Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0375

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Улсын яллагч Х.Онолт,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З овогт Э-А Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008008000254 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Э-Ан Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4,  эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, (регистрийн дугаар),

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 4 дүгээр байрны урд талд иргэн О.Бийн эд хөрөнгийг авахаар “утсаар чинь яриад өгье, сарын дараа 1 сая төгрөг өгнө, цагдаад хэлээд нэмэргүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар хүч хэрэглэн довтолж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон “Самсунг Нөүт-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би найз охин Утай уулзах гэхэд У найзуудтайгаа хамт салхинд гарах гэж байна гэхээр нь уур хүрээд паб-д орсон. Орой 22 цагийн үед Утай ярих гэтэл миний утасны цэнэг дууссан болохоор өөр хүний утсаар ярих гээд тэр хүүхдээс утсыг нь яриад өгье гэж гуйж аваад утсаар нь яриад явж байгаад нэг хартал нөгөө хүүхэд байхгүй байсан. Тэгэхээр нь би явчихсан. Хүнээс авсан утсаа биет байдлаар нь хохирогчид өгсөн. Юу гэж хэлснээ санахгүй байна, дараа нь хэргийн материалтай танилцаад хохирогчийн мэдүүлгээс уншиж мэдсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу руу явах гээд автобусанд суусан.  Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал дээр ирэхэд би сэрээд тухайн автобусны буудап дээр буусан юм. Буудал дээр буугаад буцаад сүлжмэлийн буудал чиглэлтэй явах гээд зам товчлоод нарийн гудамжаар явж байтал араас нэг эрэгтэй хүн гарч ирээд ах нь чиний утсаар ганц ярьчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Самсунг Нөүт 5 загварын гар утсыг тухайн хүнд өгсөн. Тэр хүн миний утсаар найз охин руугаа залгаж ярьж дуусаад өмднийхөө арын халаасанд миний гар утсыг хийгээд “чамайг хэн гэдэг юм, ахыг нь Сайко гэдэг юм би чамд сарын дараа сая төгрөг өгье,...цагдаад хэлээд нэмэргүй шүү, би цагдаагаас яаж ийж байгаад мултарчихна” гэж хэлж байснаа найз охин руугаа дахиад залгасан. Тэгээд найз охиныхоо талаар яриад сүүлрээд байгаа залууг нь ална, би одоо юу ч хийхэд бэлэн байна гэж хэлж байсан...ахаа би утсаа авъя л даа гэж хэлтэл надад “өгөхгүй, байж бай л даа, чи яасан яаруу юм бэ, ахтайгаа явж архи уух юм уу? би утсыг чинь тавиад өнөөдөр шөнө архи ууна” гэж хэлсэн. Би утсаа авъя гэж дахиад хэлтэл миний нүүр рүү 3 удаа алгадаад “чи яасан яаруу банди вэ” гэж хэлсэн. Тэгээд дахиад миний гар утсаар яриад байсан...найз охинтойгоо ярихдаа чи наад бандиа танилцуулахгүй бол би энэ утасны бандид уураа гаргалаа шүү гээд уурлаж байсан бөгөөд утсаа салгаад өмднийхөө арын халаасанд хийсэн...миний утсыг аваад зам хөндлөн гараад явчихсан. Би тухайн үед анх удаа ийм зүйлтэй учирсан болохоор айгаад шууд хүний утсаар ээж О д болсон асуудлын талаар хэлсэн...” гэжээ. /хх-15-17/,

Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Бы гаргаж ирсэн утас нь дөрвөлжин утас л байсан, би яг ямар загвартай утас байсан болохыг нь мэдэхгүй байна. Тухайн утсыг нь би барьж үзээгүй...” гэжээ. /хх-29/,

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр...5 шарын автобусны буудал дээр буугаад гар утсаараа найз охин руугаа залгах гэтэл миний утасны цэнэг дуусаад унтарсан. Тэгэхээр нь хамт автобуснаас буусан эрэгтэй хүүхдэд хандан “би чиний гар утсаар найз охин руугаа ярьчихаад өгье” гэж хэлж гуйгаад гар утсыг нь авсан. Би гар утсаар найз охин У руу ярьтал У Д хамт Модны 2-т байна гэж хэлсэн. Тэгээд утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Би нөгөө хүүхдэд хандан “ахынх нь утас унтарчихсан, утсаа  ахдаа өгөөд явуулчих, ах нь чамд утасны чинь мөнгийг нэг сарын дараа өгье” гэж хэлээд утсаар нь найз охин руугаа  залгаастай зам хөндлөн гарсан. Би уг хүүхдэд хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Би уг хүүхдээс гар утсыг нь гуйгаад авсан...гэжээ. / хх 63-67/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 336 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-49-51/, Юнител ХХК-н 89676902 дугаарын 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ярианы билл /хх-19/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-31-32/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-35-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/, бусад лавлагаа /хх-84-90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 4 дүгээр байрны урд талд иргэн О.Бийн эд хөрөнгийг авахаар “утсаар чинь яриад өгье, сарын дараа 1 сая төгрөг өгнө, цагдаад хэлээд нэмэргүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар хүч хэрэглэн довтолж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон “Самсунг Нөүт-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд

Насанд хүрээгүй хохирогч О.Бийн өгсөн “...Ах нь чиний утсаар ганц ярьчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Самсунг Нөүт 5 загварын гар утсыг тухайн хүнд өгсөн. Би утсаа авъя гэж дахиад хэлтэл миний нүүр рүү 3 удаа алгадаад “чи яасан яаруу банди вэ” гэж хэлсэн. Тэгээд дахиад миний гар утсаар яриад байсан ...найз охинтойгоо ярихдаа чи наад бандиа танилцуулахгүй бол би энэ утасны бандид уураа гаргалаа шүү гээд уурлаж байсан бөгөөд утсаа салгаад өмднийхөө арын халаасанд хийсэн...миний утсыг аваад зам хөндлөн гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-15-17/,

гэрч Д.Угийн өгсөн:  “...Бы гаргаж ирсэн утас нь дөрвөлжин утас л байсан, би яг ямар загвартай утас байсан болохыг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг...” гэжээ /хх-29/

Шүүгдэгч Э.Бы яллагдагчаар өгсөн “...Утсаа  ахдаа өгөөд явуулчих, ах нь чамд утасны чинь мөнгийг нэг сарын дараа өгье гэж хэлээд утсаар нь найз охин руугаа  залгаастай зам хөндлөн гарсан...” гэх мэдүүлэг /хх-63-67/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б хохирогчид хүч хэрэглээгүй гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч шүүгдэгч нь хохирогч О.Бэд хүч хэрэглээгүй, утсыг нь гуйж авсан нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт хийж мэтгэлзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Э.Б насанд хүрээгүй хохирогч О.Бийн гар утсыг авахаар хүч хэрэглэн буюу нүүр рүү нь цохих зэргээр, хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хамт явж архидая, утсаа өгчих, мөнгийг нь нэг сарын дараа өгье, цагдаад хэлээд нэмэргүй шүү гэх зэргээр айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэлийг үгээр илэрхийлж эрхшээлдээ оруулан эд зүйлийг нь авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөө алдаж хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Э.Бы гэмт үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Бэд учирсан хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч Э.Баас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Э-А-н Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Быг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Э.Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бд урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНЧИМЭГ