Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 436

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын 1 дүгээр гудамж 6 тоотод оршин суух, Дархчуул, Чойжилжавын Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын 1 дүгээр гудамж 6 тоотод оршин суух, Цоохор, Галиндэвийн Ганхүлэгт холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Ганхүлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархчуул овогтой Чойжилжавын Эрдэнэ нь 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн. 2000 онд Цоохор овогтой Галиндэвийн Ганхүлэгтэй танилцаж, 2001 онд анхны охин төрсөн, одоо хоёр хүүхэдтэй. 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дэлгэр сумын иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн. Одоо нөхөр болох Г.Ганхүлэгтэй харилцан тохироод ямар нэгэн эд хөрөнгө, гэр бүлийн маргаангүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь бид хоёр хоёулаа тус тусын хамтран амьдардаг хүнтэй юм. Бид хоёр нь хүүхдээ нэг нэгээр нь авч өсгөн хүмүүжүүлэхээр тохиролцсон. Иймд миний асуудлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ганхүлэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цоохор овогтой Галиндэвийн Ганхүлэг нь 1980 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн. Одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 9 дүгээр баг, Түмэн найрамдлын 1 дүгээр гудамж 6 тоотод амьдардаг. Дархчуул овогтой Чойжилжавын Эрдэнэтэй 2000 онд гэр бүл болж, 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дэлгэр сумын иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн. Эхнэр болох Ч.Эрдэнэ нь одоогоор Солонгос улсад амьдардаг. Би энд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Ч.Эрдэнийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг авч танилцаад хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр ярилцаад хоёулаа тус тусын хамтран амьдрагчтай гэдгээ хэлж ойлголцоод цаашид хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч өсгөн хүмүүжүүлэхээр тохиролцсон юм. Эхнэр болох Ч.Эрдэнэ бид хоёр нь ямар нэгэн хэрүүл, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүд маань бас мэдэж ойлгож байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ч.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэ, хариуцагч Г.Ганхүлэг нар 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Тэдний дундаас охин Г.Пэлжидмаа 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, хүү Г.Адъяасүрэн 2005 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдрах болсон, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч зохигчид эвлэрээгүй, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд аль аль нь гэрлэлтийг цуцлуулах хүсэлттэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэгчийн бид хоёр хүүхдүүдээ нэг нэгээр нь авч өсгөн хүмүүжүүлэхээр тохиролцсон гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн санал зэргийг үндэслэн охин Г.Пэлжидмааг эх Ч.Эрдэнийн асрамжид, хүү Г.Адъяасүрэнг эцэг Г.Ганхүлэгийн асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна. Гэвч цаашид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цоохор Галиндэвийн Ганхүлэг, Дархчуул Чойжилжавын Эрдэнэ нарын Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг    Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН