Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 928

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908027911114 дүгээр хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Онход лхам овогт ...ийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч С.... нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ...тоот хашааны гадна иргэн Ц....тэй маргалдаж толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэртээ амраад байж байсан. Хаалга дуугараад нохой хуцсан. Дүү орж ирээд “таксины жолооч хэл амаар доромжлоод байна” гэхээр нь гарсан. Тэгээд муудалцсан. Тэр залуу миний нуруу руу цохисон. Тэгэхээр нь би 2 удаа цохисон. Хохирогчид 230.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээж байгаа. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908027911114 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц....ийн: “2019 оны 5 дугаар сарын 19-ний ...22 цагийн үед ...эмэгтэй хүн гар өргөж байхаар нь авч, 1 дүгээр хорооллын 32-ын арын дэнж рүү гэр хороололд гэртээ хүргүүлсэн. Нийт 4,5 километр гарч таксины тооцоо 4500 төгрөг гартал 4000 төгрөг өгөөд 500 төгрөгийг “гэртээ ороод гаргаад ирье” гэж хэлээд орсон. Би 10-аад минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хашааны хаалгыг нүдсэн. Хашаанд байсан хажуу байшингаас нэг залуу гарч ирээд “хэн бэ” гэхээр нь би “таксины жолооч байна, мөнгө авах гэж байгаа юм” гэтэл “тэр ямар хамаатай юм, харанхуй шөнө нохой хуцуулаад, зайл” гэхэд нь би учирлаж “хажуу талын байшин руу чинь орсон хүнээс мөнгөө авах гэсэн юм” гэхэд “тэр ямар хамаатай юм” гэснээ миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд барьж автал тэр залуу цамцны захаас бариад угзарсан, мөн шанаа, баруун эгэм рүү цохисон. Боолт ороод унахад миний толгойн зүүн тал руу өшиглөсөн. Тэгтэл нэг эмэгтэй гарч ирээд “та хоёр орцгоо” гээд гэр лүүгээ дагуулаад орсон. ...Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч С....гийн: “2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 22 цаг гээд ажил тараад такси бариад 1 дүгээр хорооллын арын дэнжид байдаг гэртээ ирсэн. Би жолоочид 4000 төгрөг өгөхөд “4,3 километр гарсан байна” гээд надаас 500 төгрөг нэхэхээр нь би гэртээ ороод гэрийн 2 өрөө болон өчигдөр өмссөн куртикнийхээ карманд мөнгөн хайсан чинь мөнгө олдохгүй байсан. Тэгсэн чинь нохой руу чулуу шидээд, хашааны хаалга балбаад нохой хуцуулаад байхаар нь би цонхоор харсан чинь манай ахын хүүхэд ... гараад нөгөө таксины хүнтэй ярилцаж байсан. Тэгээд ... гэр лүүгээ буцаад орсон. Би жолоочид “мөнгө байхгүй байна” гэсэн чинь “чи мөнгөө төлж чаддаггүй юм бол таксинд сууж хэрэггүй” гэхээр нь би ахынхаа гэрээс ороод ахын эхнэрээс 500 төгрөг асуухад ах надаас юу болоод байгааг асуухад “таксины жолооч намайг 500 төгрөг өгөөгүй гээд над руу уурлаад байна” гэхэд ах жолооч руу очоод юу болсон гэж асуухад “500 төгрөгөө өгчих гуйлгачид минь” гэсэн чинь ахын дургүй хүрээд нөгөө хүнийг заамдаж авахад “чи тэгээд яахын” гээд жолооч түрүүлж ахыг цохиод хоорондоо зодолдсон. Ахын эхнэр болон хүүхэд гарч ирээд салгасан. Ахыг хүүхэдтэйгээ нийлж зодлоо гэхэд ахын уур нь хүрээд нөгөө хүнийг “чи ямар арчаагүй юм бэ, хүүхэд хэрэгт орууллаа” гээд боож унагаагаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-5/,

Гэрч Е....ын: “2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...гэртээ байхад үеэл ах ... залгаад “ах нь Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын дэнж дээр таксинд явж байгаад хүнд зодуулчихлаа, хүрээд ир” гэхээр нь би ...нөгөө газар нь очиход цагдаагийн машин ирчихсэн байсан. Ахтайгаа уулзахад хувцас хунар нь нилээн шороо болсон, нүүр ам, хүзүү нь улайчихсан байдалтай цагдаатай яриад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Д....ийн: “2019 оны дундуур байх он cap өдөр сайн санахгүй байна. 22 цаг өнгөрөөгөөд дүү ... такси бариад ирсэн. “Таксины жолооч намайг доромжлоод байна” гэсэн. Манай нөхөр ... гараад удалгүй чимээ шуугиан болоод хүмүүс муудалцаад байсан. Гэрээс манай охин, хүү бид гурав гартал Приус-20 маркийн автомашинтай, 30 гаран насны залуу манай нөхөртэй заамдалцан зогсож байсан. Нөхрийн уруулнаас цус гарсан, манай хүү ... “ахаа болиоч” гээд хойшоо татаад салгасан. Салж өгөхгүй буцаж ирээд ноцолдсон. Бид нар салгах гээд тал талаас татаад ноцолдсон. Өөр сүртэй асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.05.22-ны өдрийн 6147 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Ц....ийн биед хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,

Шүүгдэгч С....гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 18-ны 22 цаг өнгөрч байхад хашааны хаалга хүчтэй балбах чимээ гарсан. Нохой хуцаад байсан. Хашаа руу чулуу шидээд байхаар хүү ...г гаргасан. Хүү маань гараад “... эгч ирж байна” гэсэн. ... орж ирээд такси бариад иртэл жолооч нь хэл амаар доромжлоод хараагаад байна гэхээр нь гарсан. Гартал таксины жолооч гэх өндөр бор залуу “500 төгрөг дутсан, би 30 минут хүлээсэн” гэсэн. Тэгэхээр нь би “30 минут хүлээнэ гэж байхгүй, дөнгөж сая та нар хашааны гадаа ирсэн биз дээ” гэсэн. Би уурлаад “чи яагаад эмэгтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм” гээд маргалдсан. Тэр залуу миний доод уруул руу 1 удаа цохисон. Манай эхнэр хүүхдүүд гарч салгасан. Нөгөө залуутай заамдалцаад ноцолдсон. Чамархайн тус газар нь 1 удаа цохисон. Уг гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-1/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, банкны дансны хуулга /хх-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, хохирогчийн “...гаас хохирлын төлбөр 230.000 төгрөг авлаа. Санал гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.... нь 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоот хашааны гадна хохирогч Ц....ийг зодож, биед нь хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц....ийн “...миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд барьж автал тэр залуу цамцны захаас бариад угзарсан, мөн шанаа, баруун эгэм рүү цохисон. Боолт ороод унахад миний толгойн зүүн тал руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч С....гийн “...жолооч түрүүлж ахыг цохиод хоорондоо зодолдсон. Ахын уур нь хүрээд нөгөө хүнийг “чи ямар арчаагүй юм бэ, хүүхэд хэрэгт орууллаа” гээд боож унагаагаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-5/, гэрч Е....ын “...... над руу ...залгаад “ах нь Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын дэнж дээр таксинд явж байгаад хүнд зодуулчихлаа, хүрээд ир” гэхээр нь ...ахтайгаа уулзахад хувцас хунар нь нилээн шороо болсон, нүүр ам, хүзүү нь улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24/, шүүх эмнэлгийн 6147 дугаар “1.2. Ц....ийн биед хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун эгэм, зүүн чамархайн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-32/, шүүгдэгч С....гийн яллагдагчаар өгсөн “...Чамархайн тус газар нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-39-40/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С....гийн хохирогч Ц....ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “...хохирол төлбөр 230.000 төгрөг авсан, санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хх-59/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид 230.000 төгрөг төлсөн. Бусдад төлөх төлбөргүй тул 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байгаа. Торгох ялыг багаар тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /такси үйлчилгээний төлбөр дутуу төлсөн асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 230.000 төгрөг төлсөн, хохирогч “Санал гомдолгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /Хархорин зах дээр бичиг хэргийн худалдаа эрхэлдэг/-ийг үндэслэн шүүгдэгч С....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход лхам овогт ...ийн ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С....г 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР