| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/1046/Э |
| Дугаар | 0360 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0360
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-н Т-д холбогдох 1808008650278 дугаартай эрүүгийн 4 хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ч-н Т-, Монгол Улсын иргэн, 1994 оны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгий эдлэлийн гар урлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр 18-ны өдрийн 40 дугаар шүүгчийн захирамжаар 7 cap 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, / /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т нь:
1. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ч.Мийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн Айфоне-5 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 138.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо насанд хүрээгүй хохирогч Н.Зыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн Айфоне-5 маркийн гар утсыг дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Сонгинохайрхан дүүргийн орчим насанд хүрээгүй хохирогч О.Үийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн Самсунг нөүт-2 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 132.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн насанд хүрээгүй хохирогч Э.Хыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн гар утсыг нь дээрэмдэн авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн орчим насанд хүрээгүй хохирогч Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч нийт 370.800 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн тоотод хохирогч Э.Оын гар утсыг хуурч мэхлэн авч 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ:
Би хохирогч М, З, Ү, Х, А, Б, Т, Э нарын гар утсыг авсан, мөн хохирогч Оын 1,040,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь хуурч мэхлэн авсан. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч хүүхдүүдээс гар утсыг нь худлаа хэлж авсан болно. Авсан гар утсаа Ат зарсан, А гэмт хэрэг үйлдэж олж авсан гар утас гэдгийг мэдэж байсан. Би бусдад учруулсан хохирлоос хохирогч М, З, Ү, Х, А, Б, О нарын хохирлыг төлж барагдуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед өөрийн суралцдаг 22 дугаар сургуулиас гараад гэртээ харихаар алхаж явтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-ын зам дагуу нэгэн үл таних эрэгтэй хүнтэй тааралдсан. Тэгээд тэр ах намайг зам гаргаад өг гээд байхаар нь хамт гарцаар зам гарсан. Тэгсэн миний гарнаас гэнэт бариад авсан. Зам гарчихаад гараа тавьсан бөгөөд тэр үед нь би зугатаачихсан. Би нэгэн сургуулийн ард хүрээд иртэл тэр ах хэсэг хугацааны дараа хүрч ирээд модны 2-ыг заагаад өг гэсэн. Би түүнд модны 2-ыг заагаад өгтөл бас 10 дугаар хорооллыг заагаад өг гээд байсан, би явахыг хүсэхэд надад мөнгө өгье гээд явуулахгүй байсан. Тэгээд би 10 дугаар хороолол хаана байдгийг зааж өгтөл “ах нь ойлгохгүй байна хамт явъя“ гээд намайг дагуулаад явж байхдаа нэгэн эмийн сангаар орчихоод манай гэр лүү явсан. Тэр ах замдаа миний цүнхнээс бариад яваад байсан бөгөөд миний дүүг хэдэн хүүхдүүд мөнгө нэхэж байгаад зодсон байна. Чи тэр хүүхдүүдийн нэг байвал би чамайг зодно шүү гээд манай орц руу дагуулаад орсон. Тэгээд тэр ах миний гар утсыг авч үлдээд чи 6 давхар руу гарч бай. Би дүүдээ чиний зургийг үзүүлчихээд ирье гээд явсан. Би тэнд хэсэг хугацаанд хүлээгээд буцаж буутал тэр ах ирээгүй...” гэжээ. /3хх-136/,
Насанд хүрээгүй хохирогч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... 2017 оны 12 сарын 29-ний өдөр 14 цагийн үед 6 дугаар сургуулийн гадаа тоглож байхад үл таних 25-30 орчим насны бага зэрэг халимаг үстэй, улаан өнгийн малгайтай үстэй куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, архи үнэртүүлсэн согтуу эрэгтэй ирээд “манай дүү 3 хүүхдэд зодуулсан байна, чамайг очиж харуулна. Чиний утсаар зургийг чинь аваад очиж үзүүлнэ. Зодуулах юм уу эсвэл утсаа өг гэж хэлээд миний утсыг аваад хойшоогоо зугатаасан. Би тухайн үед айсан болохоор утсаа өгөөд явуулсан...” гэжээ. /1хх-198/,
Насанд хүрээгүй хохирогч Н.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... 2018 оны 01 сарын 05-ны өдөр 12 цагийн үед би эмнэлэг орчихоод гэр рүүгээ явж байхад Сонгинохайрхан дүүргийн үүдэн дээр нэг эрэгтэй хүн байсан. Намайг орцоор ороход дагаж орсон.Тэгээд хамт лифтэнд суусан, би 4-ийн тоон дээр дарсан, тэр эрэгтэй 6-ын тоон дээр дарсан. Намайг 4 давхар дээр буух гэтэл тэр эрэгтэй манай дүүг зодсон байна гээд дагуулаад 6 давхар руу гарсан. Би бишээ гэж хэлэхэд “чи зодсон би чамайг дүүдээ үзүүлнэ, чи наад пункерийн хажууд байж бай, би дүүгээ дагуулаад гараад ирье, 8 давхарт байж бай” гэсэн. Би 8 давхарт байж байтал би 6 давхараас дүүгээ гаргаж ирчихээд дуудна, чи надад утсаа үлдээ, энэ чинь нотолгоо болно гэж хэлсэн. Би надад утас байхүй гэж хэлтэл миний хувцсыг нэгжиж байгаад олсон. Би буцаагаад утсаа авах гэтэл чи намайг хулгайч гэж бодоод байна уу гэж хэлээд би чамайг 6 давхараас дуудна, чи наанаа байж бай гэж хэлээд доошоо буугаад алга болсон...” гэжээ. /1хх-101-102/,
Насанд хүрээгүй хохирогч О.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... 2018 оны 2 сарын 5-ны өдрийн 19 цагийн үед би дүү О.Б-Отой хамт, хийдийн нарийн замаар явж байтал үл таних 1 залуу дүү бид 2 дээр хүрч ирээд “манай дүүг 2 хүүхэд зодоод зугтаасан байна, цэнхэр ногоон өнгийн куртиктэй 2 хүүхэд зодсон байна” гэж хэлэхээр нь би дүүтэйгээ өнгөрөөд явж байтал нөгөө үл таних залуу хүрч ирээд та 2 яг манай дүүг зодоогүй биз, би дүүгээ авчраад та 2-ын царайг харуулъя гэж хэлээд та 2 ер нь зугтаж магадгүй барьцаа болгож гар утсаа үлдээ, та 2-т гар утас байгааг мэдэж байна гэхээр нь би утсаа өгтөл миний гар утсыг аваад зүг рүү эргээд явсан. Тэр үл таних залуу манай дүүгийн нүүрэн дээр гараа атгаад бариад байхаар нь би зодож магадгүй гэж бодоод гар утсаа гаргаад өгчихсөн. Самсунг нөүт-2 маркийн цагаан өнгийн дэлгэц нь бага зэрэг цуурсан, арын таган дээрээ лак түрхсэн утас байсан. Би алдсан гар утсаа олж авмаар байна...” гэжээ. /1хх-17-18/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... Тэр ах бид нарыг сургуулийнхаа ард тоглож байгаад би аавтайгаа утсаар ярьж дууссан. Тэгсэн хүрч ирээд миний дүүг өнөөдөр хөл бөмбөг тоглож байхад нь 3 хүүхэд очоод зодсон байна, та нар арай биш биз, өөрсдийнхөө утсан дээр зурагнуудаа аваад утсаа өг гэж хэлэхээр нь бид өөрсдийнхөө зургийг авсан. Тэгээд тэр ахад өгөөгүй танай дүүтэй чинь бид 4 өөрсдөө уулзаад царайгаа харуулж болохгүй юм уу гэсэн чинь болохгүй ээ алив наад утсаа өгөөдөх гээд Т, Э, А бид 3-н гар утсыг булаагаад авсан...” гэжээ. /2хх-5/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Бид нар утсаа гаргаад ирсэн чинь гарнаас аваад зугатаагаад явсан, намайг зодож цохиогүй. Эийн гарыг базаад цагдаа нараас өмнө олох юм бол би та нарыг яаж ч магадгүй гээд айлгаж сүрдүүлсэн...” гэжээ. /2 хх-6/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Тэр ах миний гар утсыг авахдаа утсаа өгөөдөх гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь баруун гарын бугуйнаас базаж аваад “чи байж бай, ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө би та нарыг яаж ч магадгүй шүү гэхээр нь би айсандаа болоод гар утсаа гаргаж өгсөн. Манай нөгөө найзууд маань ч гэсэн айгаад гар утсаа өгсөн...” гэжээ. /2хх-7/,
Насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Тэр ахыг хөөгөөд гүйж байхад дэлгүүрийн орчим намайг түлхсэн. Өөрөөр зодож цохиогүй, миний гар утас хар өнгийн Нокиа 130 маркийн товчлууртай гар утас байсан...” гэжээ. /2хх-16/,
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2018 оны 1 дүгээр сарын 13-ны орой найз У над руу яриад манай найзууд сууж байна, манайд хүрээ ир гэсэн. Би найз Чийн хамт Угийнд очсон. Угийн гэрт Н, Т, Н, У нар байсан. Тэгээд би Н, Т, Н нартай танилцаад юм яриад сууж байхад шөнийн 02-03 цагийн үед Т “утсаа өгчих, юнителийн дугаар руу ярьчихаад өгье” гэж хэлээд миний утсыг аваад гараад явсан. Т буцаж орж ирээгүй, хайгаад гэрт нь очиход ирээгүй гэсэн. Т миний утсыг унтраагаад алга болсон. Миний утас Айфоне загварын алтан шар өнгөтэй цагаан хүрээтэй утас байсан. Уг утсыг манай эгч О 2017 оны 12 сарын 07-нд надад төрсөн өдрийн бэлгэнд өгсөн утас байсан. Би утсаа 1.200.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /2хх-88-89/,
Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би 12 цагийн үед 2 давхарт цэвэрлэгээ хийгээд байж байтал дээрээс улаан хувцастай 1 эрэгтэй хүн гүйгээд орцноос гараад явсан. Удалгүй араас нь манай 6 давхарын нэг банди гар утсаа булаалгачихлаа гээд бууж ирсэн. Би доошоо буугаад орцоор гарсан хүний царай зүсийг харж амжаагүй. Шалаа угааж байхад хажуугаар пижигнээд гүйгээд орцоор гарсан...” гэжээ. /1хх-106/,
Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2018 оны 2 сарын 5-ны орой 19 цагийн орчим О.Б-О 9 настай, О.Ү 11 настай хоёр хүү маань тараад гэр рүүгээ харих замд голд явж байхад нь урд талд нь явж байсан үл таних хүн гэнэт эргэж хараад манай 2 хүүг зогсоогоод “та 2 манай дүүг зодсон 2 хүүхэд мөн үү” гэж асуухаар нь бид зодоогүй гэж хэлэхэд урд нь ороод алхаад яв гэсэн. Тэгснээ голын нарийн замд ирэх үед дахин зогсоогоод гар утсаа өгч бай, та 2 манай дүүг зодсон эсэхийг би шалгаад ирнэ, үнэхээр зодоогүй бол гар утсыг чинь авчирч өгнө гээд гар утсыг нь аваад явчихсан гэсэн. Манай хүүхдүүдийг зодсон зүйл байхгүй, гэмтэл бэртэл аваагүй, харин жаахан айсан байсан...” гэжээ. /1хх-21-22/,
Насанд хүрээгүй гэрч О.Б-О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... манай ах Ү бид 2-т утас байхгүй агаа гэсэн чинь та 2 битгий худлаа яриад бай, би та 2-т гар утас байгааг чинь мэдэж байна, алив гаргаад ир гэж хэлсэн...утсаа гаргаж ирэхгүй бол алчихна шүү гээд миний нүүрэн дээр гараа атгаад заналхийлсэн. Тэгсэн чинь манай ах айгаад Самсунг нөүт 2 гар утсаа тэр ахад гаргаж өгсөн ба тэр ах гар утас аваад Тольт сургууль, 118 дугаар цэцэрлэг 2-ын голоор гүйгээд зугатаасан...” гэжээ. /1хх-20 /,
Гэрч С.Ч-О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Манай ажил дээр хүрч ирээд цагаан өнгийн, дэлгэц нь бага зэрэг цуурсан нилээн сэвтэй, солонгос эс моделтэй Самсунг нөүт-2 гар утас авах уу гэхээр нь үзүүлсэн гар утсыг үзэхэд сэв ихтэй байхаар нь 45 билүү 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Надад хулгайн гар утас энэ тэр гэж хэлээгүй. Дээгүүрээ улаан өнгийн куртиктэй ирж байсан. Улаан өнгийн куртик нь тод өнгөтэй байсан болохоор сайн санаж байна...” гэжээ. /1хх-24/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2018 оны 2 сарын эхээр санагдаж байна. Цагаан сарын өмнө байх. Би хичээлээ тараад найз Ч-Оын багшийн дээдийн утас засварладаг лангуун дээр очоод Ч-Оын ажилд нь туслаад байж байсан. Гэтэл гаднаас улаан куртиктэй, боровтор царайтай, намхан залуу орж ирээд манай найзаас гар утас авах уу? гээд цагаан өнгийн Самсунг галакси нөүт-2 гар утас үзүүлсэн. Тэгээд манай найз утсыг үзэж хартал нилээн сэвтэй утас байхаар нь 50.000 төгрөгөнд авахаар болоод мөнгийг нь өгөөд худалдаж авсан...” гэжээ. /1хх-25/,
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед найз Т манай гэрт ирсэн. Бид 2 хоёр литрийн Нийслэл пиво, 4 лааз мөн Нийслэл пиво уусан. Дараа нь бид 2 манайхаас гараад дэлгүүр орж 2 литрийн Нийслэл пиво 2 савыг аваад явж байгаад найз Нтэй таарсан. Бид гурав 20-21 цагийн үед манай гэрээс урагш байдаг Угийнд орсон. Бид нар пиво уугаад сууж байхад 23-24 цагийн үед гаднаас 2 залуу орж ирсэн. Тэр 2 залуу мөн пиво авч орж ирсэн. Тэгтэл О гэх залуу “танай найз хааччихав” гэж надаас асуусан. Яасан гэж асуухад миний утсаар яриад өгье гээд утас авч гарч яваад алга болчихлоо гэж хэлсэн. Тг хүлээгээд ирэхгүй болохоор нь шөнийн 02-03 цагийн үед Тгийн эгчийнд очиж асуухад ирээгүй гэж байсан...” гэжээ. /2хх-87/,
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Намайг Ч-Оын лангуун дээр түүнтэй хамт байж байхад оны өмнө санагдаж байна улаан куртиктэй 20 гаран насны залуу орж ирээд Самсунг Эс-4 гар утас авах уу гээд манай найзад үзүүлж байсан. Манай найз Ч-О тэр залуугийн гар утсыг үзэж хараад 100.000 төгрөгөнд авсан. Би тэр үйл явдлыг л мэднэ. Харин 2 сарын 5-ны өдөр болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Ч-О оны өмнө Самсунг Эс-4 гар утсыг худалдаж авах үед намайг хажууд нь хамт байсан болохоор андуураад тэгж хэлсэн байх гэж бодож байна...” гэжээ. /1хх-26/,
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Т дээрээ 4 эгч, 3 ахтай, айлын бага нь. Т манайд амьдардаг бөгөөд эхнэр, хүүхэд байхгүй. Урд нь тавилгын үйлдвэрт ажиллаж байгаад оны өмнө ажлаасаа гарсан. Т уг нь зан харьцааны хувьд төлөв даруу байсан. Сүүлийн үед зан нь эвдэрсэн байна лээ. Цэрэгт явж ирснээс хойш зан харьцаа нь өөрчлөгдсөн байна лээ. Эгчийнхээ мөн миний үгнээс гараад байдаггүй, согтуу хөлчүү гэр орондоо орж ирж байсан удаа байхгүй...” гэжээ. /1хх-28/,
Яллагдагч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би 2018 оны 1 сарын 5-ны өдөр 1 дүгээр хорооллын 1-р байрны араар явж байсан чинь 10 жилийн бололтой нэг банди нэг орц руу яваад орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж ороод лифтэнд хамт суусан, лифтэн дотор манай дүү өнөөдөр хүүхдэд зодуулчихаад байна, чи манай дүүг зодсон хүүхэд мөн үү гэсэн чинь бишээ ахаа гэсэн. Тэгэхэд чи ямар ч байсан надтай буугаадах гээд дагаад буухаар нь лифтний арын пункер хэсэг рүү дагуулж ороод манай дүү гэртээ орчихсон байна, чи дээд давхарт гараад хүлээж бай, намайг дуудангуут буугаад ир, чи утсаараа өөрийнхөө зургийг дараад надад өгчих, зургийг чинь дүүдээ үзүүлээд мөн үү, биш үү гэдгийг харуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгсэн тэр банди утсаа гаргаж өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад чи наанаа байж байгаарай гэж хэлээд доошоо шатаар буугаад орцоор гараад зугтаасан...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-н дунд зам дагуу явж байсан. Тэгтэл нэг бага насны хүүхэдтэй тааралдсан бөгөөд "манай дүү хүүхдэд зодуулчихаж" гэж худал хэлэн дагуулж явсан. Тэр хүүхэд би биш гэж хариулахаар нь чи надад гар утсаа өг, би зургийг чинь дараад дүүдээ үзүүлчихээд ирье, харин чи эндээ байж байгаарай, байхгүй бол би чамайг олж чадна, шүү наанаа байж байгаарай гээд орхиод явсан. Би тухайн гар утсыг Гандантэгчилэн хийдийн ойролцоо байх гар утас засварын газарт 20.000 төгрөгөөр өгсөн...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хийдийн хажуугийн нарийн зам дээр үл таних 10-13 насны 2 сургуулийн хүүхэдтэй таараад би манай дүү хүнд зодуулсан, зодсон хүнийг нь хайгаад явж байна, та 2 харсан уу, эсвэл та 2 өөрсдөө зодоон хийсэн үү? гэж асуутал үл таних 2 хүүхэд бид хоёр зодоон хийгээгүй гэхээр нь би манай дүү энэ сургуулийн хашаан дотор байгаа, би дүүгээ аваад ирье, та 2-ын царайг харуулья, та 2 энд байж бай, баталгаа болгож гар утсаа надад үлдээчих гэтэл тэр 2 хүүхэд бид 2 орцондоо хүлээж байя гэхээр нь би та 2 эндээ хүлээж бай би гялс явчихаад ирье гэж хэлэхэд үл таних 2 хүүхэд за хурдлаарай ахаа бид 2 хүлээж байя гэж хэлээд үлдэхээр нь би гар утсыг нь аваад Цамбагаравын автобусны буудал руу явсан...Ард кино театрын автобусны буудал дээр буугаад алхаж явтал сургуулийн арын талбайд 6-7 хүүхэд хөл бөмбөг тоглож байхаар нь очоод хамт хөл бөмбөг тоглож байгаад амрах хугацаандаа тэр хүүхдүүдэд хандаж манай дүү сая сургуулийн үүдэнд 2-3 хүүхдүүдэд зодуулсан байна, энэ талаар та нарт харсан зүйл байна уу? та нар зодсон юм биш биз гэж асуухад бид нар тийм зодоонд оролцоогүй, хараагүй гэхээр нь та нар энд хүлээж бай дүүгээ дагуулж ирээд та нарын царайг харуулна гэж хэлснээ болиод манай дүү зодуулаад нүүр ам нь их гэмтэлтэй болсон учир гадуур дагуулан явах боломжгүй байна, та нар утсан дээрээ зургаа аваад надад өгчих гэсэн чинь тухайн хүүхдүүд утсан дээрээ зургаа аваад надад өгсөн... энгийн болон хар цагаан өнгийн Айфоне 5 гар утас 2 ширхэг, Самсунг эс-3 загвартай цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлуур нь унасан Нокиа гар утас 1 ширхэгийг аваад Бөмбөгөр худалдааны төв рүү явсан...Би Ооос утсаар чинь яриад өгье гэж гуйгаад утсаар нь гадаа гараад найз охин Зтай ярьсан... тэгээд би Оын утсыг аваад Згийнх руу очих гээд явсан...би бусдын эд хөрөнгийг дээрэмдэж аваагүй учраас зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна...” гэжээ. /1 хх-23, 43, 134, 143-144, 244, 2-хх-17-18, 106-107/,
“Samsung note-2 маркийн гар утсыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 132,000 төгрөгөөр, Ipone-5 маркийн гар утсыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 150,000 төгрөгөөр, Ipone-5 маркийн гар утсыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 138,000 төгрөгөөр, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Ipone-5 маркийн гар утсыг 138,000 төгрөгөөр, Самсунг s-3 маркийн гар утсыг 72,000 төгрөгөөр, Nokia 130 маркийн гар утсыг 22,800 төгрөгөөр, үзүүлэлт тодорхойгүй хуучин утсыг 138,000 төгрөгөөр, Хуавэй жи 9 гар утсыг 270,000 төгрөгөөр, Ipone-6s маркийн гар утсыг 2018 оны 01 дүгээр улирлын зах зээлийн үнэлгээгээр 1,040,000 төгрөгөөр үнэлэв” гэх “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-38-39, 112-113, 199-201, 2хх-22-23, 150-159, 3хх-140-141/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-66-67, 2хх-140-147/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-59, 60, 2хх-126/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-61/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх- 137/, хохирол төлсөн баримтууд /3хх-230-234/, хорих ялаас хугацааны өмнө тэнссэн сулласан шүүгчийн захирамж /2хх-146-147/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Т нь
2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ч.Мийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн Айфоне-5 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 138.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн орчим насанд хүрээгүй хохирогч Н.Зыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн Айфоне-5 маркийн гар утсыг дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Сонгинохайрхан дүүргийн орчим насанд хүрээгүй хохирогч О.Үийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн Самсунг нөүт-2 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 132.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Хыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн гар утсыг нь дээрэмдэн авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн орчим насанд хүрээгүй хохирогч Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч нийт 370.800 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн хохирогч Э.Оын гар утсыг хуурч мэхлэн авч, 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд
насанд хүрээгүй хохирогч Э.Хын өгсөн “...миний дүүг хэдэн хүүхдүүд мөнгө нэхэж байгаад зодсон байна. Чи тэр хүүхдүүдийн нэг байвал би чамайг зодно шүү гээд манай орц руу дагуулаад орсон, тэгээд тэр ах миний гар утсыг авч үлдээд чи 6 давхар луу гарч бай. Би дүүдээ чиний зургийг үзүүлчихээд ирье гээд явсан. Би тэнд хэсэг хугацаанд хүлээгээд буцаж буутал тэр ах ирээгүй...” гэх мэдүүлэг /3хх- 136/,
насанд хүрээгүй хохирогч Ч.Мын өгсөн “...манай дүү 3 хүүхдэд зодуулсан байна, чамайг очиж харуулна. Чиний утсаар зургийг чинь аваад очиж үзүүлнэ. Зодуулах юм уу, эсвэл утсаа өг гэж хэлээд миний утсыг аваад хойшоогоо гараад зугатаасан. Би тухайн үед айсан болохоор утсаа өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-198/,
насанд хүрээгүй хохирогч Н.Зын өгсөн “...би 6 давхараас дүүгээ гаргаж ирчихээд дуудна, чи надад утсаа үлдээ, энэ чинь нотолгоо болно гэж хэлсэн. Би надад утас байхүй гэж хэлтэл миний хувцсыг нэгжиж байгаад олсон, тэгээд би буцаагаад утсаа авах гэтэл чи намайг хулгайч гэж бодоод байна уу гэж хэлээд би чамайг 6 давхраас дуудна, чи наанаа байж бай гэж хэлээд доошоо буугаад алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-101-102/,
насанд хүрээгүй хохирогч О.Үын өгсөн “...та 2 ер нь зугтаж магадгүй барьцаа болгож гар утсаа үлдээ, та 2-т гар утас байгааг мэдэж байна гэхээр нь би утсаа өгтөл миний гар утсыг аваад эргээд явсан...” гэх мэдүүлэг /1хх-17-18/,
насанд хүрээгүй хохирогч Э.Б өгсөн “...миний дүүг өнөөдөр хөл бөмбөг тоглож байхад нь 3 хүүхэд очоод зодсон байна та нар арай биш биз өөрсдийнхөө утсан дээр зурагнуудаа аваад утсаа өг гэж хэлэхээр нь бид өөрсдийнхөө зургийг авсан. Тэгээд тэр ахад өгөөгүй танай дүүтэй чинь бид 4 өөрсдөө уулзаад царайгаа харуулж болохгүй юм уу гэсэн чинь болохгүй ээ алив наад утсаа өгөөдөх гээд Т, Э, А бид 3-н гар утсыг булаагаад авсан...” гэх мэдүүлэг /2 хх-5/,
насанд хүрээгүй хохирогч Э.Тын өгсөн “...Бид нар утсаа гаргаад ирсэн чинь гарнаас аваад зугатаагаад явсан, намайг зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /2хх-6/,
насанд хүрээгүй хохирогч Г.Эийн өгсөн “...миний гар утсыг авахдаа утсаа өгөөдөх гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь баруун гарын бугуйнаас базаж аваад “чи байж бай, ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө би та нарыг яаж ч магадгүй шүү” гэхээр нь би айсандаа болоод гар утсаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-7/,
насанд хүрээгүй хохирогч Э.Аын өгсөн “...Тэр ахыг хөөгөөд гүйж байхад дэлгүүрийн орчим намайг түлхсэн. Өөрөөр зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /2хх-16/,
хохирогч Э.Оын өгсөн “...Т утсаа өгчих, юнителийн дугаар руу ярьчихаад өгье гэж хэлээд миний утсыг аваад гараад явсан. Т буцаж орж ирээгүй, хайгаад гэрт нь очиход ирээгүй гэсэн. Т миний утсыг унтраагаад алга болсон...” гэх мэдүүлэг /2хх-88-89/,
гэрч Х.Нгийн өгсөн “...манай 6 давхарын нэг банди гар утсаа булаалгачихлаа гээд бууж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-106/,
гэрч П.А өгсөн “...манай 2 хүүг зогсоогоод “та 2 манай дүүг зодсон 2 хүүхэд мөн үү” гэж асуухаар нь бид зодоогүй биш гэж хэлэхэд урд нь ороод алхаад явсан гэсэн. Тэгснээ хийд 2-н голын нарийн замд ирэх үед дахин зогсоогоод гар утсаа өгч бай, та 2 манай дүүг зодсон эсэхийг би шалгаад ирнэ, үнэхээр зодоогүй бол гар утсыг чинь авчирч өгнө гээд гар утсыг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг /1хх-21-22/,
насанд хүрээгүй гэрч О.Б-Оын өгсөн “...манай ах бид 2-т гар утас байхгүй ээ ахаа гэсэн чинь та 2 биттий худлаа яриад бай, би утас байгааг чинь мэдэж байна, утсаа гаргаж ирэхгүй бол алчихна шүү гээд миний нүүрэн дээр гараа атгаад заналхийлсэн ба тэр ах гар утас аваад Тольт сургууль, 118 дугаар цэцэрлэг 2-ын голоор гүйгээд зугатаасан...” гэх мэдүүлэг /1хх-20/,
гэрч С.Ч-Оын өгсөн “..цагаан өнгийн, дэлгэц нь бага зэрэг цуурсан нилээн сэвтэй, солонгос эс моделтэй Самсунг нөүт-2 гар утас авах уу гэхээр нь үзүүлсэн гар утсыг үзэхэд сэв ихтэй байхаар нь 45 билүү 50.000 төгрөгөнд худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-24/,
гэрч Б.Сгийн өгсөн “...гаднаас улаан куртиктэй, боровтор царайтай, намхан залуу орж ирээд манай найзаас гар утас авах уу? гээд цагаан өнгийн Самсунг галакси нөүт-2 гар утас үзүүлсэн. Тэгээд манай найз утсыг үзэж хартал нилээн сэвтэй утас байхаар нь 50.000 төгрөгөнд авахаар болоод мөнгийг нь өгөөд худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1хх-25/,
гэрч М.Нийн өгсөн “...Т манай гэрт ирсэн. Бид 2 хоёр литрийн нийслэл пиво, 4 лааз мөн нийлэл пиво уусан. О гэх залуу “танай найз хааччихав” гэж надаас асуусан. Яасан гэж асуухад миний утсаар яриад өгьө гээд утас авч гарч яваад алга болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-87/,
гэрч Н.Дийн өгсөн “...улаан куртиктэй 20 гаран насны залуу орж ирээд Самсунг Эс-4 гар утас авах уу гээд манай найзад үзүүлж байсан. Манай найз Ч-О тэр залуугийн гар утсыг үзэж хараад 100.000 төгрөгөнд авсан...” гэх мэдүүлэг / 1хх-26/,
шүүгдэгч Ч.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:
“...Би 10 жилийн бололтой нэг банди нэг орц руу яваад орсон...чи дээд давхарт гараад хүлээж бай, намайг дуудангуут буугаад ир, чи утсаараа өөрийнхөө зургийг дараад надад өгчих, зургийг чинь дүүдээ үзүүлээд мөн үү, биш үү гэдгийг харуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би гар утсыг нь аваад шатаар буугаад орцоор гараад зугтаасан...Нэг бага насны хүүхэдтэй тааралдсан бөгөөд "манай дүү хүүхдэд зодуулчихаж" гэж худал хэлэн дагуулж явсан...чи надад гар утсаа өг, би зургийг чинь дараад дүүдээ үзүүлчихээд ирье...би чамайг олж чадна шүү, наанаа байж байгаарай гээд орхиод явсан...Би хийдийн хажуугийн нарийн зам дээр үл таних 10-13 насны 2 сургуулийн хүүхэдтэй таараад би манай дүү хүнд зодуулсан...би дүүгээ аваад ирье, та 2-ын царайг харуулья, та 2 энд байж бай, баталгаа болгож гар утсаа надад үлдээчих, та 2 эндээ хүлээж бай би гялс явчихаад ирье гэж хэлээд би гар утсыг нь аваад явсан...Ард кино театрын автобусны буудал дээр буугаад алхаж явтал сургуулийн арын талбайд 6-7 хүүхэд хөл бөмбөг тоглож байхаар нь очоод манай дүү сая сургуулийн үүдэнд 2-3 хүүхдүүдэд зодуулсан байна...та нар утсан дээрээ зургаа аваад надад өгчих гэсэн чинь тухайн хүүхдүүд утсан дээрээ зургаа аваад надад өгсөн...энгийн болон хар цагаан өнгийн Айфоне 5 гар утас 2 ширхэг, Самсунг эс-3 загвартай цэнхэр өнгийн гар уатс 1 ширхэг, хар өнгийн товчлуур нь унасан Нокиа гар утас 1 ширхэгийг аваад Бөмбөгөр худалдааны төв рүү явсан...Би Ооос утсаар чинь яриад өгье гэж гуйгаад утсаар нь гадаа гараад найз охин Зтай ярьсан... тэгээд би Оын утсыг аваад Згийнх руу очих гээд явсан...” гэх мэдүүлэг /1хх 23, 43, 134, 143-144, 244, 2хх 17-18, 106-107/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Т бусдын эд хөрөнгийг дээрэмдэж аваагүй, гуйж авсан гэж мэдүүлэг өгсөн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан насанд хүрээгүй хохирогч Ч.М, Н.З, О.Ү, Э.Х, Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарын мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Ч.Тгийн зүгээс хүч хэрэглэхээр заналхийлсэн, үйл баримт тогтоогдсон бөгөөд тэрээр сэтгэхүй буюу хэл яриагаар, түүнчлэн айлгах бүхий үйлдэл хийж, эрхшээлдээ оруулан эд зүйлийг нь авсан нь тогтоогдсон ба түүний дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байна.
Дээрэмдэх гэмт хэргийг “ хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бөгөөд ийнхүү айлган сүрдүүлсэн заналхийлэлд хохирогч орохгүй байгаа тохиолдолд хүч хэрэглэх нөхцөл байдал илт байдаг шинжээрээ бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргээс ялгагдаж байдаг, харин энэхүү заналхийлэх шинж тогтоогдож байхад бодит байдалд хүч хэрэглээгүй гэсэн шинжээр дээрмийн гэмт хэргийг үгүйсгэж болохгүй бөгөөд дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн шинж тус тусдаа хуульчлагдсан бөгөөд хүч хэрэглээгүй тохиолдол бүр нь хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болон хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нар эд хөрөнгөө алдаж хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Ч.Т нь гэмт үйлдлийн улмаас учирсан хохирогч Ч.Мэд 138.000 төгрөг, Н.Х 270.000 төгрөг, Н.Зд 150.000 төгрөг, Л.Үад 132.000 төгрөг, Э.Бд 72.000 төгрөг, Э.Ат 22.800 төгрөг, Э.Оод 1.040.000 төгрөгийг тус тус төлсөн байх ба шүүгдэгч Ч.Тгаас 276.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Тт 138.000 төгрөгийг, хохирогч Г.Эт 138.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Тгийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд гэж шүүх үзсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг бүрэн арилаагүй, мөн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бага насны хүүхдүүдийг сонгон гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ч.Т нь 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар 07 cap 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 07 сар 09 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ч.Т нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс /Сүхбаатар дүүрэгт/ 48 цаг буюу 02 хоног, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс /Сонгинохайрхан дүүрэгт/ 48 цаг буюу 02 хоног нийт 04 хоног сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 660 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг, 1 ширхэг флаш 1 зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чн Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Хуурч бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Тг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч.Тд 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 07 сар 09 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Тгийн цагдан хоригдсон 660 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Ч.Тгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ч.Мэд 138.000 төгрөг, Н.Х 270.000 төгрөг, Н.Зд 150.000 төгрөг, Л.Үад 132.000 төгрөг, Э.Бд 72.000 төгрөг, Э.Ат 22.800 төгрөг, Э.Оод 1.040.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Тгаас 276.000 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух регистрийн дугаартай Э.Тт 138.000 төгрөгийг, хохирогч Баянгол дүүргийн тоотод оршин суух регистрийн дугаартай Г.Эт 138.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ