Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 744

 

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/00744

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст баг 5-13-24 тоотод оршин суух Гөрөөчин овогт Пүрэвийн Сэлэнгэмаа /ГК:63122667 /

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Сэлэнгэмаа , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч П.Сэлэнгэмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Пүрэв овогтой Сэлэнгэмаа би 1963 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн.1978 онд 8 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар цаашид суралцах боломжгүй болсон тул 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Хангал сумын 8-н жилийн сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.1983 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс тус сумын Саруул зам нэгдэлд үйлчлэгчээр ажилд орсон ба 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг  хүртэл тус нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, тариа бригадын тогоочоор ажиллаж байсан. Би одоо 52 настай бөгөөд 4 хүүхэд төрүүлж эрүүл энх өсгөн бойжуулсан. Миний бие улсад хөдөлмөрлөсөн жилүүдийн зарим хэсгүүдийн архивт лавлагаа байхгүй учир: 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны  05 дугаар сарын 03-ны өдрийг  дуустал Булган аймгийн Хангал сумын 8-н жилийн сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг  хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, тариа бригадад тогоочоор ажиллаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчилснээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гөрөөчин овогт Пүрэвийн Сэлэнгэмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

П.Сэлэнгэмаа нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05  дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын 8-н жилийн сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай лавлагаа, Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 62 дугаартай лавлагаа, Булган аймгийн Хангал сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 8/53 дугаартай лавлагаа, гэрч Х.Рэнцэнноров, гэрч Х.Лхагвасүрэн, гэрч Х.Отгончимэг, гэрч С.Хөгжил, гэрч Л.Энхтуяа, гэрч Д.Лхагвасүрэн, гэрч П.Эрдэнийн тодорхойлолтууд, тэдний тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.

Харин түүний 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг  хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, тариа бригадад тогоочоор ажиллаж байсан болох нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Гөрөөчин овогт Пүрэвийн Сэлэнгэмааг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05  дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын найман жилийн сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Гөрөөчин овогт Пүрэвийн Сэлэнгэмааг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05  дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын найман жилийн сургуульд цагаан хэрэглэлийн угаагчаар, 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, тариа бригадад тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Сэлэнгэмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ