Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

2020        04          15                                2020/ШЦТ/687

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

 улсын яллагч Д.Пүрэвдагва,

 шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0170/,

 шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Н.Дашдорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Д, Д.Х нарт холбогдох 1902 00770 0380 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Э.Д, Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хууль сахиулагч-цагдаагийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо “Тайгын Булаг” ХХК-нд ковшийн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, охин, 2 дүү нарын хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандангийн амны 3 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:/,

2. Д.Х, Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй, "Елдауыс" Төрийн бус байгууллагын захирал ажилтай, ам бүл 3, дүү нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 12-90 тоотод байнга оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 36 дугаар байрны 30 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1. Шүүгдэгч Э.Д нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”-ны хувьд буюу Цагдаагийн дэслэгч цолтойгоор Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж, эрүүгийн 1807006610082 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа тус хэргийн яллагдагч Ж.Хэнжэбекийн төрсөн эгч Д.Хийн “төрсөн дүү Д.Хэнжэбекед холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх” ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу “танай дүүгийн асуудлыг шүүхээр тэнсэн харгалзах ялтайгаар шийдвэрлүүлэх талаар зохицуулж өгнө” гэж урьдчилан амлаж,

2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байрлах “Номин Хайпер Маркет” дэлгүүрийн орчимд 500,000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Аззаяагийн “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 50,000 төгрөгийг,

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 1,000,000 төгрөг,

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 2,070,000 төгрөгийг,

  1.  оны 03 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг өгөхийг шаардсан,

2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарын тунелын орчимд байрлах “Жүр Үр” дэлгүүрийн урд байрлах авто зогсоол дээр бэлнээр 5,000,000 төгрөгийг тус тус авч, нийт 9,620,000 төгрөгийг авсан хэрэгт,

2. Шүүгдэгч Д.Х нь “Налайх дүүрэг” дэх Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 180700661 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байсан өөрийн төрсөн дүү Д.Хэнжэбект давуу байдал бий болгох буюу ашигтай байдлаар хэргийг шийдвэрлүүлэх зорилгоор тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Дд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Номин Хайпер Маркет” дэлгүүрийн орчимд 500,000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э.Дгийн төрсөн дүү Э.Аззаяагийн “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 50,000 төгрөгийг,

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 1,000,000 төгрөг,

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр,

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 2,070,000 төгрөгийг,

2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунелын орчимд байрлах “Жүр Үр” дэлгүүрийн урд байрлах авто зогсоол дээр бэлнээр 5,000,000 төгрөгийг тус тус өгч, нийт 9,620,000 төгрөгийг хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Д нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”-ны хувьд буюу Цагдаагийн дэслэгч цолтойгоор Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж, эрүүгийн 1807006610082 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа тус хэргийн яллагдагч Ж.Хэнжэбекийн төрсөн эгч Д.Хийн “төрсөн дүү Д.Хэнжэбекед холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх” ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу “танай дүүгийн асуудлыг шүүхээр тэнсэн харгалзах ялтайгаар шийдвэрлүүлэх талаар зохицуулж өгнө” гэж урьдчилан амлаж, 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байрлах “Номин Хайпер Маркет” дэлгүүрийн орчимд 500,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Аззаяагийн Хаан банкин дахь 5779059735 тоот дансаар 50,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр,  2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 2,070,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг өгөхийг шаардсан, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарын тунелын орчимд байрлах “Жүр Үр” дэлгүүрийн урд байрлах авто зогсоол дээр бэлнээр 5,000,000 төгрөгийг тус тус авч, нийт 9,620,000 төгрөгийг хахуульд авсан хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Д гэм буруутай болох нь

-шүүгдэгч Д.Х нь “Налайх дүүрэг” дэх Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 180700661 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байсан өөрийн төрсөн дүү Д.Х давуу байдал бий болгох буюу ашигтай байдлаар хэргийг шийдвэрлүүлэх зорилгоор тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Дд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Номин Хайпер Маркет” дэлгүүрийн орчимд 500,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э.Дгийн төрсөн дүү Э.Аззаяагийн “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 50,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хаан банк”-н дахь 5779059735 тоот дансаар 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь 5779059735 тоот дансаар 2,070,000 төгрөгийг, -2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунелын орчимд байрлах “Жүр Үр” дэлгүүрийн урд байрлах авто зогсоол дээр бэлнээр 5,000,000 төгрөгийг тус тус өгч, нийт 9,620,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Х гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д өгсөн “...Д.Х дүүд нь холбогдох хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхээр зорилгоор надад мөнгө өгсөн. ...Би өмнө нь тухайн хэрэгт ажиллагаа хийж байсан. Би төрд тангараг өргөсөн мөртлөө шударга ажиллаагүй, алдаа гаргасандаа маш их гэмшиж байна. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв...” гэх мэдүүлэг[1],

            2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х өгсөн “...Би хүнд их хэмжээний мөнгө өгөх боломжтой амьдралтай хүн биш. Би өөрөө бүтэн өнчин. Хэнжебек миний төрсөн дүү. Би гадагшаа сургуульд сурахаар цуглуулж байсан мөнгийг Э.Дд өгсөн. Би буруу зүйл хийснээ ойлгож гэмшсэн. Дахиж ийм асуудал гаргахгүй. Мөн өөрөө хэргээ илчилсэн. Би гэм буруу дээр маргахгүй” гэх мэдүүлэг[2],

3. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Д.Хийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Гэрч Д.Хийн 94182241 дугаарын "Аи фоне 6" маркийн гар утас нь хар өнгийн корпустай. …утасны мессеж цэс рүү ороход dalaitseren гэж хадгалсан 95970248 дугаарын утастай харилцсан мессежүүд байсныг фото зургаар баталгаажуулан үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд”[3],

4. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/438 тоот тушаалын хуулбар[4],

5. Баримт бичигт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл: “... Д.Хийн тэмдэглэлийн дэвтэр нь босоо хэлбэртэй, дэвтрийн дээд хэсэгт нугастай, нугас нь пүрш хэлбэртэй, дэвтрийн нүүрэн хэсэгт “Монголын Эвангелийн эвсэл”, “Бүх гишүүдийн хурал 2017-2018” гэсэн бичигтэй, мөн уйгаржин Монгол бичиг бичигдсэн дэвтэр байлаа. ...Дэвтрээс хэрэгт ач холбогдолтой буюу Э.Дд мөнгө өгсөн талаарх холбоотой хэсгүүдийг хуулбарлан хуудас бүрт бичигдсэн зүйлийг бичиж тэмдэглэхээр тогтов. ...2019 оны 03 дугаар сарын 03-нд 13-ийн Номин Хайперын урд 19:45 уулзаж, 500,000 төгрөг дугтуйлж өгсөн. Би АТМ-с яг тэр цагт бэлэн мөнгө авсан. ...2019.03.06-нд Э.Д 80527711 ярьж хүнтэй уулзаж хоолонд орно гээд 50,000 төгрөг шилжүүлэв. …5779059735-Аззаяа, “Хаан 2019.03.07-нд Э.Дд 1 сая төг шилжүүлэв. 2019.03.11-нд Э.Дтэй Халдвартын Номинд уулзаж 1 саяыг бэлнээр өгөв. …3/12-нд Аззаяа дансанд Э.Д 70,000 авсан. …2019.03.23-ны 05:20 минутад Э.Д над руу залгаж, 500,000 төг асуув. Машин мөргөчихлөө 13-т байна гэж. Би мөнгө өгч чадаагүй, интернет банк болоогүй. 2019.03.30-нд би Хас банкнаас 5 сая төгрөг бэлэн авсан. Э.Дд бэлнээр өгөв. /5 дахь өдөр Сансарт Жүр-Үр урд уулзаж өгөв/...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5],

6. Хаан банк”-ны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 29/9761 тоот “...Хаан банкны 5779059735 тоот дансыг УД98052407 регистрийн дугаартай, Эрхэмбаярын Аззаяа ...эзэмшдэг байна” гэх албан бичиг, 5779059735 тоот дансны хуулга[6],

7. Голомт банкны 1509287505 тоот дансны хуулга[7],

8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаанууд[8],

9. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн 1807006610082 тоот хэргийн материалуудын хуулбар[9],

10. Ажил байдал, албан тушаалын тодорхойлолтууд[10],

11. Гэрч Э.Сайханбатын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ажилладаг “Анбоунд” төрийн бус байгууллага нь хүний
наймааны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч хүмүүст эрх зүйн
туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг юм. ...Д.Хтай ажил хэргийн харилцаа холбоотой байдаг гэж ойлгож болно. Д.Х гэдэг эмэгтэйн дүү Д.Хэнжэбек гэдэг залуу Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Э.Д гэдэг хүнд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан. Д.Х нь дүү Д.Хэнжэбекийн хэргийг шалгаж байгаа Э.Дгийн хэлснээр (цаана нь хуулийн баг ажиллаж байгаа) 10,000,000 орчим
төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн гэж тайлбарлаж хэлсэн. Тэгэхээр нь
Д.Хийг “чи буруу зүйл хийсэн юм шиг байна, төрийн алба хаагчид мөнгө
төгрөг өгнө гэдэг” нь хахууль өгөх гэмт хэрэг байдаг. Чиний энэ асуудал хэзээ нэгэн цагт сөхөгдөж гарч ирэх учраас эртхэн хуулийн эрх бүхий байгууллагад очиж өөрийн биеэр мэдэгдсэн нь дээр шүү гэдгийг зөвлөсөн. Тэгээд Д.Хтай ярьж зөвлөж байгаад ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Идэрцог гэж хүнтэй очиж уулзаад тухайн болсон асуудлын талаар ярьж мэдэгдээд Э.Идэрцог гэж хүн нэг хүн томилж өгөөд Д.Хаас тайлбар авсан. ...Миний хувьд Д.Хид өмгөөлөгч авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй шүү гэдгийг нь тайлбарлаж ярилцаад эрх бүхий байгууллагад мэдэгдсэн гэж ойлгож болно. ...Э.Д нь танай дүү одоо хорих ял авах гэмт хэрэгт холбогдсон байгаа, хэрэв чи мөнгө өгөх юм бол хуулийн баг ажиллаад танай дүүгийн хэргийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлэх боломжтой гэж хясан боогдуулж байгаад 10,000,000 орчим төгрөгийг бэлнээр болон дансаар авсан байсан...” гэх мэдүүлэг[11],

            12. Гэрч Э.Аззаяагийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ах Э.Д Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа цалингийн зээл авсан гэж байсан. Тэгээд цалингаа картаараа авахаар цалин гэж авахгүй байна, миний дүү картаа өгч бай ах нь цалингаа авах гэсэн юм гэхээр нь нээх юм бодохгүй ахад картаа өгсөн юм. Тэгсэн чинь саяхнаас миний дансаар хахууль авсан гэдэг асуудал яригдаад ээж Испаниас залгаад асуухаар нь ах Э.Дгээс “яасан юу болсон юм?” гэж асуухад “чамд ямар хамаатай юм” гээд намайг ойртуулахгүй байсан. Э.Д ах Налайхын цагдаад ажиллаж байхдаа гэр ойрхон манайд орж ирээд хоол унд идэж байхдаа ахын дүү картаа өгч бай гэж хэлээд авдаг. Тэгээд хэсэг байж байгаад буцаагаад өгчихдөг, дараа нь хэсэг байж байгаад нэг орж ирэхдээ ахын дүү картаа өгч бай гээд авчихдаг байсан. Нийтдээ 3-4 удаа миний картыг надаас авч байсан. Миний картны пин кодыг Э.Д ах мэддэг юм...” гэх мэдүүлэг[12],

13. Гэрч О.Цэрэндоржийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөрдөгч Э.Д бид хоёр нэг өрөөнд хамт суудаг байсан ...Э.Д мөрдөгчөөр томилогдоод ажиллаж, өрөөнөөс орж гарахдаа ахаа тийшээ яваад ирье, тэрэнтээ уулзаад ирье, ирлээ гэж хэлдэг байсан юм. Тэгсэн сүүлдээ орж гарахдаа тэгсэн, ингэсэн гэдэг талаараа хэлэхээ байсан юм. Тэр болгон дээр нь би яасан, ийсэн гээд асуугаад байдаггүй байсан. Тэгээд сүүлд Д.Хэнжэбект холбогдох хэргийн шүүх хурал болоход шүүх хурал дээр мөнгө төгрөгний асуудал яригдаад Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс Э.Дг шалгаж эхэлсэн. Энэ үед Э.Д надад хандаж “ахаа би Д.Хэнжэбекийн эгчээс мөнгө авсан юмаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[13],

14. Гэрч А.Насанжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо санаж байгаагаар 2019 оны 02, 03 дугаар сарын үед Э.Д надаас “А.Насанжаргал ахаа танд илрүүлчихээр хэрэг байна уу? миний энэ сарын хэрэг илрүүлэлт дутаад байна” гэж хэлсэн. Тэр үед миний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Д.Хэнжэбект холбогдох хэргийн оргон зайлсан Д.Хэнжэбекийн чиг нь гарсан, түүнийг олж тогтооход дөхсөн байсан. Уг хэрэгтэй хамт 1-2 хэрэг мөрдөгч Э.Дд өгсөн шиг санаж байна. ...Хэргийг би мөрдөгч Э.Дд шилжүүлэхдээ хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол үйлдсэн санагдаж байна. ... Д.Хэнжэбекийг эрэн сурвалжилж олж тогтоох чиглэлээр ажиллаж байхад мөрдөгч Э.Д бид хоёр Баянзүрх дүүргийн офицеруудын ордны тэнд байх хаягаар хамт очиж байсан. Тэгэхэд уг хаяг дээр хүн байхгүй гээд бид хоёр буцаж байсан. Э.Д нь хэргийн холбогдогч Д.Хэнжэбекийн эгч Д.Хтай хэзээ, ямар нэгэн харилцаа холбоо тогтоосон эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[14],.

15. Шүүгдэгч Э.Дгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч өгсөн: “...2018 оны 12 дугаар сард иргэн Д.Хэнжэбек нь иргэн Сүлдмөнхийг хутгалсан гэх хэргийг мөрдөгч О.Цэрэндорж анх шалгаж байгаад А.Насанжаргалд шилжсэн. Дараа нь А.Насанжаргалаас над дээр 2019 оны 02 дугаар сард шилжин ирсэн. Хэрэг ирснээс хойш удаагүй байхад Д.Хэнжэбекийн эгч Д.Х над руу утсаар залгаад таньтай уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд манай ажил дээр ирж уулзахад нь би Д.Хид хандаж танай дүү Д.Хэнжэбек нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргосон байгаа, та дүүгээ нааш нь ирүүлэх арга хэмжээ ав гэж хэлээд явуулсан. Үүний дараа 2019 оны 02 сарын сүүлээр намайг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны ард байх "Анужин" зочид буудлын ресторанд Д.Хийн хамт хоол идсэн. Тэгэхэд Д.Х манай дүү өмнө нь шүүхээр ял шийтгэгдэж шоронд орж байсан, дүүгээ энэ удаад шоронд явуулчихмааргүй байна гэж гуйсан. Тэгэхэд би боломжгүй гэдгийг нь хэлээд салцгаасан. Үүний дараа 2 дугаар сардаа манай ажлын хүнээр надтай уулзмаар байна гэж гуйлгахаар нь би хүлээж аваагүй юм. Үүний дараа Д.Х манай ажил дээр ирээд надаас дүү Д.Хэнжэбекийн хэргийн талаар гуйгаад бараг цаг гаран манай өрөөнд суусан. Тэгэхэд би за яахав би туслах тал, арга хэмжээ бодьё гэж хэлээд Д.Хийг өрөөнөөсөө гаргасан. Үүний дараа 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Номин дэлгүүрийн гадна зогсоол дээр Д.Х надтай уулзаад та нэгэнт надад туслах гэж байгаа юм чинь ойр зуурын зүйлд хэрэг болох байх гээд ATM орж ирээд надад 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь Д.Х над руу утсаар залгаж яриад “...чи надад нэгэнт туслах гэж байгаа юм чинь би чамд
10,000,000 төгрөгийг өгнө, чи надад дансны дугаар өгөөч” гэж хэлсэн. Тэр үед надад
төрсөн дүү Э.Аззаяагийн карт байсан учир Э.Аззаяагийн дансны дугаарыг өгсөн.
Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дүү Э.Аззаяагийн данс руу 50,000
төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр
Э.Аззаяагийн дансаар 1,000,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
1,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Халдварт өвчин судлалын гадна 1,000,000
төгрөгийг бэлнээр, дараа нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүү Аззаяагийн
дансаар 70,000 төгрөгийг, 2,000,000 төгрөгийг, дараа нь 2019 оны 03 дугаар сарын
30-ны өдөр Баянзүрх дүүргийн “Сансарын тунель”-ийн орчимд байрлах “Жүр үр”
дэлгүүрийн гадна Д.Хаас 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Өөрөөр
хэлбэл би Д.Хаас 9,620,000 төгрөгийг бэлэн болон дансаар авсан. Би Д.Хаас дээрх мөнгийг авахдаа “...түүний дүү Д.Хэнжэбекийн хэргийг
шийдвэрлэхэд аль болох туслая” гэсэн санаагаар авсан гэж ойлгож болно. Д.Хаас авсан мөнгийг Гантигцэцэг гэж хүнд зээлүүлсэн гэдэг нь худлаа
юм. Би энэ мөнгийг өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг[15],

16. Шүүгдэгч Д.Хийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр
нэмж мэдүүлэг өгье. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Э.Д
нь миний дүү Д.Хэнжэбекийн хэргийг шалгаж байна гэж ойлгож байсан. Тухайн үед
Э.Д нь өөрөө Хэнжэбекийн хэргийг шалгаж байгаа гэж хэлж тайлбарлаж
байгаагүй. Надад хэлэхдээ танай дүүгийн хэрэг 10-аас дээш жилийн ялтай, танай
дүүгийн хэргийг торгуулын ялтай гаргаж болно, ингэхийн тулд мөнгө орно шүү гэж тайлбарлаж байсан. Э.Д 9,620,000 төгрөгийг цувуулан авсан” гэх мэдүүлэг[16],

17. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дгээс шинээр гаргаж өгсөн Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь 2617000528 дугаартай барьцааны дансанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,620,000 төгрөгийг байршуулсан банкны гүйлгээ хийсэн баримт зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар  шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон зүйчлэлийн талаар тус тус маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хийн сонгон авсан өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас энэ хэрэг нь албан тушаалын гэмт хэрэг биш юм. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилангийн гэмт хэргийн шинжийг хангаж байна. Татвар төлсөн төсвийн хөрөнгөтэй их, бага хэмжээгээр оролцдог этгээдийг субьект гэнэ. Судлаачид “нийтийн эрх ашгийг илэрхийлэхдээ нийтээрээ хүртэх гадаадын техник туслалцаатай  хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон. Э.Д нь энэ гэмт хэргийн субьект болох нийтийн албан хаагч биш хамааралгүй гэж мэтгэлцсэн.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дгийн сонгон авсан өмгөөлөгч Н.Дашдоржоос Залилах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг судалсан. Гэвч Цагдаагийн газрын даргын тоотоор эрх олгосон учир залилах гэмт хэргийн шинжгүй болсон тул эрэл мухардсан. Э.Дгийн үйлдэл залилах гэмт хэргийн субьектив шинжийг агуулж байгаа боловч Д.Х Э.Дг тухайн гэмт хэрэгт эрх бүхий албан тушаалтан учир хандаж байгаа юм гэж мэтгэлцэв.

            Харин шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Авлигын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан хаагч гэж хэнийг хэлэх талаар тодорхой зааж өгсөн. Э.Д хэсгийн төлөөлөгчөөр томилогдож, төрийн тусгай албан хаагчийн албан тушаалд орсон юм. Энэ нь нийтийн албан тушаалтан болох нь харагдаж байна. Хэрэгт хэсгийн төлөөлөгчөөр томилсон тушаал авагдсан байна. Мөн ажлын байрын тодорхойлолтод хийх ажлыг тодорхой заасан. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны А/140 тоот тушаалаар хэсгийн төлөөлөгчид мөрдөгчийн ажлыг хийх эрхтэй болсон. ...Тус гэмт хэргийн субьектив санаа зорилго нь залилах биш. Д.Х нь дүүгээ эрүүгийн хэрэгт холбогдсон учир түүнийг аргалах гэж хийсэн идэвхитэй үйлдэл юм. Дүүгийнх нь үйлдсэн гэмт хэрэгт Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон байдал тодорхой авагдсан гэж хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцээн хийсэн.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах өгөх талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээль хахууль авснаар бүрдэл төгсдөг.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж, мөн хуулийн 4.1.8-д “эрх бүхий байгуулагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан” гэж хуулийн үйлчлэлд хамаарах талаар хуульчилжээ.

             Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-ын

            Хоёрдугаар зүйлд “Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны энэ зүйлд заасан ангилал, зэрэглэлийн албан тушаалтнаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана” гэж заасан байна.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.6 дахь заалтад “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарна” гэж хуульчилсан.

            Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын Авилгын эсрэг конвенцэд зааснаар “оролцогч улсуудын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж” авилгын хэргийн субьектэд хамааруулсан.

Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа шүүгдэгч Д.Хийн дүү Хенжебэкт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд түүнийг төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтны хувьд дээрх локаль болон салбарын бусад хууль тогтоомж, Олон Улсын конвенцэд тодорхой заасан байх тул нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Э.Дгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг; мөн шүүгдэгч Д.Хийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсны дагуу Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь 2617000528 дугаартай барьцааны дансанд шүүгдэгч Э.Дгийн байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,620,000  /есөн сая зургаан зуун хорин мянга/-н төгрөгийг улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй байна.

Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246.А/80 дугаартай “Журам батлах тухай” захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, уд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ын Долоодугаар зүйлийн 7.1-д “барьцааны мөнгийг улсын орлого болгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад шилжүүлэх ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгэж, баримтыг хавтаст хэрэгт хавсаргана” гэсэн хамтарсан тушаал, журмын дагуу зохих ажиллагааг явуулбал зохино.

                                      Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Э.Д, Д.Х нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Дд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.

            Иймд шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Дд анхааруулах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч Д.Хид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Хид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Д, Д.Х нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Дгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Дд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Хид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Д.Хид анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь 2617000528 дугаартай барьцааны дансанд байршуулсан шүүгдэгч Э.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 9,620,000 /есөн сая зургаан зуун хорин мянга/-н төгрөгийг улсын төсөвт орлогод оруулсугай.

8. Ялтан Э.Д, Д.Х нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Д, Д.Х нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 30-41 дүгээр тал

[4] 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 42-49 дүгээр тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 51-62 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 65-75 дугаар тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 100-109 дүгээр тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дугаар тал

[10] 2 дугаар хавтаст хэргийн 17-26 дугаар тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дугаар тал

[12] 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар тал

[13] 2 дугаар хавтаст хэргийн 78-81 дүгээр тал

[14] 2 дугаар хавтаст хэргийн 82-84 дүгээр тал

[15] 2 дугаар хавтаст хэргийн 98-102 дугаар тал

[16] 2 дугаар хавтаст хэргийн 115-119 дүгээр тал