Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг,  шүүгдэгч Б.*******,түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, гэрч Б.Лхагвасүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох  эрүүгийн 1936003120251 дугаартай, 178/2020/0070/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 19-ний өдөр  хүлээн авч, 2020 оны 04 сарын 20-ны   өдөр хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1981 оны 03 сарын 22-ны  өдөр  Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой,  монгол хэл уран зохиолын багшийн  мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, дүү, хүүхдийн хамт  Ховд аймгийн Жаргалант сумын  Алаг толгой багийн 09-07 тоотод оршин суух хаягтай, одоо Жаргалан багийн Болорын 2 дугаар байрны 12 айлын орон сууцны 01 тоотод/ Гүн Чандмань / оршин суух,  Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой  багийн Засаг даргын ажилтай,  аминдаа  2 өрөө орон сууц, хашааны газартай,  сарын өрхийн орлого 750000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* ******* 

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.*******  нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн  Булган сумын Алагтолгой багийн иргэн Б.Батсүхийн эхнэр ******* 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.*******гийн өгсөн... Би  2009 оноос  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн  Засаг даргаар ажиллаж байна. 2018 оны 8 сард багийн Засаг дарга нарыг  дуудаад  аймгийн төв талбай дээр албаны мотоциклийг хүлээлгэн өгсөн.   Тухайн мотоциклийг Жаргалант сумын складанд хадгалж байгаад 09 сарын эхээр гардуулан өгсөн. Тэгээд өөрийн эгчийнхээ грашинд  хадгалуулж байсан. Манай эгчийн нөхөр 2018 оны онд нас барсан. Манай эгч ахын унаж байсан мотоциклийг зарна гэж байсан тул мотоцикль худалдан авна гэсэн хүнд эгчийн утсыг өгсөн.  Тэр хүмүүс манай эгчтэй уулзаад мотоцикль авахдаа миний мотоциклийг андуураад  аваад явсан байсан.  Надад албаны мотоцикль зарах ямар ч шаардлага байгаагүй. Би тухайн мөнгийг аваагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй. Надад гомдолтой байна... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын  хууль ёсны төлөөлөгч   / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Ховд баганат 16 дугаар байрны 11 тоотод оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга  ажилтай, ПЮ 80062708 регистрийн дугаартай / ******* ******* овогт  өгсөн... Б.*******гийн хувьд багийн нийгмийн ажилтанаар   ажиллаж байгаад  2009 оноос Алагтолгой багийн Засаг даргаар томилогдож 11 дэх жилдээ ажиллаж байна. 2018 оны зун 8 сард манай 12 багийн  Засаг дарга болон аймгийн хэмжээний нийт 91 багийн Засаг дарга нарыг дуудаж, тендер зарлан оруулж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 91 мотоциклийг олгосон. Манай сумын хувьд  багийн Засаг дарга нарт мотоцикль хэрэгтэй байгаа талаар захиалга өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй. Манай сумын ихэнх багийн Засаг дарга нар нь эмэгтэй тул мотоцикль унах боломжгүй. Бид талбай дээрээс мотоциклио гардаж аваад бүх мотоциклийг  складанд хийж байгаад  Аймгийн Засаг дарга болоод удирдлагуудад өөр төрлийн  албан ажлын хэрэгцээний  тоног төхөөрөмжөөр хангуулах хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй тул 9 сард бүх багийн дарга нараа Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглуулаад мотоциклийг албан ёсоор түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоцикльд арлын дугаар бичигдсэн дагавар нэг хуудас бичигнээс өөр ямар нэгэн бичиг баримт дагалдаж ирээгүй. Тухайн арлын дугаар бүхий бичиг баримтыг багийн  Засаг дарга нарт өгсөн. Би тухайн үед нь аймгийн Цагдаагийн газар болон Авто тээвэр зохицуулалтын  газарт үнэмлэх болон дугаар олгох талаар бичиг явуулж байсан. Мөн аймгийн Иргэдийн хурлаас 2018 оны 12 сарын 26 - ны өдрийн 33 дугаартай тогтоолоор Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авахыг даалгасан. Мотоциклийг 2018 оны 09 сард хөрөнгийн бүртгэлд бүртгээд мотоциклийг хүлээлгэн өгсөн. Манай сумын өмч хамгаалах зөвлөл хөрөнгөө хагас,  бүтэн жилээр тоолдог. 2019 оны эхээр мотоциклийг зарим нь амаар зарим нь авчирж үзүүлж тоолуулсан байсан. Тухайн мотоциклийг өмчийн программ дээр бүртгэсэн, Багийн Засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн. Багийн  Засаг дарга нарын хувьд  сумын Засаг даргатэй  дөрвөн жилийн хугацаатай батламжийн гэрээ байгуулдаг. Тухайн гэрээ нь Төрийн албаны хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Багийн Засаг дарга нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулдаггүй. Б.*******гийн хувьд мотоциклио унаж хэрэглээгүй байсан тул хадгалалтандаа хайрамжгүй хандсан байна. Багийн дарга нараар  тухайн үед бичиг баримтанд  гарын үсэг  зуруулаагүй, сүүлд мотоциклийн асуудал яригдаад нөхөн зуруулсан асуудал бий. Мотоциклийг хураан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн...Манай дүү Б.******* нь манай грашинд улаан өнгийн мотоцикль авчирж хадгалуулсан. Мөн грашинд манай нөхрийн цагаан өнгийн мотоцикль байсан.  Манай  нөхөр 2018 оны 07 дугаар сард нас барсан тул дүүдээ нөхрийнхөө мотоциклийг зарах талаар хэлж байсан. Манай дүү мотоцикль авах хүн явуулчихлаа гэж хэлсэн. Хоёр эмэгтэй ирсэн. Би нөхрийнхөө цагаан өнгийн мотоциклийг зарна гэж хэлсэн. Нөхөр нас барсан сэтгэл санаа тавгүй байсан. Мотоциклио авчихлаа гээд  хаалгаар шагайж хэлсэн. Дараа нь гараад харахад манай дүү Б.*******гийн улаан өнгийн мотоциклийг аваад явсан байсан. Мөнгийг нь  бэлэн 1500000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг өөртөө, хоёр хүүхэддээ хэрэглэсэн. Б.*******д  “ чиний улаан мотоциклийг аваад явсан байна” гэдгийг хэлэхэд манай дүү албаны мотоцикль зарах ёсгүй байсан гэж загнаж байсан. Тэгээд нөгөө хүмүүстэй холбогдох гэсэн боловч  утас нь холбогдохгүй байсан. Манай хоёр хүүхэд 12 сард төрсөн. Одоо цагаан өнгийн мотоцикль байгаа. Би дүүгийнхээ мөнгийг мотоциклио зарж байгаад өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг   

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан өнгөтэй, хажуу  талын бөөрөнд “Hongli”  гэсэн бичигтэй, арлын дугаар нь  LTDPCML84J8631596, моторын  дугаар нь 163FML J 863 1596  дугаартай  спидометрийн заалт нь 027503 гэж заасан  шинэвтэр мотоцикль байв...гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн  04- 07 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өлзийсайханы гэрчээр өгсөн...Би 2013 оны 03 сарын 11-ний өдөр Жаргалант сумын Тамгын газрын няраваар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2018 оны 09 дүгээр сард мотоциклийг хүлээлгэн өгсөн. Мотоциклийн  хамт ирсэн бичиг баримтын хамт Жаргалант сумын Багийн хөрөнгийн орлогод хүлээн авсан. Жилд 2 удаа хөрөнгөө тоолдог журамтай. 2019 оны 05 дугаар сард Багийн Засаг дарга нарын эд хөрөнгийн тоолого хийсэн. Тооллогын комисст Мал эмнэлэгийн тасгийн дарга Ц.Нанжид, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Саранцэцэг, статистикийн мэргэжилтэн Х.Ганболд газар тариалан хариуцсан мэргэжилтэн З.Уянга, нарав миний бие байдаг. 2019 оны 05 дугаар сард хийсэн тооллогоор Бичигт багийн дарга С.Бат- Эрдэнэ, Наран багийн Засаг  дарга И.Цэрмаа нар мотоциклио авч ирж үзүүлж тоолуулсан. Бусад багийн Засаг дарга нар мотоциклио авчирч үзүүлээгүй, амаар байгаа гэж тоолуулсан...гэх мэдүүлэг / хэргийн  19-20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Саранцэцэгийн  гэрчээр өгсөн...2019 оны эхний хагас  жилийн тооллогын ажлын хэсэгт оролцож, Багийн Засаг дарга нарт олгосон мотоцикль болон Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын бүх эд хөрөнгийн тоолсон. Энэ үед Наран багийн Засаг дарга И.Цэрмаагийн мотоциклийг өөрийн нүдээр үзэж тоолсон. Бусад багийн дарга нар мотоциклийг байгаа гэж амаар тоолуулсан. Тухайн үед авчирч нүдээр үзүүлж тоолуулах  шаардлага тавьсан.  Тооллогын ажлын хэсэг Багийн дарга нарын мотоциклийг нүдээр үзүүлж авчирж тоолуулаагүй гэдгийг хэлж байсан. Тооллогын ажлын хэсгийн ахлагч нь Ц.Нанжид байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Алтанхүүгийн гэрчээр өгсөн... 2018 оны 11 сард улаан хүрэн өнгийн  “ Hongli”  гэсэн нэртэй мотоциклийг 1500000 төгрөгөөр Б.******* гэдэг эмэгтэйгээс худалдаж авсан. Б.*******г харвал танина.  2019 оны 11 сард Ховд аймаг руу явж байгаад хамт явж байсан хүндээ мотоцикль авах гэсэн юмаа гэхэд тэр хүн “миний таньдаг хүн хямдхан мотоцикль зарах гэж байгаа тэрийг үзэхгүй юу” гэхэд нь очиж үзэхэд шинэ унаж хэрэглээгүй мотоцикль байхаар нь мөнгийг нь өгөөд  худалдаж авсан. Миний худалдаж авсан мотоцикль улсын дугаар бичиг баримт байгаагүй. Тухайн үед тэр хүнээс тийм бичиг баримт шаардаагүй. 2019 оны 12 сард Б.******* над руу утсаар яриад мотоциклийг буцаагаад явуулчих мөнгийг чинь өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 22-24 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Алтанхүүгийн дахин өгсөн...Би мотоцикль авахаар Ховд аймаг явсан юмаа. Замдаа хамт машинд сууж явсан Улаанаа гэх эмэгтэйтээ ярилцаж яваад мотоцикль авахаар явж байгаагаа хэлэхэд Б.******* гэх хүний 99921506  утас өгч, энэ хүн мотоцикль зарна гэж хэлсэн. Аймагт ирээд утсаар ярихад хоёр мотоцикль зарна, гэрт байгаа, гэрт манай эгч байгаа,очиж үзээд ав гэхээр нь утсаар яриад  гэрийг нь заалгаад нэг жимс ачих Истанааг гуйгаад талын хашаанд очсон. Б.*******гийн эгч гэсэн эмэгтэй намайг тосож аваад амбаарт байсан цагаан, улаан өнгийн мотоцикль үзүүлэхээр нь улаан өнгийн мотоциклийг авч эгчид нь 1500000 төгрөгийг тоолж өгсөн. Надтай хамт манай нутгийн хөрш С.Оюунчимэг гэх эмэгтэй хамт очсон...гэх мэдүүлэг / хэргийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Доржсүрэнгийн  гэрчээр өгсөн... 2019 оны 02 дугаар сард Н.Алтанхүүгээс улаан хүрэн өнгийн “ Hongli” маркын мотоциклийг 1700000 төгрөгөөр худалаж аваад унаж  байгаад 2019 оны намаг Байтаг багийн Батчулуун гэх хүнд 1500000 төгрөгөөр зарсан. Мөнгөө аваагүй байгаа. Өнгө үзэмжийн хувьд шинэ мотоцикль байсан...гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Батчулууны гэрчээр өгсөн...2019 оны 10 сарын 27-30 ны хооронд Чулуунбаатарын Доржсүрэнгээс “ Hongli” гэсэн бичигтэй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг 1500000 төгрөгөөр бодож худалдаж аваад үнэнд нь идэшний үхэр, хавар ноолуур гарахаар мөнгө өгөхөөр тохирсон байсан...гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Олонбаярын / Улаанаа/ өгсөн...2018 оны 11 сард над руу нэг эмэгтэй залгаад нэг мотоцикль байна зараад өгөөч гэж хэлсэн. Тэр хүний нэрийг асуугаагүй, миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй. Хэд хоногоос Ховд аймаг руу явж байхад таксинд хамт суусан 2  эмэгтэй “мотоцикль худалдаж авахаар явж байна” гэхээр нь нөгөө над руу залгасан эмэгтэйгийн дугаарыг утаснаасаа хайж олоод дугаарыг нь өгсөн. Тэр хоёр эмэгтэйн эгчийг С.Оюунчимэг гэдгийг танина. Нөгөө эмэгтэйг танихгүй...гэх мэдүүлэг / хэргийн 32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оюунчимэгийн өгсөн...2018 оны 11 сард Н.Алтанхүүгийн хамт Ховд аймаг яваад буцаж ирсэн. Тэр үед Н.Алтанхүү нь нэг эмэгтэй хүнээс улаан өнгийн мотоциклийг 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Н.Алтанхүү бид хоёр талын хашаанд очиход нэг эмэгтэй тосож аваад грашинд байсан 2 мотоциклийг худалдан гэж үзүүлэхээр нь улаан өнгийн мотоциклийг худалдаж авсан. Нэг цагаан өнгийн мотоцикль байсан. Н.Алтанхүү мотоцикль худалдаж авч  байгаа хүний эгч гэх хүнд мөнгийг бэлнээр тоолж өгсөн. Н.Алтанхүү утсаар ярьж худалдаж авахаар тохиролцсон. Нэрийг нь сайн мэдэхгүй. Нямтай хүний нэр хэлж байсан. Тэр хүн өөрөө ирээгүй. Эгч гэх хүн нь  бид хоёрт мотоцикль үзүүлсэн. Н.Алтанхүү улаан өнгийн мотоциклийг авна гээд авсан. Бид хоёр мотоцикль унадаг. Улаан нь  жижиг хөдөө газар унахад болно гээд авсан. Н.Алтанхүүгийн утсаар ярьсан хүн нь  хоёр мотоцикль байгаа аль нэгийг нь аваарай гэж хэлсэн. Бид хоёр мотоцикль авахаар Ховд аймаг руу явж байхад хамт явсан Улаанаа гэх эмэгтэй “ нэг хүн мотоцикль зарна  гэж  байна лээ” гээд утасны дугаарыг нь ******* өгсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 33-34 дүгээр хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон... “  Hongli” маркын мотоцикль 2235000 төгрөг ... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 36 дугаар хуудас/

              0000001 дугаартай “Орлогын баримт” / хэргийн 90 дүгээр хуудас/

            2019 оны 02 сарын 01- ний өдөр Ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл / хэргийн 92 дугаар хуудас/  зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь  2017 оны 02 сарын 01- ний өдрийн  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Б/22 дугаартай “ Б.*******г Алаг толгой  багийн Засаг даргаар томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой  багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02 – ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркын LTDPCML84J8631596 ,хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631596 дугаар бүхий улаан өнгийн мотоциклийг Жаргалант сумын Тамгын газраас 2018 оны 09 сарын 03- ны өдөр гардан авч, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 09-07 тоот хашаанд өөрийн төрсөн эгч Б.Лхагвасүрэнгийн грашинд хадгалж байгаад Ховд аймгийн Булган  сумын Алагтолгой багийн иргэн ******* 1500000 төгрөгөөр зарсан,  Ховд аймгийн Цагдаагийн газраас  193700312  дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газарт тухайн мотоциклийг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь  улсын тасвийн хөрөнгө оруулалтаар  Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах  зориулалтаар мотоцикль олгосныг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 09 сарын 03- ны өдөр хүлээн авсан нь... хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д. өгсөн... Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж, багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli” маркын мотоциклийг гардуулан өгсөн. Бид мотоцикль авах хүсэлт гаргаагүй тул өөр шаардлагатай тоног төхөөрөмжөөр солиулах хүсэлт гаргасан боловч аймгийн удирдлагууд зөвшөөрөөгүй тул Жаргалант сумын 12 багийн Засаг дарга  нартаа  мотоциклийг нь 2018 оны 09 сарын эхээр албан ёсоор гардуулж өгсөн. Жаргалант сумын Тамгын газар нь хөрөнгөө  хагас бүтэн жилээр тоолдог, 2019 оны хагас  жилийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклийг тоолсон боловч Наран багийн Засаг дарга И.Цэрмаагаас бусад нь амаар байгаа гэж тоолуулсан...гэх мэдүүлэг,  гэрч Б.Өлзийсайханы...Багийн Засаг дарга нарт 2018 оны 09 сард мотоциклийг хүлээлгэн өгсөн. Манай байгууллага жилд хоёр удаа хөрөнгийн тооллого хийдэг.  Мөн шүүгдэгч Б.*******гийн  2018 оны 09 сард 12 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгсөн...гэх мэдүүлэг, гэрч Б.Лхагвасүрэнгийн...Манай дүү Б.*******гийн улаан өнгийн мотоцикль манай грашинд хадгалагдаж байсан...гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******  нь албаны  мотоцикль зарах   шаардлага байгаагүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдээгүй, Манай эгч андуураад зарсан,мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь  Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдээгүй ... гэж маргаж байгаа боловч энэ нь шүүгдэгч Б.******* нь бусдад мотоцикль зарах талаар хэлж байсан нь гэрч Х.Олонбаярын / Улаанаа/... 2018 оны 11 сард нэг эмэгтэй надруу залгаад  нэг мотоцикль байна зараад өгөөч гэж хэлж байсан. Ховд аймаг руу хамт явсан хоёр эмэгтэй мотоцикль авна гэхээр нь нөгөө эмэгтэйгийн дугаарыг өгсөн... гэх мэдүүлгээр / хэргийн 32 дугаар хуудас/ тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Б.*******гийн  албаны  “Hongli” маркын мотоцикль нь эгч Б.Лхагвасүрэнгийн грашинд түүний цагаан өнгийн мотоциклийн хамт хадгалагдаж байсныг  нь Н.Алтанхүү нь  1500000 төгрөгөөр   худалдаж авсан нь  гэрч Н.Алтанхүүгийн ...  Мотоцикль худалдаж авахаар Ховд аймаг руу явж байхад хамт явсан Улаанаа гэх эмэгтэй мотоцикль зарна гэсэн хүний дугаар өгсөн. Тухайн дугаарлуу  ярьсан. Хашаанд хоёр мотоцикль байгаа гэхэд нь  эгчтэй нь  очиж уулзаад  2018 оны 11 сард    “Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 1500000 төгрөгөөр Б.*******гээс худалдаж авсан ...гэх мэдүүлэг/ хэргийн 22-24, 31 дүгээр хуудас/ , гэрч С.Оюунчимэгийн ... 2018 оны 11 сард Н.Алтанхүүгийн хамт Ховд аймаг ороод буцаж ирсэн. Н.Алтанхүү нэг эмэгтэйгээс улаан өнгийн мотоцикль 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёр мотоцикль унадаг тул хөдөө унахад тохиромжтой гэж жижиг улаан өнгийн мотоциклийг авсан. Эгчид нь 1500000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Мотоцикль худалдаж байгаа хүнийг Нямтай нэр хэлж байсан. Н.Алтантхүүгийн утсаар ярьж байсан хүн нь хоёр мотоцикль байгаа аль нэгийг нь аваарай гэж хэлж  байсан... гэх мэдүүлэг / хэргийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Б.Лхагвасүрэнгийн...Мотоцикль авна гэсэн хоёр эмэгтэй ирсэн. Би грашинд байгаа мотоциклийг үзүүлсэн. 1500000 төгрөгийг бэлэн өгсөн. Намайг гэрт байхад халгаар шагайгаад мотоциклио аччихлаа гэж хэлсэн. Дараа нь харахад манай дүү Б.*******гийн улаан өнгийн мотоциклийг ачаад явсан байсан. Би тухайн үед өөрийн дүү Б.*******д хэлэхэд   “албаны  мотоцикль зарахгүй байсан “ гэж уурлаж байсан...гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн  албан хэрэгцээнд өгсөн  мотоциклийг   зараагүй гэж байгаа боловч  шүүгдэгч Б.******* нь бусдад мотоцикль зарах талаараа хэлж байсан, түүний саналынх дагуу мотоцикль худалдан авах хүсэлтэй байгаагаа  иргэн Н.Алтанхүү нь Б.*******гийн  утсаар нь холбогдож хэлэхэд өөрийн эгч Б.Лхагвасүрэнгийн грашинд мотоцикль байгааг хэлсэн, эгч Б.Лхагвасүрэн нь  өөрийн грашинд байсан цагаан болон улаан өнгийн мотоциклийг мотоцикль худалдан авах хүсэлтэй байгаа  хүнд  үзүүлэхэд  “хөдөө унахад тохиромжтой” гэж жижиг улаан өнгийн мотоциклийг сонгон авч 1500000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгснийг хүлээн авсан. Б.*******д түүний улаан өнгийн мотоциклийг  аваад явсан  гэдгийг хэлсэн...гэх үйл баримт болон гэрч нарын мэдүүлгээр  үгүйсгэгдэж байна.                    

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь тухайн мотоцикль зарагдсан үйл явдал  2018 оны 11 дүгээр  сард болсон байхад уг  үйл явдлын дараа Жаргалант сумын Тамгын газраас 2019 оны эхний хагас жилийн  эд хөрөнгийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклийг тоолоход мотоциклийг байгаа гэж амаар тоолуулсан, мөн эгч нь   “  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэгтээ түүний мотоциклийг андуураад өгч явуулсан. Энэ талаар дүү Б.*******д хэлэхэд уурлаж байсан...гэж мэдүүлж байсан, мотоцикль зарагдсанаас  хойш  1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хэрэг бүртгэлтийн 193700312 дугаартай хэрэг нээж зарагдсан гэх мотоциклийг Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн О.Батчулуун гэх хүнээс 2019 оны 12 сарын 05- ны өдөр авчирах хүртэл буцаан авчираагүй байгаагаас үзэхэд  шүүгдэгч Б.*******г  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэж үзэх үндэстэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******г  өөрийн албан  ажлын хэрэгцээнд  нь зориулан өгсөн мотоциклийг  ажил олгогч Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад  1500000 төгрөгөөр зарж  борлуулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1-д заасан...бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******г  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 09 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр  сард Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн ******* 1500000 төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Шүүгдэгч ******* овогт ******* *******г...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин  хэргийн 117, 118 дугаар  хуудас дахь “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” Сумдын ЗДТГ- ын блансад бүртгэх мотоциклийн мэдээлэл гэх баримт, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаар гаргаж өгсөн, Багийн засаг дарга нарт мотоцикль гардууллаа гэх баримт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт мотоцикль нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  Үнэлгээний хороо байгуулах, Ховд аймгийн Багийн Засаг дарга  нарыг унаажуулах тендерийн баримт бичиг бүхий 177 хуудас баримтыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу гаргаагүй тул шүүх үнэлээгүй болно.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Хохирогч байгууллагын хууль ёсны  төлөөлөгч Д.Ариунбилэг нь шүүгдэгч Б.******* нь  мотоциклийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл  байхгүй ... гэж мэдүүлж байгаа шүүгдэгч Б.*******  нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ. 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь   анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 114 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  болон хэргийн 28 дугаар хуудас дахь гэрч М.Батцэнгэлийн...Б.******* нь хүнтэй харилцах тал дээрээ боловсрол мэдлэг  өндөртэй, шаргуу хөдөлмөрч зантай, олны дун нэр хүнд сайтай. Дээд боловсролтой, ХОИС болон Удирдлагын академи төгссөн. Миний мэдэхээр ямар нэгэн  хэрэг,  зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Б.******* нь  хохирлыг бодит байдлаар төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 –т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа:Шүүгдэгч Б.*******г  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 09 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн ******* 1500000  төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж  үзэж байгаа. Шүүгдэгч Б.*******  болон  Ховд аймгийн 91 багийн засаг дарга нарт 2018 оны 08 сарын 02-ны өдөр багийн дарга нарыг унаажуулах зорилгоор тендэр зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн 91 мотоциклийг хүлээлгэн өгсөн гэдэг дээр хэн ч маргахгүй байгаа. Мотоциклийг Б.******* нь хүлээн аваад өөрийн эгчийн грашинд хадгалж байсан. Тухайн мотоциклийг сумдын Тамгын газар нь  хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаархи  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2018 оны 12 сарын 26-ны өдөр гарсан. Шүүгдэгч Б.******* нь тухайн шийдвэр гарахаас  өмнө уг мотоциклийг бусдад зарж 1500000 төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч Б.*******г  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн сая төгрөгөөр торгох  ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах,  шүүгдэгч Б.******* нь  гэмт хэрэг үйлдэж 1500000 төгрөг  олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх  дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлт тайлбартаа: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэдийгээр Ховд аймгийн 91 багийн  Засаг дарга нарт мотоциклийг гаргуулан өгсөн боловч тухайн мотоцикль ямар эх үүсвэрээр бий болсон, Жаргалант сумын Тамгын газрын хөрөнгө  мөн эсэх, улсын дугаар тамга тэмдэг авагдсан эсэх, шүүгдэгч Б.*******тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх, Б.*******д  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших  санаа зорилго байсан эсэх, эгч Б.Лхагвасүрэн андуураад зарсан эсэхийг шалган тогтоогоогүй  тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх дүгнэлт тайлбар гаргав. 

 Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.******* нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 09 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган  сумын Алаг толгой багийн иргэн ******* 1500000  төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж  гэм буруутайд  тооцсон болно.

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд  олгогдсон  мотоциклийг Жаргалант сумын Тамгын газраас  12 багийн Засаг дарга нартаа гардуудан өгсөн  хэдий ч өөрийн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэхдээ хайнга хандсан,  2019 оны хагас жилийн тооллогоор  мотоциклийг бодитоор тоолоогүй, мотоциклийг бусдад шилжүүлж зарж болохгүй, зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглах талаар анхааруулаагүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан  болжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.*******г...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар,  хохирогч байгууллагын хууль ёсын төлөөлөгчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д  хоёр мянга долоон зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д  тайлбарлан өгөв.

  Шүүгдэгч Б.*******д нь  өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг  бусдад зарж 1500000 төгрөгний орлого  олсон  гэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар  1500000 төгрөгийг улсын төсвийн орлого болгох дүгнэлт тайлбар гаргаж байгаа боловч байх тул шүүгдэгч Б.******* нь тухайн мөнгийн аваагүй, эгч Б.Лхагвасүрэн би уг мөнгийг  ашигласан гэж байх тул шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдэж 1500000 төгрөгний орлого олсон гэж үзэх боломжгүй байна. 

            Эрүүгийн 1936003120251   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

            Шүүгдэгч Б.*******гийн  42 инчийн punai маркын  зурагт, fresfech маркын хөргөгч зэргийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/138 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял  биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д зааснаар шүүгдэгч Б.*******г   хоёр манга долоон  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан 2700000  төгрөгний  торгох ялыг 1/ нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1936003120251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч  Б.*******д   тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д   оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч  Б.*******гийн  42 инчийн punai маркын  зурагт, fresfech маркын хөргөгч зэргийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/138 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form