Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 598

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Соёлмаа, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Бүргэдэй 1 дүгээр баг, Булгийн 2-20 тоотод оршин суух, “Алтанбилэг” ХХК-ийн захирал, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Алаг морьт овогт Пүрэвдоржийн Батсайхан /РД: МЭ69082810/ ,

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Бүргэдэй 1 дүгээр баг, Булгийн 2-20 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт төрийн санч ажилтай, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт             Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй.

           Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг, 2 дугаар байр, 7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаа /РД:ФМ65013161/-д холбогдох

“Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, тараасан арга хэрэгслээр дамжуулан няцаалгах үүргийг хүлээлгэх, иргэн Ц.Болормаагаас ... нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан санаатай үйлдлээс болж учирсан хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 5 800 000 төгрөг гаргуулах”, мөн Ц.Болормаагийн “хохирсон, гүтгэгдсэн, хэлмэгдсэн болохыг тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хариуцагч П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарт холбогдох  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч, хариуцагч П.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ц.Болормаа, иргэдийн төлөөлөгч Ж.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.                                  

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч П.Батсайхан, Г.Саранцэцэг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   ... миний бие нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1991 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 23 жил ерөнхий санхүүч, төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болж хууль, дүрэмд заасан ажил үүргийнхээ хүрээнд төсөв санхүүгийн хуулийг нарийн мөрдөн төрд үнэнчээр зүтгэж, хоёргүй сэтгэлээр ажилласаар ирлээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Алтанбулаг сумын иргэн Ц.Болормаа нь ажил хэргийн нэр хүндэд байнга халдаж хууль бусаар тендер авч нөхрийнхөө компанид өгсөн, төрийн хөрөнгийг

хувьдаа завшсан гэх мэдээлэл гүтгэлэг, элдэв бичгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл,хууль хяналтын байгууллага, нутгийн удирдлагуудад шалгуулж тараасаар өнөөдрийг хүрлээ. Энэ бүх байдлаас болж миний бие нь цаашид төрийн ажлыг хийхэд хүндрэлтэй болж, сэтгэл санааны хүнд дарамтанд орж байна.

Миний хийж буй ажил нь манай нөхрийн компаний ажилтай ямар нэгэн байдлаар холбоогүй бөгөөд энэ талаар хууль хяналтын байгууллагууд нь шалгаад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй болохыг олон удаагийн баримтаар тогтоосон. Төрийн санч нь дангаараа аливаа мөнгийг ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхгүй байдаг. Гэтэл ямар үндэслэлээр Ц.Болормаа нь миний нэр төр алдар хүндэд удаа дараа халдаад байгааг ойлгохгүй байна.

Ц.Болормаагийн миний нэр хүндэд халдсан хууль бус үйлдлүүдээс дурьдахад:

1. .... Алтанбулаг сумын оршин суугчдад “Оршин суугчдад уриалга” гэсэн нэртэй бичиг үйлдсэн ба тус бичигт ... сумын удирдлагууд “Дулаан, цэвэр, бохирын асуудлыг хувьдаа мөнгө завших хэрэгсэл болгон “Алтанбилэг” ХХК-д ашиглуулсан ..., мөн П.Батсайхан, эхнэр Ц.Саранцэцэг нар нь орон нутгийн өмчийг хувийн компанид  хууль бусаар шилжүүлсэн ...гэж нэр төрд халдаж гутаасан мэдээ тараасан

2. 2013 оны 05-р сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газраас эрх бүхий хүмүүс ирж Сэлэнгийн Долгио чуулгад Сэлэнгэ аймгийн иргэдтэй нээлттэй уулзалт хийж байх үед Ц.Болормаа нь “... Алтанбулаг сумын ерөнхий санхүүч Саранцэцэг нь сумандаа очсон 14 тендерийн 12-ыг нь өөрийн нөхрийнхөө компанид аваад өгчихсөн байна” гэж гүтгэж тараасан,

3. Сэлэнгэ аймгийн Засаг дарга н.Бүрэнбатад хүргүүлсэн албан шаардлагад ...төрийн санч Ц.Саранцэцэг нь ээжтэйгээ хуйвалдан огт мэргэжилгүй, чадваргүй, тусгай зөвшөөрөлгүй нөхөртөө орон нутгийн өмчийг зөвшөөрөлгүй завшсан, ... Халаалтын төвийг хуурамч материал цуглуулан орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан нөхөртөө буюу хувьдаа завшсан, Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргах ёстой байсан актыг өөрөө хуурамчаар үйлдсэн.. гэх мэтээр удаа дараа хандаж нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтнуудад худал мэдээ албан бичиг хүргүүлсэн зэргээр миний алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж хуурамч мэдээлэл тарааж гутаасан болно.

Иймд тус шүүхэд өөрийн нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн  шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч П.Батсайханы шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага:

Миний бие П.Батсайхан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтанбилэг” ХХК-нийг удирдан хууль, эрхийн дагуу тус сумын орон сууцнуудыг дулаанаар хангах үйл ажиллагааг явуулсаар өдийг хүрсэн. Гэтэл Алтанбулаг сумын иргэн П.Болормаа нь миний ажил хэргийн болон өөрийн нэр хүндэд удаа дараа халдаж гүтгэсээр байгааг эс зөвшөөрч тус шүүхэд өөрийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иргэн Ц.Болормаа нь сумын иргэд болон орон нутгийн удирдлагуудад удаа дараа уриалга бичиг гаргаж “Алтанбилэг” ХХК нь төрийн өмч хөрөнгийг ашигласан, эхнэр Ц.Саранцэцэг нар нь орон нутгийн өөрийн нөхрийн компанидаа хууль бусаар шилжүүлсэн, Сэлэнгийн Долгио чуулгад Сэлэнгэ аймгийн иргэдтэй нээлттэй уулзалт хийж байх үед Ц.Болормаа нь “...эхнэр Саранцэцэг нь сумандаа  очсон 14 тендерийн 12-ыг нь өөрийн нөхрийнхөө компанид аваад өгчихсөн байна, 2014 оны 02-р сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн 6-р шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... “Алтанбилэг” компани нь орон нутгийн өмчийг хууль бусаар ашиглаж гамшиг үүсгэсэн.. гэх зэргээр хуурамч мэдээлэл, бичиг сэлтийг тараасаар өдийг хүрлээ. Энэ асуудлаас болж манай компанийг хууль хяналтын байгууллагууд удаа дараа шалгаж үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулж байна.

 

Миний бие нь дээрхи тараасан, гүтгэсэн мэдээлэлүүдтэй нь хамааралгүй ба дээрхи гүтгэлэг мэдээллийг олон нийтэд тарааснаас манай компаний ажил хэргийн нэр хүнд болон миний өөрийн нэр төр гутаагдсан тул:

  1. Өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх
  2. Тараасан арга хэрэгслээрээ дамжуулан няцаалгах үүргийг хүлээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэх

        

           П.Батсайхан, Ц.Саранцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ           

           ... Иргэн Д.Батсайхан, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлтэй Ц.Болормаад холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх иргэний хэрэгт дараах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Иргэн Ц.Болормаа нь 2013 оноос бидний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан мэдээ мэдээллийг сумын иргэд, албан хаагчид, аймаг сумын удирдлага, хотоос ирсэн Улсын Их хурлын гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудын дунд хурал цуглаан дээр болон цагдаа хүчний байгууллага, шүүх прокурорт, мөн аймгийн Эрчим хүчний, мэргэжлийн хяналтын байгууллагад 4 жил дараалан худал өргөдөл, гомдол албан бичгийн хэлбэрээ, түүнчлэн “Уриалга” гэх зүйлийг бичин гудамж бүрт наан тарааж бидний эрх ашгийг зөрчиж байна.

Энэ хэргийн хариуцагч Ц.Болормаа нь Алтанбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтанбилэг” ХХК-ийг дулаан түгээх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг бөгөөд 64 айлын орон сууц хөлдсөн,төрийн санч Ц.Саранцэцэг албан тушаалаа ашиглан орон нутгийн өмчийг хувийн компанидаа ашигласан, П.Батсайхан орон нутгийн төсөв хөрөнгийг хувьдаа завшдаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, тус сумын төрийн санч эхнэр Ц.Саранцэцэг нь төрийн өмчийг хувьдаа завшсан гэж үзэн дараа өөрөө болон иргэн В.Ганболд, С.Отгонбаатар, О.Оюунсүрэн гэх хүмүүстэй хамтран гүтгэж, цагдаад хандаж байсан бөгөөд шүүхээр удаа дараа нэхэмжлэл гарган шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд байна.

Худал маргаан үүсгэн чирэгдэл үүсгэж, сэтгэл санааны болон эд хөрөнгө санхүүгийн хохиролд учруулсан бөгөөд Ц.Болормаагийн мэдээ, мэдээлэл, гомдол нэхэмжлэлээс болж 3 өмгөөлөгчийн тусламжийг авч байсан бөгөөд энэ зардалд 8 сая гаруй төгрөг зарцуулснаас бид 5.800.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд иргэн Ц.Болормаагаас худал гүтгэн 4 жил гаруй хугацаанд нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан санаатай үйлдлээс болж учирсан зардал буюу өмгөөлөгчийн зардал 5.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч биднийг хохиролгүй болгоно уу... гэх

Нэхэмжлэгч П.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... иргэн Ц.Болормаа нь 2013 оноос хойш бидний нэр төрийг гутааж, Улсын Их хурлын гишүүн болон аймаг сумын засаг дарга нарын хурал цуглаан дээр намайг байнга элдвээр хэлж гүтгэж байсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах орон сууцны залгаа хууль бусаар байранд гуанз ажиллуулдаг байсан. Ц.Болормаа нь аймаг орон нутгийн зөвшөөрөлгүйгээр орон

 

сууцны халаалт авч хэрэглэсэн. Бидний зүгээс бол Ц.Болормаад танай халаалт орон сууцны халаалтанд нөлөөлж байна гэдэг шаардлага тавьсан. Манай талаас шүүх хурал болгон дээр Ц.Болормаатай эвлэрэх боломж байна уу гэдэг талаар удаа дараа асууж байсан боловч эвлэрээгүй. Оршин суугчдийн нэрийн өмнөөс Болормаа нь СӨХ байгуулаад тэр байгууллагынхаа нэрийг бариад өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө яваад байгаа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж оршин суугчид бүгд гарын үсэг зурж өгсөн. Би тухайн айлуудын орон сууцаар яваад анх ямар байсан одоо ямар байна вэ гээд би бүх айлуудаар яваад тэр айлууд манайхаас халаалтаа авъя гэж хэлсэн. Уг 64 айлын орон сууц бол сангийн аж ахуйн байр байж байгаад нэг хэсэг сангийн аж ахуй тараад эзэнгүйдээд олон жил доторхи шугамыг нь солиогүй байсан. Тэгээд үндсэн оршин суугчид нь дандаа түрээсийн байдалтай байдаг. Тэгээд уг маргаан үргэлжлээд 4 жил гаруй болж байна. Хариуцагч Болормаа бол хууль хяналтын байгууллагуудаар бид нарыг олон удаа худал мэдээлэл өгч байсан. Сүүлдээ Болормаа нь манай эхнэр Саранцэцэгийн нэр төрд нь халдах болсон. Авлигатай тэмцэх газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан хурал дээр Ц.Болормаа нь “Суманд ирсэн 14 тендэрээс 12 тендэрийг нь нөхөртөө авч өгсөн, төсвийн мөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлж завшдаг” гэж уг хурал дээр ирсэн хүмүүст ийм мэдээлэл тараасан байдаг. Ингээд бид нар Ц.Болормаагийн уг худал мэдээлэл тараасантай холбогдуулж цагдаад хандсан, мөн шүүхийн олон удаагийн тогтоол, прокурорын тогтоол гарсан. Ц.Болормаагийн худал мэдээлэл тарааж гүтгэсэн нь шүүхээр нотлогдоогүй, мөн П.Батсайхан, Г.Саранцэцэг нар нь Ц.Болормаагийн хэлснээр төсвийн мөнгө идэж завшаагүй гэдэг нь прокурорын тогтоолоор нотлогдоогүй байна гэсэн. Манай талаас уг тогтоолыг үндэслээд бид нар шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Ц.Болормаагийн худал гүтгэлэг нь бид нарын амьдралд их нөлөөлсөн. Сонгуульд нэр дэвших зэрэг олон үйлдлээр бид нарт хохиролтой байсан. Иймд бид нар шүүхэд гаргасан 1. Дээрх мэдээлэл нь худал гэдгийг тараасан арга хэрэгсэлээр няцаалгах, 2. үүнийг цаашид таслан зогсоолгох, 3. Өмгөөллийн хөлс 5 800 000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учир ханган шийдвэрлэж өгнө үү... гэх.

            

           Хариуцагч Ц.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ... Хариуцагч Болормаа би Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтанбилэг” компаний дулаан түгээх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж Г.Саранцэцэг нь албан тушаалаа ашигладаг, П.Батсайхан нь орон нутгийн орлогыг хувьдаа хууль бусаар завшдаг гэж хандаж шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр байна гэж хэлсэн. Хэрвээ П.Батсайханыг би худал гүтгэсэн гэж байгаа бол ямар нотлох баримтаар нотолж байна вэ, мөн П.Батсайханд дулаан түгээх зөвшөөрөл байхгүй байдаг. 64 айлын орон сууц бол хөлдсөн. Уг орон сууц хөлдсөн талаар би аймгийн захиргаа, мэргэжлийн хяналтын газраас өгсөн бүх бичиг баримтуудыг хавсаргасан. Улаанбаатар хотын эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний яам, аймгийн улсын онцгой байдлын комисс, улсын онцгой байдлын комиссоос хүртэл тогтоосон. Миний хувьд энэ талаар хангалттай тогтоосон гэж бодож байна. Миний хувьд бол 64 айлын орон сууцыг төлөөлж оршин суугчдийнхаа саналыг хүндэтгэж үзээд 70 хувиас дээш саналаар СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга болсон. Төрийн санч Г.Саранцэцэгийг албан тушаалаа ашиглан орон нутгийн өмчийг төрийн мөнгийг хувьдаа завшсан гэж намайг гүтгэж байна гэж Батсайхан хэлээд байгаа. Миний хувьд Батсайхан гэх хүнийг их том нөлөөлөлд орсон хүнийг худал гүтгэсэн бол их аль хэдийн гэмт хэрэгтэн болсон байгаа. Гэхдээ би эцэг, эхээс минь худал ярьж, хулгай хийлгээгүй зан минь байгаад би олзуурхаж байна. Энэ хүн бол олон хүний байраар тоглоод орон сууцгүй болгоод өнөөдөр нэр төрөө сэргээлгэнэ гээд ичихгүй сууж байна. Халаалтын төв хувьчлагдаагүй гэж байгаа. Одоо ч гэсэн сумын иргэдийн хурлаас худалдаагүй гэсэн баримт байгаа. Ямар ч шийдвэр байхгүй байхад Саранцэцэг өөрөө баримт үйлдээд үндсэн хөрөнгөөс хассан нь тогтоогдсон. Мөн ямар ч шийдвэр байхгүй байхад сумын төрийн санч Саранцэцэг өөрөө акт үйлдсэн байгааг аудит шалгаад тогтоосон. Би цагдаагийн байгууллагад хандаж энэ талаар шийдүүлье гэхэд надад цагдаагаас хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн. Засгийн газарт худалдах тухай санал оруулаагүй худалдсан тухай шийдвэр ч ирээгүй, Төрийн өмчийн хорооноос худалдсан гэх талаар хариу ирэхдээ худалдаагүй байна гэж хариу өгсөн. Мөн хууль зөрчсөн байна гэдгийг ч нотлоод өгсөн. Энэ талаар би баримтуудаа хавсаргасан. Намайг Г.Саранцэцэгийг төсвийн мөнгө идсэн гэж яриад байна энэ талаар бол би өөрийнхөө бодож байгааг яръя.

          “Алтанбилэг” ХХК нь цэвэр болон бохир усны ч тусгай зөвшөөрөл байхгүй. Эрчим хүчний зохицуулах зөвлөл уг халаалтын асуудлыг хариуцдаг. Энэ талаар бол энэ маргаанаа шийдвэрлэ өдөр тутам бидний амьдралд оролцоод шийдвэрлэж байдаг зохицуулах зөвлөлд хандаагүй шууд шүүхэд хандсан. 2004 онд Батсайхан нь Халаалтын төвийн захиралаар ажиллаж байхад хүсэлт гаргасан. Энэ хүнийг хэсэг бүлэг төрийн албан тушаалтангуудтай хуйвалдаад хуулиа зөрчсөн байхад иргэн хүн яагаад ингэж хохирч байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна. Мөн Батсайханы нэхэмжлэлд дурьдсанаар намайг оршин суугчдад уриалга гаргасан гэж байна. Би уриалга гаргасан зүйл байхгүй. Хэн ямар ажил хийж байгааг миний хувьд СӨХ-ны даргын хувьд оршин суугчдаа мэдээлэл өгч ажилладаг. Алтанбулаг сумын төрийн санч Саранцэцэг нь өөрийнхөө хувийн ажлыг давхар хийдэг байсан. 2004 онд “Алтанбилэг” ХХК нь байгуулагдаж гэтэл 2005 онд Алтанбилэг ХХК байгуулагдсан байдаг. Батсайхан бол хуулийн байгууллагад мэдүүлэхдээ 2004 онд байгуулсан гэж хэлээд байдаг... гэх

 

           Ц.Болормаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

          ... Алтанбулаг сумын төрийн санч Ц.Саранцэцэг нь нөхөр П.Батсайхан нар нь төр захиргаа, цагдаа, прокурорын албан тушаалтангуудтай хуйвалдан, гэмт хэргээ нуун дарагдуулсан нь иргэн Болормаа худал гүтгэсэн гэсэн үг биш. Иймд нотлох баримтууд дээр минь үндэслэн хуулийн дагуу хянаж харин ч иргэн Болормаа миний хохирсон дээрээ нэмж гүтгэгдэн хэлмэгдсэн болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Болормаа миний хохирсон болохыг тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцож, мөн миний гүтгэгдсэн, хэлмэгдсэн болохыг тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү... гэх

           Ц.Болормаа сөрөг нэхэмжлэлийн талаар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ... Миний шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шалгаж өгөөч гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Батсайхан бол шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ маргаан гарснаас хойш 5 жилийн хугацаанд би орон гэргүй болсон, тохиролцоонд хүрэх түвшнээсээ илүүл хэтэрч байна. Миний хувьд бол хэлмэгдэж байна. 

Иймд:   1. Хохирсон болохыг тогтоолгох

  1. Гүтгэгдэн хэлмэгдсэн болохыг тогтоолгож, Батсайхан,

Саранцэцэг нарт хариуцлага тооцуулах шаардлага гаргаж байна... гэх.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Ц.Болормаа бид хоёрын маргаад байгаа асуудал бол Халаалтын маргаан байгаа. Уг халаалтын талаар өмнө нь цагдаа болон шүүхээр шийдвэрлэж байсан. Уг маргааныг шалгаад цагдаа шалгаад цагдаагийн тогтоол, шүүгч шийдвэрлээд шүүгчийн захирамж гарахад Ц.Болормаа дандаа дээд шатны байгууллагад дандаа давж заалддаг байсан. Тэгээд намайг дандаа цагдаа, шүүх прокурорынхонтой бүлэглэж хуйвалдаж бүлэглэл үүсгэсэн гэж хэлээд байдаг. “... төр захиргаа, цагдаа, прокурорын албан тушаалтангуудтай хуйвалдаж гэмт хэргээ нуун дарагдуулсан гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол Батсайхан, Саранцэцэг нар нь цагдаа прокурор, албан тушаалтангуудтай нийлж гэмт хэргээ нуун дарагдуулсан энэ байдлаас болж Ц.Болормаа нь гүтгэгдэж хэлмэгдэж байгааг тогтоож өгнө үү гэсэн байна. Миний хувьд цагдаа, прокурорын хүмүүстэй хуйвалдаж байсан зүйл байхгүй. Ц.Болормаа гомдлоо гаргаад цагдаа прокурор түүнийг нь шалгаад явсан. Миний нэг ч хэрэгт нөлөөлсөн зүйл байхгүй. Миний хувьд Ц.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл гэж үзэхэд хэцүү л байна. Ц.Болормаа яг юу нэхээд юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлээд Ц.Болормаагийн талд гарахгүй бол шүүх Батсайханы талд үйлчилсэн гэж үзээд байх шиг байна. Цагдаа,прокурор Болормаагийн гомдлын дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд явж байсан хавтаст хэрэг байна. Болсон явдлыг авлигатай тэмцэх газар эрүү үүсгээд шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд тогтоол шийдвэр гарсан байгаа нь хавтаст хэрэгт байгаа. Тэгэхээр миний хувьд Ц.Болормаа намайг худал гүтгэсэн байна гэж үзэж байна. Ц.Болормаагийн хувьд бол ...64 айлын сууцны оршин суугчдийг хохироосон учраас би өмнөөс нь дуугарч байна... гэж хэлээд байна. Гэтэл миний баримтаар өгсөн 64 айлын оршин суугчид нь тайлбартаа Ц.Болормаа нь хувийн ашиг сонирхлын үүднээс энэ хэрэгт бидний нэрийг бариад худлаа яриад яваад байна гэж оршин суугчид гарын үсгээ зурсан тайлбар байгаа. Өнөөдрийн байдлаар 64 айлын орон сууцны оршин суугчид халаалтаа аваад явж байгаа. Техникийн нөхцөл хангахгүй тал дээр бол Эрчим хүчний тухай хуулиар бол уг асуудлын доторх техникийг бол уг байр хувийн өмч учраас хувийн асуудал учраас СӨХ хариуцдаг гэж хэлсэн. Энэ бүх асуудал бол урьд нь шүүхээр шийдвэрлэсэн. Өнөөдөр бол Ц.Болормаа нь би үнэн хэлэх эрхтэй гэж хэлээд байгаа нь худлаа гүтгэлэг байсан гэж үзэж байна. Худал гүтгэсэн гэдэг нь прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материалаар бүх нотлох баримт байгаа. Тэгэхээр би Ц.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Тэгэхээр Ц.Болормаа өөрөө бид нарыг гүтгэж худал мэдээлэл цагдаад өгөхөд уг гомдлыг цагдаа шалгаад хэрэгсэхгүй болгосоныг намайг хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж гэмт хэргээ нуун дарагдуулсан гэж хэлээд байх шиг байна. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэх

 

             Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч П.Батсайхан, Ц.Саранцэцэг нар нь хариуцагч Ц.Болормаагаас           

... Алтанбулаг сумын иргэд болон орон нутгийн удирдлагуудад, хууль хяналтын байгууллагууд /цагдаа, Авлигатай тэмцэх газар, Прокурор, Шүүх/-ын уулзалт, хурал цуглаан дээр удаа дараа ... эхнэр Ц.Саранцэцэг нь орон нутгийн өмчийг өөрийн нөхрийнхөө компанид хууль бусаар шилжүүлсэн, мөн Сэлэнгийн Долгио чуулгад Авлигатай тэмцэх газраас аймгийн иргэдтэй уулзалт хийж байх үеэр Ц.Болормаа нь ... эхнэр Саранцэцэг нь сумандаа очсон 14 тендерээс 12-ыг нь нөхрийнхөө компанид авч өгсөн, мөн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... “Алтанбилэг” ХХК орон нутгийн өмчийг хууль бусаар ашигласан, гамшиг үүсгэсэн гэх зэргээр хуурамч мэдээлэл, бичиг сэлтийг тараасан болон манай компанийг хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг алдагдуулсан тул бид дээрх гүтгэсэн мэдээллүүдтэй хамааралгүй ба ийнхүү ажил хэргийн нэр хүнд болон хувийн нэр төр гутаагдсан тул уг мэдээллийг худал гэдгийг няцаалгаж, өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан арга хэрэгслээр дамжуулан няцаалгах үүргийг хүлээлгэх, цаашид энэхүү хууль бус үйлдлийг  таслан зогсоолгох, мөн энэ үйлдлээс болж өмгөөллийн хөлс төлбөр төлж хохирсон 5.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн бодит үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь: Алтанбулаг сумын төрийн санч Ц.Саранцэцэг, “Алтанбилэг” ХХК-ний захирал П.Батсайхан нар нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тухай Ц.Болормаа нь тус аймгийн цагдаагийн байгууллагад удаа дараа гаргасан өргөдөл, гомдлын дагуу шалган хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай / хэргийн 74- 87 тал / аймгийн прокурорын газрын 106, 5/492, 5/116, 5/287,  5/464, 5/128, 5/463 тогтоолуудаар нотлогдож байхаас гадна гэрч В.Түмэндэмбэрэл, Н.Эрдэнэцэцэг, Д.Сундуй нарын хууль сануулж өгсөн мэдүүлэгүүд, СД, плаш дээр бичигдсэн бичлэгүүдэд авагдсан мэдээлэл болон нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тэдний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, тараагдсан болох нь нотлогдож байх ба харин энэхүү мэдээг тараасан гэх Ц.Болормаа нь түүнийхээ үнэн зөв болохыг няцааж нотолж чадахгүй байна.

Мөн хариуцагч Ц.Болормаа нь энэ байдлыг эсэргүүцэж баримтыг үнэн зөв гэх буюу өөрөөр хэлбэл; П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарыг гүтгээгүй, нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаагаагүй хэмээн маргаж байгаа боловч үүнийхээ үнэн зөв гэдгийг баримтаар нотлоогүй, мөн Прокурорын газрын гаргасан дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй ба уг тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр байна. Мөн Ц.Болормаагийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн ... П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарын буруутай ажиллагааг нотлох баримт гэх 72 хуудас бичгийн баримтуудын зарим нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, ач холбогдолгүй бөгөөд зарим баримтуудад дурьдагдсан Алтанбилэг ХХК-тай холбоотой асуудлууд нь өмнө нь шүүх болон цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдан шийдвэрлэгдсэн асуудлууд байна.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар хариуцагч Ц.Болормаагаар ... эрх нь зөрчигдсөн гэх П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг тараасан хэлбэр, хэрэгсэл / орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл / - ээр дамжуулан няцаалгах үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарын энэхүү хэргийн улмаас хохирсон гэх өмгөөллийн хөлсөнд төлсөн 5.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас заримыг буюу 2 000 000 төгрөгийг хэргийн 53- 56- р талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, өмгөөллийн гэрээний хуулбар зэрэг баримтыг үндэслэн гаргуулж, үлдэх 3.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн Ц.Болормаагийн /хэргийн 147 тал / гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ... хохирсон, гүтгэгдсэн, хэлмэгдсэн болохыг тогтоож, хариуцлага тооцож тооцож өгнө үү гэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь; Ц.Болормаагийн шүүхэд гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл хийгээд шаардлага нь тодорхой бус / чухам ямар үндэслэлээр хэрхэн яаж, ямар хэр хэмжээгээр хохирсон болох хийгээд хэрхэн яаж гүтгэгдсэн, хэлмэгдсэнээ өөрөө нотлох үүрэгтэй / өөрөр хэлбэл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан ... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тэрээр өөрөө нотлох үүрэгтэй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага зэргийг хангаагүй байна. Шүүх хуралдаанд гаргасан бичгийн чанартай баримтууд / 72 хуудас /- нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, ач холбогдолгүй бөгөөд зарим баримтуудад дурьдагдсан Алтанбилэг ХХК-тай холбоотой асуудлууд өмнө нь шүүх болон цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдан шийдвэрлэгдсэн асуудлууд байна.   

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 230 дугаар зүйлийн 203.1, 497 дугаар зүлийн 497.1, 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 –д тус тус зааснаар Ц.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ... хохирсон, гүтгэгдсэн, хэлмэгдсэн болохыг тогтоож, хариуцлага тооцож тооцож өгнө үү гэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарын  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт / 70200+107750 / 177950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болормаагаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн хангагдсан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 70200 төгрөг дээр мөн хангагдсан хэсэг болох 2 000 000 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг нийт  117 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батсайхан, Ц.Саранцэцэг  нарт олгож, Ц.Болормаагийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дүгээр зүйлийн 497.1, 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр хэрэгсэл /орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл /-ээр дамжуулан сэргээн няцаахыг хариуцагч Ц.Болормаад үүрэг болгож, Ц.Болормаагийн гаргасан ... хохирсон, гүтгэгдсэн, хэлмэгдсэн болохыг тогтоож, хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар Ц.Болормаагаас 2 000 000 төгрөг гаргуулж, П.Батсайхан, Ц.Саранцэцэг нарт олгож, үлдэх 3.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Батсайхан, Ц.Саранцэцэг нараас тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт / 70200 + 107750 / 177950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болормаагаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн хангагдсан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж  70200 төгрөг дээр мөн хангагдсан хэсэг болох 2 000 000 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг, нийт  117 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батсайхан, Ц.Саранцэцэг  нарт олгож, Ц.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг зохигчдод анхааруулсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д. МӨНХЦЭЦЭГ

                                

ШҮҮГЧИД                                                                 Л. СОЁЛМАА

                                         

                                                                            Л.ЭНХТАЙВАН