| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0759/и |
| Дугаар | 00759 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00759
| 2016 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2016/00759 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭМПИПИ Хадгаламж зээлийн хоршоо
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-31 тоотод оршин суух Буурал овогт Ишгэний Хүрэлбаатар /ФБ: 70031311/
1 874 179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч И.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭМПИПИ Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Хүрэлбаатар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ЭМПИПИ ХЗХ-ноос 1 500 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж аваад гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй хоршоог хохироосоор байна. И.Хүрэлбаатараас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 1 131 336 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 661 843 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 000 төгрөг, нийт 1 874 179 төгрөгийг гаргуулан авах болно. Нийт төлбөрөөс түүний төлсөн 545 960 төгрөгийг хасч тооцсон болно. Иймд И.Хүрэлбаатараас 1 874 179 төгрөгийг гаргуулан ЭМПИПИ ХЗХ-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд шүүхэд төлөөлж оролцож байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах боломжгүй. Хариуцагч олдохгүй байна гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бөгөөд урьд нэхэмжилж байсан шаардлагаараа буюу 2015 оны байдлаар бодсон дүн, өнөөдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцвол үүнээс ч их мөнгө гарна гэв.
Хариуцагч И.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЭМПИПИ ХЗХ нь 1 874 179 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие одоогоор ажилгүй, эхнэрээсээ салсан тул бодит сарын мөнгөн орлого байхгүй. Миний бие 1 500 000 төгрөгийг зээлж авсан 500 000 гаруй мөнгийг төлж байсан тул 1 300 000 төгрөгийг 6 сарын хугацаатай барагдуулах боломжтой гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эмпипи хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч И.Хүрэлбаатараас 1 874 179 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч И.Хүрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн үндсэн мөнгө, хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч И.Хүрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ажилгүй болсон, эхнэрээсээ салсан тогтмол орлого байхгүй тул зээлэнд төлсөн мөнгөө хасаад 1 300 000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарладаг.
ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршооноос хариуцагч И.Хүрэлбаатар нь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 500 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан болох нь №14-07/-24-83 дугаартай зээлийн гэрээ, зээлдэгчийн зээл хүссэн өргөдөл зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагчаас зээл шаардах эрхтэй, хариуцагч И.Хүрэлбаатар нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч И.Хүрэлбаатарын 500 000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа 545 960 төгрөгийг хасаж үлдсэн мөнгийг нэхэмжилж байгааг тодорхой тайлбарласан байна.
Хариуцагчийн хувийн байдалд өөрчлөлт орсон нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч И.Хүрэлбаатараас 1 874 179 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршоонд олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршооны тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 937 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Хүрэлбаатараас 44 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч И.Хүрэлбаатараас 1 874 179 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44 937 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Хүрэлбаатараас 44 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭМПИПИ хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |