| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00355/И |
| Дугаар | 552 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 552
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Т.Мандахад холбогдох “8,815,709 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Т.Мандах нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр нь сумыг хохиролгүй болгох нэхэмжлэх гаргав. Бид удаа дараа шаардсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1-р баг Партизан 5-16 тоотод оршин суух хаягтай Боролзой овогтой Түвшинтөрийн Мандах /РД: ТЕ-91082815/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Түвшинтөрийн Мандах миний бие Алтанбулаг сумын Засаг дарга Сундуйн нэхэмжилж байгаа 8,815,709 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээнзөвшөөрч байна. 2017.02.18-ны дотор төлж барагдуулна. Төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй С.Уранчимэгт холбогдох “8,815,709 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжилж буй 8,815,709 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 8,815,709 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 156.001 төгрөгний тал хувь 78.000.5 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй Т.Мандахад холбогдох “8,815,709 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 8,815,709 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 156.001 төгрөгний тал хувь 78.000.5 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН