| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00462/и |
| Дугаар | 435 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 435
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 2 дугаар баг, Тамчид оршин суух, Эмчийнхэн Буянхишигийн Пүрэвхишигийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Пүрэвхишиг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Эмчийнхэн овогтой Буянхишигийн Пүрэвхишиг нь 1966 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумд төрсөн. 1981 оноос 1990 онд Ховд аймгийн Алтай сумд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он зөрсөн, бичилт тамга, тэмдэг зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1132 дугаартай архивын лавлагаанд “Ховд аймгийн Алтай сумын 3 дугаар бригадын 1981-1990 онуудын 70 дугаар дансуудыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв...” гэсэн байх бөгөөд хавсралтад Б.Пүрэвхишигийн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлсэн байгаа зэргээр тогтоогдож байна.
Иймд Эмчийнхэн Буянхишигийн Пүрэвхишигийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох зүйтэй байна.
2
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Эмчийнхэн Буянхишигийн Пүрэвхишигийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН