Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 421

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг, Баяншанд багийн 11 дүгээр гудамж 2 тоотод оршин суух, Бэсүд Даваажавын Энхтуяагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Энхтуяа, гэрч Г.Жаргалсайхан, гэрч И.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бэсүд овогтой Даваажавын Энхтуяа нь 1962 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн. 1980 онд Баян-Уул сумын сургуульд 10 дугаар ангиа төгсөж улмаар Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн “Хүйсийн говь” бригадад ангиараа эвлэлийн илгээлт авч 3 жилийн хугацаатай мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал илгээлтээр мал, аж ахуй дээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний илгээлтээр ажиллаж байсан байдлыг Есөнбулаг сумын Жинст багийн өндөр настан Шатар /99480903/ тухайн үед 10 жилийн захирал байсан хамт илгээлтээр гарч ажиллаж байсан ангийн хүүхэд Хас банкны захирал Г.Жаргалсайхан /99481188/ мөн Есөнбулаг сумын иргэн хувиараа бизнес эрхлэгч И.Байгальмаа /93220884/ нар гэрчлэх болно. Миний бие өрхийн амьжиргааны төвшин доогуур орлоготой өрх толгойлсон ганц бие учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн “Хүйсийн говь” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Даваажавын Энхтуяад олгосон 02035 дугаартай “Илгээлт”, Говь-Алтай аймгийн  Засаг  даргын  тамгын  газрын  архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны

2

өдрийн 389  дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Хүйсийн говь бригадад малчин байсан Даваажав овогтой Энхтуяа нь 1980 оны 8-12 сард 203 төгрөгний цалин авч байсан болно. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Баян-Уул сумын Лениний  зам нэгдлийн Хүйсийн говь бригадын 1981-1983 оны цалингийн баримт шилжиж ирээгүй болно..” гэсэн, Илгээлтийн эздийн чуулал 30 жил “Дурсамж”, гэрч Г.Жаргалсайханы “...бид 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 35 дугаар тогтоолоор хоньчин болсон. 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мал малласан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр хаалт хийсэн. Бид нар политехникийн их сургуульд очоод 1 жил бэлтгэл курсд суралцаж байгаад 1984 онд мэргэшиж хуваарилагдсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1983 оныг бүтэн ажилласан байдлаар тэмдэглэсэн байдаг…” гэсэн, гэрч И.Байгальмаагийн “...1980 оны 08 дугаар сарын 20-ны үед илгээлтээр гараад 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мал малласан. Тухайн үед Хүйсийн говь баригадад мал маллаж байхад Д.Энхтуяа хамт мал маллаж байсан…” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд Бэсүд Даваажавын Энхтуяаг 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн “Хүйсийн говь” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бэсүд Даваажавын Энхтуяаг 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн “Хүйсийн говь” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН