Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 426

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт оршин суух Иөншөөбү Биймаагийн Өлзийбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт оршин суух Тангуд Дампилын Отгонбаярт холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Д.Отгонбаяртай гэр бүл болсон. 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр том хүү О.Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бага хүү О.Түвшинбаяр нар төрсөн. Манай нөхөр байнга архи ууж, агсам тавьж, зоддог. 2014 онд эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрч байсан. Энэ удаа мөн эвлэрүүлэн зуучлалаар орсон. Д.Отгонбаяр нь гэрлэхээсээ өмнө нь архи уудаг байсан. Би гэрлээд уухаа болино гэдэг байсан ч тэр хэвээрээ, дараа нь хүүхэдтэй болоод уухаа болино гэж байсан ч уугаад байдаг. Хүүхдээ төрөөд шөнө хүүхдээ аваад хонож байхад эгч рүүгээ чи зайл, би явлаа гээд явчихдаг байсан. Би архи уухаа болих байх гэж бодсон ч тийм зүйл болоогүй. Архи уухгүй 7 хоног байж чаддаггүй. Хэл амаар доромжилж хэрүүл хийж, хааяа надад гар хүрч зоддог. Намайг жирэмсний амралттай байхад сумаас авдар авдраар нь архи авчирдаг байсан. Аав, ээжид нь хэлэхээр үгэнд нь ордоггүй, зарим үед чиний юмыг хэрэглээгүй гэж өмөөрдөг. Сүүлдээ хутга шөвөг бариад хөөдөг, шөнө гарах гэхээр хувцас аваад үлдчихдэг. Заримдаа гадаа аргалын бүтээлэг нөмрөөд, заримдаа эмнэлэг дээрээ хонодог байсан. Манай дарга нар энэ байдлыг бүгд мэдэж байгаа. Салах гэхээр хүүхдээ авна гээд байдаг байсан. Гайгүй болох байх гээд Завхан аймаг руу Лха таван тэнгэр гэх хүн рүү архинаас гаргуулахаар авч явсан. Дараа нь Сэлэнгэ аймаг руу н.Цэцэгмаа гэх хүн рүү, дараа нь Энэтхэгийн эм авчирч уулгаж байсан. Тэр эмийг уугаад 3, 4 сар уухгүй байж байгаад уучихсан. Уучихаад намайг ална гэж хутга барьж дайрч, агсам тавьдаг. Надад үхэх хүртэл бодол орж ирдэг байсан. Би хоёр хүүхдээ боддог, нэг удаа миний хурууг хутгаар зүссэн. Би тэр үед нь цагдаад хэлэхэд Д.Отгонбаяр нь мэс хэрэглэсэн гэх утгаараа 3-5 жилийн ял авах гээд байсан. Тэр үедээ хоёр хүүхдийнхээ эцгээс заавал ял өгөөд салаад яахав гэж бодсон. Хажуугаар нь Д.Отгонбаярын 9 эгч нь залгаад яаж ийж байгаад цагдаагаас салгаад ав гээд  гуйгаад  байхаар  нь  би  гомдолгүй  гэж  хэлээд  цагдаагаас  гаргаж байсан. Одоо 2

2

хүүхдээ өөрийн асрамжид авч, хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгохыг хүсэж байгаа. Мөн хамтран амьдарч байхдаа Д.Отгонбаярыг архинаас гаргах гэж би өөрөө 9 сая төгрөгийн зээл, ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад байсан 469 машиныг зарж мөнгөө нэмж байгаад хот хооронд ачаа тээвэрлүүлэхээр маяти машин авч өгч байсан. Дараа нь бас зээлээ нэмж аваад 1.350.000 төгрөгөөр Мустанг-200 мотоцикль авсан. Тэгээд цалингийн зээлээ нэмээд авсаар л байсан. Тэгээд ноднин архи уухаа болилоо, одоо зээлийг чинь даралцья ноолуурын мөнгө олоод өгөөч гээд би зээл дээрээ нэмээд 3 сая төгрөгийг авч өгсөн. Хүмүүсээс хавар ноолуур авна гээд шинэ жилийн үеэр мөнгөө тараасан. Одоо маяти машин нь байж байгаа. Ноднин эвдрээд чирч авчирсан. Хүний нэр дээр байдаг машин. 2010 онд 1 амбаартай 4 тал хашаа авсан. Тэр хашаагаа сунгаад нэмж граш барьсан. Үл хөдлөхийн гэрчилгээг авах гэхээр Д.Отгонбаяр нь нэр дээрээ шилжүүлж авахгүй байгаа. Би өөрөө авах гэхээр газар худалдан авах гэрээгээ Д.Отгонбаярын нэр дээр хийсэн учраас заавал үнэмлэх бичиг баримт нь хэрэгтэй гээд надад олгохгүй байгаа. Хэрвээ надад газар олгох шийдвэр гарвал Сумын Засаг дарга захирамжаар гаргаж газрын даамалдаа өгөөд тэндээсээ бичиг авч аймгаас гэрчилгээгээ гаргуулж авах боломжтой. Газрын гэрчилгээ нь Г.Гэрэл гэх хүний нэр дээр байдаг, эрх нь бол шилжсэн гэрчилгээ нь гараагүй байгаа. Намайг хавар ах нь малаа ав гээд малаа авах гээд очиход манай тэмдэгтэй 8 бүдүүн эр хонь байсан. Би хоёр хүүхэдтэйгээ нийлээд 6 эр хонь өг гэсэн чинь эр хонь, ямаа өгөхгүй гээд надад  5 хургатай 16 хонь, 60 ямаа 18 ишиг өгсөн. Хурга ишиг нь жилийн эцсийн тооллогонд ороогүй байсан. Тухайн үед малыг том ах нь өгч, мал тууж өгсөн. Би 120 малтай гэрлэсэн ч надад 100 мал өгсөн. Ах нь надад шүүхээр ороод хүүхдүүдийнхээ юмыг аваарай гэж хэлсэн. Тэр үед н.Цог гэх хүнийг эхнэртэй нь суулгаад дандаа том их ноолуур гардаг ямаануудаа өгөхгүй гээд дандаа жижиг мал өгсөн. Жижиг мал авсан ч мал нь өснө. Дундын хөрөнгө болох өвөлжөө, /хашаа, модон амбаар/ 4.000.000 /дөрвөн сая/, хаваржаа /чулуун хашаа, саравчтай 2 ихэр хашаа, чулуун амбаар/ 4.000.000 /дөрвөн сая/, хаваржаа /1 чулуун хашаатай/ 3.000.000 /гурван сая/ сумын төв ДЖЖ 4-7 дөрвөн тал хашаа, амбаар блокон грашны хамт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ жилийн эцсийн мал тооллогод бод 9 толгой 2.500.000 төгрөг, бог 180 толгой 11.500.000 төгрөг, Bongo frontier  уг машинтай өөр хүний нэр дээр байгаа 3.500.000 төгрөг, мустанг-5-200 мотортой 700.000 төгрөг, 5 ханатай иж бүрэн гэр, 3.000.000 төгрөг, Хаан банкинд зээлийн үлдэгдэл 8.000.000 төгрөгийн үлдэгдэл уг зээлийг 2012 онд Д.Отгонбаярыг архины эмчилгээнд явуулаад маяти 2 маркийн машин аваад анх миний нэрээр цалингийн зээл авсан, уг зээл дуусаагүй байхад 2015 оны эхээр том хүүгийн бие өвдөөд нэмэлтээр зээл авсан. 2015 оны 12 дугаар сард 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсныг би өөрийн цалингаас гэрээний дагуу төлж байгаа одоогоор 8.141.679 төгрөгийн зээлийн үлдэгдэл надад байгаа Д.Отгонбаяраас 4 тал хашаа граш амбаарын хамт, мөн bongo frontier  машины зээлийн 50 хувийг төлүүлэх мөн малаасаа хувь авахыг хүсэж байна. Д.Отгонбаяр нь NBCH автобус компанид ажиллаж байгаа гэж хүүтэйгээ ярьсан байна лээ. Машиныг 2013 онд мотоциклийг 2016 онд худалдаж авсан. Д.Отгонбаярын нэр дээр биш өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Одоо 3 хүндээ хувааж 30 толгой хонь, 21 ямаа, сумын төв дээр байгаа 4 тал хашаа, эвдэрсэн байгаа машинаа авах хүсэлтэй байна. Д.Отгонбаярт байшин хашаа хороотой өвөлжөө, 2 хаваржаа, иж бүрэн тавилгатай буюу 5 өргөө хивстэй, 1х4 хивс, 2х1.5 хивс, 2х80 см хивс 1 ширхэг, модон ор, буйдан, зурагт, хүлээн авах, тоос сорогч, мөлхөө тавилга, зуух пийшин, гал тогооны хэрэгсэл, ширмэл эсгий хивс, бүтэн хулдаастай гэр зэрэг хөрөнгүүд бүгд Д.Отгонбаярт байгаа. Мөн Мустанг-200 мотоцикль байгаа. Хавар 3 сард авсан мотоциклыг Соёлын төвийн галчаас худалдаж авсан. Одоо н.Энхсайхан гэх хүргэн ахынх нь хашаанд байгаа. Тэр нь бичиг баримт байхгүй. Д.Отгонбаярын өөр дээр байсан бод малны тухайд маргаан байхгүй. Д.Отгонбаярт 2 адуу 1 үхэр, надад 1 үхэр 2 адуу байгаа. Надад 2 үхэр байсныг би идшинд энэ жил гаргачихсан. Би дахиж эвлэрэх хүсэлтгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж, тэтгэлгийг тогтоож, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дампил овогтой Отгонбаяр би 1982 онд төрсөн, 8 дугаар анги төгсөж, эцэг эхийн гар дээр амьдарч байгаад

3

2006 онд цэргийн албанд татагдаж, 2006 онд цэргээс халагдаж ирээд 2007 онд Биймаа овогтой Өлзийбаатартай гэрлэж, 2 хүүхдийн ээж, аав болсон билээ. Ингээд 2007 оноос 2013 он хүртэл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай, сайхан амьдарч байсан. 2013 оноос эхлэн хэрүүл байнга гарч архичин гэж үргэлж дарамталдаг болсон бөгөөд ална гэж гар хутгаар зүссэн, тэр ч бүү хэл мотоциклийг шатааж байхад би очиж унтраасан. Найз нөхөдтэйгээ гэртээ ирэхэд намайг болон тэднийг архичид зайл гэж элдэв муухай үгээр доромжлон хөөдөг. Би тэгээд хоёр хүүхдээ бодоод эргэж амьдармаар, хүүхдүүдээ эцгийн хайраар дутаалгүй явмаар санагдаж хоёулаа эргэж хамтдаа амьдарья гэж хэлж ярьсан боловч зөвшөөрөхгүй байгаа болно. Гол нь би өвчтэй хүүхдээ бодоод тэр хүүхдээ эцэг хүний хувьд эмчлүүлж, эдгэрүүлэх шаардлагатай байгаа. Миний хүү чихрийн шижин өвчтэй үргэлж эмчилгээ хийлгэж, хоолны өмнө 4 ширхэг тариа өдөрт хийлгэдэг. Сая би хотод байхдаа элэг хамгаалах эм 170.000 төгрөгөөр авч өгч, хотод хувийн эмнэлэгт хэвтүүлж 300.000 төгрөгөөр эмчлүүлж өөрөө харж байсан. Энэ хүүхдээ бодвол бид нийлж амьдарч үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэж эцэг хүний хувьд бодож байна. Архи ууж, эхнэр хүүхдээ гомдоож байсандаа маш их харамсаж байна. Би бүх гэмээ ухаарч байна. Архинаас гарах эмчилгээ Улаанбаатар хотод хийлгэж, архи уухаа больсон. Би хань Б.Өлзийбаатар, хүү О.Балжинням, О.Түвшинбаяр нараасаа уучлал гуйж хойшид аз жаргалтай байлгах болно. О.Балжинням бид хоёрын халамжид байж эмчилгээ хийлгэж эдгэх шаардлагатай байгааг харгалзан үзнэ үү. Б.Өлзийбаатарын нэхэмжлэлийн талаар уншиж танилцан дундын хөрөнгө болох эд хөрөнгийн жагсаалт гаргаж үнэлгээ тавьсан зарим нэг зүйлийг үл зөвшөөрч байна. Өвөлжөөг өндөр настай аав маань өөд болохдоо бага хүү надад өвлүүлж үлдээсэн юм. Өвөлжөө, хаваржаа миний өмч биш, том ахдаа эзэмшүүлэх хүсэлтэй байгаа. Энэ бол бидний дундын өмч биш гэж үзэж байна. Баян-Уул сумд байгаа хашаа хүний нэр дээр байдаг. Малын хувьд би 2006 онд Б.Өлзийбаатартай суухдаа 450 бог, 25 бод мал, иж бүрэн тавилгатай гэр, зил 130 машин, иж-5 мотоцикльтой гэрлэсэн болно. 2015 онд мал тооллогоор 180 бог тоолуулсан боловч 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Б.Өлзийбаатар нь 120 бог малыг ямаа самнахын өмнө аваад явсан. Одоо надад 30 бог мал байгаа, өөр юу ч үлдээгүй, хөдөө амьдрах боломжгүй болоод хотруу явсан. Бод мал 7 адуу, үхэр 5 байгаа. Гэрийн хувьд би эхнэр, 2 хүүхдэдээ гэр орноо орхиод ирсэн. Би хотод ажил хийгээд мөнгө төгрөг олоод архинаас гараад гэртээ очно гэсэн бодолтой байгаа гэвч Б.Өлзийбаатар нь өөр бодолтой байгаа, намайг архичин минь зайл, хүү О.Балжиннямыг чи үхэж далдраач, Д.Отгонбаяр та хоёрыг үхэхээр би жаргаж амьдрах гээд байна, шүүхийн шийдвэрээр салаагүй болохоор би хүнтэй сууж болохгүй байна, надад суух хүн бэлэн байна гэж байнга утсаар дарамталдаг. Өвчтэй хүүхдэд минь үхэж далдраач гэх мэтийн үг хэлдэг хүний эх байдаг юм уу? эцсийн эцэст Б.Өлзийбаатар өөр хүнтэй амьдарлаа гэхэд миний хүүхдэд юу ч олдохгүй. Тиймээс би Б.Өлзийбаатарын нэр дээр юм өгөхгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө гэхээр юм ч надад байдаггүй. Харин хүүхдээ насанд хүрсэн хойно нь надад байгаа эд хөрөнгөө шилжүүлэн өгөхөд харамсах юмгүй. Би ахин гэрлэнэ гэж боддоггүй, хүүхдийнхээ төлөө ажиллаж байна гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Өлзийбаатарын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь Д.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар, хариуцагч Д.Отгонбаяр нар нь 2007 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0060858 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

4

1. Гэрлэлт цуцлуулах шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь хэсэгт зааснаар шүүх урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх 20 /хорь/ хоногийн хугацаа тогтоосон байх боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

2. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох  шаардлагын хувьд гэрлэгчдийн дундаас 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Отгонбаярын Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

О.Балжинням, О.Түвшинбаяр нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа болон О.Балжиннямын санал зэргийг үндэслэн хүү О.Балжинням, О.Түвшинбаяр нарыг эх Б.Өлзийбаатарын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү О.Балжинням, О.Түвшинбаяр нарт тус бүрт нь тэтгэлэг тогтоож эцэг Д.Отгонбаяраар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

   3. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, үнийн дүнг тодорхойлоогүй хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй байх бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.977.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.595 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагчаас, нэхэмжлэгчийн дундын эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн 229.295 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тангуд Дампилын Отгонбаяр, Иөншөөбү Биймаагийн Өлзийбаатар нарын Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Отгонбаярын Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр нарыг эх Б.Өлзийбаатарын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Отгонбаярын Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Дампилын Отгонбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч Б.Өлзийбаатарын гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Өлзийбаатарт даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч  Д.Отгонбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь Д.Отгонбаярыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

8.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар  1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.977.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.595 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагчаас, нэхэмжлэгчийн дундын эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн 229.295 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН