Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 288

 

 

“Эбердигм монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06684 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эбердигм монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тайхар-Орд” ХХК, З.Нармандах нарт холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 56 946 867 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч З.Нармандахын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эбердигм монгол ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайхар-Орд” ХХК нь 2016 онд 021/2016, 022/2016 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр 10161 арлын дугаартай DX300LCA экскаватор, Н480 арлын дугаартай ЕНВЗО-ВА бутлагчийг тус тус “Эбердигм монгол” ХХК-иас авсан. Түрээслэгч нь DX300LCA экскаваторын урьдчилгаа төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй тул түрээслүүлэгч 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаж экскаваторыг унтраасан. Мөн түрээслэгч нь ЕНВЗО-ВА бутлагчийн хувьд гэрээний дагуу түрээслүүлэгчид аливаа төлбөрийг төлөөгүй тул түрээслүүлэгч 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцалсан. 021/2016 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 5.2-т гэрээг цуцалсан тохиолдолд экскаваторыг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлж 1 cap тутамд түрээсийн төлбөр 26 103 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон. DX300LCA экскаваторыг түрээслэгч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 55 өдөр буюу 1,83 сарын хугацаанд ашигласан байна. 1,83 сарыг 26 103 000 төгрөгөөр үржүүлбэл 47 855 500 төгрөгийг түрээслэгч нь DX300LCA экскаваторын түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй байна. Мөн DX300LCA экскаваторыг түрээслэгчээс буцааж авахад нийт 7 674 700 төгрөгийн сэлбэг экскаватороос дутжээ. Санхүүгийн түрээсийн 022/2016 гэрээний 5.2-т гэрээг цуцалсан тохиолдолд бутлагчийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлж, 1 cap тутам түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон. ЕНВ30-ВА бутлагчийг түрээслэгч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 55 өдөр буюу 1,83 сарын хугацаанд ашигласан байна. 1,83 сарыг 3 500 000 төгрөгөөр үржүүлбэл 6 416 667 төгрөгийг түрээслүүлэгч ЕНВЗО-ВА бутлагчийн түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй. Иймд DX300LCA экскаваторын түрээсийн төлбөр 42 855 500 төгрөг, DX300LCA экскаватороос дутсан сэлбэгийн үнэ 7 674 700 төгрөг, ЕНВЗО-ВА бутлагчийн түрээсийн төлбөр 6 416 667 төгрөг, нийт 56 946 867 төгрөгийг хариуцагч “Тайхар-Орд” ХХК, батлан даагч З.Нармандах нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй "Тайхар-Орд" ХХК-ийг төлөөлж №022\2016, 021\2016 тоот "Санхүүгийн түрээсийн гэрээ" байгуулсан болно. Дээрх гэрээ нь компани хооронд байгуулагдсан гэрээ бөгөөд компани нь иргэний эрх зүйн бие даасан субьект болохын хувьд миний бие дээрх маргаанд иргэний хувиар хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд миний бие хамтран хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн 56 946 867 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. "Тайхар-Орд” ХХК нь нийт 3 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй компани болно. Харин миний бие "Тайхар-Орд" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд дээрх маргаанд "Тайхар-Орд" ХХК-ийг төлөөлж оролцоход татгалзах зүйлгүй. "Тайхар-Орд" ХХК нь гэрээ ёсоор нэхэмжлэгчид нийт 5 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн бөгөөд даатгалд 500 000 төгрөг, механизмийг тээвэрлэхэд 2 700 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн нэхэмжлэгч нь манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ямар нэг мэдэгдэлгүйгээр механизмаа унтрааж, ажиллах боломж олгоогүйгээс их хэмжээний хохирол учруулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч “Тайхар-Орд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайхар-Орд” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл санхүүгийн түрээсийн гэрээгээр экскаваторыг ашигласан, ашигласан хугацааны төлбөрийг дутуу төлсөн гэдгээ зөвшөөрнө. Ашиглуулсан тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талаас хураан авч явахдаа эд хөрөнгө тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн акт үйлдэлгүй авч явсан. Ашиглалтын хугацаанд гарсан дутуу техникийн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу тоног төхөөрөмж хүлээлцэх акт, хянан шалгах хуудас үйлдэхээр заасан. Гэвч тоног төхөөрөмж хүлээлцсэн акт үйлдээгүй байгаа тул дутуу техникийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч тал нь гэрээгээр тогтоосон 30 хоногийн хугацаа боломж олголгүйгээр хурааж авсан өдрөө тоног төхөөрөмжийг бусдад худалдаж, шилжүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч төлбөр төлөх боломжтой болсон үедээ очиж уулзаж гэрээг үргэлжлүүлэх санал тавихад боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэрээ цуцлах нөхцөл бүрдээгүй байхад гэрээг цуцлаж, мөн бичгээр мэдэгдэл өгч хугацаа олголгүй төлбөр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Тайхар-Орд" ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 49 272 167 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Эбердигм монгол" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 674 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тайхар-Орд” ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч “Тайхар-Орд” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч З.Нармандахаас гаргуулж, нэхэмжлэгч "Эбердигм монгол" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар “Тайхар-Орд” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал "Тайхар-Орд" ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, батлан даагч З.Нармандахаас үндсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 685 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тайхар-Орд" ХХК-иас 404 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Эбердигм монгол" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Нармандахын өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Эбердигм монгол” ХХК нь “Тайхар-Орд” ХХК-тай 2016 онд байгуулсан 021/2016, 021/2016 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр цуцалж экскаватор болон бутлагчийг унтрааж бидний ажлыг зогсоосон. Дээрх санхүүгийн түрээсийн гэрээний экскаваторын 1 өдрийн түрээсийн төлбөр нь 870 100 төгрөг, бутлагчийн 1 өдрийн түрээсийн төлбөр нь 116 600 төгрөг нийт 986 700 төгрөг болж байна. Ийнхүү дээрх техникүүдийг зогсоосноор тухайн өдрийн ажил явагдаагүй байтал нэхэмжлэлийн үнийн дүнд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн төлбөрийг суутгаж нэхэмжилж  байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Тайхар-Орд” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 49 272 167 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн нийт төлбөр болох 986 700 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Эбердигм монгол” ХХК хариуцагч “Тайхар-Орд” ХХК, З.Нармандах нарт холбогдуулан DH300LCA экскаватор, EHB30-BA бутлагчийн санхүүгийн түрээсийн төлбөрт 49 272 167 төгрөг, DX300LCA экскаваторын дутагдуулсан сэлбэгийн үнэ 7 674 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 021/2016, 022/2016 дугаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар болон уг гэрээний дагуу DH300LCA экскаватор, EHB30-BA бутлагчийг хүлээн авсан, түрээсийн төлбөр төлөгдөөгүйгээс гэрээг цуцалж дээрх DH300LCA экскаватор болон EHB30-BA бутлагчийг  буцаан авсан тухай үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Зохигчдын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн 021/2016 дугаар гэрээгээр 280 900 000 төгрөгийн үнэ бүхий DH300LCA экскаваторыг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 27 470 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн нөхцөлд үлдэх төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд графикийн дагуу төлөх, гэрээ цуцлагдсан тохиолдолд ашигласан хугацааны түрээсийн 1 сарын төлбөрийг 26 103 000 төгрөг байхаар, мөн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн 022/2016 дугаар гэрээгээр 31 260 000 төгрөгийн үнэ бүхий EHB30-BA бутлагчийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 6 867 600 төгрөгийн урьдчилгаа төлсөн нөхцөлд үлдэх төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны хооронд графикийн дагуу төлөх, гэрээ цуцлагдсан тохиолдолд ашигласан хугацааны түрээсийн 1 сарын төлбөрийг 3 500 000 төгрөг байхаар, хэрэв төлбөр төлөхгүй, хугацаа хэтэрвэл түрээсийн 1 сарын төлбөр 3 500 000 төгрөг байхаар талууд тус тус тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч “Тайхар-Орд” ХХК экскаваторын урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлсөн, бутлагчийн урьдчилгаанд төлбөр төлөөгүйгээс маргаан үүсч улмаар нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээ 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр цуцалж, экскаватор болон бутлагчийг буцаан авсан тухай үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх 021/2016, 022/2016 дугаар гэрээний 5.2-т заасны дагуу DH300LCA экскаватор болон EHB30-BA бутлагчийг  ашигласан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 55 хоногийн түрээсийн төлбөрт 49 272 167 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээг цуцлахдаа DH300LCA экскаваторын иж бүрдэл, бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээлцэн акт үйлдээгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгч байгууллагын үйлдсэн актыг үндэслэн дутагдуулсан сэлбэгийн үнэ 7 674 700 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн 30-33 дугаар талд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 021/2016, 022/2016 тоот батлан даалтын гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч З.Нармандах нь “Эбердигм монгол” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр “Тайхар-Орд” ХХК-ийн хүлээсэн үүргийг батлан дааж нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцжээ.

 

Уг гэрээг үндэслэн хариуцагч “Тайхар-Орд” ХХК болон З.Нармандах нарт төлбөрийг адил хэмжээгээр хариуцуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр DH300LCA экскаватор болон EHB30-BA бутлагчийг  ашиглаагүй байтал гаргуулсан түрээсийн төлбөр болох 986 700 төгрөгийг хасч тооцуулна гэх гомдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрт 48 285 467 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06684 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “49 272 167 төгрөг” гэснийг “48 285 467 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Нармандахын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 231 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ