчаас өөрөө татгалзсан, тэгээд хүүхдийн эрүүл ахуй дээр болж байвал өөрөө орж ажилъя гээд удаа дараалан хурал хийхэд таарч байвал орж ажилъя гээд байсан. Манайхаас ямар ч байсан ажлын байраар хангах ёстой гээд энэ хүнийг хүүхдийн эрүүл ахуйн байцаагчаар томилоод, Улсын байцаагчийн эрх олгуулахаар *******ын ерөнхий газарт явуулахад шаардлага хангахгүй гээд татгалзсан хариу ирүүлсэн байдаг. Тэгээд 2 сар ажилдаад  Д.Н-г ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэл дээр ургамал хариуцсан улсын байцаагийн ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй гэсэн байсан. 2012 оны ургамал хариуцсан улсын байцаагчаас чөлөөлсөн тушаалыг тухай нь үед газрын даргын өрөөнд н. дарга тухайн үеийн бичиг хэрэг хариуцан ажиллаж байсан н.******* бид 3 тушаалыг гардуулж өгөөд дараагийн ажилд нь томиолохоор өөртэй зөвшилцөөд өөрөө үүнийг мэдээд тушаалыг нь гардуулж өгсөн байгаа. Байгууллагын дотоод журмаар дотоод журам хариуцсан мэргэжилтэн тушаалыг гардуулж өгнө гэж заасан байдаг. Гадагш явсан албан бичгийг албан ёсоор ирсэн, явсан бичгийн дэвтэр дээр тэмдэглэж гарын үсэг зуруулдаг дотроо үргэлжүүлэн ажиллаж буй хүний тушаал, албан бичгийг өөрт нь хүлээлгэн өгдөг. Энэ тухай дотоод журмаараа журамласан байдаг. 2015 онд ажлаас чөлөөлөгдөөд түүний дараа хүнсний байцаагчаар ажилд томилохгүй байж байгаад, улсын байцаагчийн эрх олгуулахаар *******ын ерөнхий газарт явуулахад шаардлага хангахгүй гэсэн хариу ирүүлсэн хэргийн материалд хавсаргасан байгаа. Тэгээд н.******* гэдэг хүн гэрчээр оролцсон байгаа тушаал гардуулж өгөхөд байлцсан учраас гэрчээр мэдүүлэг өгсөн гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн  Д.Н-тай холбоотой нэхэмжлэлд М.Д- намайг гуравдагч этгээдээр татсан байна. Миний бие М.Д- нь аймгийн *******ын газарт Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдохдоо ажлын байран дахь мэргэжлийн шаардлага хангасан учраас мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчийн эрхийг олгосон. Харин  Д.Н- нь тухайн үед аль ч ажлын байран дээр мэргэжлийн шаардлага хангахгүй байсан байгууллагаас цалинтай чөлөө өгөөд явуулахад суралцаж мэргэжлийн диплом аваагүй учраас ажлаас чөлөөлөгдөж дүрэм журмын дагуу тушаалыг өгч дараагийн ажилдаа томилогдон ажилласан.  Д.Н-гийн нэхэмжлэл үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд М.Д- намайг гуравдагч этгээдээр татаж эрх ашиг хөндөгдөх хууль бус гэж гуравдагч этгээдээр татагдахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь 2013 онд *******ын газарт Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажилд орсон. Энэ ажлын байран дээр миний мэргэжил таарч байгаа. Би Хөдөө аж ахуйн сургуулийг агрономч мэргэжлээр төгссөн. Энэ хүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.Н- нь Завхан аймгийн *******ын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн үзэж, өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар тус газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч  Д.Н-г Завхан аймгийн *******ын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23 дугаар захирамжаар тус газрын Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж 2015 оны 3 дугаар сарын 15-ныөдрийн Б/24 дүгээр тушаалаар тус газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар томилсон байна.

Нэхэмжлэгч өөрийг нь Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн Б/23 дугаар тушаалыг гардаж аваагүй, түүнд уг ажлаас чөлөөлсөн тушаалыг тус газар мэдэгдээгүй гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Н-г ажлаас өөртөй нь зөвшилцөн чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тушаалыг өөрт нь танилцуулж гардуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч  Д.Н-г тус аймгийн *******ын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн байх шаардлагыг хангахгүй байгаа тул чөлөөлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар томилох тухай асуудлыг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн *******ын газрын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэх үед  Д.Н- тухайн зөвлөгөөнд оролцож Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн албан тушаалд томилогдох санал гаргаж байсан болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч өөрийг нь ажлаас чөлөөлөх талаар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн *******ын газрын шуурхай зөвлөгөөн, нэхэмжлэгчийг тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаар томилсон 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/24 дүгээр тушаал гарч, тухайн албан тушаалд ажиллах үедээ мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийг нь Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаас чөлөөлсөн гэдгийг 2015 оны 5 дугаар сард мэдсэн гэж тайлбарлаж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус зааснаар иргэн захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо дээд шатны захиргааны байгууллагад эсхүл шүүхэд гаргахаар тусгайлан журамласан, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д /уг/ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заасан байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана, 39.7 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий Б/23 дугаар тушаалыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор *******ын ерөнхий газрын төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж уг зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай байхад анх 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргаж түүнийгээ буцаан авсан, мөн *******ын ерөнхий газрын төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 5 сарын 30-ны өдөр гомдол гаргаж, 2017 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгч  Д.Н-гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн шалтгааны талаар тус газрын дарга асан П. намайг өөр ажилд авна, чи тэр болтол түр хүлээж бай гэж хууран мэхэлсээр байгаад тэтгэвэрт гарсан гэж тайлбарлаж байх ба хууран мэхлэгдсэн гэдэг нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдэгт гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтсон, байгалийн гамшиг тохиолдсон, албан томилолтоор явсан, гэх мэт өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй болсныг ойлгох ба хууран мэхлэгдсэн, хууль мэдэхгүй байсан гэх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна.

Иймд түүний ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэстэй бөгөөд уг үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдсон тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэстэй байна.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримталж  Д.Н-гийн нэхэмжлэлтэй 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий тус аймгийн *******ын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч  Д.Н-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР