Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 68

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар  Б.И-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад холбогдох 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, урьд нь олгогдоогүй 2016 оны 12-р сар, 2017 оны 1, 2 дугаар сар болон ажлаас халагдсанаас хойшхи хугацааны буюу эргэж ажилдаа орох хүртэлх хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацааг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Б.И-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, гэрч С.Энх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2008 оны 2 дугаар сарын 15-наас Отгон сумын байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 3 сарын 1-ний өдөр ажлаас халагдсан тушаалыг 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж авсан юм. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу өнгөрсөн оны 9, 10 дугаар сарын үеэс миний албан тушаалыг хэд хэдэн хүнд /Ч.Батболд, Д.Бүрэнзэвсэгт, А.Сосорбурам нарт/ өгөхөөр амласан байсны зэрэгцээ сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс байнга дарамт үзүүлж, ажлын цагийн бүртгэл баталж өгөхгүй, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт явуулахгүй байсан бөгөөд энэ байдал нь удаа дараа давтагдаж, үүний улмаас хэд хэдэн сарын цалингаа авч чадахгүй хохирч байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат надад өргөдлөө өгөөд ажлаасаа гарчих, тэтгэмж өгье гэх мэтээр дарамталж байсан. Гэтэл 4 сарын 19-ний өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас утасдаж чиний ажлаас халагдсан тушаал гарсан шүү гэсний дагуу өөрийн ах Б.Жамъянд захиж уг тушаалыг 4 сарын 25-нд өөрийн гар дээр авсан юм. Ингээд хууль бусаар халагдсан тул энэ тухай өргөдлөө Төрийн албан зөвлөлийн Завхан аймаг дахь салбарт гаргасан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлөөс эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж дүгнэж уг шийдвэрээ хүчингүй болгож, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбатад үүрэг болгосон боловч тодорхой хариу өгөхгүй өдийг хүрсэн тул асуудлыг шийдвэрлүүлэхээр уг өргөдлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгаль хамгаалагчаар томилогдсон. Тэгээд 2008 оны 10 дугаар сард төрийн албаны шалгалт өгч тэнцээд, төрийн албан хаагчийн тангарагаа өргөсөн. Төрийн жинхэнэ албан хаагч юм. Миний бие 2008 оноос 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж ирсэн. Би өмнө нь Б.Мөнхбат даргыг таньдаггүй байсан. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр сургалттай гэсэн бичгийг манай сум руу явуулсан гэдэг. Гэтэл над дээр ирсэн бичиг байхгүй. Харин Шилүүстэй сумын байгаль хамгаалагч Пүрэвдорж нь 2 дугаар сарын 9-ний өдөр сургалт, семинартай гэж утсаар хэлсэн. Сумын Засаг дарга нь Сосорбурам эгч бид хоёрыг хаячихаад явсан. Ийм учраас би хүний машинд суугаад араас нь ирсэн. Гэтэл Улиастай сумын байгаль хамгаалагч Бадам гэдэг хүн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар Б.Мөнхбат гэдэг хүн болсон, чамайг өөртэй нь ирж уулз гэж хэлүүллээ гэсэн. Ийм учраас би Б.Мөнхбат даргын өрөөнд орж уулзсан. Ийнхүү уулзахад Б.Мөнхбат дарга чамайг ажилдаа сайныг ч мэдэхгүй, муу гэдгийг ч мэдэхгүй байна. Гэхдээ танай сумын Засаг дарга болон Тамгын газрын даргаас удаа дараа бичиг ирсэн, мөн утсаар яриад байна. Би бол намаас сонгогдсон. Тиймээс чи ажлаа өг, эсхүл өргөдлөө бичиж өг гэж надад хэлсэн. Би тухайн үед үр дүнгийн гэрээгээ бариад орсон байсан. Гэвч надтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй, сургалт семинарт суух шаардлагагүй гэж хэлсэн. Манай эхнэр нурууны суулттай, таван килограммаас илүү хүнд зүйлийг өргөж болдоггүй. Надад тухайн үед мөнгө маш их хэрэгтэй байсан. Яагаад гэвэл цалингийн зээлтэй, 2016 оны 12 дугаар сараас хойш цалингаа аваагүй, хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. Тэгээд намайг шахаж байгаад өргөдөл бичүүлсэн. Үүнээс хойш цалин хөлс, мөнгө төгрөг юу ч өгөөгүй. Ийм учраас Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Гэтэл үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан байна гэдэг дүгнэлт гарсан. Ийм учраас шүүхэд хандсан юм. Өөр тайлбар байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч  Б.И-ийг Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.9, 13.4 дэх заалтуудыг үндэслэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, чөлөө зөвшөөрөл авахгүйгээр олон өдөр ажил тасалсан гэдэг зөрчлүүдийг давтан гаргасан гэж үзээд төрийн албанаас халсан байна. Энэхүү тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзлээ. Үүнийг тайлбарлая.

Нэгдүгээрт тушаалын үндэслэх хэсэгт байгаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой бус байсан. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад гаргасан зарим нэг тайлбараас тодорхой болж байна. Гэхдээ 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаал гарах үед ямар албан үүргийг, яаж удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм үүрэг даалгавар биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. Гэвч маргаан бүхий тушаал гарахаас өмнө Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөл байдлаа урьдчилан тогтоогоогүй байна. Тэгэхээр ямар үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй, мөн өөрөө шалгаж тогтоосон зүйл байхгүй, тухайн ажилтанд шийдвэрийг танилцуулсан зүйл байхгүй.

Хоёрдугаарт хариуцагчийн өмгөөлөгч хэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэлээр ажлаас халах ёстой байтал халаагүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т зааснаар ажлаас халсан. Ийм учраас шалгаж тогтоох шаардлагагүй гэж хэллээ. Гэтэл Улсын дээд шүүхийн 2016 оны зөвлөмжид зааснаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн албан хаагч албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т заасны дагуу ойлгож хэрэглэнэ. Тэгэхээр Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4-т зааснаар сахилгын шийтгэлийг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т заасан үндэслэлийг сахилгын шийтгэлтэй адилтгаж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл авсантай адилтгаж үзээд, шийдвэр гаргахаасаа өмнө шалгаж тогтоохоор байна. Мөн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай Засгийн газрын 95 дугаар тогтоолын 4-т зааснаар сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг сахилгын арга хэмжээтэй адилтгаж үзнэ гэж Улсын дээд шүүхийн тайлбар дээр заасан байдаг. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т заасан зөрчлүүд нь сахилгын зөрчил юм. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөний дараа сахилгын арга хэмжээ авсан байна. Тухайлбал 2016 оны 1 сараас эхлээд сар бүрийн тайлан өгөөгүй, хагас жилийн, бүтэн жилийн тайлан өгөөгүй, 2015 оны үр дүнгийн гэрээнд F үнэлгээ авсан, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мод тарих үндэсний хөтөлбөрийн тайлан өгөөгүй гэх мэт зөрчлүүд гаргасан гэж үзсэн. Үүнээс харахад сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн нэхэмжлэгчийг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын газарт ирж үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэсэн байна. Тэгсэн мөртлөө хуулийн хугацаандаа сахилгын арга хэмжээ аваагүй. Дээрх үндэслэлээс харахад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна.

Гуравдугаарт цаг бүртгэлийн тухайд нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар саруудад ажил тасалсан гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн дотоод журамд байгаль хамгаалагчийн ажлын цагийг бүртгэхдээ түүний ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийн онцлогийг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтоос харахад байгальд байнга явж, хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ талаар Хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаагүй мөртлөө ажилтанд шууд арга хэмжээ авч байгаа нь түүний эрх ашгийг хөндөж байна. Мөн сахилгын арга хэмжээ авахаас өмнө нэхэмжлэгчийг яагаад ажлаа тасалсан талаар шалгаж тогтоогоод, тайлбар аваад, нотлох баримт цуглуулсны дараа маргаан бүхий тушаалыг гаргах ёстой байсан. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Дөрөвдүгээрт нэг зөрчил дээр хоёр сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр  Б.И-өд сахилгын арга хэмжээ авахдаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ажил тасалсан гэдэг. Нэхэмжлэгчийг буруутгаад байгаа зөрчлүүд нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс өмнө гарсан байдаг. Тэгсэн мөртлөө 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дахиад албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ажил тасалсан гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан байна. Иймд Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар захиргааны байгууллага нь 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалд дурдагдаж байгаа зөрчлүүдээ эхлээд шалгаж тогтоогоод, нэхэмжлэгчээс тайлбар аваад, нотлох баримт гаргуулаад, ажиллагаа хийсний үндсэн дээр маргаан бүхий тушаалыг гаргах ёстой байсан. Дээрх ажиллагаануудыг хариуцагч байгууллага хийгээгүй учраас нэхэмжлэгч  Б.И-ийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Цалингийн тухайд гэвэл 2016 оны 12 дугаар сарын цалинг санхүүжилт байхгүй гээд өгөөгүй байдаг. 2017 оны 1, 2 дугаар сарын цалингийн хувьд сахилгын арга хэмжээ авагдсан гэдгээ нэхэмжлэгч мэдээгүй байсан. Сая нотлох баримт шинжлэн судлахад мэдсэн. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Харин Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан хугацаанд тасарсан. Нэгэнт ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэсээр байтал цалинг нь олгоогүй. Ийм учраас ажилтанд цалинг нь олгох үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Отгон сумын иргэн  Б.И-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Батсуурь овогтой Мөнхбат миний бие Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Отгон сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан иргэн  Б.И- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа чөлөө зөвшөөрөлгүй олон өдөр ажилдаа ирээгүй тасалж байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 2017 оны Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, сумын Засаг дарга, байгаль хамгаалагч нарын гурвалсан үр дүнгийн гэрээ байгуулах цугларалт, сургалтанд ирж үр дүнгийн гэрээ байгуулаагүй. 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сар, 2 дугаар сарын сар бүрийн тайлан мэдээ, хугацаатай албан тоот, тоо бүртгэл, гүйцэтгэлийн тайланг хугацаанд огт ирүүлээгүй, өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг гүйцэтгээгүй гэх мэт олон зөрчил дутагдал гаргасан учраас төрийн албанаас халсан болно. Мөн иргэн  Б.И- нь төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бөгөөд өөрийн ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 19-нд мэдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд миний гар утас руу янз бүрийн мессеж бичиж байсныг нотлох баримтаар гаргаж өгөх болно. Жич:Тушаалын гарчиг, агуулгад чөлөөлөх, чөлөөлсүгэй гэсэн нэр томьёо орсон нь техникийн алдаа юм. Иймд  Б.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:  Б.И-ийн талаар Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр хийсэн ажлын тайлан тооцоог өгдөггүй, ажилдаа ирдэггүй, зөрчил дутагдлаа дахин давтан гаргаж байна. Энэ хүндээ арга хэмжээ ав гэсэн албан тоотууд ирсэн байсан. 2015 оны үр дүнгийн гэрээгээр F буюу хангалтгүй үнэлгээ авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар албан тоотоор бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн тайланг 2016 оны 5 дугаар сарын 20-ны дотор Засаг даргаар баталгаажуулан ирүүлэх, уг газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 201 дүгээр албан тоотоор мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн тайланг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Засаг даргаар баталгаажуулан ирүүлэх, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 179 дүгээр албан тоотоор сумын усны мэдээллийг 2016 оны 10 дугаар 1-ний дотор ирүүлэх байсан хугацаатай тайланг мэдээг ирүүлээгүй. Манай байгууллагын байгаль хамгаалагчид тухайн сумын засаг даргын тамгын газрын байранд сууж цагаа тус газарт бүртгүүлэн цалингаа тооцон авдаг болно. Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын байгаль хамгаалагч  Б.И- нь ажилдаа огт ирдэггүй, сум орны ажлыг цалгардуулахад нөлөөлж байна гэх утгатай 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/411 дүгээр албан бичиг манай байгууллагад ирсэн болно. Үүнийг нягтлан тулгахад тус сумын Засаг даргын Тамгын газраас манай байгууллагад явуулсан цагийн бүртгэлийн дэвтрээс 2016 оны 12 дугаар сард нийт ажлын 16 өдөр тасалсан бөгөөд тодруулбал 2016 оны 12 дугаар сарын 1-2, 12 дугаар сарын 5-9, 12 дугаар сарын 12-13, 12 дугаар сарын 21-23, 12 дугаар сарын 26-28, 12 дугаар сарын 30-ны өдөр ажил тасалсан болно. Иймд Отгон сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан иргэн  Б.И-өд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн Б/7 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан. Уг тушаалын 2-т  Б.И-өд ажлын байрны тодорхойлолт, дотоод журмыг мөрдөх, сум орон нутагтайгаа ажлын уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгосон ч ажил тасалсан хэвээр, хугацаатай мэдээ тайланг ирүүлээгүй учраас ажлаас халахаас өөр аргагүй болсон. Тодруулбал Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 1,2 дугаар сарын цагийн бүртгэлээр  Б.И- нь 2017 оны 1 дүгээр сарын 2-6, 1 дүгээр сарын 10-13, 1 дүгээр сарын 16-17, 1 дүгээр сарын 19-20, 1 дүгээр сарын 24-27, 1 дүгээр сарын 30-31-ний хооронд буюу нийт ажлын бүтэн 19 өдөр, 2017 оны 2 дугаар сард нийт 18 хоног ажил тасалсан байсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний 228 дугаар албан тоотоор БОХ-3-8 дугаар тайланг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байсан. Мөн галт зэвсгийн тайлан мэдээ ирүүлээгүй байсан. Мөн сар, улирал, жилийн тайлангаа ирүүлээгүй юм. Энэ нь байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн ажлын байрны зорилго, 2 ажлын байрны үндсэн зорилтын 2.4-т заасан байгаль орчны багц хууль, түүнийг даган гарсан тогтоол, шийдвэр, заавар журмыг хэрэгжүүлэх, холбогдох мэдээ тайланг гаргах гэсэн заалтыг биелүүлээгүй. Мөн ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн талаар суурь судалгаа, мэдээллийг бүрдүүлэх ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын тухайн жилийн ажлыг төлөвлөх, хууль тогтоол, тушаал, захирамж, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, тайлагнах, сар бүр хийсэн ажлын тайлан болон цагийн бүртгэл гаргаж ирүүлэх гэсэн заалтуудыг биелүүлээгүй байсан.  Б.И- нь 2016 оны 12 сар, 2017 оны 1, 2 сард ажилдаа ирээгүй нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан бүх чиг үүргүүд хэрэгжих боломжгүй байсан. Мөн сар бүрийн тайлангаа ирүүлээгүй болон байнга ажил тасалж байсан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.9-т заасныг зөрчсөн үйлдэл байсан. Мөн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр албан тоотоор 2017 оны гурвалсан үр дүнгийн гэрээ байгуулах тухай мэдэгдсэн боловч үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй, тухайн сумын Засаг дарга ирж  Б.И- ирээгүй, энэ үеэр манай байгууллагын ажилчдийн жил бүрийн цугларалт болж сургалт зохион байгуулсан боловч ирээгүй.  Б.И- нь ажлаас халагдах болсноо бүр тушаал гаргахаас өмнө мэдэж байсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 10-нд миний өрөөнд орж ирэхэд ажлаас чинь ийм ийм шалтгаанаар халлаа чи ийм олон тайлан мэдээ ирүүлээгүй байгаа, сумаас чинь хэл үг хийгээд байна, энэ хүнээ ажил дээр нь байлгаач гээд байна гэж хэлж халж байгаагаа мэдэгдсэн. Сахилгын шийтгэл ногдуулж чөлөөлөхөөр төрийн албанд орох эрхгүй болохоор байсан тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно гэж өөрийг нь бодож хэлсэн. Тэгтэл өргөдөл үлдээгээд яваад өгсөн байсан. Өргөдөлтэй нь танилцахад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх болсон тул гэсэн ор үндэсгүй өргөдөл бичсэн байхаар нь ажлаас халах тушаал гаргасан болно. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:  Б.И- нь 2017 оны 3 сард ажлаас халагдсанаа мэдээд тушаалаа авахгүй байсан бөгөөд миний утас руу янз бүрийн мессеж бичиж байсан одоо ч миний утсан дээр байгаа, төрийн албаны зөвлөлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хандсан байсан. Түүний хугацаа хэтэрсэн гомдлыг Завхан аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажлаас халагдсан тушаал, гомдол гаргасан хугацааг нягтлан шалгаагүй хүлээн авч хэлэлцсэн байсан тул манай байгууллагаас 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 47 тоот тогтоолоо хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байгаа болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулийн 11.6-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж тайлбарласан байгаа. Тэгэхээр цалингаа нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Яагаад гэвэл цалингаа асууж хариуцагчтай ярьсан, мөн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Ийнхүү цалингаа нэхэж хариуцагчтай ярьсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоолох ёстой. Ийм учраас тайлбар хийх шаардлага байхгүй.

Хоёрдугаарт маргаан бүхий тушаалын хувьд түрүүн тайлбарласан байгаа. Сахилгын шийтгэл ногдуулах гэхээр нэхэмжлэгч нь хохирох гээд байсан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг яаж явуулсан юм бэ? гэхээр нэхэмжлэгчийн өргөдлөөр тогтоогдож байгаа. Харин нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдал муу гэдэг байдлаар өргөдөл бичсэн. Ийм учраас хариуцагчийг хуурч мэхэлсэн. Дээрх өргөдлийг өгөхөд нь нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан гэдгийг хариуцагч хэлсэн байдаг. Энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан 2010 оны Улсын дээд шүүхийн 88 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд энэ хуулийн 25.1.1 дэх хэсэгт заасан хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг, мөн хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй асуудлыг ойлгоно. Тэгэхээр нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтонд зааснаар сар болгон тайлан ирүүлэх, цагийн бүртгэлээ ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Энэхүү үүргээ удаа дараа биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсон. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сард байгааллагын даргаар томилогдсон байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг мэдэх ямар ч боломжгүй. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т заасан үндэслэл рүү орж байгаа. Тогтоосон журмыг зөрчсөн гэдэг нь Хөдөлмөрийн дотоод журамтай холбогдож байна. Үүнд сар болгон тайлангаа ирүүлнэ, сар болгон цагийн бүртгэлээ ирүүлнэ гэж заасан. Хэрвээ ажлаа тасалсан бол ажлаас чөлөөлөх үндэслэлээр болохоор Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулж өгсөн байна. Ийнхүү тогтоосон журмыг зөрчсөн учраас маргаан бүхий захиргааны акт нь үндэслэл бүхий гарсан.

Гуравдугаарт нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой. Төрийн албаны тухай хуулийн 39.4-т зааснаар эрх ашиг нь зөрчигдсөн ажилтан маргаан бүхий захиргааны актыг мэдсэн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Захиргааны ерөнхий хуульд зохих журмын дагуу явагдсан тохиолдолд гэж байгаа. Үүнд хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн заалттай. Тэгэхээр нарийвчилсан хуулийг хэрэглэнэ гэж ойлгоно. Нарийвчилсан хууль нь өөрөө Төрийн албаны тухай хууль юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хариуцагч руу мессеж бичиж ажлаас халагдсан гэдгээ мэдсэн байна. Иймд нэхэмжлэгч нь өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Б.И-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцож байгаа тул  Б.И-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ ажилд ороход ямар нэгэн хүний амлалт, дарамт шахалтын доор ороогүй нь үнэн. Байгаль хамгаалагчийн орон тоо гарсан сургаар энэ ажилд орох хүсэлтийг сумын Засаг дарга Ж.Амгаланбаярт уламжилсан ч би энэ орон тоон дээр хүн оруулахыг шийдэх эрх байхгүй гэж хэлсэн. Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар дээр очиж ажилд орох анкет бөглөж уг ажилд орсон. Би цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн  Б.И- нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн үзэж, өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий Б/19 дүгээр тушаалын талаарх гомдлоо Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөр шийдвэрлүүлж, 2017 оны 6 сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоолоор хариу авч урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 3 дугаарсарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь  Б.И-ийгТөрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.9, 13.6.4 дэх заалтуудыг үндэслэн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, чөлөө зөвшөөрөлгүй олон өдөр ажил тасалсан гэх үйл баримтыг дурдаж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах, мөн тус газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.9-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг өдрийн ажил буюу 8 цагийн ажил тасалбал газрын даргын тушаалаар ажлаас халах шийтгэл ногдуулна, 13.6.4-т ажлын цагаар гадуур зөвшөөрөлгүй явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр амралт, чөлөөтөй байх хугацааг хэтрүүлэх, ажил таслах, ажлаас хожимдох, ажлын цагаас өмнө явах, ажлын цагийг үр ашиггүй өнгөрүүлэх-ийг хориглосон агуулга бүхий зохицуулалт байна.

Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг төрийн жинхэнэ албанаас халахдаа Төрийн албаны хуульд болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлаас халах дээрх нөхцөл бүрдэж, тухайн нөхцлийг шалгаж тогтоосон тохиолдолд нэхэмжлэгч буюу сумын байгаль хамгаалагчийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад зааснаар сумын ... улсын байцаагчийн саналыг харгалзан сумын Засаг дарга чөлөөлөхөөр байна. Тодруулбал сумын байгаль хамгаалагчийг чөлөөлөх тусгайлсан зохицуулалт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сумын ... улсын байцаагчийн саналыг харгалзан сумын Засаг дарга чөлөөлөхөөр байна. Иймд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргасан байх тул уг актыг илт хууль бус акт гэж тооцох үндэслэлтэй байна. Нэгэнт хариуцагч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан байх тул уг актын үндэслэл, үйл баримт, мөн хариуцагчийн маргаж буй нэхэмжлэгч төрийн албаны салбар зөвлөлд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан гэх асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацааг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  Б.И-ийг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын шийдвэр илт хууль бус болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 209 хоногийн нөхөн олговор 4.667.806 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу  Б.И-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтээ байна.

3. 2016 оны 12-р сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацааг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалинг хариуцагч олгоогүй гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь сумын Засаг даргын тамгын газар цагаа бүртгүүлж цалингаа авдаг гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн эзэмшлийн Төрийн банкны 172400156276 дансны хуулгаар 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цалин гэх утгатай орлого орж ирээгүй байна. Гэвч нэхэмжлэгчээс ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын цалин 482.429 төгрөг олгогдсон, үүнээс холбогдох шимтгэл төлөгдсөн талаарх бичилт хийгдэж нийгмийн даатгалын байцаагчийн тэмдэгээр баталгаажсан байна. Тодруулбал олгогдсон цалингийн нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, тэмдэг дарж баталгаажуулах журамтай. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг ажил тасалсан гэх үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нэг сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авч байсан ба энэхүү актыг нэхэмжлэгч надад мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагын хохирлын хэмжээний талаар талууд маргаантай гэж үзэх үндэслэл болж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж заажээ. Иймд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалинг олгуулах талаарх шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож,  Б.И-ийг Отгон сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  Б.И-ийн ажилгүй байсан 209 хоногийн цалин 4.667.806 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Б.И-өд олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР