Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 553

 

Сэлэнгэ амйаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй Х.Дэжидэд холбогдох “6,043,595 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 14-нд хүлээн авч  хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   ...Х.Дэжид “Style” худалдааны төвийн электрон барааны тасагт борлуулагчаар 2015 оны 10 дугаар сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 5-н хүртэл 4 сар ажилласан. Энэ сарын хугацаанд дараах нэр бүхий хүмүүст цахилгаан барааг зээлээр борлуулсан боловч мөнгийг нь худал хэлж, цалингаа авч чадахгүй байна, таниас мөнгөө авч цалингаа ав гэсэн гэх мэт дэлгүүрийн нэрийг гутаасан үйлдэл гаргаж хувьдаа хэрэглэж их хэмжээний хохирол учруулсан. Зээл өгсөн хүмүүсийн нэрийг дурьдвал:

  1. 2015 оны 11 дүгээр сарын 25-нд иргэн Жавзанханд 2963900 төргөгийн Samsung 55 inch хүнхэр телевизорыг зээлээр өгч 1545000 төгрөгийг нь авч дэлгүүрийн кассанд тушаасан боловч үлдэгдэл 1418900 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн байна.
  2. 2015 оны 11 дүгээр сарын 24-нд иргэн Мөнхцэцэг 3-р сургуулийн багшид 1445900 төгрөгийн Toshiba notebook зээлээр өгсөн гэх боловч, бид зээлээ нэхэхэд Мөнхцэцэг нь огт аваагүй Дэжид өөрөө хүний нэр барьж хуурамч зээл оруулсан нь тогтоогдсон, энэ 1445900 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн байна.
  3. Алтанбулаг сумын иргэн Отгонбаатарт 1487900 төгрөгийн үнэтэй телевизор зээлээр өгч, 587900 төгрөгийг бид өөрсдөө нэхэж авсан, борлуулагч Дэжид нь Отгонбаатараас, 900000 төгрөгийг дэлгүүрийн бус дансаар шилжүүлж авч хувьдаа хэрэглэсэн байна.
  4. 2015 оны 11 дүгээр сарын 06-нд иргэн Энхмаад 999900 төгрөгийн үнэтэй BSB 5055XT плитка зээлээр борлуулсан гээд 430000 төгрөгийг нь дэлгүүрийн кассанд тушааж үлдэгдэл 569900 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн, зээл өгсөн гэх Энхмаагийн хаяг утас тодорхой байхгүй бас л хуурамч хүний нэр зохиосон байх магадлалтай
  5. 2015 оны 12 дугаар сарын 22-нд иргэн Амаржаргал нь2199900 төгрөгийн үнэтэй Samsung хүнхэр 40инчийн телевизорыг урьдчилгаа 1699900 төгрөгийг лизенгээр төлсөн, үлдэгдэл 500000 төгрөгийг Дэжид мөн хувьдаа авч хэрэглэсэн.
  6. 2016 оны 01 дүгээр сарын 30-нд эмч Баянжаргал нь 379900 төгрөгийн үнэтэй HP-125-A принтрийг сувилагч Ууганцэцэгт зээлээр авч өгсөн байдаг. Ууганцэцэгээс Дэжид өөрөө очиж 379900 төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн.
  7. 2016 оны 01 дүгээр сарын 09-нд Дэжид өөрийн аав болох Баян дэлгүүрт ажилладаг Болдбаатарын нэрийг барьж BSB 32inch-н 379900 төгрөгийн үнэтэй телевизорыг зээлээр өгсөн гэж мөн хуурамч зээл гаргаж, 4-р сарын 8-нд 100000 төгрөгийг дэлгүүрийн кассанд тушааж үлдэгдэл 279900 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн.
  8. Иргэн Энхжаргал BSB 32inch-н телевизорыг 2016 оны 02 дугаар сарын 06-нд худалдан авч урьдчилгаа 300000 төгрөгийг дэлгүүрийн дансанд тушаагаад үлдэгдэл 149900 төгрөгийг зээлээр авсан байдаг. Энхжаргалын үлдэгдэл 149900 төгрөгийг Дэжид мөн хувьдаа ашиглаж хэрэглэсэн.
  9. Дэжид өөрөө дэлгүүрийн бусад 3 тасгаас бүгд 201295 төгрөгийн бараа зээлээр авч мөнгийг төлөөгүй.
  10. 2015 оны 12 дугаар сарын 08-нд иргэн Саранцэцэг Panasonic32 inch телевизор худалдан авч 100000 төгрөгийг урьдчилж өгөөд, 300000 төгрөгийг захирлын дансанд шилжүүлэн өгч авч хувьдаа ашигласан байна.

Иймд Дэжид дөрөвхөн сар ажиллах хугацаанд худал хэлж хуурамч зээл гаргаж, мөн цалингаа авч чадахгүй байна гэж манай дэлгүүрийн нэр хүндийг гутаасан үйлдэл гаргаж нийт 6.043.595 төгрөгийн хохирол манай дэлгүүрт учруулаад өгнө төлнө гэсээр өдийг хүрлээ. Бид 2016 оны 06 дугаар сарын 19-нд Дэжидийг ээж аавтай нь дуудан уулзаж энэ тухай ярилцахад, аав ээж нь бид хоорондоо ярилцаад маргааш хариу өгнө гэсэн. Дэжид өөрөө ар гэрийн гачигдлын улмаас байгууллагын мөнгийг хувьдаа зарцуулсан тул хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж ам өгч гарын үсэг зурсан хурлын протоколыг хавсаргав. Х.Дэжидээс бүгд 6.043.595 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.   

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар суи 3-р баг Салхит 1-р хэсэг 030 тоотод оршин суух хаягтай Гөрөөчин овогтой Хонгорзулын Дэжид /РД: МХ-94061802/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний Х.Дэжид нь Style  худалдааны төвийн захирал Баярренчин овогтой Одончимэгийн нэхэмжилсэн нийт 6.043.595 төгрөгийг хүлээн зөвшөөрч сар болгон сая төгрөг төлж 2016 оны 10-р сараас 2017 оны 04-р сар гэхэд бүрэн барагдуулж  дуусгана гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй Х.Дэжид холбогдох “6,043,595 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Х.Дэжид нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар батлагдаж байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 55825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 55825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй Х.Дэжидэд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6.043.595 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 55825 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 55825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д   зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л. ЭНХТАЙВАН