Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 113/2015/0006/з |
Дугаар | 219 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 219
Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, гуравдагч этгээд Л.Одонтуяа нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр магадлалтай, Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу жирэмсэн амаржсаны чөлөөтэй байсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэх байсан боловч тухайн үед манай аймаг дээрх албыг байгуулаагүйн улмаас аймгиин Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/136 тоот тушаалаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр томилж, мөн тушаалаар жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр хугацаагаар ажлаас чөлөөлсөн. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын дэргэд Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдсанаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Ингээд ажлаас чөлеөлөгдсөн тушаалаа аваад шинэ албандаа томилогдож ажилдаа орохоор аймгийн Засаг даргатай уулзахад “Санхүүгийн хяналт, аудитын алба нь манай аймагт 2 орон тоотой батлагдсан даргаар нь М.Ичинноров гэдэг хүн томилогдсон. Мэргэжлийн хяналтын газраас шилжүүлсэн хоёр байцаагчийн хувьд албаны даргын сонгон шалгаруулалтанд орж болно. Орох эрх чинь нээлттэй. Ер нь бол та хоёрын нэгийг чинь л ажилд авна хэн нь орохоо албаны даргатайгаа тохиролц, зөвшөөрөхгүй бол цагдаа шүүхдээ ханд. Ер нь бол Мэргэжлийн газарт авч байсан цалин хөлсийг чинь өгч чадахгүй тийм их мөнгө байхгүй, Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор бол заавал энэ албанд ажилд ав гэсэн үг биш” гэсэн хариу өгсөн. Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “албаны бүтэц, орон тооны хязгаарыг аймгийн Засаг дарга тогтооно” гэж заажээ. Бүтэц орон тоог нэмэгдүүлээгүй, төсөв нь батлагдаж ирсэн учраас ажилд томилох боломжгүй гэсэнтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж энгийн албан хаагч хохирох ёсгүй гэж үзэж байна.
Дээрх асуудлын талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2-3 удаа хандсан боловч манайх ийм асуудлаар өргөдлийг хүлээн авдаггүй гэж нарийн бичгийн дарга Х.Дарханчимэг нь буцаасан тул Төрийн албаны төв зөвлөлд өргөдлөө өгсөн. Гэтэл дээрх өргөдлийг маань төв зөвлөл нь аймгийн салбар зөвлөлд шилжүүлсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр албан тоотоор өргөдлийн хариуг өгсөн. Монгол улсын Засгийн газрын 327 дугаар тогтоолын дагуу 2 орон тоог аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаж маргааны эх үүсвэрийг тавьсан. Гэхдээ шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хариуцагч тал буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шилжин ирсэн 2 байцаагчийг шинэ алба байгуулагдсантай холбоотойгоор ажлаас чөлөөлөх бус шилжүүлэх ёстойг хүлээн зөвшөөрч хуулийн дагуу шийдвэрийг өөрчилж гаргасан.
Иймд “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 327 дугаар тогтоолд “аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргын дэргэхэд Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргын дэргэхэд Санхүүгийн хяналт, аудитын албанд харьяалагдан шилжин ажиллах санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчдын тоог Говьсүмбэр аймагт 2 гэж заасан тул улсын байцаагч /мэргэжилтэн/-ээр эгүүлэн томилох ёстой гэж үзэж байна. Учир нь дээрх тогтоолоор 2 орон тоог тогтоож 2 албан хаагчийг шилжүүлсэн байхад өөр этгээдийг томилон ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Гэхдээ дээрх үйлдэлд нь надад хамааралгүй орон тоо, чиг үүрийн дагуу шилжсэн ажлын байранд миний бие ажиллах нь зүй ёсны юм. Намайг шилжин ажиллах үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс миний бие нь жирэмсний амралтаа эдэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан “...жирэмсний амралттай байсан ба энэ үед ажлын байрыг хадгалах ёстой байсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хуулийн дагуу эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдах ёстой учир төрийн албан хаагчийн эдлэх баталгааг зөрчих ёсгүй байсан. Нөгөө байцаагч болох Л.Одонтуяа бид хоёрын хувьд орон тооны асуудал цөөхөөгүй Засгийн газрын тогтоолоор хэвээр шилжин ирж байгаа тул сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй гэж үзэж байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны А/96 дугаар захирамжаар дээрх албыг байгуулахдаа намайг шинээр байгуулагдсан албанд огт томилоогүй нь миний эрх ашгийг ноцтойгоор хөндсөн.
Учир нь тус захирамжаа гаргахдаа Монгол улсын Засгийн газрын 327 дугаар тогтоолыг үндэслэсэн мөртлөө дээрх тогтоол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийг зөрчсөн. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2-т “Шилжин ажиллаж Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын зардлыг 2014 оны төсөвт тодотгол хийх хүртэл бүрэн санхүүжүүлэх, 2015 оны төсөвт бүрэн тусгуулах” гэж байгаа.
Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах, Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилохыг Санхүүгийн хяналт, аудтын албаны даргад даалгах, Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөг болон, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг буруутай шийдвэр гаргасан аймгийн Засаг даргаар нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай” А/96 дугаар захирамжийг батлахдаа Төсвийн тухай хуулийн 14, 65, 69 дүгээр зүйлд нийцүүлэн Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.1, 4.2 дахь заалт, Засгийн газрын 2007 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 327 дугаар тогтоолыг үндэслэж, Сангийн яамнаас ирсэн чиглэлийг баримталсан.
Тус захирамжийн 2 дугаар хавсралт дахь тус албаны бүтэц, орон тоо нь Сангийн яамнаас хянасан болон Улсын Их Хурлаас баталсан төсөв, орон тооны хязгаарт багтаасан бүтэц орон тоо болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар нэхэмжлэлийн шаардлага дахь Б/33 дугаар тушаалыг Дотоод аудит, хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Н.Алтанцэцэгийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсүгэй гэж өөрчилсөн гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Засгийн газрын 2014 оны “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 327 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар 2 орон тоотой байхаар бүтэц орон тоо, төсөв хөрөнгө нь батлагдсан. Би аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 тоот захирамжаар тус албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр түр томилогдон ажиллаж байгаад тус албаны даргын ажлын байр зарлагдахад удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар уг албан тушаалд аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар жинхлэн томилогдсон. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдсан тул Н.Алтанцэцэг, Л.Одонтуяа нар оролцох боломжтой байсан.
Уг албыг байгуулахад Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу мэргэжлийн хяналтын байцаагчдын эзэмшиж байгаа эд хөрөнгийг манай албанд шилжүүлэхээр заасан ба байцаагч нар нь жирэмсний амралттай байхдаа техник хэрэгслээ өөрсдөө авч яваад олон удаа хэлсний дараа авчирч өгөхдөө хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Алтанцэцэг нь ажлын баримт материалыг устгаж хоосон компьютер өгсөн нь төрийн алба тасралтгүй тогтвортой байх зарчим, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан үйлдэл болсон. Мөн уг орон тоо нь ахлах байцаагчийн бус мэргэжилтний ажлын байр бөгөөд батлагдсан төсвийн хүрэлцээ муу зэргийг харгалзан Л.Одонтуяаг эзгүй байгаа нэг орон тоон дээр томилж, тэрээр жирэмсний амаржсаны амралттай байгаа учир О.Нарантуяаг түр томилсон. Бүтэц орон тоо нэмэгдүүлээгүй, төсөв нь батлагдаж ирсэн учраас орон тоо нэмэгдүүлэх боломжгүй. Орон тоо батлагдаж ирсэн тохиолдолд Н.Алтанцэцэгийг ажилд томилж болно.
Орон тоо байхгүй учраас шууд томилох боломжгүй. Санхүүгийн хяналт аудитын алба нь 2 орон тоотой байгуулагдсан ба орон тоо нэмэх талаар аймгийн Засаг дарга Л.Одсэр болон Төрийн сангийн дарга Н.Одонтуяа нарт удаа дараа мэдэгдэж, 2016 оны орон нутгийн төсөвт 2 орон тоо нэмэхээр тусгасан боловч төсвийн хэмнэлтийн горимд шилжсэний дагуу орон тоо нэмэх боломжгүй гэж шийдвэрлэсэн гэжээ.
Гуравдагч этгээд Л.Одонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Засгийн Газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэн. Тухайн үед Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдаагүй байсан тул намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны Б/137 дугаар тушаалаар Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний тасагт мэргэжилтнээр томилж, жирэмсний болон амаржсаны амралттай хүүхэд асрах хугацаанд түр чөлөөлсөн тушаал гарсан.
Ингээд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг байгуулсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Зүй нь намайг ажлаас чөлөөлөх биш шилжүүлэх ёстой байсан. Ингээд шинээр байгуулагдсан албаны даргын албан тушаалд түр томилогдсон М.Ичинноровтой Н.Алтанцэцэгийн хамт уулзахад “Аймгийн Засаг даргатай уулз, надад мэдэх юм байхгүй” гэсэн хариу өгсөн. Аймгийн Засаг дарга Л.Одсэртэй уулзахад “Та хоёрын нэгийг авна” гэсэн.
Н.Алтанцэцэгийн хамт Төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргасан. Уг өргөдлийг аймгийн Салбар зөвлөл рүү шилжүүлсэн байсан. Өргөдлийн хариу ирэхээс өмнө 2015 оны 06 дугаар сарын 10-ны үеэр албаны дарга М.Ичинноров надтай утсаар холбогдож “Чамайг ажилд авах тушаал гарсан” гэж хэлсэн учраас цаашид гомдол гаргаагүй. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр М.Ичинноровын албан өрөөнд очиж, ажилд орсон тушаалаа авахад 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар ажилд томилсон тушаалыг нөхөж гаргасан байсан.
Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа учир мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой. Мөн Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолын дагуу Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжиж ирсэн тул Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтнээр томилогдох нь зүйтэй гэжээ.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалын 1 дэх заалтын чөлөөлсүгэй гэснийг Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэх гэж өөрчлөхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх болон 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг буруутай шийдвэр гаргасан Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилохыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2016/0001 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтний албан тушаалд томилоогүй Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилж, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчид төлөхийг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж, нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 8 сар 20 хоногийн цалин 7687985 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.Bottom of Form
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр магадлал болон ГовьСүмбэр аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй гэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. 172.2.2-д заасны дагуу шүүх нь Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлүүдийг тус тус хэрэглээгүй тул дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:
1. Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд сонгон шалгаруулалт явагдах хүртэл мэргэжилтнээр томил гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь миний бие өөрийн эрхэлж байсан албан тушаалдаа томилогдохын тулд сонгон шалгаруулалтанд орох шаардлагагүй бөгөөд өмнө нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь Мэргэжлийн хяналтын газрын харьяа байхад нь сонгон шалгаруулалтанд ороод тэнцэн уг албан тушаалыг хашиж байсан. Улмаар санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжихэд Монгол Улсын Засгийн газрын “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанд шилжих санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын тоог Говьсүмбэр аймаг 2” гэж бүтэц, орон тоог баталсан байхад Говьсүмбэр аймгийн Засаг дарга Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 тоот захирамждаа тус албаны бүтэц, орон тоог 2 гэж бууруулан баталсан төдийгүй “улсын байцаагч” гэсэн албан тушаалыг “мэргэжилтэн” гэж өөрийн дур зоргоороо өөрчилсөн нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжих үед миний бие нь хүүхэд асрах чөлөөтэй байсаар байтал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйл, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу миний ажил албан тушаалыг хэвээр хадгалах ёстой байтал өдийг хүртэл ажилд томилохгүй байгаа нь хууль бус үйлдэл юм. Иймээс миний бие нь дахин сонгон шалгаруулалтанд орох ямар ч хууль зүйн үндэслэлгүй.
3. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн миний бие нь жирэмсэн болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байхад “хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байгаа, мөн дээрх чөлөөний хугацаа дуусаагүй ч ажилд орох хүсэлтээ гаргаагүй” гэсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байгаа ч манай аймагт аймгийи Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 тоот захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдсанаас хойших өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг авах ёстой гэж үзэж байна.
Нэгдүгээрт: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор дээрх албанд миний ажил албан тушаалыг шилжүүлчихээд байхад Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулчихаад байж одоог хүртэл томилоогүй нь ажилгүй байсан хугацааны цалингаа авах үндэслэл болж байна.
Хоёрдутаарт: Хэдийгээр миний бие нь ажилдаа орох хүсэлтээ албан бичгээр өгөөгүй ч ажилд орох хүсэлтээ өгөхөөр аймгийы Засаг дарга болон Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нартай хэд хэдэн удаа уулзсан боловч ажилд маань томилоогүйгээр барахгүй аймгийн Засаг дарга Л.Од-сэр нь Монгол улсын Засгийн газрын 327 дугаар тогтоол заавал Мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт шалгалтын байцаагчдыг ав гэсэн үг биш албаны дарга чинь томилогдсон байгаа нэгийг чинь л авна даргатайгаа уулзаад хэн нь орохоо өөрсдөө тохиролц, тохиролцож чадахгүй бол шүүх цагдаагаараа яв гээд өрөөнөөсөө хөөн гаргасан. Тиймээс өргөдлийг хүлээж авахгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалинг авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.
4. Н.Алтанцэцэг миний хувьд төрийн албаны сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу орж тэнцэн төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөр албан тушаалд шилжсэн бөгөөд ийнхүү өөр албан тушаалд шилжих болсон шалтгаан нь байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тооны асуудалтай холбоотой асуудал байсан учраас төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах бүрэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр магадлалыг хүчингүй болгож, ГовьСүмбэр аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй гэсэн хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг улсын байцаагчдыг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэхээр заасны дагуу уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2 байцаагчийн орон тоог Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлжээ.
Уг тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/47 дугаар тушаалаар тус газарт санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг “...аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн”, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Н.Алтанцэцэгийг “...Тамгын газрын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтнээр” томилж, мөн өдрөөс эхлэн “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөний хугацаанд” үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар “... орон тоо, чиг үүргийн хувьд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд харъяалагдан, шилжин ажиллах болсон тул” Н.Алтанцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар дээр дурдсан Б/33 дугаар тушаалын 1 дүгээр заалтын “...үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэснийг “... аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсүгэй” гэж өөрчилсөн, нэхэмжлэгч эдгээр үйл баримт, захиргааны акттай маргаагүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, гуравдагч этгээд Л.Одонтуяа нарын эрхэлж байсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан тушаалын 2 орон тоог Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоол гарах үед Говьсүмбэр аймагт уг алба байгуулагдаагүй байсан, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг ... байгуулж”, тус албаны бүтэц орон тоог “...албаны дарга-1, мэргэжилтэн-1, нийт 2 орон тоо”-той байхаар баталсан, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар “...албаны даргын сонгон шалгаруулалт явагдаж, нөөцөөс нэр дэвшүүлж томилох хүртэл ... М.Ичинноровыг /тус албаны/ даргаар” томилсон, албаны дарга М.Ичинноровын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01дүгээр тушаалаар гуравдагч этгээд Л.Одонтуяаг тус албаны мэргэжилтнээр томилжээ.
Түүнчлэн, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар “...албаны даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн” М.Ичинноровыг уг албаны даргаар жинхлэн томилсон, нэхэмжлэгчээс албаны дарга болон байцаагчийг томилсон дээрх захиргааны актуудтай маргаагүй, харин Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог “...албаны дарга-1, мэргэжилтэн-1, нийт 2 орон тоотой байхаар баталсан нь /хууль зөрчсөн/ ... тул мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэхийг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч байх бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “/аймгийн Засаг дарга/ ... төсвийн байгууллагын орон тоог ... батлах /эрхтэй/” гэж зааснаас үзвэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг ... байгуулж”, тус албаны бүтэц орон тоог “...албаны дарга-1, мэргэжилтэн-1, нийт 2 орон тоо”-той байхаар баталсан нь дээрх хуулийн заалтуудаар хариуцагчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байх тул “...орон тоо нэмэгдүүлэх”-ийн Засаг даргад даалгах боломжгүй, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “...орон тоог нэмэгдүүлэхийг Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх “... орон тоо нэмэгдүүлэхийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж зөв дүгнэлт хийсэн боловч магадлалын тогтоох хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар дурдалгүй орхисон байх тул магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албыг шинээр байгуулж, албаны дарга-1, мэргэжилтэн-1, нийт 2 орон тоо баталсан нь хууль зөрчөөгүй, “албаны даргын сонгон шалгаруулалт зарласан” болон “сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн” М.Ичинноровыг тус албаны даргаар томилсон захиргааны актуудтай нэхэмжлэгч маргаагүй тул “...батлагдсан 2 орон тооны нэгэнд нь өөр хүн (М.Ичинноров)-ийг томилсон” гэж хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргыг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага (Мэргэжлийн хяналтын газар)-ын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэгтэй улсын байцаагчийн 2 орон тоо шилжин ирсэн, аймгийн Засаг дарга шинээр байгуулагдсан албанд дарга-1, мэргэжилтэн-1 орон тоо баталсан нь мэргэжилтний ажлын байрны тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...төрийн байгууллага .../-ын/ зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн ... /тохиолдолд/ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж тусгайлан заасан, хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь Н.Алтанцэцэг, Л.Одонтуяа нарын хэн нь “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа” талаар шалгаруулалт явуулаагүй атлаа Л.Одонтуяаг мэргэжилтнээр томилохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, “...сонгон шалгаруулалт явагдах хүртэл Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд мэргэжилтнээр томилохыг” хариуцагч Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэгэнт төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдснөөр “мэргэжилтний орон тоо цөөрсөн” байхад эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, Н.Алтанцэцэг, Л.Одонтуяа нарын “...үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа”-г нь томилох ёстой, нэхэмжлэгчийн “...өөрийн эрхэлж байсан албан тушаалдаа томилогдохын тулд сонгон шалгаруулалтанд орох шаардлагагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан нь бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй хэвийн нөхцөлд хамаарах заалт бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, үүний улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байр, албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмыг хэрэглэх учиртай.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар “...Тамгын газрын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Н.Алтанцэцэгийг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөний хугацаанд үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн”-өөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөний хугацааны хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэн, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан талаарх үйл баримттай маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх ... өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно”, 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл... ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд ажилтан ажилдаа эргэж орох хүсэлт гаргаагүй тохиолдолд хүүхэд асрах чөлөөний хугацаа хүүхдийг 3 нас хүртэл үргэлжлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь “хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан” болон “хугацаа дуусаагүй боловч ажилдаа орохоор хүсэлт гаргасан” талаар маргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул “цалин хөлс олгоогүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, ажилдаа эргэж орох талаар өөрөө хүсэлт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг “хүүхэд асрах чөлөөтэй” байгаа гэж үзэх бөгөөд энэ хугацаанд цалин хөлс бодож, олгох үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулаагүй байна.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “.../ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд/ түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасан, нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг “ажлаас үндэслэлгүй халсан” талаар шүүх дүгнээгүй болно.
Тодруулбал, нэхэмжлэгч Н.Алтанцэцэгээс “... мэргэжилтний албан тушаалд томилоогүй” талаар шүүхэд маргасан, нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдснөөр эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо 2-оос 1 болж цөөрсөн, энэ тохиолдолд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын дунд сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийг “ажлаас үндэслэлгүй халсан” гэж үзэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэл болохооргүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн “... алба байгуулагдсанаас хойших өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг авах ёстой” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
- “...нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг нөхөн бөглүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “...тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан /хугацааны шимтгэлийг төрөөс ... даатгалын санд төлөх/”, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн в/-д “хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ... байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлөх”-өөр тус тус заасан байх тул хоёр шатны шүүх ажил олгогч байгууллага болох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хүүхэд асрах чөлөөтэй байгаа Н.Алтанцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож нийгмийн даатгалын санд төлөхийг даалгасан нь зөв байна.
Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт “...нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчид... төлөх”-ийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дээрх хууль болон журамд заасны дагуу хариуцагчаас Н.Алтанцэцэгийн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчид бус зохих журмын дагуу нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй юм.
Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгчид” гэснийг хасч, “...төгрөгийг гаргуулах тухай...” гэсний дараа “...болон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах” гэж, “...хэрэгсэхгүй болгосугай” гэсний өмнө “...тус тус” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Алтанцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА