Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 78

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д ад холбогдох, эрүүгийн 2015001160061 дугаартай, 163/2020/0073/Э индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Д.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д  нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт М.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж М.Э ыг түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015001050046 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт шүүгдэгч Д.Д  нь М.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түлхсэний улмаас гэрийн зуух руу унагааж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч М.Э ын өгсөн: “...Гаднаас орж ирсэн 2 ахын нэг нь гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь Г  бид хоёр уурлаад “Та яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ? болиоч” гэж хэлсэн. Нөгөө ах босож бичлэг хийж байхаар нь “та болиоч” гэж хэлээд гар утсыг нь авахаар нөгөө ахтай зууралдахад намайг түлхсэн. Тэгэхэд би газар унахдаа зуухан дээр зүүн талынхаа хацар хэсгээр унасан. Гараараа тулж босохдоо баруун гарын ядам, чигчий хуруу, гарын алаг хэсгээр түлсэн. Би түлэгдэлтэнд түрхдэг тос 2 ширхэгийг 21000 төгрөгөөр авсан. Д.Д аас 50000 төгрөг нэхэмжилнэ.Д. Д ад гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /хх-13-15 тал/,

Гэрч Д.Б гийн өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед намайг гэртээ эхнэртэйгээ байж байхад гаднаас М.Э , Э.Г ийн хамт нэг шил архи барьсан орж ирээд бид дөрөв уусан. Тэгж байтал гаднаас Д.Д , Тоогий гэдэг залуутай хамт орж ирээд сууж байгаад тэр хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдээгүй нэг харахад барьцалдчихсан байхаар нь би салгаад хоёр талдаа суулгаж байхад буцаад зууралдаж байгаад М.Э  зуухан дээр нүрээрээ унасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

Гэрч Э.Г ийн өгсөн: “...Э  миний урдаас харж суучихаад гар утсаараа оролдоод бид хоёр луу гар утасныхаа камерийг харуулаад байхаар нь “та зураг аваад байна уу? Бичлэг хийгээд байна уу? гэж асуусан чинь тэр ах “та хоёрын зургыг авч байна, яадаг юм” гээд шоолоод инээгээд байхаар нь бичлэг хийгээгүй юм бол гар утсаа үзүүл гэсэн чинь нөгөө ах гар утсаа үзүүлэхгүй байсан. М.Э  уурлаад гар утсыг булаах гэсэн чинь Д.Д тай хамт орж ирсэн ах М.Э ыг үсдээд хойш дарахаар нь гар утсаа оролдоод байсан ах нь Д. Э ыг түлхсэн чинь М.Э  халуун зуух руу унаад нүүр гараа түлсэн. ...” гэх мэдүүлэг /х 21 тал/, 

Шүүгдэгч Д.Д ын яллагдагчаар өгсөн: Би 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цагийг нь мэдэхгүй Б  ахынд очиж архи уусан үедээ хохирогч М.Э тай муудалцаж түлхсэн нь үнэн. Би үйлдсэн хэргээ ойлгож гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. ...” гэх мэдүүлэг/хх-57-58 тал/,

Магадлуулагч М.Э ын биед зүүн хацар, баруун хацар, алга хэсэгт 1-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь дулаан хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт /хх-24-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Э ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Д ын үйлдэл идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 50000 төгрөгийг төлж, хохирогч М.Э  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хавтаст хэргийн 29-44 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д  нь ам бүл 1, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг Зүүн агуйт 2200 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Д ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал  түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийг сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ