| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0054/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2020-04-03 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 69
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энхзул,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шинжээч С.Намхайжанцан,
иргэний нэхэмжлэгч Б.Л ,
хохирогч Ч.Б ,
шүүгдэгч Б.Б , Ч.У , Б.М , тэдгээрийн өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.М , Т овогт Ч.У нарт холбогдох 163/2020/0054/Э индекстэй, эрүүгийн 1915004200014 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.М.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ч.У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ...т байрлах өөрийн хашаандаа **-** БУА улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийх явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчиж, машины ард байсан 1 нас 3 сартай охин М.Г ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М , Ч.У нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримТыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 8 цаг 30 минутын орчим машинаа асаагаад хашаанаасаа гаргах гээд хоошоо ухарсан. Намайг гэрээс гарахад М охинтойгоо гэрт байсан. Хүүхдээ гаргаж тавиад нойл орсныг нь мэдээгүй. Ухраад байж байхад нойлоос гүйж гарч ирээд та хүүхдийг маань дайрчихлаа гэсэн. Тэгсэн хүүхэд дугуйны хажуугаас уйлаад гараад ирсэн. Мээмээ хөхүүлээд гэрт оруулаад бүх хувцсыг тайлахад ямар нэгэн ил харагдахаар шарх сорви илрээгүй нилээд амьсгаадаад байсан. Тэгтэл эхнэр 9 цагийн үед гэртээ ирсэн. Яасан гэдгээ хэлээд ... аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би эмнэлэг дээр өөрийнхөө хамгийн бага дүүг М тай хамт үлдээсэн. Тэгсэн орой 6 цагийн үед гайгүй гэж байна эм бичиж өгсөн гэсэн. Тэгээд тайвшраад шөнө унтаж байхад хүүхэд өнгөрчихлөө гэхээр нь яваад очиход өөд болсон байсан гэв.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Байнга тусалж дэмждэг, нас дээр гарсан ахыгаа гэмт хэрэгт хутгаад яахав гэж бодоод худал мэдүүлэг өгсөн нь миний буруу гэв.
Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон явдалд маш их харамсаж байна. Өглөө зээ охиноо авах гээд явчихаад ирэхэд ийм зүйл болсон байсан. Манай нөхөр мөргөчих шиг боллоо гэж хэлсэн. Хүүхэд нилээн ширүүн амьсгалтай, хацар нь халцарсан байсан болохоор ... аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Цаг тухайд нь асууж байхад зүгээр байна гэхээр нь тайвшраад байж байхад шөнө нь өөд болсон байсан гэв.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би маш их харамсаж байна. М манай ахын хүүхэд юм. 60 нас хүрсэн хүнийг яалтай билээ. Хэн хэнийх нь болгоомжгүйгээс болсон. Гомдоод байх зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч,иргэний нэхэмжлэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шинжээч С.Намхайжанцан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Замын хөдөлгөөний дүрмийн 1.12 дугаар зүйлийн 18-д замын зэргэлдээх нутаг дэвсгэрийг зааж өгсөн. Уг газарт замын хөдөлгөөний заалтыг мөрдөнө гэсэн ба хашаа нь уг газарт хамаарах бөгөөд Б уг дүрмийг мөрдөөгүй байна. Иймд зам тээврийн осол гэж үзэж байна. Жолооч Аюулгүй байдлыг заавал бууж шалгах ёстой байсан гэв.
1915004200014 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б ын өгсөн: “... Манай төрсөн ахын охин Б.М нь надад хэлэхдээ “Булган аймгийн ...д байдаг манай хамаатан болох Б.Б ын гэрт байж байгаад Б.Б ах хашаан дотороо машинаараа ухарч байгаад болгоомжгүйгээр Б.М ын охин болох М.Г ыг мөргөөд тэрээр тэр өдрөө нас барсан” гэж надад хэлсэн. ... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх-ийн 46 тал/,
Гэрч Т.М гийн өгсөн: “... Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08-16 цагийн хооронд ... аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эмчээр ажиллаж байсан. М.Г гэх хүүхэд ирж үзүүлсэн. Миний санаж байгаагаар 12-13 цагийн хооронд байх Б.М нь өөрийн биеэр хүүхдээ авч ирсэн бөгөөд Булган аймгийн ...оос ирсэн. ... Хүүхдээ үлдээгээд гараад буцаж орж ирэхэд стенк буюу гэрийн тавилганаас толгойгоороо хавчигдаад унасан гэж хэлсэн. Тухайн үед хүүхэд нь яргалсан, амьсгаадсан, уйлагнасан байдалтай байсан. Хүүхдийн зүүн хацар, баруун болон зүүн талын доод эрүү, дух хэсэг нь халцарсан байсан. Тухайн үед хүүхдэд бүтэн биеийн үзлэг хийгээд хэвлийг тэмтэрч үзсэн бүх мөчдүүдийг шалгаж үзсэн. Хэвлийн эхо, толгой, хүзүүний зураг, цээжний рентгин зураг авахуулах бичиг хийж өгсөн. Хэсэг хугацааны дараа М.Г ын нарийн мэргэжлийн шинжилгээ өгөөд ирэхэд нь гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Гэмтлийн эмч үзлэг хийгээд толгой хүзүүний томограф хийлгэхээр Меди пас эмнэлэг рүү явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,
Гэрч Н.А гийн өгсөн: “... Би ... аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дүрс оношлогооны их эмч ажилтай. ... 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд М.Г ын цээж, хэвлийн хөндий эрхтэний гэмтлийг оношлохоор хэт авианы Хитачи ариета маркийн аппратаар, цээж гэрэлд харахдаа ретгин харалтын Алока аппратаар оношлогоо хийсэн. Хүүхдийн ээжээс ямар учраас хүүхэд нь бэртсэн талаар асуухад гэрийн тавилганаас унасан гэж хэлсэн. Ямар тавилга эсэх талаар асуухад өндөр тавилга гэсэн бөгөөд хэзээ унасан талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/,
Гэрч Б.Б гийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө намайг ажил дээрээ байхад Б.М 11-12 цагийн орчимд утсаар яриад “охиноо унагачихлаа, ... аймгийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та хүрээд ирээч” гэхээр нь би хүлээн авах тасаг дээр очиход Б.М охиноо аваад ирсэн байсан. Түүнтэй уулзаад яасан бэ гэхэд охиноо унагачихлаа гэж хэлсэн. Эмч нар хүүхдийг хүлээж аваад хэвлийн эко, толгой, хүзүү, цээжний зураг авахуул гэж хэлсэн. Намайг байхад талийгаачийн хүзүү, цээжний зургийг авахуулсан, хүүхэд уйлаад толгойныхоо зургийг авахуулахгүй байсан. Би өөрөө ажилтай байсан учраас 14 цагийн үед ажил руугаа явсан. Орой 18 цагийн үед ажлаа тараад ирэхэд Б.М охинтойгоо манайд ирсэн байсан. Б.М хүүхэд жоохон ханиадтай, цээж нь хэржигнээд байна гээд эмийн сан гарч нэг эм авч ирж уулгасан. Шөнө 01 цагт дахин эм өгөх гэж байгаа бололтой Б.М сэрээд манай ээжид охиноо яачихваа, сонин байна гээд байхаар нь хажуу өрөөнөөс сонсоод эмнэлэг дуудсан. Удалгүй түргэний эмч ирээд талийгаачийг үзээд зүрх нь цохилж байна гэж хэлсэн. Үзлэг хийж байхад нь нас барчихсан. Эмч орж ирээд ямар ч эмчилгээ хийгээгүй. Эмчилгээ хийх хугацаа байгаагүй байх. Эмчийг орж ирэх үед л нас барж байсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,
Гэрч М.А ийн өгсөн: “... Он сарыг нь сайн санахгүй байна. Ямартай ч ажлын өдөр, ажлын цаг байсан ба намайг ажил дээрээ байж байхад яаралтай тусламжийн тасгаас хүүхэд үзүүлье гэж намайг дуудсан. Яваад очиход Булган аймгийн ...оос ирсэн 1 нас гаруйтай охин хүүхэд байсан ба хоёр эмэгтэй хүнтэй хамт байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад ээж гэх эмэгтэй нь гэртээ байж байгаад гал тогооны тавилга стенкээс унасан гэж хэлсэн. Тэгэхээр нь хэр өндөр тавилга гэдгийг нь асуухад 1 метр орчим өндөртэй ширээг зааж харуулсан. Тухайн хүүхдэд үзлэг хийхэд хүүхэд уйлж яргалсан, зовиур ихтэй байсан. Хүүхдэд мэдрэлийн болон бүх биеийн хэсэг газрын үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хүүхдийн дух, шанаа, чих орчим нь зулгарсан, хавдсан байсан. Хүүхдийг яаралтайгаар цээжийг нь гэрэлд харуулах, хэвлийн эхо, гавал, тархины рентген зураг авахуулахыг яаралтай тусламжийн тасгийн эмчид зөвлөсөн. Хэсэг хугацааны дараа хүүхдийн шинжилгээний хариу гарсан бөгөөд хариуг нь үзэхэд цээж болон хэвлийд хурц гэмтлийн гэмтсэн шинж байгаагүй. Тийм учраас томографт зураг яаралтай авахуулахыг санал болгож асуухад хоёр эмэгтэй авахуулж чадна гээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,
Шинжээч Ж.Гэрэлмаагийн өгсөн: “... Дээрх цээжний битүү гэмтэл, баруун талын 2, 3, 4, 5-р хавирганы эгэмний шугамаар далд зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, арьсан доор хий хуралдалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Элэгний баруун дэлбэнд жижиг няцрал, бүрхүүл хальсан дор цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар талийгаач М.Г д үзлэг оношлогоог журам стандартын дагуу хийгээгүй байна. ...Талийгаач М.Г д учирсан гэмтлүүд нь оношлогдсон бол амь насыг аврах боломжтой байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн:
1.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18 дахь заалтад “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зохицуулагдаагүй нутаг дэвсгэрийг, замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заасан учир жолооч Б.Б ын **-** БУА улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үедээ гаргасан үйлдэл нь зам тээврийн осол мөн байна.
2.Жолооч Б.Б ын BCD ангилалын ***** дугаартай жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байна.
3.Жолооч Б.Б нь **-** БУА улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухарах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухарах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
4.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглосон газарт хашаа орохгүй тул жолооч Б.Б нь түр буюу удаан зогсох журам зөрчөөгүй байна.
5.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.19, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5 “Замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан учир М.Г ыг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэхгүй.
6.Жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 дахь заалТыг тус тус мөрдөөгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байна. гэх дүгнэлт /хх-ийн 77 тал/,
... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай шинжээчийн:
1. Талийгаачийн цогцсонд хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, баруун талын 2, 3, 4, 5-р хавирганы эгэмний шугамаар далд зөрүүтэй хугарал, баруун уушигны няцрал, арьсан доор хий хуралдалт, элэгний баруун дэлбэнд жижиг няцрал, бүрхүүл хальсан дор цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цогцосноос авсан цусанд этилийн спиртын хэмжээ тогтоох шинжилгээ хийгээгүй болно.
4. талийгаач нь O/I/ бүлгийн цустай болно.
5. талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний битүү гэмтэл, баруун талын 2, 3, 4, 5-р хавирганы эгэмний шугамаар далд зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, арьсан доор хий хуралдалт болно.
6. Талийгаачид үхлийн шатгаанд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдоогүй болно.
7. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч нар нь талийгаач М.Г д үзлэг, оношлогоог журам стандартын дагуу бүрэн хийгээгүй байна.
8. Бүхийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч нар нь талийгаач М.Г д учирсан гэмтлийг бүрэн оношлоогүй байна. Талийгаачид учирсан гэмтлийг бүрэн оношлох боломжтой байжээ. гэх дүгнэлт /хх-ийн 82 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 3-14 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-32 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-35 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 тал/, хүүхдийн тоглоомон машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38 тал/, шинжээчийн дүгнэлтүүд танилцуулсан баримТ /хх-ийн 88-92 тал/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-ийн 100 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114, 118, 120 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-129 тал/, талийгаачийн эмчилгээний талаарх баримТ /хх-ийн 134-138, 142-146 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримТ /хх-ийн 148-151 тал/ зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримТаар шүүгдэгч Б.Баттулга нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ...т барйлах өөрийн хашаандаа **-** БУА улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, ухарах үйлдэл хийх явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчиж, машины ард байсан 1 нас 3 сартай охин М.Г ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай,
Шүүгдэгч Б.М , Ч.У нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримТ бөгөөд хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон ... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэгт “...болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгох төдийгүй харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдэхүйг ч хамааруулан ойлгоно” гэж заасан байх бөгөөд
Шүүгдэгч Ч.У , Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б , Ч.У , Б.М нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, бөгөөд шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Г ын биед хүнд гэмтэл учирч улмаар хохирогч нас барсан хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч Б.Б , Ч.У , Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б т холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялыг хөнгөрүүлж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.У , Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэдгээрт торгуулийн ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Ч.У , Б.М болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгуулийг төлөх үүрэгтэйг дурьдаж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б ыг шүүхийн зөвшөөрөлгүй 3 хоног баривчилсан, шүүгдэгч Ч.У , Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч М овогт Б.М , Т овогт Ч.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У , Б.М нарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 зааснаар Ч.У , Б.М нар нь шийвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхийг мэдэгдьсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь шүүхийн зөвшөөрөлгүй 72 цаг баривчлагдсан, шүүгдэгч Ч.У , Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хүүхдийн тоглоомон машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж, мөн хэрэгт хавсаргасан шүүгдэгч Б.Б ын №***** дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Ч.У , Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Ч.У , Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ