Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 929

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, 

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д...нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908039691235 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барс” зах дээр ачигч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Д.Н/РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д...нь 2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Хыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зурагтын удирдлагаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Архи бол хааяа уучихдаг. Зах дээр ажил хийж өдрийн 15.000-20.000 төгрөг, сард 500.000-600.000 төгрөг олдог” гэв.

 

Эрүүгийн 1908039691235 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Хын: “Би Д.Нтай ...1 жилийн өмнөөс хамт амьдрах болсон. Дундаасаа 1 хүүтэй. ...2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих  шөнө 00 цагийн үед Д...гаднаас согтуу ирсэн. ...Орондоо орчихоод “пизда, нохойн гөлөг” гээд үглээд байхаар нь би “чи дуугүй унтаж амар” гэж хэлтэл “чамайг нохойн гөлөг гэдгийг чинь бүгд мэднэ” гэж орилоод босоод ирсэн. Сансар кабель телевизийн удирдлага аваад дух, нүүрэн тус газар 5-6 удаа цохисон. Хөмсөг сэтэрсэн. Би өөрөөсөө холдуулах гэж тэмцсэн. Босоод цаашаа эргээд заазуур барих гээд байхаар нь заазуурыг аваад орны доод тал руу шидсэн. Би гараад зугтаасан. Духан дээрээ 4 оёдол тавиулсан. ...Гомдолгүй, хоорондоо эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй, биеийн байдал зүгээр байна” гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Ж.Тийн: “...Хадам ах Нодоогоос 1 жилийн өмнө Б.Хтай хамт амьдрах болсон. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн үед нөхөр бид хоёр унтах гээд хэвтэж байтал бэр Х “намайг Нингээд зодчихлоо, цагдаа дуудаарай” гээд духнаас нь цус гарсан, хөл нүцгэн орж ирсэн. Би гэр лүү нь 3 сартай хүүхдийг нь авах гээд орсон. Хадам ах Нсогтуу “ална даа чамайг” гээд агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч Д.Н ийн: “...Нах Хтай 2018 оноос хойш хамтран амьдраад 1 хүүтэй болсон. ...00 цагийн үед байх Х гэрт ороод ирсэн. Уйлсан, духнаас нь цус гарсан байсан. “Н агсам тавиад намайг зодчихлоо” гэж хэлсэн. Н гаднаас орж ирсэн. Н ах согтуу “чамайг ёстой харнаа” энэ тэр гээд загнаад, зандраад байсан. ...Н ах архи байнга уудаг, ажлынхантайгаа уулаа гээд халамцуу ирдэг...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.30-ны өдрийн 9236 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Хын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн тохойд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Д.Нын яллагдагчаар өгсөн: “...Би Хтай танилцаад 5-6 жил гаруй болж байгаад 2018 оны 7 дугаар сараас хамт амьдарч байна. ...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Барс” зах дээр ачигч хийдэг хүмүүстэй архи уугаад гэртээ ирсэн. ...Дүүгийнд хоол идээд 00 цагийн үед гэртээ орсон. Хүүхэдтэйгээ тоглож байгаад “миний хүү аавынхаа найз хүүхэнтэй 3-уулаа цуг амьдарна” гэж тоглоод хэлтэл Х уурлаад маргалдаад байхаар нь согтуу байсан учраас уур хүрээд Сансар кабель телевизийн цагаан удирдлага аваад дух, толгой, нүүрэн тус газар нь 5-6 удаа цохисон. Хын духнаас цус гараад орилоод дүүгийн гэр лүү орсон. ...Хтай эвлэрсэн. Түүнд би гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, зурагтны удирдлаганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-30-31, 32-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, хохирогчийн “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-64/, эвлэрлийн “Нөхөр Н  сайн дураар эвлэрсэн, гомдол санал байхгүй” гэх баталгаа /хх-65/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д...согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, .... дугаар гудамж, .... тоот гэртээ хамтран амьдрагч Б.Хыг зурагтын удирдлагаар толгой руу нь цохиж, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн тохойд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Хын “...Д...согтуу ирсэн. ...“чамайг нохойн гөлөг гэдгийг чинь бүгд мэднэ” гэж орилоод ...телевизийн удирдлага аваад дух, нүүрэн тус газар 5-6 удаа цохисон. Хөмсөг сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч Ж.Тийн “...Х “намайг Нингээд зодчихлоо, цагдаа дуудаарай” гээд духнаас нь цус гарсан, хөл нүцгэн орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Д.Н ийн “...Х ...уйлсан, духнаас нь цус гарсан байсан. “Нагсам тавиад намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/, шүүх эмнэлгийн 9236 дугаар “1. Б.Хын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн тохойд зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27/, шүүгдэгч Д.Нын “...Х уурлаад маргалдаад байхаар нь согтуу байсан учраас уур хүрээд ...удирдлага аваад дух, толгой, нүүрэн тус газар нь 5-6 удаа цохисон. Хын духнаас цус гараад...” гэх мэдүүлэг /хх-44-45/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-30-31, 32-36/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Нын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Хыг зурагтын удирдлагаар толгой, нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-18/, хохирогчийн “...Эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-64/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д...нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлээ тэжээдэг, эхнэр нь ажилгүй, хүүхэд нь нялх учраас торгох ял оногдуулах саналтай. Согтуугаар, эд зүйлээр зодож, гэмтэл учруулсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Нт 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан зурагтын удирдлагаар хамтран амьдрагчийнхаа нүүр, толгой руу 5-6 удаа цохиж зодсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэр бүлийн байдал буюу ганцаараа ажил эрхэлж гэр бүлээ тэжээдэг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 500.000-600.000 төгрөг олдог гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Д.Ныг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д...урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д...торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д...урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР