Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0276

 

 

 

 

 

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Н нарыг оролцуулан Нийслэл дэх
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 79 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Бын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 79 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Ц.Ц нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр захирамжаар иргэн Г.Б нь тус сумын 4 дүгээр багийн нутаг Хөшигийн хөндий гэх газарт мод үржүүлгийн зориулалтаар 6 га газар эзэмшиж байсан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/38 дугаар захирамжаар иргэн Г.Бд олгосон 6 га газрын зориулалтыг өөрчилж нэгтгэн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй, зохих журмын дагуу эзэмшиж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа болно.  

Иргэн Г.Б нь уг газар дээрээ өөрийн хөрөнгөөр үйлчилгээний зориулалттай 90.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 300 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьж 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг авсан.

Улмаар 2016 онд дахин 230 м.кв, 120 м.кв, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж 5 километрийн урттай 10.000 ваттын цахилгааны шугам татан 110 метр гүнээс гүний худаг гаргасан.

Иргэн Г.Б нь өөрийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газраа зориулалтын дагуу эзэмших эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа бөгөөд 2016 онд баригдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдох боломжгүй болсон, мөн үйлчилгээний зориулалтаар ашиглаж эзэмших үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Г.Бд өөрийнх нь эзэмшиж буй газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа болон өөр ямар нэгэн байдлаар мэдэгдсэн, санал авсан, харилцан тохиролцож байгаагүй тул энэ талаар холбогдох захиргааны байгууллагуудад өргөдөл гаргасан. Үүнд:

1.Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 07/860 тоот “Санал уламжлах тухай” албан бичигт “ ...иргэн Г.Б нь Сэргэлэн сумын Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 25 өдрийн А/199 дүгээр захирамжаар 4 дүгээр баг, Хөшигийн хөндийд мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байсан 6 га газраа 2016 оны А/38 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн.

Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолоор 12.000 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч “Ланд менежер” программаар кадастрын мэдээллийн сан өөрчлөгдсөнөөр тус иргэний эзэмшил газрын зориулалт мэдээллийн санд өөрчлөлт хийгдээгүйн улмаас аймгийн Засаг даргын 2019 оны А/148 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн судалгаанд мод үржүүлгийн зориулалтаар орсон.

Тус ажлын хэсгийн дүгнэлтийн 5 дугаар хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 3 дугаар мөрөнд Г.Бын эзэмшиж буй 6 га газрын зориулалтыг өөрчилж “Аеросити” шинэ хотын ерөнхий төлөвлөгөөнд туссан зориулалтаар цаашид ашиглуулах саналд тусгагдсан байна.

Иймд 2016 оны А/38 дугаар захирамжийн дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрыг цаашид ашиглуулах талаарх саналаа Сэргэлэн сумын Засаг даргад ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье” гэжээ.

2.Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн Г.Бд явуулсан 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 07/146 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт: “...Сумын Засаг даргын 2015 оны А/199 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар Засгийн газрын 2010 оны А/140 дүгээр захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан 12.000 га газрын хил заагийн гадна байршилтай байна.

Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай хэрэгцээний газрын хил заагт өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээний 12.000 га газрын байршил баруун урагш шилжиж иргэн Г.Бын эзэмшиж буй 6 га газар нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байна...” гэж хариу ирүүлсэн.

3.Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03/733 дугаар албан бичигт: “...Иргэн Г.Бын эзэмшиж буй газар нь газрын мэдээллийн санд мод үржүүлгийн зориулалтаар, мөн Төв аймгийн Засаг даргын 2019 оны А/148 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд зориулалтыг өөрчлүүлэх санал ирүүлээгүй байгаа тул дээрх асуудлыг зохих журмын дагуу хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэж мэдэгдсэн ба энэхүү хариуг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан болно.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 140 дүгээр тогтоолд “...Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт орших 12.084.9 га газрын тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэж, уг тогтоолын хавсралтын 7 дахь хэсгээр тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг тогтоож, Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгээр Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгай хэрэгцээний газрын хил заагийг өөрчлөн тогтоосон, ийнхүү тогтоосон хил заагийн дотор нэхэмжлэгч иргэн Г.Бын эзэмшлийн 6 га газар багтсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэж байна.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэсэн заалтыг нэмж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “Энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж өөрчлөн найруулжээ.

 Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 18.1.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийн тусгай хэрэгцээнд авсан газрын солбилцолыг өөрчилсөн байна.

Энэ үед иргэн Г.Б нь тус байршилд 6 га газар эзэмших эрх нэгэнт үүссэн, уг газрыг эзэмшүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/38 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байсан ба Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “3асгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3-т “Энэ хуулийн 42.2-т Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих”, 42.5-д ”Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авахтай холбогдон үүсэх маргааныг энэ хуулийн 60.1.1, 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ”, 46 дугаар зүйлийн 46.1-д “3асгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно”, 46.2-т “3асгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил,  ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж тус тус заасан байх бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах, ашиглах харилцааг тусгайлан зохицуулсан байхад Г.Бын газар эзэмших, ашиглах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүйгээр тусгай хэрэгцээний газрын солбицлыг өөрчилсөн нь иргэн Г.Бын хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 79 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаж, дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” нь тусгай хэрэгцээний газарт, 18 дугаар зүйлийн 18.1.2-т дээрх зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт зориулан 2010 онд тусгай хэрэгцээнд авсан 12084,9 га газрын хилийн заагийг өөрчилснийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, энэ нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан Засгийн газрын шийдвэр байна.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ тухай солбилцолтой давхацсан нэхэмжлэгч Г.Бын эзэмшил 6 га газар, түүнд оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хэрхэн тохиролцож шийдвэрлэх, нөхөх олговор олгох эсэх, эсхүл хэрэгт авагдсан баримтад дурдагдах “Аеросити” шинэ хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдах зэргээс хамаарч Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын нэхэмжлэгчийн эзэмшлийн 6 га-д хамаарах хэсгийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “…нөхөх олговрын талаар гомдол, нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй…” гэж дүгнэсэн нь зөв болжээ. 

Давж заалдах гомдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг онцлон хууль зүйн үндэслэлээ болгосон байх боловч энэхүү зохицуулалт нь уг хуулийн 19 дүгээр зүйлд заасан Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хэрэглэгдэнэ.

Тухайлбал Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Газрын тухай хуулийн 16.1.2-16.1.9, 16.1.12-т заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах эрх хэмжээтэй болохоос бус энэхүү маргаанд хамаарах 16.1.13-д заасан асуудлаар Засгийн газарт санал оруулах эрхгүй.

Засгийн газар ч үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор тодорхой газрын тусгай хэрэгцээнд авахдаа Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авах үүрэггүй.

Иймд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан процессыг шийдвэр гаргахдаа хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

Түүнчлэн хуулийн 46 дугаар зүйлийн зохицуулалт нь бусдын эзэмшилд байгаа газрыг “тодорхой хугацаатайгаар” тусгай хэрэгцээнд авах тохиолдолд хэрэглэгдэхээр, харин Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт зориулан газрыг тусгай хэрэгцээнд авч буй энэ тохиолдлыг “тодорхой хугацаатай” гэж үзэхгүй.

Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар “…заасан солбилцол бүхий газарт иргэн, хуулийн этгээд газар өмчилж, эзэмшиж ашиглаж байгаа эсэхийг судалж, давхцалыг арилгах арга хэмжээ авах”-ыг холбогдох яамдын сайд нар даалгасан байгаагаас үзэхэд энэ хүрээнд гарсан болон гарах аливаа шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйн талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 79 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН