Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 431

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар ,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 200.000.000 төгрөгийг эргэн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, прокурор Ц.Сайнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын иргэн Ч.Батдэлгэр 2012 онд УИХ-ын гишүүний багцаас 200.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд аймгийн Аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийж төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх албан шаардлага ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны 1/351, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны 6/1599, 2015 оны 07 дугаар сарын 22-ны 6/1044 дүгээр албан бичгээр тус тус эргэн төлөх тухай мэдэгдсэн боловч төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд уг төлбөрийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 050000910 тоот дансанд төвлөрүүлэх нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд Улсын Их хурлын Ж.Энхбаярын хуваарьт хөрөнгө оруулалтаас Шинэ-Алтай ХХК-ийн захирал Ч.Батдэлгэр нь аймгийн Засаг даргын санхүүжилтын мэдэгдэл №0927 дугаартай санхүүжилтийн мэдэгдлээр 200.000.000 төгрөгөөр зээлээр авсан. Уг 200.000.000 төгрөг дээр аймгийн аудитын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт буюу гүйцэтгэлийн аудит хийсэн. Үүнээс үүдэн аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны 1/351, мөн санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6/1599, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6/1044 тоот албан бичгээр тус 200.000.000 төгрөгийг эргэн төлөх талаар мэдэгдсэн боловч уг төлбөрийг барагдуулаагүй байгаа. Иймд уг төлбөрийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 050000910 тоот дансанд төвлөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

2

Хариуцагч Ч.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг авсан. Улсын их хурлын гишүүний багцаас авсан мөнгийг 2016 онд төлөхгүйгээр гэрээнд тусгасан байсан санагдаж байна. Энэ жил санхүү хүнд төлөх боломжгүй байна. Гэрээ бичиг баримтаа харна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нь 200.000.000 төгрөгийг зээл гэж аваагүй, буцалтгүй тусламжаар, эргэн төлөгдөх нөхцөлгүй, дэмжлэгээр битүү зах барихад зориулж авсан гэдэг. Хэргээс харахад хэрэгт зээлийн гэрээ байхгүй. Санхүүжилтийн мэдэгдэл гэх зүйл дээр зээлээр гарсан гэж байгаа ч зээлээр гарч байгаа эсэхийг Ч.Батдэлгэр огт мэдээгүй, хараагүй, Ч.Батдэлгэрийн гарын үсэг огт байхгүй. Зээлийн гэрээ нь нөгөө талын дансанд мөнгө орсноос гэрээ байгуулагдсан гэж үзэх болох ч тэр мөнгийг Ч.Батдэлгэр нь зээлээр орж байгааг мэдээгүй. Зээлээр орж байгаа гэвэл төрийн байгууллага учраас зээлийн гэрээгээ байгуулж, хугацаагаа нарийвчлан тогтоож, хүүтэй, хүүгүй зэрэг асуудлууд яригдах ёстой байсан байх. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход нэхэмжлэгч нь хариуцагч Шинэ-Алтай ХХК-аас зээлийн гэрээний үүрэг 200.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 200.000.000 төгрөгийг Шинэ-Алтай ХХК-д шилжүүлсэн болох нь төрийн сангийн 084 дугаартай мэргэжилтний төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09/27 дугаартай санхүүжилтийн мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хариуцагч Шинэ-Алтай ХХК нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай тогтоолоор баталсан аймгийн эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 31 дүгээрт Хүнсний битүү захын үйл ажиллагааг эхлүүлж, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан худалдаа үйлчилгээний төвийг өргөтгөх ажлыг дэмжинэ гэж заасны дагуу буцалтгүй тусламжаар авсан гэж тайлбарлаж байна.

Харин 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №09/27  дугаартай санхүүжилтийн мэдэгдэлд “...захиалагч Аймгийн Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч Шинэ-Алтай ХХК, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хүнсний битүү захын барилгын ажлын зээлээр санхүүжилт /Улсын их хурлын гишүүний хуваарьт төсвөөс зээлээр/...” гэсэн байх тул буцалтгүй тусламжаар, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр авсан болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг 200.000.000 төгрөгийг Шинэ-Алтай ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгосон гэж тайлбарлаж байна. Иймд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар уг шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх байна.

Уг зээлийг 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан байх бөгөөд 2012 оны 08 дугаар  сарын  17-ны  өдөр  зээлийн  гэрээний хугацаа дуусаж шаардах эрх үүссэн гэж үзэх

3

үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу шаардах эрх үүссэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход  2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах зэрэг нөхцөл байдал хууль зүйн хувьд бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уг нэхэмжлэл нь хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэл бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд баримтаар гаргаж өгсөн 2012 оны 6 сарын 14-ний өдрийн огноотой “...зээл төлөх хугацааг сунгаж өгнө үү...” гэх агуулгатай, Шинэ-Алтай ХХК-ний нягтлан бодогч Г.Ганхүү гэх гар бичмэл нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан “баталгаа” байх тул шүүх уг баталгааг үндэслэж үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Шинэ-Алтай ХХК-аас зээлийн гэрээний үүрэг 200.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт шинээр бүрдүүлэх цуглуулахтай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, зохигчдын эрхийг хангасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн хариуцагч Шинэ-Алтай ХХК-аас зээлийн гэрээний үүрэг 200.000.000 төгрөг гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН