| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0120/Э |
| Дугаар | 0180 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 0180
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч А.Отгонбаатар,
хохирогч О.А,
шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ШТЭД-0243/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б холбогдох эрүүгийн 1908 05560 1808 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.... ....” ......-д жижүүр ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо ... байрны ... тоотод түр оршин суух хаягтай, урьд
Улаанбаатар хотын шүүхийн 1977 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 141 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн В ангид зааснаар 8 жилийн хорих ялаар,
Улаанбаатар хотын найрамдлын районы ардын шүүхийн 1980 оны 16 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В ангид зааснаар 3 жил хорих ялаар,
Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 442 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөлийн хуулиар суллагдсан,
У ө овогт Ш.Б /РД:............../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны ....... дугаар байрны зогсоол дээр ..... маркийн ..... УБО улсын дугаартай автомашиныг зогсоолоос явсангүй гэх шалтгаанаар тус автомашинд сууж байсан О.А цээжний баруун дээд хэсэгт хутгалж, цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун уушигны бүрэн бус авчилт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч О.А мэдүүлэг /хх45-46, 48/, гэрч М.Б мэдүүлэг /хх10-11/, гэрч В.Б-н мэдүүлэг /хх13/, гэрч Ц.А-н мэдүүлэг /хх15/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12849 дугаартай дүгнэлт /хх25-26/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5977 дугаартай дүгнэлт /хх29/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5978 дугаартай дүгнэлт /хх27/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5226 дугаартай /хх33-34/, Ш.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-8/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл буцаан олгосон тэмдэглэл /хх111-116/, шүүгдэгч Ш.Б-н иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх3/, ажлын газрын тодорхойлолт /хх70/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Х-с: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх64/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх65/, ажлын газрын тодорхойлолт /хх70/, ял шалгах хуудас /хх73/, зөрчлийн тодорхойлолт /хх83/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан 3 хуудас баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ш.Болдбаатарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч О.А-н “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш ...найз А-н машинд 0.5 литрийн архи уух санаатай машиныг нь ... дугаар байрны зүүн хойд талд хойшоо харуулж зогсоогоод, байж байтал тэр байрны жижүүр бололтой хөгшин ах сүүлд нэрийг нь мэдсэн Ш.Б хүрч ирээд халамцуу байдалтай “та нар машин тэргээ холдуул” гэж хэлэхээр нь “одоо гарлаа. Хажуугаар машин гарах зай байна” гэж хэлтэл нөгөө ах яваад өгсөн. Нилээн удсаны дараа дахин ирээд “та муусайн пизда нар зайлцгаа” гэхээр нь А бид хоёр машинаас буугаад “за уучлаарай. Бид хоёр уг нь ........таксинд явдаг байсан шүү дээ” гэж хэлээд ойлгохгүй байхаар нь “явлаа” гээд машиндаа бүгд суугаад холдож байтал машины цонх тогшихоор нь би цонхоо онгойлгоод “яасан ах” гээд хэлтэл шууд гартаа байсан урт хутгаар миний цээж орчим нэг удаа хатгаж, цохиод, буцаад хутгаа сугалаад авчхаар нь би машинаас гараад ирсэн чинь Б баруун гартаа хутга барьчихсан ахиад дайрахаар нь би “байж байгаарай” гэж хэлээд доор хоёр машин тойроод зогсоолд байсан машинуудын дунд унасан. Тэгээд манай хэд Б-н гараас хутгыг авч цагдаад барьж өгсөн байсан. ... 2 удаа хагалгаанд орсон байгаа...” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн “...Намайг хутгалж байхад найзууд болох А, Б, А нар харж байсан. Тэр хэд Б-с хутгыг нь салгаж авсан байсан. Хутгалуулснаас болж Гэмтлийн эмнэлэгт 10 хоног эмчлэгдэж, хоёр удаа хагалгаанд ороод гарсан. Дахиад нэг орно гэсэн. Одоо гадуур боолт хийлгээд байж байна. Эмчилгээ хийлгэсэн баримтаар 1.300.000 орчим төгрөг гарсан байгаа... Эмчилгээний зардал мөнгөө гаргаад авчихвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн дахин мэдүүлэг /хх45-46, 48/,
2. Гэрч М.Б-н“...өөрийнхөө машин тавих зогсоол олдохгүй байрны гадна гадны машинууд зогсож байхаар нь байрны жижүүрийн өрөөнд орж “гадаа зогсоолд байгаа гадны машинуудаа холдуулаач” гээд хэлтэл өөдөөс халамцуу байдалтай “чи битгий солиороод бай” гэж хэлээд надтай хамт гарч ирээд байрны зүүн талд байсан “Соната-7” маркийн ..... УБО улсын дугаартай машин дээр очоод жолоочид нь хандан “хөөе машинаа холдуул. Хашаанаас гар” гэж хэлтэл, жолооч ах “за одоо гарлаа” гэх үед ард нь сууж байсан бүдүүн биетэй ах “чиний эзэмшлийн газар юм уу пизда минь. Ууж идсэн ээ шингээ” гээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би гражийн дэргэд машин байрлуулж тавиад, буцаад явж байтал манаач ах хутга бариад миний хажуугаар зөрөөд явчихаар нь би “ахаа яах гэж байнаа?” гэж хэлтэл “холд” гэж хэлээд залуусын зүг яваад өгөхөөр нь би шууд өөрийн дугаараас цагдаад “манай байрны манаач хүмүүстэй маргалдаж байгаад, хутга бариад явчихлаа” гэж хэлтэл “маргалдаж байсан хүмүүсийн унаж яваа машины дугаарыг хараад өгөөч” гэхээр нь дугаарыг нь харах гэтэл нэг залуу нь хутгалуулчихсан байсан. ...25 сантиметр орчим урттай, цагаан юм шиг бариултай, төмөр хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хх10-11/,
3. Гэрч В.Б-н “...Тэр үед би машинаа хөдөлгөөд хашаанаас гарах гээд чиглээд, урагшаа хараад явж байтал жижүүр ах подволоосоо буцаж гарч ирээд хойд багаж дээр цохиод авахаар нь би зогстол, А-н хаалганы цонх онгорхой байсан чинь жижүүр ахын гар нь орж ирээд, цохих шиг болсон чинь А- “өө намайг хутгалчихлаа шүү дээ” гээд машинаас буусан. Бид нар буутал жижүүр ах “бүгдийг чинь ална” гээд баруун гартаа хутга барьчихсан дайрсан. Бид нар машинаас тойрч зугтаж байгаад, би тэр ахын хутгатай гарыг станцны нарийн төмрөөр цохисон чинь тавихгүй байхаар нь би гарыг нь барьж аваад, хутгыг нь булаацалдаж, иртэй талаас нь хутгыг нь булааж авахдаа баруун долоовор хуруугаа зүсүүлсэн. Тэр үед цаанаас А- жижүүр ахыг барьж аваад, бид хоёр дарж байж цагдаад хүлээлгэж өгсөн. ...миний баруун гарын долоовор хуруу бага зэрэг зүсэгдсэн. Өөр гэмтэл учирсан зүйл байхгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх13/,
4. Гэрч Ц.А-н “...“Бид нар явлаа” гээд машинаа хөдөлгөөд байж байтал жижүүр ах араас буцаж ирээд, А-н хаалганы цонх онгорхой байх үед гар нь орж ирээд А-н цээж рүү цохих шиг болсон чинь А машинаас буусан. Бид нар бас буутал жижүүр ахын гарт хутгатай “та нарыг бүгдийг ална” гээд баруун гартаа хутга барьчихсан дайрсан. Бид нар машинаас тойрч зугтах үед А зугтаж байгаад газар унасан...” гэх мэдүүлэг /хх15/,
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12849 дугаартай “...О.А-н биед цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, дух эрүүнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх25-26/,
6. Ш.Б-н яллагдагчаар өгсөн “...Энэ байрныхаа жижүүр болон гадна ил зогсоолыг хариуцан ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед гэртээ ганцаараа байхдаа дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад, түүнийгээ ганцаараа уучхаад, байрныхаа гадаа 16 цагийн үед гартал гадна зогсоол дээр хар өнгийн ....... маркийн автомашинд үл таних 2-оос 3 залуу хөзөр тоглоод, тамхи татаж, нус, шүлсээ хаяад байхаар нь би очоод “та нар энд удаан зогсож болохгүй, машин тэрэг орж гарахад саад болоод байна” гээд хэлтэл өөдөөс дооглох маягтай хөдөлж өгөхгүй байхаар нь би “хурдан яваарай” гэж хэлчхээд гэртээ ороод байж байтал, манай байрны оршин суугч эмэгтэй орж ирээд, “та ажлаа хийгээч, гадаа зогсоолд чинь машин орж ирчхээд, хүмүүс нь машиндаа архи уугаад байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь гарч очоод “та нар яв гээд байхад яах гээд байгаа юм бэ? зайлахгүй юм уу? та нар” гээд хэлтэл, машинаас нөгөө залуус гарч ирэн намайг “та зүгээр эндээс холд” гээд түлхэж, инээгээд машиндаа суучхаар нь би гэр лүүгээ явж ороод, хоолны хутгаа аваад гараад иртэл, өөр газар зогсож байхаар нь жолоочийн баруун урд талын хаалгыг тогшсон чинь цонхоо онгойлгохоор нь би гартаа байсан хутгаар сүүлд нэрийг нь мэдсэн А-н баруун эгэм орчимд нэг удаа хутгалаад, хутгаа сугалж аваад, хойд хаалгыг нь татсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би А-с уучлалт гуйж, эмчилгээний зардалд 700.000 төгрөг цувуулж өгсөн. Цаашид баримтаар гарсан эмчилгээний зардал мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй тул хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх56/,
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-8/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ш.Болдбаатар:
Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нар нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Хохирогч О.А хохирлыг төлүүлэх, хор уршиг бүрэн арилаагүй тул цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдлоо: Үүнд,
Хохирогч О.А, гэрч В.Б, Ц.А нар нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны .... дугаар байрны зогсоол дээр ..... маркийн ..... УБО улсын дугаартай автомашинд архи согтууруулах ундааны зүйл уусан,
Шүүгдэгч Ш.Б нь мөн /тухайн байрны жижүүрийн ажилтай/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “зогсоол чөлөөл” гэсэн шалтгаанаар тус автомашинд сууж байсан О.А цээжний баруун дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулжээ.
Тодруулбал, хохирогч О.А-н “...машины цонх тогшихоор нь би цонхоо онгойлгоод “яасан ах” гээд хэлтэл шууд гартаа байсан урт хутгаар миний цээж орчим нэг удаа хатгаж, цохиод, буцаад хутгаа сугалаад авчихаар нь би машинаас гараад ирсэн чинь Болдбаатар баруун гартаа хутга барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.-н “...манаач ах хутга бариад миний хажуугаар зөрөөд явчхаар нь ... нэг залуу нь хутгалуулчихсан байсан. ...25 сантиметр орчим урттай, цагаан юм шиг бариултай, төмөр хутга байсан...”, гэрч В.Б-н “... А-н хаалганы цонх онгорхой байсан чинь жижүүр ахын гар нь орж ирээд, цохих шиг болсон чинь А “өө намайг хутгалчихлаа шүү дээ” гээд машинаас буусан. ... А-г жижүүр ах халамцуудаа маргалдаж, байгаад жижүүрийн өрөөнөөсөө хутга авчраад шууд хутгалчихсан...”, гэрч Ц.А-н “...А-н хаалганы цонх онгорхой байх үед гар нь орж ирээд А-н цээж рүү цохих шиг болсон чинь А машинаас буусан. Бид нар бас буутал жижүүр ахын гарт хутгатай “та нарыг бүгдийг ална” гээд баруун гартаа хутга барьчихсан дайрсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5978, 6108, 5226, 5977 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч О.А-н эрүүл мэндэд “...цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврийн хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, дух эрүүнд шарх...” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12849 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, хутгаар хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг зориуд хүсч учруулсан нь тогтоогдож байна.
Тиймээс шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар 1.286.726 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Б-с 700.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, мөн хохирол төлөх завсарлага авсан хугацаанд 586.000 төгрөг төлсөн /банкны орлогын мэдүүлгийн хуудас/, хохирогч О.А нь баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч О.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, хор уршиг бүрэн арилаагүй байх тул хохирогч нь гэм хортой холбоотой зардлыг Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу цаашид Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, хохирлын нөхөн төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ш.Б нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу хэрэг учрал болсон цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл уусан байсан нь тогтоогдсон, хохирогчийн зүй бус үйлдэл хэрхэн нөлөөлсөн нь тогтоогдохгүй байх тул хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...гэмт хэрэг үйлдсэний дараа ... учруулсан хохирлыг төлсөн…” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл уусан үедээ зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, урьд 3 удаа ял шийтгэл эдэлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэл, шаардлага тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн насны байдал, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Б 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Б-д 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-н цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардалаа Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ