Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 559

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Л.Соёлмаа, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б.Бадар-Ууганы нэхэмжлэлтэй хариуцагч С.Отгонбаатарт холбогдох “Гэм хорын хохирол 3.350.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, иргэдийн төлөөлөгч Ш.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Нэхэмжлэгч Б.Бадар-Ууган  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2014 оны 05-р сарын 06-ны өдөр 23 цаг 20 минутын орчим С.Отгонбатаар нь утсаар “Болормаа эгчээсээ миний машины түлхүүрийг аваад намайг Сэлэнгээс ирж аваач, миний машинаар хүрээд ирээч” гэснээр Алтанбулагаас Сүхбаатар орохоор явж байтал замын хажуугаас адуу гарч ирэн гэнэтийн осол болж 3 адуу дайрагдсан. Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 3 адууны үнэ болох 3.350.000 төгрөгийг Хилийн 0243-р ангид төлсөн. С.Отгонбаатар намайг дуудаагүй бол ийм хэрэг гарахгүй байсан. Иймд 0243-р ангийн хохирлыг барагдуулсан 3.350.000 төгрөгийг С.Отгонбаатараас гаргуулж өгнө үү гэх.

                

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Туяад шүүх шүүх хуралдааны товыг шүүхээс боломжит хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос 7- 13 хоногийн өмнө удаа дараа утсаар мэдэгдсэн ба нэхэмжлэгч тал үүнийг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр / өмнө мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хуралдаан хойшилсон / шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлий 123.3-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Б.Бадар-Ууганы нэхэмжлэлтэй ... С.Отгонбаатараас 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь шүүгчийн 854 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗУЛ

                                                      ШҮҮГЧИД                                     Л.СОЁЛМАА

                                                                                                        Л.ЭНХТАЙВАН