Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 69

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ц.С-гийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах, шүүхэд хандахад гарсан зардал, тэмдэгтийн хураамж төлүүлэх, ээлжийн амралт эдлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.С-, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* суманд амьдардаг. 2017 оны 06 сарын 14-нд шүүхийн шийдвэрийн дагуу Засаг даргын Тамгын газрын даргын Б/06 тоот тушаалаар малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилсон боловч 2017 оны 06 сарын 23-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын Б/07 тоот тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг асуудлыг шийдүүлэхээр 2017 оны 07 сарын 03-ны өдөр Завхан аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргасан боловч 2017 оны 10 сарын 30-ны өдөр Тамгын даргын Б/07 тоот тушаал нь эрх зүйн үндэслэлтэй гэсэн хариу өгсөн. Өмнө нь Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч хийдэг байсан. Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч нь өргөдөл, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээ давхар хийдэг. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг баримталсан. Энэхүү хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ажил мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндээрээ гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй гэсэн. Би энэ ажлаа дөрвөн жил гаруй хийсэн. Ийм учраас тухайн ажилдаа дадлага сууж биеэ даагаад явах боломжтой. Мөн миний бие эмнэлгээр орж үзүүлж байгаагүй. Тушаал гаргах өдөр нь ээлжийн амралтаа эдэлье гэж хэлсэн. Тэгэхэд миний ээлжийн амралтыг эдлүүлээгүй. Намайг ажлаас халах шалтгаан бол сонгууль. Яагаад гэвэл ******* ах тухайн сонгуулийн хэсгийн хороог ахлаж байсан. Тэгээд хэсгийн хороонд заавал төрийн албан хаагч байх шаардлага тавьдаг. Ийм учраас сонгууль болохоос өмнө сумын Засаг даргатайгаа яриад намайг ажлаас халж, ******* ахыг ажилд томилсон байдаг. Ер нь намайг ажлаас халахад улс төрийн сонирхол маш их байсан.

Хөдөө аж ахуйн яамнаас бичиг ирсэн гэдэг. Би энэ бичгийг харж байгаагүй. Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас зөвлөмж ирсэн гэдэг. Энэ бол намайг ажлаас халахын тулд авсан бичиг юм. Энэ үндэслэлээр өмнө ч гэсэн ажлаас халж байсан. Малын эмч мэргэжилтэй хүн тасагт бол зайлшгүй байх ёстой. Мал эмнэлэг үржлийн тасаг нь хоёр орон тоотой. Үүнд аграномич, малын эмч, зоо техникч байх ёстой. Заавал малын эмч нь тасгаа ахална гэсэн зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Иймд би Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, мал эмнэлэг үржлийн тасгийн даргын үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, шүүхэд хандахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж зэргийг нөхөн гаргуулж, хохирлоо барагдуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж, ээлжийн амралт эдлүүлээгүй тул ээлжийн амралт эдлүүлэх шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.С-г үүрэгт ажлаас нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар чөлөөлсөн. Ц.С- нь агрономич мэргэжилтэй, ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүн юм. Сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн нь малын их эмч байх шаардлагатай гэсэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 04/1425 тоот, Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот зөвлөмж, чиглэл, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 07/24 тоот бичиг болон хил залгаа сумдууд болох Түдэвтэй, Тэлмэн, Идэр сумдад малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан нь мал эмнэлэг үржлийн тасгийн даргыг мэргэжлийн малын их эмч хүнийг томилон ажилуулах нөхцөл байдал зайлшгүй үүссэн. Иймд малын их эмч мэргэжилтэй Д.*******ыг малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Д.******* нь төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байгаа мэргэшсэн төрийн албан хаагч юм. Өөр орон тоон дээр томилсон гэж хэллээ. Мал эмнэлэг үржлийн алба нь хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, газар тариалан жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр орон тоотой байдаг. Ийм учраас эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр Ц.С-г томилж авсан. Хөдөө аж ахуйн яамнаас ирсэн бичиг болон Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирсэн зөвлөмжийг Ц.С-д танилцуулсан. Дээрх бичгүүдийг хараагүй гэдэг нь худлаа байна. Тушаал гаргахаасаа өмнө зөрчлийг нь хэлээд ажлаас халсан. Миний бие Засаг даргын Тамгын газрын даргаар 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр томилогдоод, 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу Ц.С-г ажилд нь эгүүлэн томилсон. Тухайн үед манай аймагт малын халдварт өвчин гарч байсан. Иймд Мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгчээр малын эмч заавал байх ёстой гэсэн үүргийг дээрээс өгсөн. Үүний дагуу Ц.С-д танилцуулаад ажлаас халсан. Миний хувьд ямар нэгэн улс төрийн зорилго байгаагүй. Өмнөх шүүхийн шийвэртэй холбоотой асуудлыг манай тамгын газар шийдвэрлээд явж байгаа. Өмнө нь ажиллаж байсан ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэвэртэй гарсан. Энэ орон тоонд малын эмч мэргэжилтэй, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, тангарагаа өргөсөн, улсын байцаагчийн эрхийг авсан мэргэжлийн хүнийг ажиллуулж байгаа. Мөн гуравдагч этгээд нь хувийн мал эмнэлгээ өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Ийм учраас хууль зөрчсөн асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтан дотроос мэргэжлээрээ тэнцэхгүй гэдгийг онцолж оруулсан. Түүнээс биш биеийн эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэж тушаал гаргаагүй. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилдаа тогтоогдсон боловч тухайн жилд биеэр ажлаа хийгээгүй байсан учраас ээлжийн амралт өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар Ц.С-г ажлаас халсан нь миний буруу. Үүнийг би өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед холбогдох хуулиа судлаагүй байсан болохоор буруу хуулийг баримталсан байна лээ гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.С- нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт МЭҮ-ийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад тус тамгын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Миний бие Ш.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 01-нд уг албан тушаалд түр томилогдон орсон болно. Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын ажлыг би Д.******* эмчээс хүлээж авсан болохоор Ц.С-, Тамгын газрын дарга Ц.******* нарт холбогдуулан захиргааны хэрэг үүссэн байгаа тул дараагийн шүүх хуралдаанд би өөрийн биеэр ирж оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.С- нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн хэмээн маргаан үүсгэж, дээрх Б/07 дугаар тушаалаар өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, уг захиргааны актыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шүүхэд хандахад гарсан зардал гаргуулах, ээлжийн амралт эдлэх шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудын үндсэн хэсгийг хангаж, унааны зардал гаргуулах, ээлжийн амралт эдлэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Ц.С- нь ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар[1] ******* сумын Засаг даргын Тамгын газарт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар[2]тухайн албан тушаалаасаа халагдсан байна. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр[3] түүнийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар эгүүлэн тогтоосны дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар[4]Ц.С-г сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар[5] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 04/1425 тоот удирдамж, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 25 тоот зөвлөмж зэргийг үндэслэн мал эмнэлэг үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.С-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, хариуцагч уг тушаалын үндэслэлээ ...малын эмч мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэж, нэхэмжлэгч ...эзэмшсэн мэргэжил боловсрол, ажлын туршлагаар тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал /байх/-аар, 33 дугаар зүйлийн 33.5-д ... төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтоох-оор заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор тухайн албан тушаалыг эрхлэх боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.С- нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилогдох үед тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага болох агрономч мэргэжилтэй[6] байх шалгуурыг хангаж тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байжээ. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр түүнийг мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар эгүүлэн тогтоосон, хариуцагч түүнийг ажилд томилохдоо 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. Нэхэмжлэгч энэ Б/06 дугаар тушаалд гомдол гаргаагүй бөгөөд энэ албан тушаалаас чөлөөлсөн Б/07 дугаар тушаалд гомдол гаргаж байх тул нэхэмжлэгчийг малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлсөн талаар маргаан үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан мал эмнэлэг, үржлийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод[7] малын эмч мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байх ба энэ нь Ц.С-г ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт байх тул шүүх энэ баримтыг хэрэгт хамааруулан үнэлэх шаардлагагүй байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамны 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 04/1425 дугаар албан бичигт[8] ...сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн ажлын байранд зөвхөн малын эмч мэргэжилтэй хүн ажиллуулах талаар, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 25 дугаар албан бичигт[9] ...сумын мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолын орон тоо, бүтцийн дагуу дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн өндөр чадвартай малын эмчийг мал эмнэлэг хорио цээрийн байцаагчаар томилон, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг шинэчлэн баталж ажиллахыг зөвлөмж болгож байжээ.

Мал эмнэлэг үржлийн тасаг нь анх 2010 онд байгуулагдсан байх ба Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 208 дугаар албан бичгээс[10] харахад малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, бэлчээр, газар тариалан, хоршоо, экстейшн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой ажиллахаар, урьд ажиллаж ирсэн мэргэжилтнүүдээс Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар малын эмч Д.*******ыг томилохоор шийдвэрлэж байсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамны 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 04/1425 дугаар албан бичиг, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар албан бичиг, мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулах тухай Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2010 оны 10 сарын 15-ны өдрийн 208 дугаар албан бичгээс харахад сумын мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн өндөр чадвартай малын эмчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн байгаа тул дээрх албан тушаалд томилогдох ажилтан заавал малын эмчийн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан гэж ойлгоход эргэлзээтэй байна. Учир нь мал эмнэлэг, үржлийн тасаг /алба/ нь анх байгуулагдахдаа 3 мэргэжилтэнтэй байхаар, үүнээс 1 нь тасгийн даргаа хийхээр зохион байгуулагдсан, дээрх чиглэл зөвлөмж нь тасгийн 3 мэргэжилтнээс алийг нь малын эмч мэргэжилтэй байх шаардлага тавиад байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.С- өмнө нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан, түүний ажлын байрны тодорхойлолтод агрономч мэргэжилтэй хүн ажиллах шаардлага тавигдаж байсан, хариуцагч түүнийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар томилохдоо малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилсон, нэхэмжлэгч энэ тушаалд гомдол гаргаагүй байна.

Хариуцагч Ц.С-г дээрх малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар томилохдоо түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлаагүй мөртлөө түүнийг малын эмч мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайн албан тушаалыг эрхлэх мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн нөхцөлийг хариуцагч түүнийг ажилд томилохдоо харгалзан үзэх нөхцөл бөгөөд томилсныхоо дараа дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Маргаан бүхий дээрх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байхад, хариуцагч Ц.С-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг баримталсан нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн захиргааны албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгч Ц.С-г ******* сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.

Иймд төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул ******* сумын засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон замын зардал гаргуулах, ээлжийн амралт эдлүүлэх шаардлагын тухайд:

Маргаан бүхий Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Ц.С-гийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх 130 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ц.С-гийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 08, 09, 10 дугаар саруудын дундаж цалин хөлс /542685,65 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс / 24667,5 төгрөг/-ийг тооцон гаргасан болно.

Шүүх Ц.С-гийн ажилгүй байсан 130 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход түүнд 3206775 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Иймд Ц.С-гийн дээрх олговроос ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлэхийг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирсэн унааны зардал гаргуулах шаардлага гаргасан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хичнээн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус, унааны зардлын хэмжээг шүүх тодорхойлох боломжгүй байх тул уг шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзах үндэстэй байна.

Мөн нэхэмжлэгч нь ээлжийн амралт эдлүүлэх шаардлага гаргасан боловч ажилласан аль хугацааны хэд хоногийн амралт эдлэх нь тодорхойгүй, хариуцагч нь Ц.С- 2017 онд ажиллаагүй учир ээлжийн амралт олгох боломжгүй гэж маргаж байх тул энэ шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Дээрх хохирол гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.С-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-гийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан 130 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3206775 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.С-гийн ажилгүй байсан хугацаанд ногдох 3206775 төгрөгийн дээрх олговороос түүний нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцон гаргуулж, зохих байгууллагын дансанд шилжүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-гийн унааны зардал гаргуулах, ээлжийн амралт эдлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 


[1] Хавтаст хэргийн 53-р хуудас

[2] Хавтаст хэргийн 52-р хуудас

[3] Хавтаст хэргийн 60-70-р хуудас

[4] Хавтаст хэргийн 3-р хуудас

[5] Хавтаст хэргийн 4-р хуудас

[6] Хавтаст хэргийн 57-58-р хуудас

[7] Хавтаст хэргийн 35-41-р хуудас

[8] Хавтаст хэргийн 26-р хуудас

[9] Хавтаст хэргийн 25-р хуудас

[10] Хавтаст хэргийн 54-р хуудас