Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Бын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Б 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Баас гаргасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах” бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэлийн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Бын ах Д.Д нь Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан гэх бөгөөд ямар байгууллагын шийдвэрээр хаана, ямар ажилд томилсныг тодруулалгүй зөвхөн Д.Д тус яам нь том салбар бөгөөд зөвхөн нэгээхэн хэсэгт нь ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон байна.

Тус яамнаас салбартаа ажиллаж байсан иргэний өргөдлийг шийдвэрлэсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Д.Дт 10 сая төгрөгний буцалтгүй тусламж олгосныг үндэслэн тус яамыг ажил олгогч гэж үзэж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ давж заалдах гомдолд тодорхой тусгаагүй болохыг тэмдэглээд, гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан Үйлдвэрлэлд гарсан ослын тухай 1987 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн акт, Заамар сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн Тэргүүлэгчийн 1988 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн хурлын протокол, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гаргасан өргөдөл болон тус яамны сайдаас Сангийн сайдад хандсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/1325 дугаар албан бичиг зэрэгт Д.Дыг Төв аймгийн Заамар суманд зоо мал эмнэлгийн тасгийн эрхлэгч-ерөнхий эмчээр ажиллаж байсан талаар хангалттай тодорхойлсон байгаа энэ тохиолдолд шүүхээс “…Д.Дыг ямар байгууллагын шийдвэрээр хаана, ямар ажилд томилсныг нэмж тодруулах шаардлагагүй, өөрөөр хэлбэл давж заалдах гомдлын энэ талаарх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, эсхүл хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн ослын улмаас өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын зэргээс хамаарч 5-18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөрийг, 97.1.2.2-т дээрх шалтгааны улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш хэмжээний цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг тус тус нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан, Д.Дын тухайд албан үүргээ гүйцэтгэж яваад 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр автомашины осолд өртөж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, түүний гаргасан хүсэлтийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-ийг үндэслэн 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байснаас үзэхэд тус яамыг хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй.

Хуульд нөхөн төлбөрийг тухайн нөхцөл байдлаас хамааран хэдэн ч удаа олгож болохоор заасан, яамнаас дээрх байдлаар нэг удаа нөхөн төлбөр олгосон, түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 01/325, Сангийн сайдын 2019 оны 4-3/8342 дугаар албан бичгийн агуулгаас үзэхэд яамыг хуульд заасан нөхөн төлбөр олгох үүрэг бүхий хариуцагч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр олгох хариуцагчгүй болсон гэж үзэхгүй.

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа бичиглэлийн алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…нэхэмжлэгч Д.Баас гаргасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэснийг “…Д.Бын нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг олгохгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгохыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН