Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 920

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Ц.Хашбаатар,

хохирогч Д....,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903005870295 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...”-т жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт ...ын Б /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замд “Nissan Bluebird” ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.... жолоочтой “Hyosung Comet” маркийн ...улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч Д....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоо мэдүүлэг өгөхгүй. Миний буруутай үйлдлээс осол гарсан. 970.000 төгрөг өгсөн. Мотоциклийн үнэ, цалинг төлнө. 14 хоногийн дотор хохирлыг төлнө” гэв.

Хохирогч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа явж байсан. 3 дугаар эгнээнд явж байсан. Энэ хүн 1 дүгээр эгнээнд зогсож байсан гэсэн. Би хараагүй. Тулаад ороод ирсэн. Зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. Хамгаалалтын малгай өмсөх ёстой, өмсөөгүй байсан Хохирлын зарим төлбөрөө авсан. Ажлаа хийж чадахгүй нилээд удсан. Одоо их өвдөлттэй байгаа. Мотоциклийн үнэ, 3 сарын ажилгүй байсан цалингаа нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн 1903005870295 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д....ийн: “2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг 10 минутын үед би “Комет” маркийн ...улсын дугаартай мотоциклоо унаад ажил руугаа буюу “...” ХХК руу явж байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замынхаа 3 дугаар эгнээгээр 46 км/цаг-ийн хурдтай явж байтал гэнэт замын баруун гар талаас суудлын машин зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормосоо гишгээд машин мөргөх шиг болоод ухаан алдсан. Нэг мэдсэн чинь би зам дээр хэвтэж байсан. ...Миний толгой, 2 гар, хүзүү гэмтсэн байгаа. Мотоцикл дахин ашиглах аргагүй болтлоо эвдэрсэн. ...Эрүүл мэнд, эд материал болон бүхий л зүйлээрээ хохирсон болохоор маш их гомдолтой байна. Энэ жолоочоос бүхий л хохирсон зүйлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-15-18/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.03-ны өдрийн 6657 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д....-н биед хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 4,5,6-р нугалам, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун, зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, духанд шарх, баруун хацарт шарх, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019.06.06-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний 14051209 дүгээр тайланд: ““Hyosung Comet 250GTR” үйлдвэрийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд орж ирсэн, улаан өнгийн мотоциклийн шууд зардлын дүн 2.916.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 3.116.000 төгрөг” гэжээ /хх-40/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019.05.31-ний өдрийн 40388 дугаар дүгнэлтэд: “1. ...тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Урд шил зүүн дээд талаасаа доош цацарч хагарсан, зүүн урд хаалга их хэмжээтэй цөмөрсөн, урд оврын гэрэл асдаггүй, зүүн талын толь хагарсан, баруун талын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байдалтай байна. 3. Энэхүү автомашины урд шил зүүн дээд талаасаа доош цацарч хагарсан, зүүн урд хаалга их хэмжээтэй цөмөрсөн, урд оврын гэрэл асдаггүй, зүүн талын толь хагарсан эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн ослын үед үүссэн ба баруун талын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа осол өглөө болсон тул осолд нөлөөлөхгүй болно. 4. Nissan маркийн Bluebird загварын 1827 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд энэхүү зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй болно...” гэжээ /хх-46-50/,

Мөрдөгчийн 2019.06.26-ны өдрийн 191 дүгээр магадлагаанд: “1. Ниссан Блюберд ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1/ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Мотоцикл унаж явсан Д.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-51/,

Шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг 30 минутийн үед би Ниссан Блюберд ...улсын дугаартай автомашинаа бариад Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замын автобусны буудал дээр дэлгүүрээс тамхи авчихаад машиндаа суугаад Шархад орох гэж автобусны буудал дээрээ зүүн гар тийш эргээд яг замын голын тусгаарлах цагаан шугаман дээр ирэх үед гэнэт замын зүүн талаас хурдтай мотоцикл орж ирээд миний машины зүүн урд хаалгыг хүчтэй мөргөөд мотоциклтэй хүн зам дээр унаж байгаа харагдсан. Гараад хартал мотоциклтэй хүн яг миний машины ард зам дээр хэвтэж байсан. Мотоцикл нь хажууд зам дээр, урд тал нь эвдэрчихсэн байдалтай хэвтэж байгаа харагдахаар нь би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-60-61/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-4, 6-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-11/, хохирлын баримтууд /хх-22-23, 33-34/, хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-24/, “...” ХХК-ийн “Д.... нь автобусны жолоочоор ажиллаж байна. Сарын үндсэн цалин 900.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-25/, хохирогчийн жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-26/, иргэний нэхэмжлэл /хх-32/, гэрч Э...., Х.... нарын мэдүүлэг /хх-62, 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-74/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-75/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-77-78/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаа, нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай. Мотоциклийн үнийг гаргуулж, цалин хөлсний зардлыг нээлттэй үлдээх саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Шүүгдэгч эргэх ёсгүй газар эргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эмнэлэг, цагдааг өөрөө дуудаж, тусламж үзүүлсэн. Эмчилгээний зардлыг тухай бүрт нь өгч, төлж барагдуулсан. Хохирогчийн нэхэмжилж байгаа мотоциклийн үнэ, ажилгүй байсан хугацааны цалин 5.800.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа” гэж,

хохирогч “Үнийн хувьд тохиролцсон. Хугацааг тохироогүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замд “Nissan Bluebird” ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас “Hyosung Comet” маркийн ...улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч Д....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д....ийн “...гэнэт замын баруун гар талаас суудлын машин зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормосоо гишгээд машин мөргөх шиг болоод ухаан алдсан. ...Миний толгой, 2 гар, хүзүү гэмтсэн, ...мотоцикл дахин ашиглах аргагүй болтлоо эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-15-18/, шүүх эмнэлгийн 6657 дугаар “1. Д....-н биед хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 4,5,6-р нугалам, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун, зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, духанд шарх, баруун хацарт шарх, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 14051209 дүгээр “Үнэлгээгээр тогтоосон дүн 3.116.000 төгрөг” гэх тайлан /хх-40/, мөрдөгчийн 191 дүгээр “1. Ниссан Блюберд ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1/ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Мотоцикл унаж явсан Д.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-51/, шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн: “...зүүн гар тийш эргээд яг замын голын тусгаарлах цагаан шугаман дээр ирэх үед гэнэт замын зүүн талаас хурдтай мотоцикл орж ирээд миний машины зүүн урд хаалгыг хүчтэй мөргөөд мотоциклтэй хүн зам дээр унаж байгаа харагдсан. Гараад хартал мотоциклтэй хүн миний машины ард зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-60-61/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-4, 6-10/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Бын тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүйгээс хохирогч Д....ийг мотоциклтэй явж байхад мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд нь 3.116.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д....ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 3.116.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эрүүл мэндийн зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 792.777 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгч 970.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Түүнчлэн хохирогчийн “Мотоциклийн үнэ 3.116.000 төгрөг, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин 2.700.000 төгрөг, нийт 5.800.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож, шүүгдэгч учруулсан хохирол 5.800.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Боос уг төлбөрийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Д.... /Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 30-15А тоотод оршин суух, РД-УО87042733/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Зарим хохирлыг нөхөн төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж,

хохирогч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хөдөлгөөн эхлүүлэх, чиг өөрчлөхдөө зам, орчны байдлыг шалгаагүй, хайхрамжгүй хандсан, мөн хохирогчийн “мотоцикл жолоодох эрхгүй атлаа мотоцикл жолоодсон” хууль бус үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, эд хөрөнгөд хохирол учруулсан, эмчилгээний баримттай зардал нөхөн төлөгдсөн, эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй ч төлөхөө илэрхийлсэн, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх дүгнэн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн дээрх байдлаар тогтоогдсон нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй тул шүүгдэгч Х.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Х.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайжууд овогт ...ын Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Боос 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Д.... /Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 30-15А тоотод оршин суух, РД-УО87042733/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР